A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ, ЦЕГ-ын даргын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 200/463 тоот тушаалын хавсралт
 
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг: Нийтлэг үндэслэл
 
1.1 Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Эрүүгийн хууль, татварын бусад хууль /цаашид татварын хууль тогтоомж гэх/, зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, нуугдмал орлогыг олж тогтооход чиглэсэн хяналт шалгалт хийх, мэдээ, мэдээлэл солилцох чиглэлээр Татварын алба, Цагдаагийн байгууллага хамтран ажиллахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2 Үндэсний татварын алба болон Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль болон бусад хуулийн хүрээнд хамтран үйл ажиллагаагаа явуулна.
1.3 Хамтын ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд нийтэд задруулахыг хориглоно.
 
Хоёр: Байгууллага хоорондын хамтын ажиллагаа
 
2.1 Цагдаагийн байгууллага дараах асуудлаар хамтран ажиллана. Үүнд:
 
2.1.2 Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын хяналт шалгалт хийх зорилгоор татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох, үзлэг, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого явуулах, эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг үйл ажиллагааг явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн, саад учруулсан тохиолдолд татварын алба, татварын улсын байцаагчид туслалцаа үзүүлэх
Энэ ажлыг зохион байгуулахдаа тухайн татварын албаны дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэж саналаа хүргүүлсэн байна.
2.1.2 Монгол Улсын иргэд, гадаад улсын харьяат, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, түүний хаягийг тодруулахтай холбогдсон Цагдаагийн байгууллагад байгаа мэдээ, мэдээлэл, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх
2.1.3 Үндэсний татварын албанд бүртгэгдсэн улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн хаяг байрлалдаа байхгүй, оршин сууга хаяг нь тодорхойгүй эсхүл татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг шүүхийн даалгаснаар эрэн сурвалжлах
2.1.4 Татвар төлөгчийн ял шийтгэлийн байдал, хуулийн этгээдийн тамга, тэмдгийн лавлагааг гаргаж өгөх
2.1.5 Татварын хууль тогтоомж зөрчсөн үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд татвар төлөгчийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэх асуудлыг нийслэлд ҮТЕГ-ын даргад, орон нутагт тухайн орон нутгийн татварын албаны даргад хүсэлт тавьж шийдвэрлүүлэх
2.1.6 Шаардлагатай гэж үзвэл татварын хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах, холбогдох нотолгоо, нотлох баримтуудыг олж цуглуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах
2.1.7 Цагдаагийн байгууллага нь Үндэсний татварын албанаас шилжүүлэн ирүүлсэн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн байдлыг шаардлагатай тохиолдолд тухай бүр мэдэгдэж, хагас жил, жилээр дүнг нэгтгэсэн мэдээ, судалгааг гаргаж татварын албанд ирүүлэх
2.1.8 Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчаас энэ журмын 2.2.1-д заасны дагуу шилжүүлсэн материалыг хүлээн авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах
2.1.9 Татварын алба, татварын улсын байцаагчаас албан татвараас санаатайгаар зайлсхийх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу шаардлагатай арга хэмжээг хамтран зохион байгуулах
 
2.2  Үндэсний татварын алба дараах асуудлаар хамтран ажиллана. Үүнд:
 
2.2.1 Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын явцад илрүүлсэн татварын гэмт хэргийн талаарх мэдээлэл, холбогдох материалыг дүгнэлтийн хамт, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан харъяаллын дагуу нэн даруй Цагдаагийн байгууллагад шилжүүлэх
2.2.2 Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд хүргүүлэх
2.2.3 Энэ журмын 2.1.5- д заасны дагуу Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх
2.2.4 Шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагад хамтарсан үзлэг, хяналт шалгалт явуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд тавьж хамтран хэрэгжүүлэх
2.2.5 Татвар төлөлттэй холбоотой хяналт, шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах татвар төлөгчийн талаарх мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу цагдаагийн эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөх
2.2.6 Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа албан татвараас санаатайгаар зайлсхийх гэмт хэргийг түргэн шуурхай бүрэн илрүүлж шийдвэрлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг хамтран зохион байгуулах
2.2.7 Цагдаагийн байгууллагад шүүхийн даалгаснаар эрэн сурвалжилж байгаа татвар төлөгчийн хаяг холбогдох мэдээллийг гаргаж хүргүүлэх
 
Гурав. Бусад зүйл
 
3.1 Үндэсний татварын алба болон Цагдаагийн байгууллага нь хамтын ажиллагааны явц байдал, үр дүнгийн талаар харилцан мэдээлэл солилцоно
3.2 Шаардлагатай тохиолдолд ажлын хэсгүүд томилж, нэгдсэн удирдамж, төлөвлөгөө гаргаж ажиллана
3.3 Хамтын ажиллагааны үр дүнгийн талаарх судалгаа, мэдээллийг хагас, бүтэн жилээр гаргаж, хоёр байгууллагын удирдлагад танилцуулна
3.4 Татварын хууль тогтоомж зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагаар байгууллагууд эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан ажлын хэсэг байгуулан удирдамж, төлөвлөгөө гарган ажиллаж болно
3.5 Үндэсний татварын алба болон Цагдаагийн байгууллага нь хамтын ажиллагааны үр дүнг үндэслэн байгууллага, албан хаагчдыг урамшуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж болно
3.6 Энэ журмыг зөрчсөн албан хаагчдын талаарх мэдээллийг харилцан солилцож хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
------------оОо------------