A

A

A

Бүлэг: 1979
Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын
                                                                         2003 оны 309 дүгээр тушаалын хавсралт
 
УУРХАЙГ ТҮР БОЛОН БҮРМӨСӨН ХААХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энхүү жумын зорилго нь түр болон бүрмөсөн хаах уурхай, уулын           малталтын бүс дотор хүн аюулгүй байх, ажил гүйцэтгэх нөхцөлийг хангуулж,
уурхай /хэсэг/-н эдэлбэрийн доторхи ашигт малтмалын хайгдсан нөөцийг иж бүрэн, эдийн засгийн хувьд ашигтай, аюул осолгүйгээр ашиглах, үлдэгдэл нөөцийг бүртгэлд авахад оршино.
1.2. Журмыг тус улсын нутаг дэвсгэрт газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа уулын үйлдвэр /цаашид “уурхай” гэх/, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  /цаашид “хэрэгжүүлэгч агентлаг” гэх/, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, болон бусад албан байгууллага нэгэн адил дагаж мөрдөнө.
1.3. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч /цаашид “лиценз эзэмшигч” гэх/, хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж болон бусад албан байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нөхцөл шаардлагыг энэхүү журмаар зохицуулна.
1.4. Тухайн орд газрын ашигт малтмалыг ашиглах лиценз нь хүчин төгөлдөр бөгөөд ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдолтой ажлыг түр хугацаагаар зогсоохыг уурхай /хэсэг/-т түр хаах гэнэ:
1.4.1. уурхайн уул-геологи, гидрогеологи, техник, эдийн засгийн нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарсан үед уурхайг түр хааж /бүрмөсөн/ болно;
1.4.2. уурхайн ус зайлуулах тоног төхөөрөмжийг хэвийн байдлаар үлдээн уурхай малталтаас гарсан усыг байнга татуулж, үндсэн малталт, барилга байгууламжийг аж ахуйн бусад хэрэгцээнд ашиглах боломжтойгоор үлдээхийг хуурай аргаар түр хаах гэнэ;
1.4.3. уурхайн ус зайлуулах тоног төхөөрөмжийг хурааж, ус татуулах ажлыг зогсоон, уурхайн малталуудыг усаар дүүргэж орхихыг нойтон аргаар түр хаах гэнэ.
1.5. Ашигт малтмал олборлох, түүнтэй холбогдолтой ажлыг дахин явуулахгүйгээр нэг мөр, бүрэн зогсоохыг уурхайг бүр мөсөн хаах гэнэ:
1.5.1.уурхайг эдэлбэр газрын хилийн доторхи малтмалын тогтоосон нөөцөөс олборлон улсын эрдсийн баялгийн нөөцийн бүртгэлээс хасаж, нөөцийг өсгөх ирээдүйгүй гэж үзвэл уурхайг бүрмөсөн хаана.
1.6. Энэ журам зөвхөн уурхайн уул-геологи, гидрогеологи, техник эдийн засгийн нөхцөл зэрэг гол үзүүлэлтүүдэд өөрчлөлт гарч, уурхайг түр болон бүрмөсөн хаах харилцааг зохицуулахад үйлчилнэ.
 
Хоёр. Уурхайг түр болон бүрмөсөн хаах шийдвэр гаргуулахтай
холбогдуулж хийж гүйцэтгэх ажлууд
 
