A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
Нөхөрлөл, компани, хоршоо, тӨрийн / орон нутгийн/ ӨмЧит аж ахуйн Тооцоотой Үйлдвэрийн газрыг улсын бҮртгэлд бҮртгэх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.           Энэ журмаар нөхөрлөл, компани, хоршоо, төрийн /орон нутгийн/ өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (Цаашид "хуулийн этгээд" гэх)-ыг байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулсан баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн, мэдээ, тайлан гаргах, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2.           Хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.
1.3.           Хуулийн этгээдийг нийслэлд Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба, орон нутагт Аймгийн татварын хэлтэс / цаашид "Бүртгэх байгууллага" гэх / бүртгэнэ.
1.4.           «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт УБ-01»-ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журмын хавсралтаар Монгол Улсын Засгийн газраас батална.
1.5.           Хуулийн этгээд нь улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт хийлгэх, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахад «Тэмдэгтийн хураамжийн тухай» хуулийн 13 дугаар зүйлд заасан хураамж төлнө.
1.6.           Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтыг бүртгэлийн дэвтэр дээр болон цахим санд давхар хөтлөх бөгөөд бүртгэлийн дэвтэр дээрх болон цахим сан дахь мэдээлэл зөрвөл бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг үндэслэл болгоно.
1.7.           Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд оруулсан мэдээллийг үндэслэн тухайн хуулийн этгээд улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн санд бүртгэгдэж регистрийн дугаар олгогдоно. Регистрийн дугаар нь тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдэнэ.
1.8.           Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн нэрийн сан үүсгэнэ. Бүртгэх байгууллагуудад Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албанаас хуулийн этгээдийн нэрийн бичилтийг хийх, давхардлыг шалгах арга замыг тодорхойлсон аргачлалыг хүргүүлж мөрдөнө. Аймгийн татварын хэлтэс нь хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийхдээ Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албанаас давхардаж байгаа эсэхийг шалгуулна.
1.9.           Хуулийн этгээдийн нэрийг нийслэлд Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба, орон нутагт аймгийн татварын хэлтэс олгоно.
1.10.       Хуулийн этгээдийн нэрийг "Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас УБ-09" дээр 2 хувь бичиж, нэг хувь нь бүртгэх байгууллагад үлдэж, нөгөө хувь нь тухайн хуулийн этгээдэд олгогдоно.
1.11.       «Чөлөөт бүсийн тухай» хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон энэхүү журамтай нийцүүлэн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг бүртгэх журмыг ҮТЕГ-ын даргын тушаалаар баталж мөрдөнө.
1.12.       Гадаад улсын хуулийн этгээд хөрөнгө оруулах хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах бол гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах замаар зохион байгуулагдаж энэ журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
1.13.       Компани болон хоршоо нь үүсгэн байгуулах баримт бичигтээ заасан салбар, төлөөлөгчийн газартай байж болно. Салбар, төлөөлөгчийн газар нь толгойлох компани, хоршооны эрх барих байгууллагын шийдвэрээр байгуулагдан тэдгээрийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдэнэ. Салбар, төлөөлөгчийн газарт тусгай гэрчилгээг толгой компанийн буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн регистрийн болон улсын бүртгэлийн дугаараар олгоно.
1.14.       Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй хамтран хоршоо, компани болон төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулахаар бол Засгийн газар, түүнээс эрх олгосон байгууллага шийдвэрлэнэ. Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хуралдааны чөлөө цагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулна.
1.15.       Банкийг төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн үүсгэн байгуулж болох бөгөөд банк нь зөвхөн Монгол банкны тусгай зөвшөөрөлтэй байгуулагдана.
                        Банк нь хязгаарлагдмал хариуцлагатай буюу хувьцаат компанийн хэлбэртэй байна.
1.16.       Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагаас зөвшөөрөл өгсний үндсэн дээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
1.17.       Энэхүү журмын 1.14, 1.15, 1.16-д зааснаас бусад нөхөрлөл, компани, хоршоог Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн санаачилгаар үүсгэн байгуулна.
             Хязгаарлагдмал хариуцлагатай компани ганц үүсгэн байгуулагчтай байж болно.
