- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Кассын машин ашиглах заавар
ҮТЕГ-ын даргын 2001 оны 147 тоот тушаалын 1-р хавсралт
Кассын машин ашиглах заавар
Татварын албанд бүртгүүлсэн кассын машин хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь «Кассын машин ашиглах тухай» Монгол улсын Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолтой нийцүүлэн гаргасан энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Бэлэн мөнгөөр бараа /бүтээгдэхүүн/ борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авагч /үйлчлүүлэгч/-тай тооцоо хийхдээ Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрсөн, стандартын шаардлагыг бүрэн хангасан кассын машин хэрэглэнэ.
1.2. Кассын машин нь тооцоолон бодох санах ой, хяналтын дэлгэц бүхий тасалбар хэвлэгч төхөөрөмж болно.
1.3. Кассын машин худалдан борлуулах, түүнд засвар үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын хамтарсан 2001 оны 103/44 тоот тушаалаар томилогдсон комиссоос олгоно.
1.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага кассын машин ашиглах зааврыг мөрдөж, бэлэн мөнгөний орлогын бүртгэлийг үнэн зөв, бүрэн хөтөлж байгаа эсэхэд Үндэсний татварын алба хяналт тавина.
1.5.Тухайн кассын машин ашиглах гарын авлагыг бүрэн судалж, энэхүү заавартай танилцсан тогтвор суурьшилтай ажиллах хүнийг /цаашид ”Мөнгө хураагч'' гэх/ кассын машин дээр ажиллахыг зөвшөөрнө. Мөнгө хураагчтай тухайн байгууллагын ажил олгогч нь эд хариуцагчийн хариуцлагын тухай гэрээ байгуулна. Мөнгө хураагчид хяналт тавьж ажиллах тухайн байгууллагын ажилтныг ”хариуцлагатай ажилтан'' гэнэ.
Хоёр. Кассын машиныг ашиглалтанд бэлтгэх
2.1. Кассын машиныг шинээр ашиглалтад оруулах тохируулга, үйлчилгээний ажлыг кассын машин борлуулагч байгууллага хариуцна.
2.2. Кассын машин шинээр ашиглалтанд оруулах буюу мөнгөний тоолуурыг засварлах зорилгоор кассын машины мөнгөний тоолуурыг тэглэх буюу шилжүүлэх, солих үед мөнгө хураагч, татварын албаны байцаагчийг заавал байлцуулна.
2.3. Кассын машины тасалбар дээр бичигдэх иргэн аж ахуйн нэгж, байгууллагын байгууллагын нэр болон бусад мэдээллийг программчилсан байна. Кассын машины программист, мэргэжилтэн кассын машины ажиллагааг шалгаж, ажиллуулж үзсэний дараа бүх үзүүлэлтүүдийг үйлдвэрийн паспортод тусган ашиглалтанд оруулсныг бүртгэж өөрийн лацаа тавих бөгөөд татварын албатай зөвшилцсөн нууц пароль оруулж болно.
2.4. Кассын машиныг ажиллуулахаас өмнө цоожилсон байдалд байлгах бөгөөд түлхүүр нь тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтанд хадгалагдана.
2.5. Бүртгүүлсэн кассын машин бүрд татварын албанаас үдэж дугаарласан «Мөнгө хураагчийн дэвтэр»-ийг олгоно.
2.6. «Мөнгө хураагчийн дэвтэр»-ийн бүх бичилтүүдийг цаг үеийн дэс дараалалтай засваргүйгээр бичнэ. Дэвтэрт засвар оруулах тохиолдолд мөнгө хураагч, хариуцлагатай ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулна.
2.7. Кассын машин хэрэглэгч кассын машиныг ашиглалтанд оруулсан, урсгал ба их засвар хийсэн тухай тэмдэглэлийг «Засвар үйлчилгээний дэвтэр»-т хөтөлнө. Энэхүү дэвтрийн загварыг Үндэсний татварын ерөнхий газраас батлан гаргана.
2.8. Кассын машины паспорт, «Мөнгө хураагчийн дэвтэр», «Засвар үйлчилгээний дэвтэр», акт болон бусад бичиг баримтыг тухайн байгууллагын хариуцлагатай ажилтан хадгална.
