- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЛБАНЫ ДҮРЭМ
ҮТЕГ-ын даргын 2003 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 182 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЛБАНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл, бүтэц, зохион байгуулалт
1.1. Улсын бүртгэлийн алба (цаашид алба гэх) нь Үндэсний татварын ерөнхий газрын харьяа зохион байгуулалтын үндсэн нэгж бөгөөд үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль, Үндэсний татварын албаны дүрэм болон энэ дүрмийн дагуу явуулна.
1.2. Албаны үндсэн зорилт нь улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад оруулах, хуулийн этгээдийг байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг татварын албаны хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангах, хуулийн этгээдийг нийслэлийн хэмжээнд шийдвэр гаргаж бүртгэх, улсын хэмжээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан бүрдүүлэх болон улсын бүртгэл, мэдээллийн сүлжээ ажиллуулах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон аливаа асуудлыг хүлээн авч хянан үзэж шийдвэрлэхэд оршино.
1.3. Албыг Үндэсний татварын ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон дарга удирдаж, «Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба» гэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдэг зэргийг хэрэглэнэ.
1.4. Албанд албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч, архивын ажилтан ажиллана. Албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч нь дугаар бүхий тэмдэг, шийтгэвэр, торгуулийн хуудас, акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.5. Албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч албан томилолтоор ажиллах, сургалтад удаан хугацаагаар хамрагдах, амралттай, өвчтэй, чөлөөтэй байхаас бусад тохиолдолд ажлыг нь орлон гүйцэтгэх асуудлыг төрийн албаны нийтлэг журмын дагуу зохицуулна.
1.6. Албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч нь ажлын байрны тодорхойлолт, архивын ажилтан нь хөдөлмөрийн гэрээ, албаны үйл ажиллагааны төлөвлөгөөг ханган биелүүлэхэд чиглэсэн үр дүнгийн гэрээтэй ажиллана.
1.6.1. Ажлын байрны тодорхойлолтыг албаны дарга ҮТЕГ-ын даргаар, татварын улсын (ахлах) байцаагч албаны даргаар батлуулж мөрдөнө.
1.6.2. Үр дүнгийн гэрээг албаны дарга ҮТЕГ-ын даргатай, татварын улсын (ахлах) байцаагч нь албаны даргатай байгуулна.
1.7. Алба нь дотоод үйл ажиллагаандаа Үндэсний татварын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллана.
1.8. Албаны татварын улсын (ахлах) байцаагч нь дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч, хуульч мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй, гадаад хэлний зохих мэдлэгтэй, татварын ажлын дадлага туршлагатай байна. Архивын ажилтан нь дээд боловсролтой, архивч мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй байна.
1.9. Алба нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар хуульд заасан хугацаанд бичгээр шийдвэр гаргана. Шийдвэр нь албаны даргын тушаал байна.
Хоёр. Албаны үүрэг
2.1. Алба нь дараах үүргийг хүлээнэ.
2.1.1. Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хуулийн этгээдийг байгуулсан, өөрчлөн байгуулсныг хуульд заасан хугацаанд багтаан бүртгэх шийдвэр гаргах, тэдгээрийг болон татан буулгасан, үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;
2.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх, цахим санд оруулах;
2.1.3. Хуулийн этгээд тус бүрт холбогдох баримт бичиг (хувийн хэрэг)-ийг дугаарлаж хавтаслан, засвар оруулах боломжгүй байдлаар лацдах, түүнийг гал, усны болон бусад аюул ослоос бүрэн хамгаалсан өрөө, шүүгээнд хадгалах, «нууц» материалын зэрэглэлд хамруулах;
2.1.4. Улсын хэмжээнд хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг шалган баталгаажуулах, баримт гаргаж өгөх, нэрийн цахим сан хөтлөх;
2.1.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх, Засгийн газраас тогтоосон үйлчилгээний хураамж авах;
2.1.6. Улсын хэмжээнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн санг бүрдүүлэх болон улсын бүртгэл, мэдээллийн сүлжээ ажиллуулах, бусад бүртгэх байгууллагатай хамтран ажиллах;
2.1.7. Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах, өөрийн хөрөнгийн бүрдүүлэлт, өөрчлөлтөд хяналт тавих, гишүүд, хувь нийлүүлэгчдийн оролцоо, хаяг, байршлыг шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
2.1.8. Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Дээд шүүхийн тайлбар гаргуулах талаар санал боловсруулах;
2.1.9. Орон нутгийн татварын албадаас улсын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа үйл ажиллагааг нэгтгэн нэгдсэн арга зүй, удирдлагаар хангаж, тэдний ажлыг дүгнэж, ололт, дэвшилттэй арга хэлбэрийг судалж, дэлгэрүүлэх, сурталчлах, зөрчил дутагдлыг цаг тухайд нь илрүүлж арилгах;
2.1.10. Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэст хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
2.1.11. Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар сурталчилгаанд зориулан зөвлөгөө, санамж, тайлбар, аргачлал гэх мэт гарын авлага материал бэлтгэх, судалгаа, тооцоо, мэдээний маягт, үзүүлэлт боловсруулан гаргах ажлыг зохион байгуулах;
2.1.12. Албаны хэмжээнд бүх төрлийн мэдээ, судалгаа, тайланг тогтоосон хугацаанд гаргах;
2.1.13. Хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчид баримт бичиг хүлээн авсан тасалбар хүргүүлэх;
2.1.14. Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад оруулах;
Гурав.Албаны эрх
3.1.Алба дараах эрх эдэлнэ.
