A

A

A

Бүлэг: 1979
Улсын мэргэжлийн хяналтын
газрын даргын 2003 оны 170
дугаар тушаалын хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮНЭМЛЭХ, ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх) үнэмлэх, тэмдэг хэрэглэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нь “Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч” гэсэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь “Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч“ гэсэн албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх /цаашид “үнэмлэх” гэх/, албаны болон хувийн дугаар бүхий тэмдэг /цаашид “тэмдэг” гэх/ хэрэглэнэ.
1.3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч үнэмлэх, тэмдгийн дугаар давхардахгүй, загвар нь ижил байна.
1.4. Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хийлгэх, олгох ажлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газар хариуцна.
1.4.               Үнэмлэх, тэмдэг нь Улсын мэргэжлийн хяналтын газрын өмч байна.
1.5.               Улсын байцаагчийн тэмдгийн зөвхөн хяналт шалгалтын ажилтай шууд холбогдуулж гаргасан тухайн улсын байцаагчийн гарын үсэг бүхий шийдвэр, мэдэгдэл, акт, техникийн дүгнэлт, албан шаардлага, зөрчлийн тэмдэглэл, торгууль, шийтгэврийн хуудас, тайлан мэдээ зэрэг баримт бичигт дарж баталгаажуулна.
 
Хоёр. Үнэмлэх, тэмдэг олгох
 
2.1. Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрх олгосон этгээдэд үнэмлэх, тэмдэг олгоно.
2.2. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарт олгосон тэмдгийн бүртгэл, дардас нь Улсын мэргэжлийн хяналтын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хадгалагдана. Мөн тухайн аймаг, нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, албад өөрийн улсын байцаагч нарт олгосон тэмдгийг дардас, бүртгэлийг тусгайлан хөтлөнө. Энэ ажлыг төв болон орон нутгийн мэргэжлийг хяналтын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.
2.3. Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын газар, албад нь байцаагч нарын тэмдгийг хооронд нь шилжүүлж олгох, ашиглуулахыг хориглоно.
2.4. Улсын байцаагчийн үнэмлэх тэмдгийг үрэгдүүлбэл 48 цагийн дотор харьяалах газар, хэлтэс, албаны даргад болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж тэмдэглүүлэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулна.
2.5. Үнэмлэх тэмдгийг авахдаа үнэмлэх тэмдгийн үнийг 3 дахин нэмэгдүүлсэн дүнгээр Улсын мэргэжлийн хяналтын газрын холбогдох дансанд шилжүүлсний дараа шууд харьяалагдах газар, хэлтэс, албадаараа дамжуулан Улсын мэргэжлийн хяналтын газарт хүсэлтээ гаргана. Энэ асуудлыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газар шалгаж шийдвэрлэнэ.
2.6. Улсын ахлах байцаагч үнэмлэх, тэмдгээ үрэгдүүлсэн, бусад шилжүүлсэн, барьцаалсан бол сахилгын шийтгэл ногдуулна.
 
Гурав. Үнэмлэх, тэмдэг хэрэглэх, хадгалах
 
3.1. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тэмдгийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу акт, торгууль, шийтгэврийн хуудас, мэдэгдэл, албан шаардлага, зөрчлийн тэмдэглэл, дүгнэлт, мэдэгдэх хуудас, нэгдсэн акт зэрэг батлагдсан албан бланк маягтад бичигдсэн баримт бичгэн дээр тод гаргацтай дарна.
3.2. Улсын байцаагч нь үнэмлэх, тэмдгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах, хадгалуулах, үрэгдүүлэх, гэмтээх, хууль бусаар хийлгэх, хэлбэр загварыг өөрчлөх, хувилах, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд биедээ авч явахыг хориглоно.
3.3. Улсын байцаагчийн үнэмлэхийг зөвхөн хяналт шалгалт хийх үед хэрэглэнэ.
3.4. Энэ журмын 3.1-д зааснаас бусад баримт бичгийг баталгаажуулах зорилгоор тэмдэг хэрэглэхийг хориглоно.
 
Дөрөв. Тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд
хяналт тавих, түүнийг хураах
 
4.1. Үнэмлэх тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд газар, хэлтэс, албадын дарга хяналт тавина. Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн жилд нэг удаа дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор хавсралт маягтын дагуу бүртгэл хөтөлж Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын удирдлагын хэлтэст ирүүлнэ.
4.2. Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч ажлаас чөлөөлөгдөх буюу халагдах тохиолдолд тухайн газар, хэлтэс, албадын дарга, нар үнэмлэх тэмдгийг хураан авч Улсын мэргэжлийн хяналтын газрын Тамгын газарт хүргүүлнэ.
 
Тав. Хариуцлага
 
5.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, улсын байцаачийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
5.2. Энэ журмыг зөрчсөн этгээдийн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол уг этгээдийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна.