- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАРЫН ӨР БОЛОН БУЦААН ОЛГОЛТЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ӨР БАРАГДУУЛАХ ЖУРАМ
ҮТЕГ-ын даргын 2001 оны 07-р сарын 24-ны өдрийн 142 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ТАТВАРЫН ӨР БОЛОН БУЦААН ОЛГОЛТЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ӨР БАРАГДУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмын зорилго нь татварын өртэй татвар төлөгч нэг бүрийн атварын өрийг бүртгэх, татварын өрийн талаар мэдээллийн сан үүсгэж бүх шатны татварын албадын удирдлага, татварын улсын байцаагчдыг шуурхай мэдээллээр хангах, татварын өр төлбөрийг барагдуулах ажлыг зохицуулахад оршино.
Хоёр. Татварын өр
2.1 Татварын хууль тогтоомжийн дагуу татварын бүртгэл, тайлангаар болон хяналт шалгалтаар татвар төлөгчдөд ногдуулсан, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт төлөгдөөгүй байгаа татвар,төлбөр, хураамж, хүү, торгуулийг татварын өр гэнэ.
Гурав. Татварын өрийн ангилал
3.1 Татвар төлөгчийн өрийг дараах байдлаар ангилна.
1/ Татварын бүртгэлээр ногдуулсан татварын өр
2/ Татварын тайлангаар ногдуулсан өр
3/ Татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон өр
4/ Хүү, торгуулийн өр
Дөрөв. Татвар төлөгчийн өрийн бүртгэл хөтлөх
4.1 Мэдээлэл боловсруулалт статистикийн тасаг/хэлтэс/-нь татвар төлөгч нэг бүр дээр «Татварын өрийн карт» -ыг нээн татвар төлөгчийн татварын өрийн үлдэгдлийг тодорхойлон бүртгэнэ.
4.2 «Татварын өрийн карт»-нд татвар төлөгчийн нэр, татвар төлөгчийн дугаар, татварын төрөл, хугацаа, татварын өрийн бүртгэлийн өөрчлөлт/ нэмэгдсэн, хасагдсан/-ийг бүртгэнэ.
4.3 «Татварын өрийн карт»-нд хийгдэх бичилтүүд нь дараах байдлаар бүртгэгдэнэ. Үүнд:
1/ Татвар төлөгчдөд татварын бүртгэлээр, татварын тайлангаар болон хяналт шалгалтаар татвар ногдуулсан ногдлыг тухай бүрд нь тухайн татварын ногдол хийсэн татварын байцаагч холбогдох бүртгэл, тайлан, хяналт шалгалтын актыг МБСТасаг /хэлтэс/-т хүргүүлэн татварын өрийн картны 1.2.3.4.5.6.7-р багануудад бичилтийг хийлгэнэ.
2/ «Татварын орлогын бүртгэлийн журам»-ын дагуу татвар төлөгчийн төлбөл зохих татварын барагдуулалтыг бүртгэх бөгөөд үүнийг үндэслэн үүссэн татварын өр болгоноор төлсөн бичилт нь татварын өрийн картын 8-р багананд бүртгэгдэнэ.
3/ Татвар төлөгчид татварыг буцаан олгох асуудал нь энэ журмын 6-р бүлгийн дагуу зохицуулагдах бөгөөд буцаан олгосон тухай бичилт нь татварын өрийн картын 9-р багананд бүртгэгдэнэ.
4/ Татвар төлөгч нь татварын тайлангаа гаргаж татварын илүү, дутуу үлдэгдлээ тодорхойлж тэдгээрийг бусад татварын өрийн үлдэгдэлд суутган тооцох хүсэлт гаргавал «Татварын тооцооллын хүснэгт»-нд холбогдох бичилтийг хийж Мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс/ тасаг/-т хүргүүлэх бөгөөд энэ бичилтийг үндэслэн «Татварын өрийн карт»-ны 10.11.12-р багананд бичилт хийгдэнэ.
5/Татвар төлөгчийн төлбөл зохихоор тодорхойлогдсон татвар тус бүр дээр эцсийн үлдэгдлийг тодорхойлон татварын өрийн картын 13.14-р багананд бичилтийг хийнэ.
4.4 Татвар төлөгч нь татварын бүртгэл, татварын тайлангаар татварын ногдлоо тодорхойлон ирүүлэх тухай бүрд тухайн татвар төлөгчийн төлбөл зохих татварын эцсийн үлдэгдлийг «Татварын тооцооллын хүснэгт»-ээр баталгаажуулж байна.
