A

A

A

Бүлэг: 1979
Үндэсний статистикийн газрын даргын
2007 оны 04 дүгээр сарын 24–ны өдрийн
01/56 тоот тушаалын I хавсралт
|





 
ТООЛЛОГО, ТҮҮВЭР СУДАЛГАА, ҮЗЛЭГ ЯВУУЛАХ
 НИЙТЛЭГ ЖУРАМ
 
НЭГ. ҮНДЭСЛЭЛ
 
 
1.      Улсын хэмжээнд явагдаж байгаа тооллого, түүвэр судалгаа, үзлэгийг зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү нийтлэг журмаар (цаашид журам гэх) зохицуулна.
 
2.      Монгол Улсын Засгийн газраас явуулах тооллого, түүвэр судалгаа, үзлэгийг статистикийн мэргэжлийн байгууллагаас нэгдсэн арга зүйгээр хангаж, үзүүлэлтүүдийн бодит байдал, уялдааг сайжруулах, харьцуулалт хийх боломжийг бүрдүүлэх, мэдээллийн давхардлыг арилгаж, нэгдсэн системд оруулах, үр дүнг мэргэжлийн түвшинд боловсруулан гаргах, зарцуулж буй төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэхэд энэхүү журмын гол зорилго оршино.
 
 
4.      Тооллого, түүвэр судалгаа, үзлэгийн зорилго, цар хүрээ, давтамж, судлагдах зүйл зэргээс хамаарч тооллого, судалгаа, үзлэг явуулах үзэл баримтлал болон нэгдсэн төлөвлөгөөнд тэдгээрийн онцлогийг нэмэлт байдлаар тусгаж болно.
 
5.      Улсын хэмжээнд тооллого, түүвэр судалгаа, үзлэг явуулахад дараах эрх зүйн актуудыг мөрдлөг болгоно. Үүнд:
 
5.1       “Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн “Үндэсний статистикийн газар, түүний бүрэн эрх” гэсэн 12 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын: ”Албан ёсны статистикийн үйл ажиллагааг мэргэжлийн төвлөрсөн удирдлагаар хангах, боловсронгуй болгох арга хэмжээ авах” гэсэн хэсэг;
 
5.2       “Хүн ам, нийгэм, эдийн засгийн холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр түүвэр болон бүрэн хэмжээний судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих” гэсэн мөн Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 3.4 дэх заалт;
 
5.3        “Захиргааны статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хянах, захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт, үнэн зөв байдалд үнэлэлт өгөх” гэсэн “Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 3.5 дахь заалт;
 
5.4       “Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана” гэсэн “Хувь хүний нууцын тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь заалт болон “Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхүл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй” гэсэн “Байгууллагын нууцын тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт;
 
5.5       “Статистикийн байгууллагын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож байгаа олон улсын ойлголт, тодорхойлолт, ангилал нь статистикийн үйл ажиллагааны үр ашгийг бүх шатанд дээшлүүлэх, үзүүлэлт хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэсэн НҮБ-аас гишүүн орнуудад мөрдөхөөр зөвлөмж болгосон албан ёсны статистикийн тулгуур зарчмууд;
 
5.6       Тооллого, түүвэр судалгаа, үзлэг явуулах эрх зүйн үндэс нь тооллого явуулах тухай мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж болон түүнийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр (тогтоол эсхүл захирамж), түүвэр судалгаа явуулах тухай албан ёсны статистикийн мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрөл, үзлэг явуулах тухай яамны сайдын албан ёсны шийдвэр зэрэг (тушаал) байна.
 
6.      Тооллого, түүвэр судалгаа, үзлэгийн дүнг явуулсан байгууллага нь хадгалж, мэдээллийн санг ҮСГ-т хэвлэмэл болон электрон хэлбэрээр ирүүлнэ.
 
 
ХОЁР. ТООЛЛОГО, ТҮҮВЭР СУДАЛГАА, ҮЗЛЭГИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ, ТОДОРХОЙЛОЛТ
 
Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна. Статистикийн судалгаа гэдэгт статистикийн мэдээлэгчдээс холбогдох мэдээллийг цуглуулах үйл явцыг ойлгох бөгөөд дотроо тооллого, түүвэр судалгаа гэсэн 2 хэлбэртэй байна.
 