             Нөхөрлөлийн гишүүн өөр нөхөрлөл, компанийн гишүүн байхыг хориглоно.
             Түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харъяалалгүй хүн компани үүсгэн байгуулж болно.
1.18.       Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг нь нөхөрлөлийн хувьд үүсгэн байгуулах гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байна/, компанийн хувьд эрх бүхий байгууллагын шийдвэр, дүрэм, хоршооны хувьд дүрэм байна. Харин хадгаламж, зээлийн хоршооны тухайд хоршооны дүрмээс гадна хадгаламж авах, зээл олгох журам, хоршооны зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан болон бусад санг байгуулах, зарцуулах журам, хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд оролцох журам байна.
1.19.       Хуулийн этгээдийн дүрмийг үүсгэн байгуулагч батална.
1.20.       Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн регистрийн нэгдсэн санг Үндэсний Статистикийн газартай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний татварын ерөнхий газар дээр байгуулна.
1.21.       Бүртгэх байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаарыг «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт хөтлөх журам»-д заасны дагуу олгож улсын бүртгэлийн гэрчилгээнд бичнэ.
1.22.       Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулж өөрийн хөрөнгийг мөнгөн хөрөнгийн бус хэлбэрээр оруулахдаа Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн албанаас түр регистрийн дугаар авна.
Хоёр.Хуулийн этгээдийг бүртгэх харьяалал, шаардагдах баримт бичиг
2.1.           Хуулийн этгээдийг тэдгээрийн гаргасан өргөдлийг үндэслэн дараах харъяаллаар бүртгэнэ. Үүнд:
2.1.1.    Гадаадын хөрөнгө оруулалттай компани болон улсын төсөвтэй харьцдаг хуулийн этгээд, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газрыг Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба;
2.1.2.    Энэхүү журмын 2.1.1-д зааснаас бусад хуулийн этгээдийг орон нутагт түүний ерөнхий захиргаа оршин байгаа газрын татварын хэлтэс, нийслэлд Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба;
2.1.3.    Хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газар байгуулж байгаа бол улсын бүртгэлд бүртгэсэн харъяаллын дагуу орон нутагт татварын хэлтэс, нийслэлд Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба;
2.2.           Хуулийн этгээдийг шинээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл /УБ-03/
-Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд зурсан гарын үсгийн хэв маяг/УБ-08/
-Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт / маягт УБ-09/
-Хуулийн этгээдийг байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр
-Хуулийн этгээдийн дүрэм
-Нөхөрлөлийн хувьд үүсгэн байгуулах гэрээ
-Гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол уг хуулийн этгээдийн тухайн улс дахь улсын бүртгэлийн бичилтийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт
-Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг байгуулсан тухай шийдвэр /тушаал/,
-Татвар төлөгчөөр бүртгүүлсэн харьяалагдах татварын албаны тодорхойлолт
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
2.3.           Хуулийн этгээд өөрчлөн байгуулах замаар байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл /маягт УБ- 04/
-Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, эсвэл уг шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг
-Шилжүүлэх акт / нийлсэн, нэгдсэн /
-Хуваах баланс / хуваасан, тусгаарласан /
-«Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай» хуулийн 15.2-т заасан хянан зохицуулах албанаас гаргасан дүгнэлт
-Татвар төлөгчөөр бүртгүүлсэн харьяалагдах татварын албаны тодорхойлолт
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
2.4.           Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
-Батлагдсан маягтын дагуу гаргасан өргөдөл /маягт УБ-05/
-Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр
-Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт
-Татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар харьяалагдах татварын албаны тодорхойлолт
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
2.5.           Хуулийн этгээд нь шинээр байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх өргөдөл /УБ-03/ гаргана.
2.6.           Хуулийн этгээд нь өөрчлөн байгуулах замаар байгуулагдсанаасаа хойш нэг сарын дотор бүртгэх байгууллагад бүртгүүлэх өргөдөл /УБ-04/ гаргана.
2.7.           Хуулийн этгээд нь үүсгэн байгуулах баримт бичиг, бүртгүүлэх өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг машинаар буюу компьютераар бичих, зарим хэсгийг гараар тэмдэглэл хийж бүртгэх байгууллагад ирүүлнэ. Эдгээр баримт бичиг нь ямар нэгэн засваргүй байна.