2.9. Кассын машин дээр ажиллахын өмнө мөнгө хураагч ажилд шаардагдах /кассын машины болон мөнгөний хайрцагийн түлхүүр, задгай зоосон мөнгө болон худалдан авагчтай тооцоо хийхэд хариулт өгөхөд хүрэлцээтэй мөнгөн дэвсгэртүүд, кассын машин дээр ажиллах болон түүнд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэрэгсэл г.м/ бүх зүйлийг хариуцлагатай ажилтнаас хүлээн авна.
2.10. Хариуцлагатай ажилтан дараахь үүргийг хүлээнэ:
2.10.1/ кассын машины мөнгөний хайрцаг болон тоолуурын цоожийг нээж, мөнгөний тоолуурын үзүүлэлтүүдийг авч өмнөх өдрийн «Мөнгө хураагчийн дэвтэр»-т бичигдсэн үзүүлэлтүүдтэй тулгаж үзэх;
2.10.2/ үзүүлэлтүүд тохирч байгааг хянаж, дэвтэрт тухайн ажлын өдрийн эхний бичилтийг хийж гарын үсэг зурж баталгаажуулах;
2.10.3/ хяналтын туузан дээр кассын машины үйлдвэрийн дугаар, ажил эхэлсэн цаг, өдөр, мөнгөний тоолуурын үзүүлэлтүүдийг /регистр/ тусган туузны эхлэлийг бүртгэж, гарын үсэг зурж баталгаажуулах;
2.10.4/ кассын машины мөнгөний хайрцгийн түлхүүрийг мөнгө хураагчид олгох;
2.10.5/ хуурамч тасалбараас сэргийлэх талаар мөнгө хураагчид зөвлөгөө өгөх;
2.10.6/ мөнгө хураагчийг кассын үлдэгдлийн хэмжээнд багтаан задгай зоосон мөнгө, худалдан авагчтай тооцоо хийхэд хүрэлцээтэй мөнгөн дэвсгэртүүд, тасалбарын цаас болон шаардагдах материалаар хангах;
2.11. Кассын машиныг ашиглалтад оруулах үүднээс мөнгө хураагч дараахь үүрэг хүлээнэ:
2.11.1/ цоожлох төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгаж, тасалбарыг цэнэглэж, он, сар, өдрийн тоолуурыг тухайн өдрөөр тохируулах;
2.11.2/ кассын машиныг цахилгаанд залгаж, анхны тэгэлсэн тасалбар гарган авч машины цахилгаан хөдөлгүүрийн ажиллагааг шалгана;
2.11.3/ тасалбар дээр мэдээлэл тод хэвлэгдэж байгаа эсэх, он, сар, өдөр болон дугаарлагчийг зөв тохируулсан эсэхийг шалгах зорилгоор мөнгөн дүн тавилгүйгээр 1-2 тасалбар /«нолийн» тасалбар/ хэвлэх;
2.11.4/ «нолийн» тасалбарыг ажил дууссаны дараа кассын тайланд хавсаргах;
2.11.5/ кассын машины бүрхүүлийг хуурай алчуураар арчиж түүн дээр худалдан авагчийн талаас мөнгө хураагчийн овог, нэрийг бичсэн байх;
2.11.6/ ажилд шаардагдах багаж хэрэгслийг байрлуулах /тооны машин г.м./.
2.12. Кассын машиныг бусдад шилжүүлэх, засварт өгөх болон буцаан авах үед энэ зааврын 2 дугаар хавсралтын дагуу акт үйлдэнэ. Актыг ажлын нэг хоногт багтаан байгууллагын санхүүд шилжүүлнэ. «Мөнгө хураагчийн дэвтэр»-т холбогдох тэмдэглэлийг хийнэ. Кассын машины хамт холбогдох бичилт, тэмдэглэл хийгдсэн түүний паспортыг шилжүүлнэ.
2.13.Мөнгөний тоолуурын засварыг хэрэглэгч байгууллага дээр гүйцэтгэх тохиолдолд мөн 2 дугаар хавсралтын дагуу акт хөтөлж, түүнд мөнгөний дүнгийн тоолуурын засварын өмнөх ба дараахь үзүүлэлтүүдийг тусгана.