Тав. Татварын өрийн бүртгэлийн өөрчлөлт
5.1 Татвар төлөгчдөд ногдуулсан татварын дүнд дараах тохиолдолд өөрчлөлт орж болох бөгөөд энэ тухай холбогдох шийдвэр, засварын тайлан, бүртгэлийг үндэслэн зөвхөн татварын ногдлын бүртгэлд өөрчлөлт оруулах бөгөөд Татварын өрийн карт-ын 1.2.3.4.5.6.7-р багананд хийсэн бичилтийн дүнг залруулна.
Үүнд:
5.1.1 Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрээр тухайн татвар төлөгчийн татварын өрийг хүчингүй болгосон буюу ихэсгэсэн, багасгасан
5.1.2 Шүүхийн шийдвэр болон татварын албаны даргын шийдвэрээр татварын өрийг хүчингүй болгосон буюу багасгасан, ихэсгэсэн
5.1.3 Татварын тайланг засварлан дахин гаргасан
5.1.4 Татварын бүртгэлийг шинэчлэн үйлдсэн
5.2 Нэг татвар төлөгчийн татварын өрийг нөгөө татвар төлөгчийн татварын илүүд харилцан суутгахаар тэдгээр татвар төлөгчидтэй тохиролцсон тохиолдолд «Татварын өрийг харилцан шилжүүлэх тухай акт»-ыг татварын өр шилжүүлсэн протоколын хамт үйлдэж түүнийг үндэслэн дээр татвар төлөгчийн эцсийн үлдэгдлийг өөрчлөх бичилтийг хийнэ.
5.3 Татвар төлөгчидөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх тухай Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэр гарсан, татварын өрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өр хариуцагч нь нас барсан буюу сураггүй алга болсны улмаас татвар төлөгчийн татварын өрийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд түүнийг үндэслэн татвар төлөгчийн татварын эцсийн үлдэгдлийг өөрчлөх бичилтийг хийнэ.
5.4 Татвар төлөгчийг өөр татварын албанд шилжүүлсэнтэй холбогдуулан түүний татварын эцсийн үлдэгдлийг тэрхүү татварын албанд шилжүүлэх үед «Татвар төлөгчийн татварын эцсийн үлдэгдлийг татварын алба хооронд шилжүүлсэн акт»-ыг татварын өр шилжүүлсэн протоколын хамт үйлдэж түүнийг үндэслэн татвар төлөгчийн татварын эцсийн үлдэгдлийг өөрчлөх бичилтийг хийнэ.
Зургаа. Татварын буцаан олголтын бүртгэл
6.1Татварын алба татвар төлөгчийн татварыг буцаан олгох тохиолдолд энэ тухай хүсэлт баримтыг Санхүү эдийн засгийн яам, төлөвлөлт санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэст хүргүүлнэ.
6.2 Санхүү эдийн засгийн яам, Төлөвлөлт санхүү эдийн засгийн бодлогын хэлтсээс тухайн татвар төлөгчийн буцаан олгогдох татварыг буцаан олгосон буюу бусад татварын өрөнд суутгасан тухай мэдэгдсэн тохиолдолд « Татварын буцаан олголтын жагсаалт»-ыг үйлдэж тухайн татварын албаны даргаар баталгаажуулан мэдээлэл боловсруулалт, статистикийн хэлтэс /тасаг/-т хүргүүлэх бөгөөд үүнийг үндэслэн татварын буцаан олголтын бүртгэлийг буцаан олголт хийсэн татвар төлөгч нэг бүрээр, татварын төрөл хугацаа тус бүрээр хөтөлнө.
6.3 «Буцаан олголтын жагсаалт»-аар буцаан олгогдох татвар нь тухайн татвар төлөгчийн бусад татварын өрөнд суутгагдсан тохиолдолд уг татварын өрийн барагдуулалтыг тусгах бичилт нь «Татварын орлогын бүртгэлийн журам»-аар зохицуулагдана.
Долоо. Татварын өрийг барагдуулах
7.1 Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасаг /хэлтэс/-нь «Татварын өрийн карт»-ыг татвар төлөгч нэг бүрээр сар бүрийн 5-ны өдөр гарган тухайн татвар төлөгчийн хариуцсан хураалтын байцаагчид хүргүүлэн өгнө.