3.1.1. .Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон шинээр гарсан хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудыг хэрэгжүүлэх аргачлал, журам, заавар боловсруулах;
3.1.2. Албаны чиг үүрэгт туссан асуудлууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон судалгаа хийх болон мөрдөж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангуулахад шаардагдах судалгаа, санал, тоо мэдээг Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсүүд болон орон нутаг дахь хэлтэс, газруудаас гаргуулан авах;
3.1.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон шинээр гарах хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудын төсөлд санал өгөх, судалгаа хийхэд мэргэжлийн туслалцааг холбогдох татварын хэлтэс, албадаас авах;
3.1.4. Үйл ажиллагаагаа тогтмол явуулахад шаардагдах техник хэрэгсэл, материалын хангамж авах;
3.1.5. Алба нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах;
3.1.6. Албаны ажилтнуудад татварын улсын байцаагчийн мэргэшлийн ур чадварын нэмэгдэл, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж, хоол, унааны зардлын хөнгөлөлт, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн бусад нэмэгдэл, хөнгөлөлтүүдийг хууль тогтоомжийн дагуу эдлүүлэх;
3.1.7. Алба нь ажилтнуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, ажлын үр дүнгээр шагнал олгох хувь, хэмжээг тогтоох;
3.1.8. Улсын бүртгэлийн дэвтэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээг батлагдсан загварын дагуу нэгдсэн журмаар хэвлүүлж, бүртгэх байгууллагуудад хүргүүлж, хяналт тавих;
3.1.9. Иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон аливаа асуудлыг хүлээн авч хянан үзэж шийдвэрлэх;
3.1.10. Орон нутгийн татварын албадын улсын бүртгэлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.11. Үйлчилгээний хураамжийн орлогыг журамд заасны дагуу захиран зарцуулах, тайлагнах;
3.1.12. Хуулийн этгээдийг хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг өргөдөл гаргагчид хүргүүлэх;
3.1.13. «Тэмдэгтийн хураамжийн тухай» хуулийн 13 дугаар зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамжийг харилцагч татварын албаны татварын орлогын дансанд хуулийн этгээдээр төлүүлэх;
Дөрөв.Албаны даргын үүрэг, эрх
1.1 Албаны дарга нь дараах үүрэг хүлээж эрх эдэлнэ.