А. Тооллогын тухай ойлголт
 
1.      Тогтоосон хугацаанд нийгэм, эдийн засгийн үзэгдэл үйл явцын тодорхой шинж чанарыг олонлогт багтаж буй бүх нэгжийг хамруулан судалгаа явуулж, тухайн олонлогийн бүтэц, шинж чанар, тоо хэмжээний талаар бүрэн гүйцэд, дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, үр дүнг тархаах цогц үйл ажиллагааг тооллого гэнэ.
     
2.      Тооллого нь мэдээллийг нарийвчилсан түвшинд дэлгэрэнгүй байдлаар гаргахын зэрэгцээ бусад судалгаа, шинжилгээний ажлын суурь мэдээлэл нь болдог.
 
3.      Тооллого зохион байгуулж явуулахад дараах аргыг ашиглана:
 
3.1 Тооллогын хугацаанд бүх нэгжийг нэг бүрчлэн тоолох нийтээр хүлээн зөвшөөрсөн уламжлалт арга;
3.2 Хүн ам, аж ахуйн нэгж болон регистрийн бүртгэл, бусад бүртгэлд суурилсан бүртгэлийн арга;
3.3 Түүвэр судалгааны арга;
 
4. Тооллогыг дотор нь хүн ам, орон сууцны тооллого, эдийн засгийн тооллого, бусад хэлбэрийн тооллого гэж ангилна.
 
4.1 Хүн ам, орон сууцны тооллого: Дэлхийн дийлэнх улс оронд тодорхой давтамжтайгаар явагддаг нийтлэг тооллого бөгөөд хүн ам зүйн талаарх статистикийн үндсэн, суурь мэдээллийг уг тооллогын үр дүнд бий болгодог; энэ нь бусад төрлийн тооллого, түүвэр судалгааны хамрах хүрээг тогтоох үндэс нь болно.
 
4.2 Эдийн засгийн тооллого: Эдийн засгийн салбаруудын суурь мэдээллийг бий болгох, түүвэр судалгааны хамрах хүрээг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн байдлыг тодорхойлох, төр засгийн бодлого, шийдвэр боловсруулах, бизнесийн үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор явуулдаг.
 
4.3 Хөдөө аж ахуйн тооллого: Хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэмжээ, газар ашиглалтын талаарх иж бүрэн мэдээллээр хангах зорилгоор явуулдаг. Манай орны хувьд жил бүр явагддаг мал, тэжээвэр амьтад, тэжээлийн тооллого нь хөдөө аж ахуйн тооллогын нэг төрөл болно.
 
4.4 Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудаас явуулах тооллого: Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд тодорхой чиглэлийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авах зорилгоор тодорхой салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр төрөлжсөн болон зорилтот тооллогыг нэг удаа болон давтамжтайгаар явуулж болно. Монгол Улсын холбогдох хуулиудад заасны дагуу тодорхой давтамжтай явагдаж байгаа тооллогууд багтана.
 
Б. Түүвэр судалгааны тухай ойлголт
 
1.      Судалгааны объектын тодорхой хэсгийг хамруулан судалж, түүгээрээ дамжуулан тухайн судлагдаж буй объектын ерөнхий нийтлэг хэв шинж, төлөв байдал, чанарыг тодорхойлох аргыг түүвэр судалгаа гэнэ.
 
2.      Нийгэм эдийн засгийн судалгаанд өргөн хэрэглэдэг хэсэгчилсэн ажиглалт /судалгаа/-ын гол хэлбэр нь түүвэр судалгаа юм.
 
3.      Түүвэр судалгаа нь дараах давуу талуудтай. Үүнд:
 
3.1       Хугацаа хожин, зардал хэмнэж, шаардлагатай мэдээлэл олж авах бололцоотой.
3.2       Ажиглалтад хамрагдах нэгжийн тоо түүвэр судалгааны үед харьцангуй цөөн байдаг учир хэмжилт, бүртгэлтийн үеийн санамсаргүй алдааны магадлал бага байна.
 
4.      Судалгааны үндсэн объектыг бүхэлд нь эх олонлог гэж нэрлэх бөгөөд ажиглалт, судалгаанд хамрагдаж байгаа хэсгийг түүвэр олонлог гэдэг.
 
5.      Түүвэр судалгаа явуулах технологийг 4 үе шатанд хувааж болно.
 
5.1       Ерөнхий нийлбэрээс түүвэр нийлбэрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрдүүлнэ.
5.2       Түүврийн нэгж бүрийн гол үзүүлэлтүүдийг хэмжинэ.
5.3       Тоон үзүүлэлтээр бол түүвэр нийлбэрийн дунджийг, альтернатив үзүүлэлтээр бол түүвэр нийлбэрийн тухайн шинж тэмдгийн хувийн жинг олно.
5.4       Түүвэр нийлбэрийн тодорхойлогч гол үзүүлэлтүүд ерөнхий нийлбэрийнхийг ямар магадлалтайгаар, хэрхэн төлөөлөх найдвартайг тооцон шинжилж, дүгнэлт гаргана.
 
