A

A

A

Бүлэг: 1979

Цагдаагийн ерөнхий газрын даргын

1996 оны 104 дугаар тушаалын хавсралт

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ

ХАМГААЛАГЧ НАР НЭГ БҮРИЙН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Байгаль орчны хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн орон тооны улсын байцаагч /цаашид байцаагч гэх/ байгаль хамгаалагч нар Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэг, "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,2-т заасан үндэслэл бүхий нөхцөл, тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэнэ.

2.Байцаагч, байгаль хамгаалагч резинэн болон цахилгаан бороохой, нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн буюу хуванцар сумтай бууны аль нэгийг хэрэглэж болно. Дээр дурдсан нэр бүхий тусгай хэрэгслээс бусад тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.

3.Нэг бүрийн тусгай хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газраас бичгээ өгсөн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэхийг хориглоно.

4.Байцаагч, байгаль хамгаалагч тусгай хэрэгслийг хэрэглэсний дараа хүний эрүүл мэндийн байдалд өөрчлөлт гарсан, эсхүл гэмтэл учирвал аль болох богино хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх арга хэмжээ авч, эмчийн магадлагаа гаргуулна.

5.Байцаагч, байгаль хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгслийг үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн, гээгдүүлж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн тохиолдолд тэднийг томилсон байгууллага нь цагдаагийн байгууллагатай хамтран буюу дангаараа шалгаж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

6.Байцаагч, байгаль хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө бололцоотой бүх тохиолдолд холбогдох этгээдээс зөрчил, халдлагаа зогсоохыг урьдчилан сануулж, шаардан байвал зохино.

7.Шинэ ажилтныг нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх ажиллагаанд сургах, зааврыг судлуулан шалгалт авч тусгай хэрэгсэл хэрэглэх зөвшөөрлийг тушаалаар олгоно.

8.Тусгай хэрэгслийг хэрэглэхдээ энэ зааврыг баримтлахын зэрэгцээ үйлдвэрлэгчийн гаргасан ашиглах зааврыг мөрдөнө.

Хоёр. Нэг бүрийн тусгай хэрэгсэл

9.Дараах тохиолдолд цахилгаан болон резинэн бороохой, нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн бай хуванцар сумтай бууны аль нэгийг хэрэглэж болно. Үүнд:

1.Гэрчийг шалгаж шийдвэрлэхэд саад болсон буруутай үйлдлийг таслан зогсоох талаар байцаагч, байгаль хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн.

2.Байцаагч, байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар завдсан, халдсан.

3.Зөрчил гаргагч зугтаж зайлах илт оролдлого хийсэн.

4.Байцаагч, байгаль хамгаалагчийг ажлын бус цагаар гэр орондоо, гудамж талбай, хээр явахад албан үүрэгтэй нь холбогдуулан тэдэнд халдсан.

10.Тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох тохиолдлууд:

1.Тусгай хэрэгсэл хэрэглэсний үр дүнд түүнийг дахин хэрэглэх үндэслэл арилсан.

2.Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст.

3.Толгой, давсаг, бүсэлхий, бөөрний тус газар резинэн бороохой, нүүр, биеийн ил хэсэгт цахилгаан бороохой хэрэглэхийг.

4.Нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, резинэн ба хуванцар сумтай буугаа 1 метрээс ойр зайд нүүр рүү шууд чиглүүлж буудах.

5.Байцаагч, байгаль хамгаалагчийн амь насыг хөнөөх, биеийг гэмтээх бодит аюул бүхий шууд довтолгооны үед энэ зааврын энэ зүйлд заасан хориг үл хамаарна.

11.Байцаагч, байгаль хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн тухай бүр харъяалах байгууллага, албан тушаалтанд, хүн гэмтсэн, эрүүл мэндэд нь өөрчлөлт орсон бол прокурор, цагдаагийн байгууллагад аль болох яаралтай мэдэгдэнэ.

12.Тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг байцаагч, байгаль хамгаалагч өөрөө гаргаж, үр дагаврыг өөрөө хариуцна.

13.Байцаагч, байгаль хамгаалагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл, сум хэрэглэсэн, зарцуулсан байдлыг тэднийг томилсон байгууллага жил бүрийн 6,12 дугаар сард тооцож, дүнг аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагад мэдээлнэ.

Гурав: Нэг бүрийн тусгай хэрэгслийг хангамж, хадгалалт.

14.Нэг бүрийн тусгай хэрэгслийг аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газрын санал, цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авч нэгдсэн захиалга, гэрээ байгуулах арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

15.Тусгай хэрэгслийг эзэмшигч нэг бүр дээр карт хөтөлж олгох ба сар бүр тоолж шалгана. Тусгай хэрэгслийг алдах, гээх зэргээр үрэгдүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч, алдсан, гээсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ.

Дөрөв: Хяналт тавих

16.Энэ зааврын биелэлтэд байцаагч, байгаль хамгаалагчдыг томилсон болон түүний дээд шатны байгууллага, мөн цагдаагийн байгууллага хяналт тавина.

17.Тусгай хэрэгслийн талаар гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг шалгахаар прокуророос шаардсан тухай бүр холбогдох мэдээ, баримтыг саадгүй гаргаж өгч шалгуулна