7.2 Татвар хураалтын байцаагч нь «Татварын өрийн карт»-ын дагуу хураан барагдуулах үйл ажиллагааг « Татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих татвар хураах тухай хууль»-ийн дагуу ямар арга авч хэрэгжүүлсэн болон татварын өрийг хураан барагдуулж чадаагүй шалтгааны хамтаар «Татварын өрийн мэдээ» маягтыг хөтөлж татвар хураалтын тасаг /хэлтэс/-ийн даргад танилцуулан мэдээлэл боловсруулалт, статистикийн тасаг /хэлтэс/-т хүргүүлнэ.
7.3 Татвар хураалтын тасаг /хэлтэс/-ийн дарга байнга өрийн үлдэгдэлтэй, өр нь өсөн нэмэгдэж буй татвар төлөгчдөд онцгой анхаарал тавьж ажиллах бөгөөд уг өрийг хураан барагдуулах талаар хууль хяналтын байгуулагуудтай хамтарч ажиллах тэдний туслалцаа дэмжлэгийг авах гэрээ байгуулан ажиллах, ҮТЕГ-т хандаж дэмжлэг туслалцаа авах зэргээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
Найм. Татварын өрийн барагдуулалтанд хяналт тавих
8.1 Татвар хураалтын тасгийн дарга нь дараах мэдээллийг сар бүрийн 5-ны өдөр МБСТасаг /хэлтэс/-аас гаргуулан авсны үндсэн дээр татварын өр барагдуулалтанд байнгын хяналт тавьж байцаагчдыг нэгдсэн арга зүйгээр ханган ажиллана. Үүнд:
1/ Татварын өрийн мэдээ /хариуцсан байцаагчаар/
2/ Маргаантай татварын өрийн үлдэгдлийн судалгаа
3/ Татварын төлбөрт авсан эд хөрөнгийн бүртгэл
8.2 Татвар хураалтын тасгийн дарга нь татварын өрийн мэдээ, судалгаанд үндэслэн татвар хураалтын байцаагчдын татварын өр хураан барагдуулах үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажиллана.
8.3 Татвар хураалтын тасаг /хэлтэс/-ийн дарга нь татварын төлбөрт авсан эд хөрөнгийн бүртгэлийг үндэслэн татварын төлбөрт авсан эд хөрөнгийн борлуултанд хяналт тавих, борлуулах арга хэмжээг зохион байгуулах, борлогдохгүй байгаа эд хөрөнгийг буцаан хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллана.
8.4 Татварын өр төлбөрөө барагдуулах талаар татварын албаны тавьсан шаардлагыг хүлээн авч биелүүлэхгүй байгаа татвар төлөгч нарт татварын хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.
8.5 Татварын албад нь татварын өрийн мэдээг ҮТЕГ-т ирүүлэх бөгөөд үүнийг үндэслэн ҮТЕГ-ын ХХХХэлтэс татварын албадын татварын өр барагдуулах ажилд байнгын хяналт тавьж ажиллана.
8.6 Мэдээлэл, боловсруулалт, статистикийн тасаг /хэлтэс/ нь татвар хураалтын байцаагчдаас ирүүлсэн мэдээ, тайлан, судалгаа зэргийг нэгтгэн татварын өрийн баазыг үүсгэж түүнээс холбогдох мэдээ, судалгааг гаргах бөгөөд түүнийг бүх шатны татварын албанд ашиглана.
Ес.Татварын өрийн мэдээ гаргах хугацаа
9.1 Том татвар төлөгчдийн алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/ -нь дараах мэдээ, тайланг ҮТЕГ-т ирүүлнэ. Үүнд:
1/ Татварын өрийн мэдээ
2/ Татварын төлбөрт авсан эд хөрөнгийн бүртгэл
3/ Маргаантай татварын өрийн үлдэгдлийн судалгаа
9.2 Том татвар төлөгчдийн алба, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/ -ийн мэдээлэл, боловсруулалт статистикийн хэлтэс, тасаг нь «Татварын өрийн мэдээ»-г сар бүрийн 5-ны дотор, «Татварын төлбөрт авсан эд хөрөнгийн бүртгэл», «Маргаантай татварын өрийн үлдэгдлийн судалгаа»-г улирал бүрийн дараа сарын 5 дотор тус тус ҮТЕГ-ын ХХХХ-т сүлжээгээр ирүүлнэ.
9.3 ТТТА, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/ -нь татварын өр барагдуулалтын талаар хийсэн ажлын тайланг хавсралтуудын хамт эхний хагас жилийнхийг тухайн жилийн 7 дугаар сарын 31-ний дотор, жилийн эцсийнхийг дараа оны 3 дугаар сарын 20-ны дотор ҮТЕГ-ын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст ирүүлж байна.
|
Текст томруулах
A
A
A