A

A

A

Бүлэг: 1979
Улсын ерөнхий прокурор,
Улсын мэргэжлийн    хяналтын газрын даргын 2004 оны 142/159
                                                    дүгээр хамтарсантушаалын 1 дүгээр хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧААС ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ПРОКУРОР ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү журмын зорилго нь эрх бүхий улсын байцаагч захиргааны зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтыг сайжруулах, хүний эрх эрх чөлөөг баталгаатай хангуулахад оршино.
1.2.Мэргэжлийн хяналтын эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар /цаашид “улсын байцаагч” гэх/ захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
1.3.Улсын байцаагч хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглаж захиргааны зөрчлийг нотолно.
1.4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх улсын байцаагч нь шийдвэр, дүгнэлт, акт, албан шаардлага, торгууль, шийтгэвэр зэрэг эрх зүйн баримт бичгийг үйлдэнэ.
1.5.Улсын байцаагчаас захиргааны хариуцлага хүлээлгэх үйл ажиллагаа нь эд зүйлийг хураах, торгууль, шийтгэвэр ногдуулах, нөхөн төлбөр тавих зэрэг хэлбэрээр хэрэгжинэ.
 
Хоёр. Захиргааны зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх
 
2.1.Эрх бүхий улсын байцаагч зөрчилтэй эд зүйлийг хураах, нөхөн төлбөр ногдуулах, үйл ажиллагааг түр зогсооход тэмдэглэл хөтөлж акт үйлдэнэ.
2.2.Улсын байцаагч хяналт шалгалтын үеэр тусгай нарийн мэргэжил, мэдлэг шаардсан асуудлаар мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулж болно.
2.3.Улсын байцаагчийн гаргасан шийдвэр, акт, албан шаардлага, дүгнэлт, түүнчлэн ногдуулсан шийтгэвэр, торгуулийг улсын ахлах байцаагч, улсын ерөнхий байцаагч тус тус хүчингүй болгож, өөрчлөлт оруулна.
2.4.Улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр, акт, албан шаардлага, дүгнэлт, түүнчлэн ногдуулсан шийтгэвэр, торгуулийг улсын ерөнхий байцаагч  хүчингүй болгож, өөрчлөлт оруулна.
2.5.Энэ журмын 2.3, 6.3-д заасан улсын ахлах байцаагч нь зөвхөн газрын дарга болон тухайн салбарын дэд дарга байх бөгөөд түүнчлэн хэлтэс, алба, тасгийн дарга байна.
2.6.Хураагдсан эд зүйлийн зориулалтыг өөрчлөхөд энэ журмын 2.5-д заасан улсын ахлах байцаагч шийдвэр гаргана.
2.7.Хураагдсан эд зүйлийг эрх бүхий зөвлөлийн шийдвэргүйгээр борлуулах, бусдад шилжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд шууд хор нөлөө учруулах, түүнчлэн түргэн муудаж чанар байдлаа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлээс бусад эд зүйлийг газар дээр нь устгах буюу бусдын эзэмшилд шилжүүлэхийг хориглоно.
2.8.Зөрчлийг хянан шийдвэрлэх хугацааг хуульд заасан үндэслэлээр сунгах тохиолдолд харьяалах хэлтсийн дарга болон тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгуллагын даргаас зөвшөөрөл авна.
2.9.Шалгалтын явцад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илэрвэл эрх бүхий удирдлагад танилцуулж, хяналт шалгалтын материалыг харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлнэ.
2.10.Улсын байцаагчийн гаргасан шийдвэрт давж заалдах гомдлыг тухайн мэргэжлийн хяналтын газрын даргад гаргана.
2.11.Мэргэжлийн хяналтын төв байгууллагын улсын байцаагч нар захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдсэн материалаа нийслэлийн прокурорын газар, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албадын улсын байцаагч нар харьяа нутаг дэвсгэрийн прокурорын газарт тус тус захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдсэн материалаа шийдвэр гаргаснаас хойш 20 хоногийн дотор хянуулна.
2.12.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийг хуулийн хугацаанд нь явуулж дуусгаад материалыг үдэж, дугаарлан товъёоглож, албан бичгээр прокурорт хүргүүлж хянуулна.
2.13.Прокурорын шийдвэрийг хүлээн авсан албан тушаалтан түүнийг эс зөвшөөрвөл зохих дээд шатны прокурорт давж заалдах гомдлоо гаргана.
 