4.1.1. Албаны өмнө тавигдаж буй зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
4.1.2. Албаны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах;
4.1.3. Албаны өдөр тутмын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар ханган хяналт тавих;
4.1.4. Албаны татварын улсын (ахлах) байцаагч, архивын ажилтанд заавар, зөвлөмж өгөх;
4.1.5. Татварын улсын (ахлах) байцаагчийн ажил үүргийг тэнцүүлэн хуваарилж, гүйцэтгэлийг зохион байгуулах, дүгнэх, хяналт тавих, ажлын үр дүнгийн шагнал олгох хувь, хэмжээг тогтоох, шагнал, урамшуулалд тодорхойлох, хариуцлага тооцох арга хэмжээ авахуулахаар санал тавих, албаны ажлын төлөвлөх, түүний биелэлтийг хангах;
4.1.6. Үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлэх;
4.1.7. Албанд мэргэжлийн ажилтныг судалж сонгон авах санал өгөх;
4.1.8. Албаны зөвлөлгөөнийг удирдаж явуулах;
4.1.9. Бусад байгууллага, албан тушаалтантай эрхэлсэн ажлын хүрээнд хамтран ажиллах;
4.1.10. Албаны ажилтнуудын нийгмийн болон ажиллах нөхцөл боломжийг хангах талаар асуудал дэвшүүлж удирдлагаар шийдвэрлүүлэх;
4.1.11. Албаны ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг, дээшлүүлэх шаардлагыг харгалзан тэднийг дотоод, гадаад сургалтад хамруулах саналыг дэмжин зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
4.1.12. Албаны ажилтнуудаас гаргасан хүсэлтийг шаардлагатай бол удирдлагад танилцуулан шийдвэрлүүлэх;
4.1.13. Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулж хийсэн шалгалтын дүн, зөрчил дутагдлын акт, материалтай танилцаж түүнийг батлах, хүчингүй болгох, шалгалтын мөрөөр ажил сайжруулах үүрэг, даалгаврыг өгч холбогдох арга хэмжээ авах;
4.1.14. Алба болон ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага, татвар төлөгч иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, санал, шүүмжлэл, лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
4.1.15. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх тушаал гаргах;
4.1.16. Харилцах данс, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ зэрэг баримтад гарын үсгийн нэгдүгээрийг зурах;
4.1.17. Албаны хэмжээнд бүх төрлийн мэдээ, судалгаа, тайланг тогтоосон хугацаанд гаргах ажлыг зохион байгуулах;
4.1.18. Орон нутгийн татварын албадын улсын бүртгэлийн үйл ажиллагааг шалган зааварчлах, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
Тав.Татварын улсын (ахлах) байцаагчийн үүрэг
5.1. Татварын улсын (ахлах) байцаагч нь дараах үүрэг хүлээнэ.
5.1.1. Албаны даргаар ажлын байрны тодорхойлолтоо батлуулах, үр дүнгийн гэрээ байгуулах;
5.1.2. Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, үндсэн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцах;
5.1.4. ҮТЕГ-ын хөдөлмөрийн дотоод журмыг чандлан мөрдөж ажиллах;
5.1.5. Өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж ажиллах;
5.1.6. Хамтран ажиллагчийнхаа гүйцэтгэж буй ажилд нь арга зүйн туслалцаа үзүүлэн шаардагдах мэдээллээр хангах, туслах;
5.1.7. Эрхэлсэн ажлын чиглэлээр улс төр, эдийн засаг, хууль зүй, гадаад хэлний мэдлэг, мэргэшлээ байнга дээшлүүлэх;
5.1.8. Үр дүнгийн гэрээнд тусгагдсан болон нэмэлт үүргээр өгөгдсөн ажлуудын гүйцэтгэлийг гаргаж тайлагнах, дүгнүүлэх;
5.1.9. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэр, жагсаалт хөтлөх, цахим санд оруулах;
5.1.10.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтаас хүсэлт гаргагчид лавлагаа өгөх, үйлчилгээний хураамж хураах;
5.1.11.Албаны даргын түр эзгүй үед түүнийг татварын улсын ахлах байцаагч орлон ажиллах;
5.1.12.Хуулийн этгээдэд татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх;
5.1.13.Хуулийн этгээд тус бүрт холбогдох баримт бичгийг дугаарлаж хавтаслан, засвар оруулах боломжгүй байдлаар лацдах, түүнийг гал, усны болон бусад аюул ослоос бүрэн хамгаалсан өрөө, шүүгээнд хадгалах, архивт шилжүүлэн өгөх, «нууц» материалын зэрэглэлд хамруулах;
5.1.14.Улсын хэмжээнд хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг шалган баталгаажуулах, баримт гаргаж өгөх, нэрийн цахим сан хөтлөх;
5.1.15.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн санг бүрдүүлэх, бусад бүртгэх байгууллагатай хамтран ажиллах;
5.1.16.Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянах, өөрийн хөрөнгийн бүрдүүлэлт, өөрчлөлтөд хяналт тавих, гишүүд, хувь нийлүүлэгчдийн оролцоо, хаяг, байршлыг шалгах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
5.1.17.Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэст хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг шуурхай хүргэж,хяналт тавих;
5.1.18.Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх, тэдгээрийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;
5.1.19.Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар сурталчилгаанд зориулан зөвлөгөө, санамж, тайлбар, аргачлал гэх мэт гарын авлага материал бэлтгэх, судалгаа, тооцоо, мэдээний маягт, үзүүлэлт боловсруулах;
5.1.20.Хариуцсан бүх төрлийн мэдээ, судалгаа, тайланг тогтоосон хугацаанд гаргах;
5.1.21.Хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчид баримт бичиг хүлээн авсан тасалбар хүргүүлэх;
5.1.22.Бусад байгууллага, албан тушаалтантай эрхэлсэн ажлын хүрээнд хамтран ажиллах;
5.1.23.Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэст хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг шуурхай хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
Зургаа.Татварын улсын (ахлах) байцаагчийн эрх
6.1. Татварын улсын (ахлах) байцаагч нь дараах эрх эдэлнэ.