Гурав. Мөнгө хураагчийн үйл ажиллагаа, эрх, үүрэг
3.1. Мөнгө хураагч дараахь үүрэгтэй байна:
3.1.1/ кассын машинд гамтай хандаж, цэвэр, эмх цэгцтэй хадгалах;
3.1.2/ тухайн төрлийн кассын машинд зориулсан машин ашиглах гарын авлагад заасны дагуу мөнгөний дүнг кассын машинд оруулах үйлдэл гүйцэтгэх;
3.1.3/ үйлчлүүлэгчдэд худалдан авсан барааных нь буюу үзүүлсэн үйлчилгээний нийт дүнг кассын машины дэлгэцийн үзүүлэлтээр мэдэгдэх;
3.1.4/ үйлчлүүлэгчээс худалдан авсан барааных нь буюу үзүүлсэн үйлчилгээний нийт төлбөрийг бэлэн мөнгөөр /үйлчилгээний үнийн жагсаалт, худалдаж буй барааны үнийн шошго, нийтийн хоолны газар - хоолны цэсийн дагуу/ дараахь журмаар хүлээн авна:
а) хүлээн авсан мөнгөний дүнг тод хэлж мөнгийг тусад нь худалдан авагч буюу үйлчлүүлэгчид харагдахаар байрлуулна;
б) кассын машин хэрэглэн тооцоо хийж байгаа үед тасалбарыг хэвлэн гаргах;
в) хариулт мөнгөний дүнг тод хэлж түүнийг тасалбарын хамт үйлчлүүлэгчид олгох. Ингэхдээ цаасан дэвсгэрт болон зоосон мөнгийг нэгэн дор олгоно.
3.2. Үйлчлүүлэгчийн буцаасан тасалбар дээр хариуцлагатай ажилтан гарын үсэг зурсан байх бөгөөд тасалбар нь зөвхөн тухайн кассын машинд бичүүлсэн тохиолдолд мөнгө хураагч мөнгө буцаан олгоно.
3.3.Мөнгө хураагч дараахь алдааг хийсэн тохиолдолд:
3.3.1/ мөнгөний дүнг буруу оруулж түүнийг ээлжийн туршид ашиглах боломжгүй бол ашиглаагүй тасалбарыг ээлж дууссаны дараа актлах;
3.3.2/ үйлчлүүлэгчид хариулт буруу өгч маргаан гарсан бол хариуцлагатай ажилтанд мэдэгдэх;
3.3.3/ ашиглагдаагүй кассын тасалбаруудаар үйлчлүүлэгчдэд мөнгө буцаан олгосон тохиолдолд тасалбарыг цэвэр цаасан дээр наагаад хүчингүй болгосон тайлбарыг бичиж мөнгө хураагч болон хариуцлагатай ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан байгууллагын санхүүд өгнө.
3.3.4/ үйлчлүүлэгчдийн буцаасан тасалбаруудаар олгосон мөнгөний дүн болон өдрийн туршид хэвлэгдсэн нолийн тасалбаруудын тоог «Мөнгө хураагчийн дэвтэр»-т бичнэ,
3.4. Худалдагч буюу захиалга хүлээн авагчийн ажлын байранд кассын машиныг байрлуулсан тохиолдолд мөнгө хураагчийн үүргийг давхар хүлээнэ.
3.5. Мөнгө хураагч ээлжийн туршид хариуцлагатай ажилтны заавраар тамга болон дардас г.м. хэрэглэх,
3.6. Эвдрэл гарсан тохиолдолд мөнгө хураагч дараахь үүргийг хүлээнэ,
3.6.1/ кассын машиныг унтраах,
3.6.2/ шаардлагатай үед кабинд суурилуулсан дохиогоор хариуцлагатай ажилтныг дуудах,
3.6.3/ хариуцлагатай ажилтантай хамтран эвдрэлийн шинж чанарыг тогтоох,
3.6.4/ тасалбар гарч ирэхгүй, тасалбар дээр мэдээлэл тод хэвлэгдэхгүй буюу тасалбарын цаас тасарсан тохиолдолд хариуцлагатай ажилтантай хамтран тасалбарыг шалгаж, гарын үсгээ зурж (тасалбар гараагүй бол түүний оронд нолийн тасалбар гарган авч) түүний ар тал дээр мөнгөний дүнг (төгрөгийг бичгээр мөнгийг тоогоор) бичих бөгөөд дэс дараалал алдагдаагүйг шалгаад тасалбарын цаасны тасарсан хэсгүүд дээр гарын үсэг зурна,
3.6.5/ гарсан эвдрэлээс шалтгаалан тухайн машин дээр ажиллах боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай ажилтантай хамтран уг машин дээр ажиллаж дууссан, ээлж дууссаныг «Мөнгө хураагчийн дэвтэр»-т ажил дууссан цаг, шалтгааныг тусган бүртгэнэ.