Гурав. Захиргааны зөрчлийг нотлох
 
3.1.Захиргааны зөрчлийг хянан шалгах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон захиргааны хэм хэмжээг тогтоосон бусад хууль тогтоомжууд, Улсын дээд шүүхийн тайлбар, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”, Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”, мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан хяналт, шалгалт хийх заавар, журам, удирдамжийг баримтална.
3.2.Захиргааны зөрчлийг тэмдэглэл хөтлөх, фото зураг авах, аудио болон видео бичлэг хийх, зөрчил гаргагч болон зөрчлийг нотолж буй этгээдээс тайлбар тодорхойлолт авах, улсын байцаагчийн дүгнэлт гаргах болон хуульд заасан бусад арга хэрэгслээр нотолно.
3.3.Эрх бүхий этгээдийн амаар гаргасан гомдол, хүсэлт, шаардлага хүлээн авах, эрх бүхий байгууллага албан тушаалтнаас үзлэг, шинжилгээ хийх зэрэг ажиллагаа болон шаардлагатай бусад тохиолдолд тэмдэглэл хөтөлнө.
3.4.Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх явцад шаардлагатай гэж үзвэл нотлох тэмдэглэл үйлдэж болно. Нотлох тэмдэглэл нь удиртгал хэсэг, тодорхойлох хэсэг, баталгаа хэсэг гэсэн бүтэцтэй байна.
3.5.Тэмдэглэлийн Удиртгал хэсэгт:
3.5.1.Тэмдэглэл хөтөлж буй газар, он, сар, өдөр, цаг
3.5.2.Тэмдэглэлийг үйлдэж буй этгээдийн овог нэр, албан тушаал
3.5.3.Тэмдэглэл үйлдэхэд байлцсан этгээдийн овог нэр, гэрийн хаяг, харилцах утас, эрхэлж буй ажлын талаар дэлгэрэнгүй бичнэ.
 3.6.Тэмдэглэлийн Тодорхойлох хэсэгт:
3.6.1.Шалгалт хийж буй үеийн нөхцөл байдал /зөрчлийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээ, нотлох баримт дэлгэрэнгүй/
3.6.2.Захиргааны зөрчлийг гаргахад ашигласан эд зүйл, багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон бусад зүйлийн талаар тус тус дэлгэрэнгүй бичнэ.
3.6.3.Шалгагдсан этгээдээс авсан тайлбар /асуулт, хариулт/
3.7.Тэмдэглэлийн Баталгаа хэсэгт:
3.7.1.Тэмдэглэл үйлдсэн улсын байцаагчийн гарын үсэг, түүний тайлал улсын байцаагчийн тэмдэг дарсан байна.
3.7.2.Тэмдэглэл үйлдэхэд байлцсан хөндлөнгийн этгээд болон зөрчил гаргасан этгээдийн гарын үсэг, түүний тайлал байна.
3.7.3.Тэмдэглэлийг үйлдэхэд байлцсан этгээдүүд тэмдэглэлийн хуудас бүрт гарын үсгээ зурах үүрэгтэй.
3.8.Хэрэв тэмдэглэл үйлдэхэд байлцсан болон зөрчил гаргасан этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тайлбарыг улсын байцаагч тэмдэглэлд хавсаргана.
3.9.Захиргааны зөрчлийг нотлох тэмдэглэлийг энэ журамд зааснаас товчилсон хэлбэрээр хөтөлж болно.
3.10.Захиргааны зөрчлийг нотлох тэмдэглэл болон энэ журамд заасан бусад арга хэрэгслээр нотолсны дараа зөрчлийн тухай тэмдэглэл үйлдэнэ.
3.11.Зөрчлийн тухай тэмдэглэлийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хөтөлнө.
3.12.Улсын байцаагч зөрчил гаргагчаас тайлбар тодорхойлолт /асуулт хариултын хэлбэрээр/ авах буюу зөрчил гаргагчаар өөрөөр нь тайлбар бичүүлэн авч болно.
 