6.1.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон шинээр гарсан хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудыг хэрэгжүүлэх аргачлал, журам, заавар боловсруулж албаны даргад танилцуулан шийдвэрлүүлэх;
6.1.2. Татварын улсын (ахлах) байцаагчийн дугаар бүхий тэмдэг, шийтгэвэр, торгуулийн хуудас, акт, дүгнэлтийн хэвлэмэл хуудас хэрэглэх;
6.1.3. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт дарах баталгааны тэмдэг хэрэглэх;
6.1.4. Үйл ажиллагаагаа тогтмол явуулахад шаардагдах техник хэрэгсэл, материалын хангамж авах;
6.1.5. Хуулийн этгээдийг хуульд заасан үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг өргөдөл гаргагчид хүргүүлэх;
6.1.6. «Тэмдэгтийн хураамжийн тухай» хуулийн 13 дугаар зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамжийг харилцагч татварын албаны татварын орлогын дансанд хуулийн этгээдээр төлүүлэх;
6.1.7. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох, өөрчлөлтийг бүртгэх ажлыг зохион байгуулах;
6.1.8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар батлагдсан хуваарийн дагуу хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцох;
6.1.9. Орон нутгийн татварын албадын улсын бүртгэлийн үйл ажиллагааг шалган зааварчлах, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
6.1.10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ зэрэг баримтад гарын үсгийн хоёрдугаарыг зурах;
6.1.11. Хариуцсан бүх төрлийн мэдээ, судалгаа, тайланг тогтоосон хугацаанд гаргах;
Долоо.Бүртгэх байгууллагуудтай хамтарч ажиллах
7.1. Бүртгэх байгууллагуудад хуулийн этгээдийн нэрийн бичилтийг хийх, давхардлыг шалгах арга замуудыг тодорхойлсон аргачлал хүргүүлж хамтарч ажиллана.
7.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтрийг албанаас нэгдсэн журмаар хэвлүүлж, дугаарлан бүртгэх байгууллагуудад хүргүүлнэ. Бүртгэх байгууллага нь бичилт хийж дууссан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтрийг ирүүлнэ. Энэ нь улсын бүртгэлийн цахим сангийн мэдээллийг нотлоход ашиглагдана
7.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санг үүсгэн байгуулах, түүний байнгын найдвартай ажиллагааг хангуулах ажлыг Үндэсний татварын ерөнхий газрын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэстэй хамтарч гүйцэтгэнэ.
7.4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим сангийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн сан болон улсын бүртгэл, мэдээллийн сүлжээг үүсгэн байгуулж бүртгэх байгууллагуудад болон нийтэд ашиглуулна.
Найм.Хүлээх хариуцлага
8.1. Албаны дарга нь албаны бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ҮТЕГ-ын даргын өмнө хариуцлага хүлээнэ.
8.2. Татварын улсын (ахлах) байцаагч, архивын ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, нэмэлт үүрэг болон үр дүнгийн гэрээний биелэлтийн төлөө албаны даргын өмнө хариуцлага хүлээнэ.
8.3. Судалгаа, тооцоо, дүгнэлтийн үнэн зөв, бодит байдлын талаар тухайн байцаагч хариуцлага хүлээнэ.
8.4. Албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч, архивын ажилтан нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хагас дутуу биелүүлснээс үүдэн байгууллага, улсын эрх ашигт хохирол учирсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчигдсөн бол хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, улирал,. жилийн ажлын үр дүнгээр олгогдох нэмэгдэл, урамшууллыг хасах зэрэг ёс зүйн болон захиргааны хариуцлага хүлээнэ.
8.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн журам зөрчсөн албаны дарга, татварын улсын (ахлах) байцаагч нь Төрийн албаны тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
Текст томруулах
A
A
A