2.1. Лиценз эзэмшигч нь энэ журмын 4-т заасан бэлтгэлийг хангасан байна.
2.2. Лиценз эзэмшигч нь уурхай /хэсэг/-г түр хаах болон бүрмөсөн хаах тухайгаа нэг жилээс багагүй хугацааны өмнө албан бичгээр геолгои, уул уурхайн хяналтын асуудал хариуцсан Улсын  мэргэжлийн хяналтын байгууллагад /цаашид “хяналтын байгууллага” гэх/ мэдэгдэнэ.
2.3. Хяналтын байгууллагаас уурхайг түр болон бүрмөсөн хаахыг зөвшөөрсөн үед лиценз эзэмшигч бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээний талаар төлөвлөгөөг боловсруулан, хяналтын байгууллагаар зөвшөөрүүлсэн байна.
2.4. Лиценз эзэмшигч нь бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээг бүрэн биелүүлсний дараа уурхайг түр болон бүрмөсөн хаахаар төлөвлөж байгаа үндэслэлийг тусгасан албан тоотыг орон нутгийн Засаг даргын Тамгын газар хил залгаа уурхай, аж ахуйн нэгж, хэрэгжүүлэгч агентлаг болон хяналтын байгууллагад хаахаас хоёр сараас багагүй хугацааны өмнө хүргүүлнэ.
2.5. Энэ журмын 2.4-т заасан байгууллагууд холбогдох бичиг баримтыг хүлээж авснаас хойш сарын дотор шийдвэрээ гарган хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
2.6. Уурхайг түр болон бүрмөсөн хаахаар ирүүлсэн материалыг хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газраас хянан үзээд хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, хяналтын байгууллага болон тухайн лиценз эзэмшигчийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хамтарсан комиссыг /цаашид “комисс” гэх/ байгуулна.
Уурхайг түр болон бүрмөсөн хаахад оролцох комиссын бүрэлдэхүүнийг хяналтын байгууллагын даргын тушаалаар томилно.
2.7. Комисс нь түр болон бүрмөсөн хаах уурхайн бэлтгэл ажлын биелэлтийг газар дээр нь шалгаж, тэмдэглэл хөтөлнө. Комиссын гишүүн улсын байгцаагч нар уурхайг хаах эсэх талаар акт үйлдэх бөгөөд актад дараах зүйлсийг тусгана:
а/ түр болон бүрмөсөн хаагдаж байгаа уурхайн тухай;
б/ хаахтай холбогдуулан орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар авсан арга хэмжээний тухай;
в/ уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбогдуулан гаргасан төлөвлөгөөнд заасан арга хэмжээний биелэлтийн тухай.
2.8. Байцаагч нарын үйлдсэн актыг 14 хоногийн дотор хяналтын байгууллага хянан үзээд зохих шийдвэрийг гаргана.
2.9. Лиценз эзэмшигчийн саналыг үндэслэн уурхайг түр хаах хугацааг комиссоос тогтоож өгнө. Тогтоосон хугацаа өнгөрвөл лиценз эзэмшигч хяналтын байгууллагад дахин мэдэгдэж, хугацааг сунгуулна.
2.10. Уурхайг бүрмөсөн хаах тухай хяналтын байгууллагын шийдвэр гарсны дараа лиценз эзэмшигч нь нөөцийн тайлан, ашигт малтмалын ордын геологи, маркшейдрийн  холбогдох зургийн эх хувийг улсын геологийн мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
2.11. Уурхайг түр болон бүрмөсөн хаах шийдвэр гаргахын өмнө хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, бусад холбогдох байгууллагаас уурхайн барилга байгууламж, уулын малталтыг цаашид ашиглах асуудлаар санал авсан байна.
2.12. Гагцхүү дор дурдсан нөхцөлд түр болон бүрмөсөн хаана:
а/ уулын малталт явуулах, ашигт малтмал олборлохыг зогсоох талаар уурхайн дээд шатны байгууллагын албан ёсны шийдвэр гарсан байх;
б/ уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбогдуулан гаргасан төлөвлөгөөнд заасан арга  хэмжээг лиценз эзэмшигч бүрэн биелүүлсэн байх.
 
Гурав. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад бүрдүүлсэн
байвал зохих бичиг баримтууд
 
3.1. Уурхайг түр болон бүрмөсөн хаахад дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.1.1. уулын ажлын үндсэн планшетүүд;
3.1.2. уурхайн нэгдсэн дэвсгэр зураг, геологийн зүсэлтүүд;
3.1.3. давхаргын план зураг;
3.1.4. байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт, нөхөн сэргээлт хийсэн ажлын баримт бичгүүд;
3.1.5. ашигт малтмалын ордын геологи, маркшейдерийн холбогдох зураг, материалууд, ашигт малтмалын нөөцийн дэвсгэр зураг;
3.1.6. ордын тогтоогдсон нөөцийн үлдэгдэл, түүний дотор нээгдсэн, бэлтгэгдсэн, авахад бэлэн болсон үйлдвэрлэлийн нөөцийг тооцоолсон магадлагаа;
3.1.7.хамгаалалтын цулд үлдээсэн ашигт малтмалын нөөц, тэдгээрийн хэмжээ;
3.1.8. уулын чулуулаг, хаягдлын овоолго, тэдгээрийн багтаамж, ашигтай хольцын хэмжээ, холбогдох байр зүйн зургууд /масштаб 1:1000, 1:5000/;
3.1.9. уурхайн гадаргуугийн барилга байгууламж, ус татах төхөөрөмжийн байдал, холбогдох байр зүйн зураг /масштаб 1:1000, 1:5000/
3.1.10. түр хаах уулын малталтуудын байдал, газрын доор ашиглагдсан орон зай байгаа эсэх, уурхайн ашиглалтын улмаас үүсч бий болсон аюул учруулж болзошгүй газруудыг тэмдэглэсэн зураг /масштаб 1:1000, 1:5000/.
3.2. Дараах арга хэмжээний үндэслэл, тайлбар материал:
-уурхайг  түр хугацаанд хаах машин, тоног төхөөрөмж, байгууламж, уулын малталтыг хамгаалах тухай;
-уурхайг түр болон бүрмөсөн хаах үеийн аюулгүй ажиллагааг хангах, хил залгаа оршдог уурхай бусад үйлдвэрт нөлөөлж болох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний жагсаалт;
-уурхайн орчныг нөхөн сэргээсэн тухай;
-тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар, хил залгаа уурхай, аж ахуйн нэгжид уурхай /хэсэг/-г хаах тухай өгсөн мэдэгдлийн хуулбар.
3.3. Энэ журмын 3.2-д дурдсан баримт бичиг бүрт уурхайн ерөнхий инженер, ерөнхий маркшейдер, ерөнхий геологич нар гарын үсэг зурсан байна.
 