2.8.           Өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийг бүртгэх байгууллага хүлээн авсан өдрийг уг баримт бичгийг хүлээн авсан өдөрт тооцно.
2.9.           Бүртгэх байгууллага нь «Хуулийн этгээд байгуулах өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар УБ-11»-ыг өргөдөл гаргагчид хүргүүлнэ.
Гурав. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэлийн гэрчилгээ олгох
3.1.          Бүртгэх байгууллага нь өргөдөл /УБ-03, УБ-04/ гаргагчаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар бичгээр шийдвэр гаргана. Энэ шийдвэр нь бүртгэх байгууллагын даргын тушаал байна.
3.2.          Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа энэ журмын 3.1-д заасантай нэгэн адил байна.
3.3.          Бүртгэх байгууллагын энэхүү журмын 3.1-д заасан шийдвэр нь «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт УБ-01»-д тухайн хуулийн этгээдийг бүртгэх тухай бичилт хийх үндэслэл болно. Бүртгэх байгууллагын улсын бүртгэл хариуцсан татварын улсын (ахлах) байцаагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийхдээ хар буюу цэнхэр өнгийн бэхний аль нэгийг хэрэглэнэ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалтад бичигдсэн мэдээлэл нь ямар нэгэн засваргүй байна.
3.4.          Хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийсний дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудсан дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, бүртгэсэн байгууллагын нэр, он, cap, өдөр бүхий тэмдэг дарж, улсын бүртгэл хариуцсан татварын улсын (ахлах) байцаагч гарын үсэг зурснаар улсын   бүртгэлд бүртгэгдсэнд тооцно.
3.5.          Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ /УБ-02/-Г олгоно.
3.6.          Улсын бүртгэлийн алба нь Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын хэлтэст хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэн, өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг хүргүүлнэ.
3.7.          Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохдоо анх бүртгүүлэхэд авах хураамжийн хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн төлүүлнэ. Хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгэх байгууллагад өгнө:
3.7.1.    Улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, ашиглах боломжгүй болгосон зэрэг тохиолдолд хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан гишүүдийн 100 хувийн ирцтэй хурлын шийдвэр;
3.7.2.    Цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлсэн баримт;
3.7.3.    СОНИН хэвлэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулсан тухай зарлаж мэдээлсэн баримт;
3.7.4.    Хуулийн этгээдийн дахин улсын бүртгэлийн гэрчилгээ авахыг хүссэн албан бичиг;
3.7.5.    Бүртгэх байгууллагын харилцах дансанд улсын бүртгэлийн гэрчилгээний үнийг тушаасан баримт;
3.7.6.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
3.8.          Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авснаас хойш хаяж гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэрчилгээ олдсон тохиолдолд бүртгэх байгууллагад заавал хураалгана.
3.9.          Бүртгэх байгууллага дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний өөрчлөлтийн хэсэгт тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан огноо, улсын бүртгэлийн болон регистрийн дугаарыг бичнэ.
3.10.      Тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт, холбогдох баримт бичигтэй татвар хураалтын болон хяналт шалгалтын татварын улсын (ахлах) байцаагч танилцаж болно.
3.11.      Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт, баримт бичгийг бусдад шилжүүлж үл болно.
3.12.      Хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан тухай мэдээллийг тухай бүр бүртгэх байгууллага нийтэд  мэдээлнэ.
3.13.      Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн харилцагч банкинд «Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдэл УБ-10»-ийг өгнө. Уг мэдэгдэлд заасны дагуу хуулийн этгээдийн харилцагч банк данс нээсэн, хаасан тухай хариуг бүртгэх байгууллагад ирүүлнэ.
3.14.      Бүртгэх байгууллага нь бусад бүртгэх байгууллагуудад бүртгэгдсэн хуулийн этгээдэд данс нээх, хаах тухай мэдэгдлийг бичнэ.
