A

A

A

Бүлэг: 1979
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
       2008 оны 735 дугаар тушаалын хавсралт
 
 
 
ГААЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ ХОЛБОГДСОН АСУУДЛААР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  Энэ журмаар гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомж, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх /цаашид “зөвлөгөө өгөх” гэнэ/-тэй холбогдох харилцааг зохицуулна.
1.2.  Гаалийн байгууллага нь зөвлөгөө өгөхдөө Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, гаалийн хууль тогтоомж, тэдгээртэй  нийцүүлэн гаргасан бусад эрхийн актыг үндэслэнэ.
1.3.  Зөвлөгөө гэдэгт гаалийн хууль тогтоомж, эрх зүйн актын талаар болон тэдгээрийн хүрээнд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тодорхой мэргэшил шаардсан асуудлаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно.
 
Хоёр. Зөвлөгөө өгөх албан тушаалтан
2.1.   Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.
2.2.  Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон гаалийн мэргэшил шаардсан зөвлөгөөг тухайн чиглэл хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн мэргэшлийн зэрэгтэй гаалийн улсын байцаагч өгнө.
2.3.  Маргаантай эсхүл шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлаарх зөвлөгөөг мэргэшлийн бүрэлдэхүүний шийдвэрийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан өгч болно. 
2.4.  Энэ журмын 2.1-2.3-д заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй.
 
Гурав. Зөвлөгөө өгөх
          3.1. Зөвлөгөөг мэдээллийн самбар, мэдээлэл өгөх машин, электрон сүлжээ, харилцуур утас, гаалийн байгууллагаас гаргасан гарын авлага, зөвлөмж хэлбэрээр хүргэхээс гадна аман болон бичгийн хэлбэрээр өгч болно.
                   3.1.1. Мэдээллийн самбар болон мэдээлэл өгөх машин нь гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд ойлгомжтой, мэдээллийн хүртээмжтэй,  хуульд нийцсэн, сүүлийн үеийн мэдээллийг агуулсан байна.
                   3.1.2. Электрон  сүлжээ, гаалийн лавлах, харилцуур утсаар өгч байгаа зөвлөгөө нь үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг бүрэн өгөхөд чиглэсэн байна. Мэдээллийг бүрэн өгөх боломжгүй тохиолдолд тухайн мэдээллийг олж авах эх сурвалжийг зааж өгнө.
                   3.1.3. Гаалийн байгууллагаас гаргаж байгаа гарын авлага, зөвлөмжүүдийг гаалийн үйлчилгээний цэгүүд дээр хэвлэмэл болон дэлгэцийн гэх мэт хэлбэрүүдээр байршуулна.
          3.2. Бичгээр өгөх зөвлөгөөг ажлын 3 өдөрт багтаан өгнө.
          3.3. Гаалийн байгууллагын лавлах утсаар өгсөн зөвлөгөөнд тусгай бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
          3.4. Иргэн, хуулийн этгээдэд өгөх зөвлөгөө нь үнэ төлбөргүй байна.
 
Дөрөв. Бусад
4.1.  Энэ журмаас гадуур өгсөн зөвлөгөө, хууль тогтоомж болон холбогдох бусад шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүйн улмаас, эсхүл хэвлэлийн алдаанаас учирсан хохирлыг гаалийн байгууллага хариуцахгүй.
         4.2 Зөвлөгөө өгөгдсөн асуудлын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд хохирол учирвал  хариуцлагыг энэ журмын 2.1-2.3-д зааасан албан тушаалтан хариуцна.
        4.3.Гаалийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх ажиллагаа нь ажлын цагийн хүрээнд явагдана.
 
 
 
 
 
---oOo---