Дөрөв. Уурхайг түр болон бүрмөсөн хаах бэлтгэл ажлын
хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
 
4.1. Далд уурхайг хаахад дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
4.1.1. уурхайг хаахдаа уулын малталтын суултаас газрын гадарга дээр гарсан эвдрэл, цөмрөлтийг чулуугаар дүүргэж, гуу, жалга, нурж цөмөрч болзошгүй аюултай газрын эргэн тойронд хашлага барьж, ус зайлуулах шуудуу татсан байна;
4.1.2. уурхайн босоо ам, 45 градусаас дээш хэвгийтэй налуу амыг бүрмөсөн хаахдаа хоёр давхар төмөр буюу төмөр бетонон хаалтаар бат бэх таглана. Доод тавцан хаалтыг үндсэн чулуулагт 10 метрийн гүнд суулгах бөгөөд дээд талын хаалтыг газрын гадаргуутай чацуу таглана. Хоёр хаалтын хоорондох зайг дүүргэж чигжсэн байна;
4.1.3. газрын гадаргууд гарсан амтай, 45 градусаас бага хэвгийтэй налуу  болон хэвтээ малталтын амнаас дотогш 4-6 метрийн метрийн зайд чулуун буюу төмөр бетон хаалт хийж, уг хаалтад тултал гадна талаас нь чулуугаар нягт чигжих ба  уурхайн орчимд ухсан нүх гарсан ан цавыг дарж бөглөсөн байна. Хаасан малталтын амсар орчмоор ус зайлуулах шуудуу татсан байна;
4.1.4. уурхайг хуурай аргаар түр хаасан хугацаанд үндсэн ба бэлтгэл малталтуудыг жилд нэгээс доошгүй удаа Уул уурхайн аврах алба /УУАХ/-тай хамтран шалгаж, шаардлагатай бол бэхэлгээг солих буюу засна;
4.1.5. уурхайг нойтон аргаар түр болон бүрмөсөн хаахдаа тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх төрлийн машин механизм, тоног төхөөрөмж, усны шугам хоолой, зам төмөр, цахилгаан дамжуулах утас болон бусад хэрэгслийг уурхайгаас газрын гадарга дээр гаргасан байна.
4.1.6. нойтон аргаар түр хаасан уулын малталтыг бусад хэрэгцээнд ашиглах, ашигт малтмал олборлохоор дахин сэргээх үед усыг шавхах явцад үлдсэн ус нь бусад уулын малталтад цөмрөн орох, уулын чулуулгийн ан цаваар нэвтэрч, нурал, гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
 
4.2. Ил уурхайг хаахад дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
4.2.1. түр болон бүрмөсөн хаах уурхайн мөрөгцгөөс хүн, мал унахаас хамгаалж уурхайн дээд мөрөгцгөөс 5 метрийн зайд 2.5 метрээс доошгүй өндөртэй шороон далан эсвэл хашлага барина;
4.2.2. хүн, автотээврийн хэрэгсэл зайлшгүй явах замын ойролцоо хэсэгт анхааруулах тэмдэг хадсан байна.
 
Тав. Бусад
 
5.1. Түр болон бүрмөсөн хаагдсан уурхай, уулын малталтын хэвийн байдалд орон нутгийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.
5.2. Уурхайг түр болон бүрмөсөн хаахтай холбоотой бүхий л зардлыг лиценз эзэмшигч хариуцна.
5.3. Уурхайг түр болон бүрмөсөн хаах журмыг биелүүлээгүй хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудын дагуу арга хэмжээ авна.
 
 
 
---о0о---