3.15.      Хуулийн этгээдийн харилцах данс нээх, хаах тухай мэдэгдлийн холбогдох үзүүлэлтийг бүртгэх байгууллагын улсын бүртгэл хариуцсан татварын улсын (ахлах) байцаагч заавал бичиж, гарын үсэг зуран байгууллагын тэмдэг дарсан байна.
3.16.      Улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь харьяалагдах татварын албанд татвар төлөгчийн бүртгэлд хамрагдана. Татвар төлөгчийн бүртгэлд хамрагдсан талаар бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

Дөрөв.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах
4.1.           Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзана:
4.1.1.     Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;
4.1.2.     Үйл ажиллагааны зорилго хуульд нийцээгүй;
4.1.3.     Үүсгэн байгуулагч иргэн иргэний эрх зүйн чадамжгүй байх; /үүнийг Иргэний хуулийн18, 19дүгээр зүйлд зааснаар ойлгоно /
4.1.4.     Өөрчлөн байгуулах замаар байгуулагдаж буй хуулийн этгээдийн хувьд «Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай» хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа;
4.1.5.     Хуульд заасан бусад үндэслэл;
4.2.           Бүртгэх. байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол «Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл УБ-07»-г бичиж өргөдөл гаргагчид хүргүүлнэ.
4.3.           Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн хуулийн этгээд шүүхэд гомдол гаргаж болно.
Тав.Хуулийн этгээдийн улсын бүртгэл орсон өөрчлөлтийг бүртгэх
5.1.           Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэх байгууллагад өөрчлөлт орсноос хойш компани, төрийн өмчит /орон нутгийн/ аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар ажлын 10 өдрийн, нөхөрлөл ажлын 14 өдрийн, хоршоо бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор тус тус бүртгүүлэхээр өргөдөл /УБ-05/ ирүүлнэ. Өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцно.
5.2.           Хуулийн этгээд нь нэрээ сольж, дахин улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тохиолдолд уг гэрчилгээний ар талын өөрчлөлтийн хүснэгтэд анхны баталгаажуулсан нэрийг тэмдэглэнэ.
5.3.           Нэг үүсгэн байгуулагчтай компанийн эрх, үүрэг, өөрийн хөрөнгө, өөр хуулийн этгээдэд шилжих тохиолдолд энэ тухай урьдчилан гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.
5.4.           Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллага тухай бүр нийтэд мэдээлнэ.
5.5.           Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахтай холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад өргөдөл /УБ-05/ гаргана.
Зургаа.Хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх
6.1.          Хуулийн этгээд нь оршин байгаа газраасаа шилжихээр бол бүртгэх байгууллагад тухай бүр мэдэгдэнэ.
6.2.          Бүртгэх байгууллага мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шилжилт хийсэн тухай улсын бүртгэлийн жагсаалт, гэрчилгээнд тэмдэглэн, улсын бүртгэлийн баримт бичгийг битүүмжлэн, албан бичгийн хамт харьяалагдах бүртгэх байгууллагад хүргүүлнэ.
6.3.          Шилжиж ирсэн хуулийн этгээдийг бүртгэх байгууллага бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээний өөрчлөлтийн хэсэгт  тэмдэглэл хийнэ.
6.4.          Хуулийн этгээдийг шилжүүлсэн бүртгэх байгууллагад хүлээн авсан бүртгэх байгууллага ажлын 5 өдөрт багтаан бүртгэсэн тухайгаа бичгээр мэдэгдэнэ.
            Үндэсний татварын ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн алба энэхүү шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавьж ажиллана.
6.5.          Хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газраа өөр аймаг, сум, дүүрэгт нээн ажиллуулахаар бол түүнийг зөвшөөрсөн Засаг даргын тамгын газрын зөвшөөрөл, холбогдох баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр бүртгэх байгууллагаар улсын бүртгэлийн гэрчилгээний болон улсын бүртгэлийн жагсаалтын өөрчлөлтийн хэсэгт дараах бичилтийг хийлгэнэ. Үүнд:
            -Хаяг
            -Нээн ажиллуулах он, cap, өдөр
         -Үйл ажиллагааны чиглэл/гэрээ, дүрэмд заасны дагуу/
         -Ажиллах  хугацаа
6.6.          Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг шилжүүлснийг болон шилжүүлж авсныг тухай бүр мэдэгдэж байна.