6.      Түүвэр нийлбэрийн нэгж хичнээн олон бол дундаж алдаа, алдааны хязгаар төдий чинээ бага байна. Түүвэр нийлбэрийн нэгжийн тоо олшрохын хэрээр гаргах зардал, зарцуулах цаг өсөхийн зэрэгцээ анхдагч мэдээллийг цуглуулах үеийн алдаа нэмэгдэх талтайг анхаарвал зохино.
 
7.      Түүвэр судалгаа нь бусад статистик судалгааны арга хэлбэрээс ялгагдах гурван онцлог шинжтэй. Үүнд:
 
7.1       Эх олонлогоос тодорхой хэсгийг сонгон авах;
7.2       Түүвэрлэн авсан олонлог дээрээ судалгаа хийж, үр дүнг ашиглаж, эх олонлогийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлох;
7.3       Түүвэр олонлогийн хэмжээг үндэслэн гол үзүүлэлтүүдийн алдааны хязгаарыг урьдчилан тогтоох;
 
8.  Түүвэр судалгаанд тавигдах шаардлага:
 
8.1       Түүвэрлэлтийн хамрагдах нэгжүүд нь санамсаргүй тохиолдлоор сонгогдсон байх;
8.2       Түүвэрлэлтийг аль болох ижил төрлийн олонлог дээр хийх;
8.3       Шаардлагатай бол чанарын эрс тэс ялгаатай олонлогийг дотор нь төрөлжүүлж ялгасны дараа тус бүрт нь бие даасан түүвэрлэлт хийх;
8.4       Хэрэв магадлалт бус буюу зорилтот түүвэр хийх тохиолдолд судлаач өөрийн судалгааны зорилгод нийцүүлэн түүврийг хийнэ.
 
9. Түүврийн аргууд: Эдийн засаг, нийгмийн судалгаанд түүвэр судалгааны дараах аргууд голлон хэрэглэгдэнэ. Үүнд:
 
9.1       Энгийн санамсаргүй түүвэр
9.2       Системчилсэн түүвэр
9.3       Бүлэглэсэн түүвэр
9.4       Багцалсан түүвэр
9.5       Олон шатат түүвэр
9.6       Хэмжээн дэх пропорциональ магадлалт түүвэр
9.7       Магадлалт бус буюу зорилтот түүвэр
 
10. Түүвэр судалгааны аргуудыг дотор нь магадлалт түүвэр, магадлалт бус түүвэрлэлт гэсэн үндсэн 2 бүлэгт хуваадаг.
           
10.1   Магадлалт түүвэр нь өртөг өндөртэй, түүврийн зохиомжийг боловсруулах, судалгаа явуулахад цаг хугацаа ихээхэн шаардах боловч түүврийн алдааг тооцох, үр дүнг нийт олонлогт тархааж, нэгдсэн дүнг гаргах боломжийг олгодгоороо статистикийн судалгааны практикт өргөн хэрэглэгддэг.
 
10.2   Магадлалт бус түүвэр нь хямд зардлаар, түүврийн хүрээг тодорхойлох боломжгүй үед гол төлөв олон нийтийн санал бодлыг сонсох, тандах чиглэлээр ашиглагддаг судалгааны арга болно.
 
11. Түүвэр судалгааны аргуудаас ямар төрлийн түүвэрлэлтийн аргыг хэрэглэхийг Үндэсний статистикийн газрын Аргачлал, судалгаа, шинжилгээний байнгын зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
 
В. Үзлэгийн тухай ойлголт
 
            Үзлэг нь тооллогын нэг адил тодорхой шинж чанарыг агуулсан олонлогт багтсан бүх нэгжийг хамруулан судлах үйл ажиллагаа бөгөөд олонлогийг технологийн бүтэц, шинж чанар талаас илүү нарийвчлан судална. Үзлэг нь гол төлөв тодорхой салбар, үйл ажиллагааны хүрээнд тавигдах стандарт шаардлага, түүний хэрэгжилтийг хянах зорилгоор явагддаг.
 
