A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • Үндэсний татварын албаны хэмжээнд хэрэглэж байгаа Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд хяналт тавих журам
Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2001  оны 12 дугаар сарын 29 –ны өдрийн 243 тоот тушаалын хавсралт
 
 
 
Үндэсний татварын албаны хэмжээнд хэрэглэж байгаа Үнэт цаас,  тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд хяналт тавих журам
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.1.           Энэхүү журмын зорилго нь Үндэсний татварын албаны хэмжээнд хэрэглэж байгаа үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, бүртгэх, тэдгээрийн зарцуулалтанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.           Баримтын бүрдүүлэлт дахин шаардахгүйгээр төлбөр тооцоонд шууд ашиглаж байгаа мөнгөн үнэлгээтэй цаасан тэмдэгт, төрөл бүрийн тасалбар /талон, билет, шийтгэвэр, торгуулийн хуудас/  зэргийг үнэт цаас гэнэ.
1.3.           Зохих баримтын бүрдүүлэлт хийсний үндсэн дээр ашиглах тооцооны маягт, төрөл бүрийн үнэмлэх, гэрчилгээ зэргийг тооцоот баримтын маягт гэнэ.
1.4.           Үндэсний татварын ерөнхий газар болон бусад эрх бүхий байгууллагаас улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан анхан шатны баримтыг нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягт гэнэ.
1.5.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах, хэвлүүлэх, хүргүүлэх, тэдгээрт нэгдсэн дугаар өгч хяналт тавих асуудлыг Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс гүйцэтгэнэ.
 
Хоёр. Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга авах
 
2.1.           Тухайн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалгын хугацааны тухай холбогдох хууль, эрх зүйн актуудад өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар, алба/ нь жилийн хэрэгцээгээ тооцон тухайн жилийн 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст ирүүлнэ. Захиалгаа ирүүлэхдээ өмнө нь авсан үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын үнийн тооцоог хийсэн холбогдох төлбөрийн баримтыг хавсаргана.
2.2.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягт нь  боловсронгуй болгон өөрчлөгдсөн, шинээр гарсан тохиолдолд захиалга авах хугацааг Үндэсний татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтсээс албан бичгээр мэдэгдэнэ.
2.3.           Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар, алба/-ээс захиалгыг тогтоосон хугацаанд албан бичгээр ирүүлнэ.
2.4.           Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар, алба /-ээс ирүүлсэн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалгыг Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст нэгтгэнэ.
2.5.           Захиалгаа тогтоосон хугацаанд ирүүлээгүйгээс ажилд ноцтой хохирол учирсан тохиолдолд Үндэсний татварын ерөнхий газраас Төрийн албаны болон бусад холбогдох хууль, эрх зүйн актуудад заасан хариуцлагыг  тухайн хэлтэс /газар/-ийн даргад хүлээлгэнэ.
 
Гурав. Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг хэвлүүлэх
 
3.1.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг хэвлүүлэх асуудлын дан ганц Үндэсний татварын ерөнхий газар хариуцах ба аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар,алба / бие даан хэвлүүлэхийг хориглоно.
3.2.           Холбогдох хууль, эрх зүйн актуудад хэвлэлтийн тухай тусгайлан заагаагүй бол үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон комиссын хяналтын дор өөрийн хэвлэлийн цехэд хэвлэнэ.
3.3.           Тухайн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг хэвлэх гүйцэтгэгчийн тухай холбогдох хууль, эрх зүйн актуудад тусгайлан заагаагүй, Үндэсний татварын ерөнхий газар нь өөртөө хэвлэх боломжгүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зарлан гүйцэтгэгч байгууллагыг /цаашид гэрээ гүйцэтгэгч гэх/ сонгон шалгаруулж хэвлүүлнэ.
3.4.           Гэрээ гүйцэтгэгчээс гэрээнд заасны дагуу үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын хэвлэх үйл ажиллагаанд хяналт тавих  болон  гүйцэтгэгчээс хүлээн авах комиссыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилно.
3.5.           Томилогдсон комисс нь хэвлэлийн цехийн үйл ажиллагаа болон гэрээ гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж үйлдвэрлэлээс хэвлэгдэн гарч байгаа болон гэрээ гүйцэтгэгчээс нийлүүлж байгаа үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын тоо ширхэг болон чанарыг шалган,  хэвлэсэн эх, бар, фото хальсны хамт хүлээн авч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч хадгалуулах, үйлдвэрлэлийн гологдолтой болон бусад шалтгаанаар хүчингүй болсон үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягт болон түүний эхийг устгах, дээрхтэй холбогдсон бусад асуудлуудыг шийдвэрлэж тухай бүр акт үйлдэж баталгаажуулна.
 