Дөрөв. Захиргааны журмаар эд зүйл хураах,
улсын орлого болгох, устгах болон битүүмжлэх
 
4.1.Захиргааны зөрчил илэрсэн буюу зөрчил гарсан байж болох хангалттай үндэслэл, сэжиглэл байгаа бол зөрчлийн ул мөр, нотлох баримтыг олох, зөрчлийн талаар ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор зөрчил гаргасан этгээдийн биед үзлэг хийнэ.
4.2.Зөрчил гаргасан этгээдийн биед болон эд зүйлд үзлэг хийхдээ Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйлийг тус тус баримтална.
4.3.Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд захиргааны хэрэг бүртгэлтийн явцад эд зүйлийг хураах, улсын орлого болгох, эд зүйлийг үнэлэх, худалдах болон битүүмжлэх, устгах, зэрэг ажиллагааг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”, мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам”-уудыг тус тус удирдлага болгоно.
4.4.Захиргааны зөрчлийг хянан шалгах үед зөрчилтэй эд зүйлийг битүүмжилж болно. Энэ тохиолдолд тухайн эд зүйлийг битүүмжилсэн тухай акт үйлдэж, тэмдэглэл хөтөлнө.
4.5.Битүүмжлэлийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг аргаар хийнэ.
4.6.Энэ журмын 4.4-д заасан эд зүйлийг битүүмжлэх газрыг улсын байцаагч өөрөө сонгоно.
4.7.Улсын байцаагч хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох эрхтэй бөгөөд объектод нэвтрэхэд саад хийсэн тохиолдолд тэмдэглэл хөтлөн тухайн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан шаардлагатай тохиолдолд /хойшлуулшгүй ажиллагааны үед/ цагдаагийн байгууллагын туслалцаатайгаар объектод нэвтэрч орно.
4.8.Энэ журмын 4.1.-д заасан үзлэгийг хийхдээ цагдаа, хилийн цэрэг, гааль, иргэний агаарын тээврийн болон хууль тогтоомжид заасан тохиолдолд бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран хийнэ.
Тав. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн
ажиллагаанд тавих прокурорын хяналт
 
5.1.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтэд прокурор хяналт тавихдаа Улсын ерөнхий прокурорын 2000 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тушаалаар батлагдсан “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тавих прокуорорын аргачилсан заавар”-ыг удирдлага болгоно.
5.2.Мэргэжлийн хяналтын төв байгууллагын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалыг нийслэлийн прокурорын газар, орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын харьяа нутаг дэвсгэрийн прокурорын газрууд тус тус хяналт тавина.
5.3.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулиар хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй, хууль буруу хэрэглэсэн, хууль ноцтой зөрчсөн тохиолдолд прокурор тогтоол бичиж, зөвтгүүлэх арга хэмжээ авна.
5.4.Прокурор материалыг хянаж гарын үсэг зурснаас хойш 3 хоногийн дотор захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалыг мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичгээр буцааж хүргүүлнэ.
5.5.Прокурор нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын алба, албан тушаалтанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зөвлөгөөн семинар зохион байгуулж ажиллана.
 
Зургаа. Захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаанд
тавих дээд шатны улсын байцаагчийн хяналт
 
6.1.Захиргааны хэрэг бүртгэлтийн дотоод хяналтыг дээд шатны улсын байцаагч гүйцэтгэнэ.
6.2.Захиргааны хэрэг бүртгэлтэд тавих дотоод хяналт нь тасралтгүй байна.
6.3.Энэ журмын 6.1-д заасан дээд шатны улсын байцаагч гэдгийг улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч гэж тус тус ойлгоно.
6.4.Дээд шатны улсын байцаагч доод шатны улсын байцаагчийн гаргасан шийдвэр, акт, албан шаардлага, дүгнэлт, түүнчлэн ногдуулсан шийтгэвэр торгуулийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахдаа шийдвэр гаргана.
6.5.Прокуророос мэргэжлийн хяналтын албадад ирүүлсэн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдсэн материалыг татаж хянах тогтоол болон албан бичгийн дагуу хянагдах материалыг бичиг хэргээр дамжуулан нэн даруй татах тогтоол ирүүлсэн прокурорын байгууллагад хүргүүлнэ.
6.6.Улсын байцаагчийн гаргасан шийдвэр, акт, албан шаардлага, дүгнэлт, түүнчлэн ногдуулсан шийтгэвэр, торгуулийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулсан улсын ахлах байцаагчийн шийдвэрийг улсын ерөнхий байцаагчид давж заалдаж болно.
 
 
 
 
 
 
Долоо. Хариуцлага
 
7.1.Улсын байцаагч захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах явцдаа энэ журмыг зөрчсөн бол албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, түүнчлэн албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах үндэслэл болно.
 
Найм. Бусад
 
8.1.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт хийгдэж прокуророор хянуулсан материал болон хяналт шалгалтын материалыг архивт хадгалахдаа шалгалтын удирдамжийн дагуу нэгтгэж, архивын нэгж болгоно.