Тооллогоор аливаа олонлогийг тоон талаас нь бүртгэж харуулдаг бол үзлэг нь гол төлөв дотоод мөн чанар талаас нь судлахыг зорилгоо болгодог. Авто машины тооллогоор авто машины тоог төрлөөр нь бүртгэлжүүлж байхад авто машины үзлэг нь авто машиныг стандартад тавигдсан шаардлага талаас нь, тухайлбал, утааны хаялт, тормосны барилт хэмжээ зэрэг техникийн стандарт талаас нь тавигдсан шаардлагуудтай нь уялдуулан хянаж, тодорхойлж байх жишээтэй. Үзлэг нь тооллого болон түүвэр судалгааны хосолсон аргаар хийгдэж болно.
 
Үзлэг нь салбарын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж, үзүүлэлт, арга зүйн хувьд өөрийн гэсэн онцлогийг агуулж болно.
 
 
ГУРАВ. ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЗАРЧИМ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц тоон мэдээллийг бүрдүүлэхэд тооллогын зорилго чиглэгдэх ба тодорхой хугацааны давтамжтайгаар, нийт олонлогт багтаж буй нэгжүүдийн талаар харьцангуй дэлгэрэнгүй мэдээллийг олж авахад оршино.
 
Тооллого зохион байгуулж явуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
 
1.      Нэг бүрчлэн тоолох;
2.      Тооллогын хугацаанд нэгэн зэрэг тоолох;
3.      Тооллогын мэдээлэл нийтлэг, иж бүрэн байх;
4.      Тооллогын тогтмол давтамжтай явуулах
 
Тооллого нь үнэн бодитой үр дүн гаргахын тулд үйл ажиллагааны нарийн дэс дараалал бүхий тодорхой үе шатаар төлөвлөгдсөн ажлын төлөвлөгөө, удирдамжийн дагуу явагдах ёстой. Тооллого явуулахдаа дор дурьдсан үе шатыг баримтална. Үүнд:
 
А. Бэлтгэл үе шат
 
      1. Удирдлага, зохион байгуулалт, төсөв зохиох
      2. Асуулгын зохиомж /маягт/, зааврыг боловсруулах
      3. Сургалт, семинарын ажлыг зохион байгуулах
           
Б. Мэдээлэл цуглуулах үе шат
В. Мэдээлэл боловсруулах, чанарын үнэлгээ хийх үе шат
Г. Тооллогын үр дүнг хэвлэн нийтлэх, тархаах үе шат
 
 
А. Тооллогын бэлтгэл үе шат
 
1. Удирдлага, зохион байгуулалт, төсөв зохиох
 
1.1.          Хууль, эрх зүйн үндэслэл
 
1.1.1.   Эрхийн актууд нь тооллогын үйл ажиллагааг тодорхой давтамжтай тогтоосон хугацаанд нь зохион байгуулж, хүрэх үр дүнг тодорхойлох эрх зүйн үндэс болно.
 
1.1.2.     Улсын хэмжээнд тооллого явуулах эрхийн актууд нь дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:
 
1.1.2.1.          Тооллого явуулах тухай заалт бүхий Монгол Улсын хууль,   тогтоомж
1.1.2.2.          Засгийн газрын тогтоол, захирамж
1.1.2.3.          Статистикийн тухай хууль
1.1.2.4.          Дээрх хууль тогтоомжтой нийцүүлэн гаргасан эрх зүйн үндэслэл
 
Мэдээллийг үнэн бодитой байх баталгааг хангах зорилгоор мэдээлэл өгөхөөс зайлсхийх, санаатайгаар буруу мэдээлэх зэрэгт торгууль, шийтгэл ногдуулах заалтыг холбогдох эрхийн актуудын дагуу зохицуулна.
 
1.2.          Удирдлага, зохион байгуулалт, төсөв зохиох
 
1.2.1.     Тооллогыг чанар сайтай зохион байгуулж, үр дүнг бодитойгоор гаргахын тулд холбогдох салбарын мэргэшсэн мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.
 
1.2.2.     Мэдээллийн хэрэгцээнд тулгуурлаж тооллогын ажлын талаар туршлагатай, мэдлэгтэй мэргэжилтнүүдээр ажлын хэсгийн гишүүдийг бүрдүүлж ажиллуулах нь тооллогын төлөвлөлтөд төдийгүй тооллогын зорилгод нийцсэн асуулгын ерөнхий загварыг гаргах, тооллогоос олж авах шаардлагатай мэдээллийн төрөл, хүрээ хязгаарыг тодорхойлох, мэдээллүүд хоорондын уялдааг хангах, үр дүнг бодитойгоор гаргах, тайлан боловсруулахад чухал нөлөө үзүүлнэ.
 
1.2.3.     Тооллогын ажлын удирдлага, төсөв нь түүний төлөвлөлтийн нэгэн адил ажлын үр дүнд шууд нөлөөлнө.
 
1.2.4.     Тооллогын төсөв нь судалгааны үе шат бүхэнд нарийн төсөвлөгдсөн байвал зохино. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, хэвлэх, тархаах үе шат нь тодорхой төсөвтэй байна. Зардлын тооцоог шат шатанд нь зардлын зүйл, анги тус бүрээр төлөвлөж, үйл ажиллагааны завсрын үе шат бүрт төсвийн зарцуулалтыг мэдээлж байна.
 
1.2.5.     Зардлын тооцоог ил тод, ойлгомжтойгоор хийх бөгөөд үйл ажиллагаа бүрийг үе шатаар нь нарийн зааглаж өгснөөр зардал бодитой тооцогдоно. Захиргааны санхүүжилт хариуцсан ажилтан нь зардлын тооцоо хийх ажилд оролцох үүрэгтэй байна. Зохиосон төсөв нь төсвийг баталж байгаа болон санхүүжилт хариуцаж байгаа ажилтанд ойлгомжтой байх шаардлагыг хангасан байна.
 
 
1.3.          Тооллого явуулах төлөвлөгөө боловсруулах
 
1.3.1.     Тооллого явуулах төлөвлөгөөг боловсруулж, батлуулах нь тооллогын ажлын хамгийн анхны үе шат бөгөөд тооллого явуулахтай холбогдсон асуудлуудыг иж бүрнээр нь авч үзэж багтаасан байна. Уг төлөвлөгөөнд тооллого явагдах хугацаа, зардал болон тооллогод оролцох хүмүүсийн тоо зэргийг бодитойгоор тооцож тусгана.
 
1.3.2.     Тооллогын ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын үе шат бүхэнд тохирсон ажлын хуваарийг хийхээс эхэлнэ. Тооллогын ажлын хуваарь нь үйл ажиллагаа бүрийг нарийн тодорхойлохын зэрэгцээ эхлэх, дуусах хугацаа, шаардагдах хүн хүчний зардлын тооцоог долоо хоног бүрээр харуулсан байна.
 
1.3.3.     Тооллогын графикчилсан төлөвлөгөөнд үйл ажиллагаа бүрийг нарийн тодорхой заасан байна. Тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, зардал зэргийг нарийн тооцож гаргана.
 
1.3.4.     Түүнчлэн тооллогын ажлын үе шат бүрийн дуусах хугацааг тодорхойлох нь энэ үйл ажиллагааг хэзээ эхэлбэл товлосон цагтаа хэрэгжих, хугацаанд нь дуусгахын тулд ямар үндсэн болон нэмэлт үйл ажиллагаа шаардагдах вэ гэдгийг тодорхойлоход ач холбогдолтой. Энэ нь цаг хугацааг зөв зохицуулах, тооллогын дараагийн шатны ажил хойшлогдохгүй байх боломжийг бүрдүүлнэ. Тооллогын ажиллагааны үе шат бүхэн нь хоорондоо нягт уялдаатай байх ёстой.
 
1.3.5.     Тооллогын ажлын төлөвлөгөөг хийх өөр нэг ашигтай арга нь графикт төлөвлөгөө байна. Графикт төлөвлөгөө нь боловсруулсан баримт бичгийг бодвол илүү хураангуй байдгаараа онцлог, давуу бөгөөд графикийн дагуу ажлаа гүйцэтгэхэд боломжтой, хялбар дөхөм байдаг.
 
1.3.6.     Тооллогын бэлтгэл үе шатанд үр дүнгийн хүснэгтийн төлөвлөгөө гарсан байна. Өөрөөр хэлбэл, ямар мэдээлэл бүрдүүлэх зорилгоор тооллого, түүвэр судалгаа, үзлэгийг явуулж байгаад үндэслэн маягт, үр дүнгийн хүснэгт төлөвлөгдөнө.
 
1.3.7.     Тооллогын ажилд шаардлагатай компьютер техник хэрэгсэл болон бусад холбогдох тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлох, машин тоног төхөөрөмжийг худалдан авах, түрээслэх, зээлдэхэд шаардлагатай бүх тооцоог нарийвчлан тооцоолж, тооллого явагдахаас өмнө үйл ажиллагааны найдвартай байдлыг хангасан байна.
 
1.3.8.     Тооллогын зорилгыг тодорхойлохтой хамт үйл явц, үр дүнг мэдээлэх журмыг боловсруулна. Тооллогыг явуулж байх хугацаанд үйл ажиллагаа бүрийн явц, зардалд хяналт тавих, удирдлагаар хангахад энэ журам үйлчилнэ. Энэхүү журам нь удирдах ажилтныг тооллогын ажлын үйл явц цаг хугацаандаа, төсөвлөсөн зардлын хүрээнд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавихад шаардлагатай бүхий л мэдээллээр хангахад чиглэгдсэн байна.
 
1.4.          Тооллогын хамрах хүрээ, ангилал
 
1.4.1.     Тооллогод хамрагдах нийт олонлог буюу хамрах хүрээг бодитой тогтоох нь тооллогын үндсэн асуудал байна. Ингэснээр тооллогын төсөв, ажиллах хүчний тоо хүрэлцээ, ачаалал зэргийг тодорхойлох боломжтой болно. Тооллогын хамрах хүрээ нь тооллогын зорилготой шууд холбоотой бөгөөд тухайлбал, улсын хэмжээний өрхийн тоо байж болно. Мөн эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллаар тодорхойлогдсон нийт аж ахуйн нэгж, байгууллага байж болно. Тооллогын хамрах хүрээг тодорхойлох талаар ажлын хэсгийн гишүүд болон холбогдох яам, газруудаас саналыг авах нь тооллогын хүрээг зөв тайлбарлаж, томъёолоход дөхөмтэй байна.
 
1.4.2.     Тооллогын үр дүнгээр байгуулсан мэдээллийн санг эдийн засаг, нийгмийн салбарын түүвэр судалгааны хамрах хүрээг тодорхойлоход ашиглана.
 
1.4.3.     Тооллогын үр дүнгийн үзүүлэлтүүд нийтэд ашиглагдхуйц байхын тулд мэдээлэл нь ойлгомжтой, эмх цэгцтэй ангилагдсан байна. Статистикийн практикт тооллого, судалгааны зорилго, онцлогоос хамаарч манай улсад мөрдөж байгаа олон улсын нийтлэг ангиллуудыг ашиглана, Тухайлбал, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (4.0), бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал (2.0), монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код, ажил мэргэжлийн ангилал зэрэг стандарт ангиллууд ашиглагдана.
 
1.5.          Зар сурталчилгааны төлөвлөгөөг боловсруулах
 
1.5.1.     Тооллого явуулахын өмнө тооллого явагдах тухай зар мэдээллийг олон түмэнд буюу тооллогын нэгжүүдэд хүргэж, сурталчлан таниулах ажил зохионо. Ингэснээр тооллогод бэлтгэх, товлон зарласан хугацаанд уг тооллогод нэгжүүд бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ нь тооллогын зардлыг үр ашигтай төлөвлөж, зарцуулах, тогтоосон хугацаанд нь хамралт сайтай багтаан явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх боломж олгоно.
 
1.5.2.     Тооллогын зар сурталчилгааны төлөвлөгөө нь тооллогын ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тооллогын зорилгыг мэдээлэгчдэд ойлгуулж, тэдний эрх үүргийг ухамсарлуулж, харилцан итгэлийг олоход чиглэгдэнэ. Тооллогын явцад тооллоготой холбоотой илтгэл, шинэ сонин материалуудыг нийтийн хүртээл болгох, тооллогын ач холбогдлыг аль болох ойлгуулах ажлуудыг зохион байгуулна.
 
2.         Асуулгын зохиомж /маягт/, зааврыг боловсруулах
 
2.1.           Мэдээлэл цуглуулах асуулга нь тооллогын үндсэн баримт бичиг бөгөөд тооллогын зорилгод нийцсэн мэдээллийг бүрэн агуулсан байна. Асуулгын зохиомж, агуулгаас судалгааны үр дүн төдийгүй, мэдээллийг цуглуулах зардал, засварлах, үр дүнгийн хүснэгт авах, үр дүнг түргэн шуурхай хэвлэх зэрэг нь шууд хамаарна.
 
2.2.           Асуулга нь хоёрдмол утгатай, хэвлэлийн алдаатай байх, хариулт нөхөх зай нь бага байх зэрэг нь уг асуулгад хариулт авч чадахгүй орхигдуулах, энэ төрлийн алдааг дахин засаж залруулахад нэмэлт зардал гаргахад хүргэнэ. Тоологчийн оролцоогүйгээр хариулагч нь өөрөө бөглөж байгаа тохиолдолд асуулт бүр бүрэн хариулагдахгүй тохиолдол гардаг. Эдгээр нь асуулгын гарчиг, утга ойлгомжгүй, хэмжээ, хэлбэрийн хувьд хариулагчид ойлгомжгүй, харагдахуйцаар боловсрогдоогүй зэрэгтэй холбоотой байдгийг анхаарах шаардлагатай.
 
2.3.           Асуулгын зохиомж боловсруулах үндсэн зарчмуудыг дараах байдлаар томъёолно. Үүнд:
 
2.3.1.     Судалгааны асуулгын зохиомж нь салангад хуудас хэлбэрээр, эсхүл хуудсууд нь хэвлэмэл ном хэлбэртэй байж болно. Асуулгыг гараар нөхөхөөр боловсрогдсон бол үргэлжилсэн хуудас буюу нугалмал хэлбэртэй байх нь зохимжтой. Ийм асуулгын шугам хоорондын зайг гараар бичихэд тохиромжтой байдлаар хийнэ.
 
2.3.2.     Асуулгын хэмжээ нь асуултын тоо, маягт бөглөх заавар, үсгийн фондын хэмжээ, хариулагчийн үсэг, тоо бичих зай зэрэг бүрдэл хэсгүүдээс хамаарна. Асуулгын маягтад бичигдсэн бичилт нь уншиж болохоор, асуултууд нь ижилхэн хэв загвартай байна.
 
2.3.3.      Асуулга нь хариулагч, тоологч, статистикийн үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагын аль аль нь хэрэглэхэд нийцсэн байх шаардлагыг хангасан байна. Тухайлбал, асуултууд нь логикийн хувьд зөв дараалалтай, хоорондоо холбоотой асуудлуудыг бүлэглэсэн байх нь зохистой. (ажил эрхлэлт, цалин хөлс, үндсэн хөрөнгө гэх мэт). Хэрвээ мэдээлэл нь засварлагдах, кодлогдохоор байвал үзүүлэлтүүдийг тэмдэглэж хоорондын зайг уялдуулан тооцсон байх ёстой.
 
2.3.4.     Хариулагчийн хариулт бичих зайнаас гадна тооллого явуулж байгаа байгууллагаас бөглөх хяналтын хүснэгтийг асуулгад тусгаж өгөх шаардлагатай. Жишээ нь “Зөвхөн тооллого явуулагч байгууллага бөглөнө” гэсэн зай байна. Энэ зайд бичигдэх зүйл нь дараах 3 хэлбэртэй байна.
 
2.3.4.1.          Хяналтын мэдээлэл: тухайлбал нэгжийн регистрийн дугаар, тоологчийн дугаар, он, сар өдөр, мэдээлэл авсан газар;
 
2.3.4.2.          Төрөл бүрийн кодууд: байршлын, үйл ажиллагааны  чиглэлийн,              тухайн нэгжийн хариуцлагын болон өмчийн хэлбэр;
 
2.3.4.3.          Тооцооны үзүүлэлтүүд: ажиллагчдын дундаж тоо, дундаж  цалин гэх мэт
 
2.3.5       Асуулгын үзүүлэлтүүдийг дугаарлаж, асуулгыг нөхөх зааварт ойлгомжтой тайлбарлаж өгвөл зохино. Нэгээс илүү мэдээллийн маягт хэрэглэж байгаа тохиолдолд ижил үзүүлэлтийг ижил дугаарлан хадгалах байдлаар зохиомжийг хийнэ.
 
2.3.6       Мэдээлэгч нэгжийн нэр болоод хаяг тодорхой хугацаанд өөрчлөгддөг учир асуулгын хаягийн хэсэгт бичлэгийн зайг гаргаж өгнө. Түүнчлэн асуулгын зохиомжийг боловсруулахдаа хариулагч өгсөн мэдээлэлдээ тайлбар хийх зайг оруулж өгөх шаардлагатай. Нэр, хаяг, утасны дугаарыг асуулгад оруулж өгөх нь нөхөгдөөгүй асуулт болон мэдээлэгчээс буцаж лавлагаа авах боломжийг олгоно. Асуулгын төгсгөлд мэдээллээ үнэн зөв өгснийг баталгаажуулсан гарын үсэг, тамга тэмдэг дарах зайг тусгайлан гаргана.
 