Дөрөв. Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс/газар, алба/-т хүргүүлэх
     
4.1.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс/газар, алба/-т хүргүүлэх асуудлыг Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс хариуцна.
4.2.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг орон нутагт хүргэх зардлыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс/газар, алба/ хариуцна.
 
Тав. Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг хадгалах, бүртгэх
 
5.1.  Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон комисс нь хэвлэлийн цех болон гэрээ гүйцэтгэгчээс хүлээн авсан үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг Үндэсний татварын ерөнхий газрын няравт хүлээлгэн өгнө.
5.2.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг Үндэсний татварын ерөнхий газрын санхүүд бараа материал, үнэ бүхий зүйлийн нэгэн адилаар, дансанд хэвлэлтийн буюу гэрээний үнээр бүртгэж, зориулалтын байранд хадгална.  
5.3.           Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар, алба/-т үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг захиалгын дагуу хуваарилан олгох асуудлыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтсийн зөвшөөрлөөр Үндэсний татварын ерөнхий газрын нярав гүйцэтгэнэ.
5.4.           Тухайн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг хадгалах тухай холбогдох хууль, эрх зүйн актуудад тусгай нөхцөл заагаагүй бол орон нутгийн татварын хэлтэс /газар, алба/-ийн нярав хадгална.
5.5.           Тухайн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг  орон нутгийн татварын албад хүлээн авахдаа нэг бүрчлэн шалгаж үзэх бөгөөд хэрэв ямар нэгэн үйлдвэрлэлийн гологдол, гэмтэл илэрвэл Үндэсний татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
 
Зургаа. Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын зарцуулалтанд хяналт тавих, тайлан гаргуулан, тооцоо бодох
                                                                       
6.1.           Төв, орон нутгийн татварын албадын нягтлан бодогчид, татварын ахлах байцаагчид хамтран үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын захиалга, орлого, зарцуулалтыг хэрэв тухайн үнэт цаас тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын тухайд хууль эрх зүйн актад тусгайлан заасан бол түүнийг үндэслэн тайлан тооцоог гаргуулж, бусад тохиолдолд  Сангийн сайдын 1990 оны 62 тоот тушаалаар батлагдсан эд хариуцагчийн тайлангийн дагуу гаргуулан авч, тооллогын үлдэгдэлтэй тулгаж сар тутам тооцоо бодож байна.
6.2.           Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар, алба/-ийн дарга нар хагас жил тутамд үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягт нь татвар ногдуулалт, хураалт, хяналт шалгалтын ажилд хир зэрэг нийцэж байгаад дүгнэлт өгч, шаардлагатай бол боловсронгуй болгох санал зэргийг тусгасан тайланг бичиж,  тухайн оны 07 дугаар сарын 10, дараа оны 01 дүгээр сарын 20-ны дотор Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст ирүүлнэ.
6.3.           Төв,  орон нутгийн татварын албадын үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтын хадгалалт хамгаалалт, орлого, зарцуулалтын байдалд хагас жил тутамд тооллого хийж тооцоог нь бодон холбогдох арга хэмжээг авч байх үүргийг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ын дарга нар хариуцна.
6.4.           Орон нутгийн татварын албад нь үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг Үндэсний татварын ерөнхий газраас бичгээр өгсөн зөвшөөрлтэйгөөс бусад тохиолдолд бусдад шилжүүлэх, зориулалт бусаар ашиглахыг хориглоно.
6.5.           Хэрэглэх хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон, гэмтсэн үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн даргын тушаалаар томилогдсон комисс Үндэсний татварын ерөнхий газрын  зөвшөөрлийн дагуу хүчингүй болгож, устган, акт үйлдэнэ.
 
Долоо. Хүлээлгэх хариуцлага
       
7.1.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг буруу нөхөх буюу хадгалалт хамгаалалтын буруугаар шаардлага хангахгүй болгосон тохиолдолд түүнийг хураан авч холбогдох этгээдээр дансны үнээр төлүүлнэ.
7.2.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг дутагдуулсан, алдаж үрэгдүүлсэн, зөрчил илэрвэл, Үндэсний татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст мэдэгдэж, мөнгөн үнэлгээтэй үнэт цаасыг мөнгөн үнэлгээгээр төлүүлэх, мөнгөн үнэлгээгүй үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтаар хураах орлогын дундаж хэмжээ болон алдаж үрэгдүүлсэн шалтгаан нөхцлийг харгалзан үзэж  Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна.
7.3.           Үнэт цаас, тооцоот баримтын болон нийтээр дагаж мөрдөх анхан шатны маягтыг дутагдуулсан, алдаж үрэгдүүлсэн, зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол Үндэсний татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс болон Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст мэдэгдэж, асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
 
Найм. Журам хүчин төгөлдөр болох
 
8.1.           Энэ журмыг 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.