3.7. Мөнгө хураагч эвдрэлийг арилгах боломжгүй болсон тохиолдолд кассын машин худалдаж авсан байгууллагад техникийн дуудлага өгнө. Мөнгө хураагч дараахь зүйлийг хориглоно:
3.7.1/ тасалбаргүй ажиллах буюу тасарсан тасалбарыг наах;
3.7.2/ хариуцлагатай ажилтнаас зөвшөөрөл авсан техникийн мэргэжилтэн буюу касс шалгах эрх бүхий этгээдээс бусад гадны хүмүүсийг кассын машины байранд оруулах, кассын машиныг оролдох,
3.7.3/ кассын машиныг асаалттай, түлхүүрээр түгжилгүйгээр кассын машины кабиныг орхин явах.
3.7.4/ дур мэдэн кассын машины ажлын программд өөрчлөлт оруулах (сэргийлэхийн тулд зөвшөөрөлгүй нэвтрэлтийн эсрэг хамгаалалттай байх шаардлагатай),
3.7.5/ кассандаа хувийн болон кассын машинаар бүртгэгдээгүй (ажил эхлэхийн өмнө өгсөн мөнгөнөөс бусад) мөнгөтэй байх.
Дөрөв. Кассын машин дээр ажиллаж дуусах
4.1. Мөнгө хураагч ажиллаж дуусах үед:
4.1.1/ мөнгөний орлого болон бусад төлбөрийн баримтуудыг бэлтгэх
4.1.2/ кассын тайлан гаргаж орлогыг хариуцлагатай ажилтанд хүлээлгэж өгөх,
4.1.3/ хариуцлагатай ажилтан мөнгө хураагчийн хажууд мөнгөний тоолуурын үзүүлэлтийг хэвлэн авч эсвэл кассын машинаас өдрийн туршид ашигласан хураангуй тасалбарыг гаргаж авна.
4.1.4/ хариуцлагатай ажилтан хураангуй тасалбарын /хэвлэмэл/ төгсгөл дээр кассын машины төрөл, дугаар, тоолуурын үзүүлэлтүүд, өдрийн орлого, ажил дууссан он, сар, өдөр, цагийг тусгаж гарын үсэг зурна.
4.1.5/ ажлын төгсгөлийн тайлангийн үзүүлэлтүүдийг «Мөнгө хураагчийн дэвтэр»-т тусгана.
4.1.6/ орлогын дүнг тоолуурын эхний ба сүүлийн үзүүлэлтийн зөрүүгээр тодорхойлно. Орлогын дүн нь мөнгөний тоолуурын болон тасалбарын дүнтэй тохирч байх ёстой. Мөн уг дүн нь Мөнгө хураагч байгууллагын хариуцлагатай ажилтанд тушаасан мөнгөтэй адил байна. Тоолуурын үзүүлэлтийг «Мөнгө хураагчийн дэвтэр»-т бичилт хийж мөнгө хураагч болон хариуцлагатай ажилтан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
4.2. Дүнгийн зөрүү гарсан тохиолдолд орлогын бодит дүнг тасалбар дээр хэвлэгдсэн дүнгийн нийлбэрээр тодорхойлно. Тасалбар дээр хэвлэгдсэн дүнгийн нийлбэр нь тоолуурын үзүүлэлтээр тодорхойлсон орлогын дүнтэй зөрсөн тохиолдолд хариуцлагатай ажилтан мөнгө хураагчтай хамтран зөрүүгийн шалтгааныг олох үүрэгтэй.
Илүү болон дутуу гарсан дүнг «Мөнгө хураагчийн дэвтэр»-т бичнэ.
