A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 259

Улаанбаатар хот

БЭРХ ТОСГОНЫ ДУЛААНЫ СТАНЦЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээ, цэвэр ус хангамжийн үйл ажиллагаа доголдсоны улмаас хэрэглэгчдийг ус, дулаанаар байнга тасалдуулан хязгаарлалт хийж байгаа тул тус станцын зарим тоноглол, шугам сүлжээг богино хугацаанд сэргээн засварлахад шаардагдах 1,855.0 (нэг тэрбум найман зуун тавин таван) сая төгрөгийн тооцоог хянаж, уг хөрөнгийг Засгийн газрын нөөц сан болон өр барагдуулах эх үүсвэрээс гаргах, Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Дулааны станцын байнгын хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор станцын зарим тоноглол, шугам сүлжээний их болон урсгал засварыг богино хугацаанд чанартай хийх ажлыг шуурхай зохион байгуулж, 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээ авч ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал нарт даалгасугай.

3. "Бэрх-Уул" ХК компанийг хувьчилж авсан "Эрдэнэс" багийн Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний хугацаа дууссантай холбогдуулан Бэрх тосгоны дулааны станц, дулааны шугам сүлжээ, цэвэр ус хангамжийн байгууламжийг орон нутгийн өмчид шилжүүлэх талаар тус компаниас тавьсан саналыг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН