A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ҮТЕГ –ын даргын 2001 оны 5 дугаар  сарын 15 -ны өдрийн 84 тоот тушаалын 1 дугаар хавсралт

 ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДЭГГҮЙ БОЛОН ХУУРАМЧ ТЭМДЭГ БҮХИЙ АРХИ, ТАМХИЙГ ХУРААН АВЧ, УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1.Энэ журмын зорилго нь “Онцгой албан татварын тэмдгийн тухай” Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу онцгой албан татварын тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий (цаашид “тэмдэг” гэнэ) архи, тамхийг хураан авч, улсын орлого болгохтой холбогдож үүссэн харилцааг зохицуулахад оршино. 
1.2.Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-т “Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг улсын орлого болгох орон тооны бус комисс” (цаашид “улсын орлого болгох комисс” гэнэ), “Хураагдсан архи, тамхийг устгах орон тооны бус комисс” (цаашид “устгах комисс” гэнэ) гэсэн 2 комисс ажиллана. Суманд комисс ажиллахгүй.
1.3.Улсын орлого болгох комисс дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, устгах комисс  дарга, гишүүдтэй байна.
1.4.Улсын орлого болгох комиссын дарга нь татвар хураалтын ажил хариуцсан хэлтэс (тасаг)-ийн дарга (татварын улсын ахлах байцаагч), устгах комиссын дарга нь татвар ногдуулалт, хяналт шалгалтын ажил хариуцсан хэлтэс (тасаг)-ийн дарга (татварын улсын ахлах байцаагч) байна. Улсын орлого болгох комиссын нарийн бичгийн дарга нь онцгой албан татвар хариуцсан татварын улсын байцаагч байна. Харин байхгүй үед комиссын гишүүдийн нэг нь орлоно.
1.5.Тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглосон тухай “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль”-ийн заалт зөрчсөн тохиолдолд тэмдэггүй болон хуурамч тэмдэгтэй архи, тамхины борлуулалтын орлого, тэмдэггүй болон хуурамч тэмдэгтэй архи, тамхийг хураан авч улсын орлого болгох тухай акт, тэмдэглэлийг татварын улсын байцаагч бичнэ.
1.6.Татварын алба  дээрх ажиллагааг Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-д заасны дагуу явуулна.
1.7.Энэ журмын өдөр тутмын биелэлтэнд ҮТЕГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн дарга хяналт тавьж ажиллана.
 
Хоёр. Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураах
 
2.1.Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг “Онцгой албан татварын тэмдгийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар татварын улсын байцаагч хураана.
2.2.Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авах тухай акт, тэмдэглэлийн загварыг Үндэсний татварын ерөнхий газар батлан мөрдүүлнэ.
2.3.Акт, тэмдэглэлийг тус бүр 3 хувь үйлдэх ба түүний нэг дэх хувийг татварын албанд, хоёр дахь хувийг зөрчил гаргасан этгээдэд тэр даруйд нь, гурав дахь улсын орлого болгох комисст акт, тэмдэглэл үйлдсэнээс хойш 24 цагийн дотор хураасан архи, тамхины хамт шилжүүлэн өгнө.
2.4.Тэмдэглэлд зөрчил гаргагч этгээдийн овог, нэр, албан тушаал, гэрийн хаяг, хувийн баримт бичгийн дугаар, үйлдвэр, үйлчилгээний газрын нэр, байршил, хэзээ, хаана, ямар үндэслэлээр, хэний авч явсан буюу эзэмшилд байсан архи, тамхийг хураан авсан, уг зүйлийн тоо хэмжээ, чанар, үнэ, үйлдвэрлэх, худалдаалах явцад үйлдсэн гэрээ, хэлцэл, зөвшөөрөл, шинжилгээний бичиг, орлого, зарлагын баримт болон бусад дагалдах баримтын тухай дэлгэрэнгүй тусгана. Үйлдвэрлэгчээс хураасан архи, тамхийг бөөний үнээр, үйлчилгээний (дэлгүүр, баар гэх мэт) газраас хураасан архи, тамхийг худалдан борлуулж байгаа үнээр тэмдэглэлд бичнэ.
2.5.Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураан авсан татварын улсын байцаагч болон харъяалах татварын алба нь түүнийг улсын орлого болгох комисст хүлээлгэн өгөх хүртэл бүрэн бүтэн байдлыг хариуцна.
2.6.Татварын улсын байцаагч архи, тамхи хураах  ажиллагааг хийхдээ хоёр буюу түүнээс дээш хөндлөнгийн гэрч, мөн зөрчил гаргагчийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг заавал байлцуулна. Тэмдэглэлийг зөрчил гаргагч этгээд болон түүний хууль ёсны төлөөлөгч, хөндлөнгийн гэрч нарт танилцуулан гарын үсэг зуруулна. Хэрэв зөрчил гаргагч этгээд өөрөө болон түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурахаас татгалзвал гарын үсэг зурахгүй байгаа үндэслэл, шалтгаан, тайлбарыг бичгээр авч тэмдэглэлд хавсаргана.       
2.7.Акт, тэмдэглэл бичихгүйгээр архи, тамхи хураахыг хориглоно.
           2.8.Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий ихээхэн хэмжээний архи, тамхи хураах тохиолдолд акт, тэмдэглэл үйлдэж, зориулалтын байр, агуулахад зөөх хүртэл түр хугацаанд тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний байранд хадгалуулж болно. Хадгалагдаж байгаа архи, тамхины тоо ширхэг, лац тэмдгийн бүрэн бүтэн байдлыг хураалгасан эзэн хариуцна. Хэрэв хадгалагдаж байгаа архи, тамхины тоо ширхэг дутагдсан тохиолдолд жижиглэнгийн үнээр тооцон, эзнээр нь төлүүлэхээр татварын улсын байцаагч акт тогтоож биелүүлнэ.
2.9.Хуурамч тэмдгийг архи, тамхинд нааж хэрэглээгүй ч хэрэглэхэд бэлтгэсэн, хадгалсан зэргээр завдсан тохиодолд хуурамч тэмдгийг хураан авч, зохих хариуцлага тооцно.
2.10.Тэмдэггүй архи, тамхи их хэмжээгээр бэлтгэн нийлүүлэх, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах зөрчил гаргасан этгээдийг зохих баримтыг бүрдүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлнэ.
2.11.Татварын алба, татварын улсын байцаагч хураагдсан архи, тамхийг улсын орлого болгох комиссын шийдвэргүйгээр шилжүүлэх, устгахыг хориглоно.
 
Гурав. Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг улсын орлого болгох
 
3.1.Татварын улсын байцаагчийн хураасан архи, тамхийг улсын орлого болгох, устгах комиссыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс (газар)-ийн даргын тушаалаар томилох бөгөөд 5-аас доошгүй хүний бүрэлдхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналтын алба, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг оролцуулна. Тэгэхдээ дээрхи байгууллагуудтай урьдчилан зөвшилцсөн байна.
3.2.Улсын орлого болгох комисс нь хураасан архи, тамхийг холбогдох бичиг баримтын хамт татварын алба, татварын улсын байцаагчаас хүлээн авч тусгай бэлтгэсэн байр, агуулах, саванд хадгална.
3.3.Сумын татварын улсын байцаагч хураасан архи, тамхийг холбогдох бичиг баримтын хамт аймгийн улсын орлого болгох комисст шилжүүлнэ.
3.4.Улсын орлого болгох комисс нь хураагдсан архи, тамхинд чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээ хийлгүүлэн, хүний хэрэгцээнд тэнцсэн архи, тамхийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээр үнэлэн, түүнийг борлуулах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээгээр тэнцээгүй архи, тамхийг устгах комисст шилжүүлнэ. Ингэхдээ «устгах комисст шилжүүлсэн архи, тамхины акт»-ыг 3 хувь үйлдэнэ.
3.5.Хураагдсан архи, тамхи борлуулсны орлогыг татварын алба нь банкинд тусгай данс нээж төвлөрүүлэх ба үүнээс өөр дансанд оруулахыг хориглоно. Энэ дансны орлого, зарлагын гүйлгээнд татварын хэлтэс (газар)-ийн дарга, нягтлан бодогч нар нэг, хоёрдугаар гарын үсэг зурна.
3.6.Хураагдсан архи, тамхи борлуулснаас өөр орлогыг тусгай дансанд оруулахыг хориглоно.
 