Долоо.Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгэх
7.1.            Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 өдөрт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэр, эсхүл шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргаж ирүүлнэ.
7.2.           Бүртгэх байгууллага энэхүү журмын 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн жагсаалтад тухайн хуулийн этгээдийг татан буулгаж байгаа тухай бичилт хийнэ.
7.3.           Бүртгэх байгууллага татан буулгаж байгаа тухай бичилт хийсэн үеэс эхлэн уг хуулийн этгээдтэй холбогдолтой баримт бичгийг хүлээн авахгүй.
7.4.           Хуулийн этгээдийг татан буулгах комисс тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас илүүгүй хугацаа өнгөрсний дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
7.5.           Хуулийн этгээд татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараах баримт бичиг бүрдүүлж бүртгэх байгууллагад ирүүлнэ:
7.5.1.               баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл /маягт УБ-06/;
7.5.2.               дуусгалтын тайлан;
7.5.3.               улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
7.6.           Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн болон хуульд заасан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрээр татан буугдсан бол шүүх хууль ёсны хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан бүртгэх байгууллагад ирүүлнэ.
7.7.           Хуулийн этгээд татан буугдсан тухай улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийснээр тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

Найм.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээ, тайлан гаргах
8.1.            Аймгийн татварын хэлтэс нь хуулийн этгээдийг бүртгэсэн, өөрчлөлт хийсэн, улсын бүртгэлээс хассан мэдээг компьютерээр боловсруулж, мэдээний файлыг үүсгэн cap бүрийн 15, 30-ны өдрүүдэд Үндэсний татварын ерөнхий газрын Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэст ирүүлнэ. Мөн мэдээг файлаар буюу текстээр хэвлэж орон нутгийн статистикийн албанд хүргүүлж байна.
8.2.            .Мэдээлэл боловсруулалт, автоматжуулалтын хэлтэс хүлээн авсан мэдээг нэгтгэн боловсруулалт хийж УБА-нд өгнө.
8.3.            Аймгийн татварын хэлтсийн улсын бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч улсын бүртгэлийн тайланг улирал бүрийн эхний сарын 05-ны өдрийн дотор гаргаж Улсын бүртгэлийн албанд ирүүлнэ. Улсын бүртгэлийн алба аймгаас ирүүлсэн тайланг  улирал бүрийн эхний сарын 10-ны өдрийн дотор нэгтгэнэ.
8.4.            Монгол улсын хилээр гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн оруулсан өөрийн хөрөнгийн мэдээг Улсын гаалийн ерөнхий газраас cap бүрийн 10-ны өдрийн дотор авна.
Ес. Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
9.1.          Нөхөрлөлийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол бүртгэх байгууллага нь «Нөхөрлөлийн тухай» хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу бүртгэх байгууллага шийтгэл ногдуулна.
9.2.          Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол гэм буруутай этгээдэд бүртгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан, шүүх «Хоршооны тухай» хуулийн 49 дүгээр зүйлд заасан шийтгэл ногдуулна.
9.3.          Хуулийн этгээд улсын бүртгэлд орсон өөрчлөлтөө бүртгэх байгууллагад мэдэгдээгүй бол гэм буруутай албан тушаалтанд «Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай» хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын (ахлах) байцаагч захиргааны шийтгэл ногдуулна.
9.4.          Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох бүртгэх байгууллага хариуцан арилгана.
9.5.          Улсын бүртгэлийн жагсаалтад оруулах шаардлагатай бүртгэлийн хууль тогтоомжид заасан баримт бичгийг ирүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, эсхүл буруу ташаа мэдээлэл ирүүлсэн зэргээс бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг холбогдох хуулийн этгээд буюу өргөдөл гаргагч хариуцан арилгана.
9.6.          Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзвэл бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
9.7.          «Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай» хуулийн 18.1-д зааснаас бусад үндэслэлээр хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан, улсын бүртгэлийн жагсаалт дахь мэдээллээс лавлагаа олгоогүй, энэ хуульд заасан бусад журам зөрчсөн бүртгэх байгууллагын ажилтанд Төрийн албаны тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэнэ.