- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГАЛТ ЗЭВСГИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ; ГААЛИЙН ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
ЦЕГ, ГЕГ-ын даргын хамтарсан 2002 оны 36/34 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
ГАЛТ ЗЭВСГИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ОРУУЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ; ГААЛИЙН ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмын зорилго нь Монгол улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл олгох, гаалийн шалгалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2 Галт зэвсгийг улсын хилээр оруулахад Монгол улсын Галт зэвсгийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Галт зэвсгийг улсын хилээр оруулах зөвшөөрөл олгох
2.1 Монгол улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг улсын хилээр оруулах бол Цагдаагийн ерөнхий газрын Хэв журмын алба /цаашид Хэв журмын алба гэнэ/-аас "Галт зэвсгийг улсын хилээр оруулах зөвшөөрөл" /цаашид зөвшөөрөл гэнэ/-ийг авсан байна.
2.2 Иргэн зөвшөөрөл авахыг хүсвэл Хэв журмын албанд дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө.
2.2.1 оруулж ирэх галт зэвсгийн төрөл, марк, дугаар, үйлдвэрлэсэн он, өмчлөх зориулалт, нэвтрүүлэх боомтын нэр, тээврийн хэрэгслийн төрөл, он, сар, өдрийг дурьдсан зөвшөөрөл хүссэн өргөдөл,
2.2.2 иргэний үнэмлэх болон үндэсний гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
2.2.3 3x4 хэмжээний цээж зураг - 2 хувь.
2.3 Зөвшөөрөл хүссэн иргэн дараах шаардлагыг хангасан байна.
2.3.1 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
2.3.2 архаг архичин, мансуурах донтой биш, ял шийтгэлгүй, хүнд, онц хүнд гэмт хэрэгт эсхүл галт зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй.
2.4. Орон нутагт байгаа иргэн байнга оршин суугаа аймгийн цагдаагийн газар, хэлтэс /цаашид нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага гэнэ/-т энэ журмын 2.2-д заасан баримт бичгийг бүрдүүлж өгнө.
2.5. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоног дотор судалж шалгаад, шаардлага хангасан иргэний баримт бичгийг "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-ны хамт Хэв журмын албанд хүргүүлэх арга хэмжээ авна.
2.6. Хэв журмын алба нь иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч, ажлын 7 хоногийн дотор "Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас"-ны хамт судалж шалгаад, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
2.7. Зөвшөөрлийг нэг хувь үйлдэх бөгөөд түүнийг Хэв журмын алба /хэлтэс/-ны дарга олгоно. '
Гурав. Галт зэвсгийг улсын хилээр оруулахад хийх гаалийн шалгалт
3.1 Зөвшөөрөл авсан иргэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна.
3.2 Гаалийн газар, хороо /цаашид гаалийн байгууллага гэнэ/ нь мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, гаалийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримт болон бараанд шалгалт хийж, галт зэвсгийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
3.3 Зөвшөөрөлд бичигдсэн иргэн, галт зэвсгийн мэдээлэл нь гаальд мэдүүлж буй иргэний бичиг баримт болон бараатай зөрсөн тохиолдолд түүнийг зөрчилд тооцно.
3.4 Улсын хилээр оруулсан галт зэвсгийн зөвшөөрөлд гаалийн байгууллага тэмдэглэл хийж, гаалийн мэдүүлэгт хавсаргаж үлдээнэ.
3.5 Гаалийн байгууллага нь Галт зэвсгийг улсын хилээр оруулсан мэдээ"-г Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэст сар бүрийн 30-ны дотор ирүүлж байна.
3.6 Гаалийн хяналт шалгалтын хэлтэс мэдээг нэгтгэн дараа сарын 5-ны дотор Хэв журмын албанд хүргүүлнэ.
3.7 Гаалийн хууль тогтоомжийн зөрчлийн улмаас хураагдсан галт зэвсгийг Гаалийн ерөнхий газарт ирүүлнэ.
Дөрөв. Бусад
4.1 Монгол улсын хилээр оруулах галт зэвсэг нь ан агнуур, спорт-сургалт цуглуулгын зориулалттай байна. Зөвшөөрлийг нэг хүнд давхардуулан олгох, иргэн галт зэвсгийг бусдаар дамжуулан улсын хилээр оруулахыг хориглоно.
4.2 Хэв журмын алба болон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь зөвшөөрөл авсан иргэний бүртгэлээр түүний галт зэвсэг улсын нэгдсэн бүртгэлд орсон, гэрчилгээ авсан эсэхэд хяналт тавьж ажиллана.
4.3 Иргэн галт зэвсгээ улсын хилээр оруулж ирснээс хойш 14 хоногийн дотор байнга оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
4.4 Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол цагдаагийн болон гаалийн байгууллагын эрх бүхий алба хаагч хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A