Дөрөв. Хураагдсан архи, тамхийг устгах

 
4.1.Устгах комисс нь чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээнд тэнцээгүй архи, тамхийг улсын орлого болгох комиссоос актаар хүлээн авч устгах үйл ажиллагааг явуулна.
4.2.Устгах комисс нь чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээнд тэнцээгүй хураагдсан архи, тамхийг шинжилгээний дүгнэлт гарснаас хойш 3 хоногийн дотор «архи, тамхийг устгах тухай акт» гаргана. Устгаж байгаа архи, тамхийг «архи, тамхи хураасан тухай тэмдэглэл»-д бичсэн үнээр «архи, тамхийг устгах тухай акт» болон «архи, тамхийг устгасан тухай тэмдэглэл»-д тусгана.
4.3.Хураагдсан архи, тамхийг устгах тухай акт гарснаас хойш 24 цагийн дотор устгах комисс нь хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын тамгын газраас тогтоосон цэгт болон бохир ус зайлуулах шугамд асгах, шатаах зэрэг аргаар устгаж тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлтэй комиссын гишүүд, хөндлөнгийн гэрч, зөрчил гаргагч болон түүний хууль ёсны төлөөлөгч танилцаж, гарын үсэг зурна. Устгах ажиллагаанд хэвлэл мэдээлэл болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөгчийг байлцуулж болно.
4.4.Архи, тамхийг устгасан тухай тэмдэглэлд устгах тухай комиссын шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, архи, тамхины тоо, хэмжээ, чанар, үнэ зэргийг дэлгэрэнгүй тусган, устгасан тухай тэмдэглэл хийхэд биеэр байлцсан хүн нэг бүрийн овог, нэр, албан тушаал зэргийг тодорхой бичсэн байна. Мөн хураагдсан архи, тамхийг хаана, хэзээ, яаж устгасан болох, устгах ажиллагааны явц, байдал, устгах үйл ажиллагаанд байлцсан хүмүүс хэрхэн оролцсон талаар тэмдэглэлд дэлгэрэнгүй тусгана.
4.5.Хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө учруулах буюу шаардлага хангаагүй цэг, байранд архи, тамхийг устгахыг хориглоно.
4.6.“Онцгой албан татварын тэмдгийн тухай” хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулсан тухай материалыг “Захиргааны хариуцлагын тухай” хуульд заасан хугацаанд харъяалагдах нутаг дэвсгэрийн прокурорт заавал хянуулна.
4.7.Усгах комисс архи, тамхи устгасан тухай акт, тэмдэглэлийг улсын орлого болгох комисст хүлээлгэн өгнө.
 
Тав. Улсын орлого болгох, устгах ажиллагаатай холбогдон гарах зардлыг санхүүжүүлэх
 
5.1.Тусгай дансанд төвлөрүүлсэн орлогоос хураагдсан архи, тамхийг улсын орлого болгох, устгахтай холбогдсон байр, сав, агуулахын түрээс, тээвэр, борлуулах, устгахтай холбогдож гарах зардал, маягт хэвлүүлэх, шинжилгээний хөлсний зардлыг санхүүжүүлнэ.
 
Зургаа. Хураагдсан архи, тамхийг улсын орлого болгох, устгах ажиллагааны тайлан гаргах, мэдээлэх
 
6.1.Хураасан тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхины бүртгэлийг улсын орлого болгох комиссын нарийн бичгийн дарга батлагдсан маягтаар байнга хөтөлнө.
6.2.«Архи, тамхи хураасан тухай тэмдэглэл», «хураагдсан архи, тамхи устгах тухай акт», чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээнд хүлээлгэн өгсөн баримт, татварын улсын байцаагчийн акт үйлдсэн тухай бүр хэлтэс (газар)-ийн эдийн засагчид өгч мэдээллийн сангийн бүртгэлд авахуулна.
6.3.Улсын орлого болгох комиссын нарийн бичгийн дарга хураасан тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхины бүртгэлийг үндэслэн хураасан архи, тамхины сарын тайланг дараа сарын 3-ны дотор батлагдсан маягтаар гаргаж, мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган шалгасны дараа татварын хэлтэс (газар)-ийн нягтлан бодогчид өгнө.
6.4.Тэмдэггүй болон хуурамч тэмдэг бүхий архи, тамхийг хураасан, чанар, стандарт, эрүүл ахуйн хяналтын шинжилгээ хийлгүүлсэн, худалдан борлуулсан, устгасан бүхий л баримт бичгийг улсын орлого болгох комиссын нарийн бичгийн дарга хадгалж, зохих журмын дагуу архивт шилжүүлнэ. 
6.5.Татварын хэлтэс (газар)-ийн нягтлан бодогч нь тусгай дансны хуулга, орлого, зарлагын баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, мэдээллийн сангийн бүртгэлд авахуулна.
6.6.Татварын алба нь улсын орлого болгох комиссын гаргаж ирүүлсэн хураасан архи, тамхины сарын тайлан, тусгай дансны нягтлан бодох бүртгэлийг үндэслэн «Хураасан, улсын орлого болгосон, устгасан архи, тамхины мэдээ»-г батлагдсан маягтаар гаргаж, сар бүрийн 5-ны дотор ҮТЕГ-т ирүүлнэ.
6.7.Тусгай дансанд төвлөрүүлсөн орлогоос хураагдсан архи, тамхийг улсын орлого болгох, устгахтай холбогдож гарах ажиллагааны зардлыг санхүүжүүлсний дараа үлдэх орлогыг тухайн татварын албаны хяналт шалгалтын орлогын дансанд 24 цагийн дотор шилжүүлнэ. Үүнээс өөр дансанд шилжүүлэхийг хориглоно

 Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

 
7.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.