Шалгалтын дүнгээр мөнгө дутсан тохиолдолд байгууллагын удирдлага буруутай хүмүүсээс тогтсон журмын дагуу дутсан мөнгийг гаргуулах, илүү гарсан тохиолдолд үйл ажиллагааны орлогын дансанд бүртгэж орлогод авна.
4.3. Кассын баримтуудыг бүрдүүлсний дараа мөнгө хураагч дараахь үйлдлүүдийг хийнэ:
4.3.1/ кассын машины засвар үйлчилгээг хийж, кассын машин ашиглах удирдамжинд тусгагдсан шаардлагын дагуу түүнийг дараа өдрийн ажилд бэлтгэнэ,
4.3.2/ кассын машин дээр ажиллаж буй мөнгө хураагч машиныг арчлах зорилгоор дараахь зүйлүүдээр хангагдсан байна. Үүнд:
-тасалбар хэвлэгч төхөөрөмжийг цэвэрлэх сойз,
-тасалбар хэвлэгч төхөөрөмжийн бул болон зөөлөвчийг будах зориулалттай бийр,
-гацсан тасалбарыг гаргаж авах зориулалттай чимхүүр,
-кассын машины мөнгөний хайрцгийг үе үе ариутгаж байх зориулалттай формалин болон бусад ариутгагч,
4.4. Техникийн үйлчилгээ хийсний дараа мөнгө хураагч дараахь ажлыг
гүйцэтгэнэ:
4.4.1/ кассын машиныг цахилгаанаас салгаж бүрхүүлээр бүтээнэ,
4.4.2/ кассын машины болон кассын кабины түлхүүрийг байгууллагын
хариуцлагатай ажилтанд баримт үйлдэж хадгалуулна.
Хариуцлагатай ажилтан шаардлагатай бүх баримтыг хүлээн авсны дараа «Мөнгө хураагчийн дэвтрийн бичилтийг шалган гарын үсэг зурж баталгаажуулна.
4.5. Кассын тасалбар болон машины санах ойд байгаа мэдээллийг заасан хугацааны туршид хадгалах хариуцлагыг байгууллагын хариуцлагатай ажилтан хүлээнэ.
Тав. Кассын машин худалдах, түүнд засвар үйлчилгээ хийх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны үүрэг
5.1. .Кассын машин худалдах, түүнд засвар үйлчилгээ хийх аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ:
5.1.1/ үйлдвэрээс ирж буй шинэ кассын машинуудад хяналт тавьж, эдгээрийг задлах, тохируулах болон техникийн оношлогоо, баталгаа гаргаж өгөх ажлыг гүйцэтгэх,
5.1.2/ кассын машиныг худалдан борлуулах талаар нийтэд сурталчлах,
5.1.3/ кассын машиныг лацдах,
5.1.4/ кассын машиныг ашиглалтанд оруулж, түүнийг техникийн үйлчилгээний бүртгэлд авах,
5.1.5/ жил бүрийн техникийн үйлчилгээ, техникийн оношлогоо болон бүх төрлийн засварын ажлыг гүйцэтгэх,
5.1.6/ хуучирсан болон элэгдэлд орсон кассын машиныг актлах дүгнэлт гаргах, устгах,
5.1.7/ кассын машиныг хэвийн ажиллуулах, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, ашиглах хугацааг сунгах зорилгоор хийх, техникийн үйлчилгээг тогтоосон хугацаанд стандартын дагуу чанартай гүйцэтгэх,
5.1.8/ засвар хоорондын үйлчилгээг мөнгө хураагч өдөр тутам хийнэ.
5.1.9/ нөөц машиныг хадгалахдаа тэдгээрийг зэврэлтээс хамгаалах зорилгоор сайн тослон бүрээсээр бүтээж тавиур дээр хадгална. Хадгалж буй тасалгааны агаарын үзүүлэлтүүд машины ашиглалтын гарын авлагад тусгагдсан үзүүлэлтүүдтэй тохирч байх шаардлагатай.
5.2. Засварчин дараахь үүрэг хүлээнэ:
5.2.1/ хариуцлагатай ажилтан болон мөнгө хураагчид өөрийн зурагтай бичиг баримтаа үзүүлж, хариуцлагатай ажилтнаас зөвшөөрөл аваад мөнгө хураагчийг байлцуулан кассын машинд үзлэг хийж түүнийг засварлах,
5.2.2/ тухайн загварын машинд зориулсан стандартын дагуу кассын машинд үзлэг хийж урьдчилан сэргийлэн засварлах, элэгддэг хэсгүүдийг тослох болон тасалбар хэвлэгч төхөөрөмж (тасалбарын ба хяналтын туузын гаралт), дугаарлагч, будагч хэрэгсэл, цоож болон кассын машины бусад механизмуудын ажиллагааг шалгах ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэх,
5.2.3/ кассын машины лац, хамгаалалтын тэмдгүүдийг шалгах,
5.2.4/ кассын машины журнал болон паспортод гүйцэтгэсэн ажлын тухай тэмдэглэл үйлдэж техникийн мэргэжилтнүүдийн дуудлага болон гүйцэтгэсэн ажлын журналыг бөглөх,
5.2.5/ засварын ажил дуусмагц (лацыг авсан тохиолдолд) кассын машиныг өөрийн лацаар лацдан тухайн машиныг дахин лацдах шаардлагатай байгааг татварын албанд мэдэгдэнэ.
5.2.6/ нөөц кассын машиныг суурилуулж, шаардлагатай бол залгаж өгөх,
5.2.7/ мөнгөний тоолуурыг засварлах шаардлагатай тохиолдолд уг машиныг засварын төв рүү явуулж засах шаардлагатай байгааг байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.
5.2.8/ техникийн үйлчилгээ болон засварын ажлыг хэрэглэгчтэй
тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэнэ. Кассын машины баталгаат
засварыг гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар гүйцэтгэнэ.
5.3. Хувь хүмүүс болон гэрээт бус этгээдээр засвар болон техникийн үйлчилгээ хийлгэхийг хориглоно.
5.4. Кассын машины засварыг мөнгөний тоолуурын үзүүлэлтийг тэмдэглэж авсны дараа лацыг авч гүйцэтгэнэ.
5.5. Мөнгөний тоолуурын үзүүлэлтийг засварын ажил дууссаны дараа дахин шалгаж, кассын машиныг лацадна. Машиныг шалгаж лацадсаны дараа хавсралт 1-ийн дагуу актыг үйлдэнэ.
Зургаа. Аюулгүй техникийн дүрэм
6.1. Кассын машин дээр ажиллах буюу түүнд үйлчилгээ үзүүлэх үед мөнгө хураагч болон техникийн ажилтнууд тухайн төрлийн кассын машин ашиглах зааварт тусгагдсан аюулгүйн техникийн шаардлагыг биелүүлж байх шаардлагатайгаас гадна:
6.1.1/ мөнгө хураагчийн ажлын байрыг цахилгаан, дулаан, агааржуулалтын системээс зайдуу газарт суурилуулж тоноглосон байх шаардлагатай;
6.1.2/ тухайн кассын машины техникийн үзүүлэлтүүдээр тодорхойлогдсон цахилгааны гүйдэлд таарахгүй гал хамгаалагч хэрэглэх болон машиныг гал хамгаалагчгүй асаах буюу гар хийцийн гал хамгаалагч хэрэглэхийг хориглоно,
6.1.3/ кассын машиныг цахилгаанд залгахын өмнө залгуур, утас, залгуурын суурийг шалгаж эвдрэл, гэмтэлгүй байгааг нотолно. (тасралт, шалбаралт байгаа эсэх г.м.);
6.1.4/ элдэв гадны нөлөөгүйгээр машины жигд ажиллагаа алдагдсан болон гэнэт гацсан (ажлын мөчлөг дуусаагүй байхад зогсох) тохиолдолд түүнийг цахилгаанаас салгах хэрэгтэй.
6.1.5/ цахилгаан тэжээлд залгагдсан кассын машинд техникийн үйлчилгээ хийхийг хориглоно;
6.1.6/ ажиллах журам болон аюулгүйн техникийн дүрэмтэй танилцаагүй хүмүүсийг кассын машин дээр ажиллуулахыг хориглоно.
6.2. Мөнгө хураагчийн ажлын аюулгүй байдлыг хангах зорилгоор түүний ажлын байр нь хамгаалалтын болон хариуцлагатай ажилтныг дуудах төхөөрөмжтэй байх.
Текст томруулах
A
A
A