2.4             Маягт нөхөх заавар, түүнд тавигдах шаардлага
 
2.4.1       Маягт нөхөх заавар нь ойлгомжтой, товчхон, боловсрогдсон байна. Тооллогын асуулгыг туршилт тооллого явуулснаар асуулга нөхөх зааварт нэмж тусгах асуудлыг тодорхойлох боломжтой байдгийг анхаарвал зохино. Асуулга, зааврыг тус тусад нь боловсруулсан байх шаардлагатай.
 
2.4.2       Маягт нөхөх зааварт дараах асуудлууд заавал тусгагдана. Үүнд:
 
2.4.2.1            Тооллогын эрх зүйн үндэслэл;
2.4.2.2            Yзүүлэлтүүдийн талаарх ойлголт, тодорхойлолт, хэмжих нэгж;
2.4.2.3            Мэдээллийн нууцлал;
2.4.2.4            Мэдээлэх байгууллагын төрөл;
2.4.2.5            Үзүүлэлтийн хоорондын уялдаа;
2.4.2.6            Асуулгыг нөхөх он, сар, өдөр;
2.4.2.7            Нөхөгдсөн маягтыг хэрхэн буцааж хүргүүлэх зааварчилга;
2.4.2.8            Асуулгад тусгагдсан үзүүлэлтүүдийн хамрах хугацаа; жишээ нь       үзүүлэлтийг жил, сар, улирлаар нөхөх эсэхийг
2.4.2.9            Тооллогын онцлогтой холбоотой бусад асуудал зэрэг болно.
 
 
 
2.5             Асуултыг оновчтой сонгоход анхаарах асуудлууд
 
2.5.1       Асуулт нь мэдээлэгч болон ярилцлага авагчид маш ойлгомжтой байвал зохино. Асуулгыг олон сонголттой асуултаас аль тохирохыг нь сонгох байдлаар боловсруулсан тохиолдолд бүх боломжит хариултуудыг нь асуулгад тусгаж өгсөн байна.
 
2.5.2       Асуулгын маягтын загварыг бодлогын мэргэжилтэн, мэдээлэл боловсруулалтын мэргэжилтэн, маягтын зохиомжийн мэргэжилтнүүд хамтран боловсруулна. Бодлогын асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь үнэн зөв мэдээлэл цуглуулахын тулд ямар үзүүлэлтийг, ямар дараалалтайгаар асуулгад оруулах вэ гэдгийг тодорхойлох үүрэгтэй бөгөөд энэ нь асуулгын зохиомжид ихээхэн нөлөөлнө.
 
2.5.3       Мэдээлэл боловсруулалтын мэргэжилтэн нь мэдээллийг хэрхэн үр дүнтэй, зардал багатайгаар боловсруулж болохыг хариуцна.
 
2.5.4       Асуулгын зохиомжийг боловсруулахдаа мэдээлэгчээс мэдээллийг бүрэн олж авахын тулд асуулгын үзүүлэлтүүд харагдахуйц, тод гаргацтай байлгахад анхаарна.
 
3.         Сургалт, семинарын ажлыг зохион байгуулах
 
3.1.           Тооллогын үйл ажиллагаанд оролцох ажилтныг сонгохдоо статистикч, эдийн засагч, нийгэм судлаач, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр тодорхой боловсрол эзэмшсэн, тооллого, судалгааны талаар мэдлэгтэй, ажлын туршлагатай, холбогдох сургалтад хамрагдсан байх шаардлагуудыг харгалзана.
 
3.2.           Сургалтын гол зорилго нь судалгааны зорилго, ач холбогдол, асуулгын үзүүлэлт бүрийн талаар тоологчдод тодорхой, нэгдсэн ойлголтыг өгөх, мэдээллийг хэрхэн цуглуулахад шууд чиглэгдэнэ.
 
3.3.           Сургалтын үеэр тоологчийн тоо хэтэрхий олон байх нь сургалтын чанарт муугаар нөлөөлдөг. Шалгалт сорилтууд, туршилт хийж, нийтлэг гарсан алдааг дахин ойлгуулж засварлах замаар сургалтыг явуулбал зохимжтойг анхаарах шаардлагатай.
 
3.4.           Сургалтын нэг хэлбэр нь тоологчдод сургалтын материалыг гэрээр өгч судлуулж, тодорхой хугацааны дараа тоологчоос шалгалт авах арга бөгөөд шалгалтаа амжилттай өгсөн тоологчийг дараачийн ярилцлагад урьж оролцуулан, бичгээр өгсөн шалгалтад буруу хариулсан асуултыг нь дахин асуух замаар шалгаж, ойлголтыг нь батжуулж өгөх зарчмыг баримтална.
 
Б. Мэдээллийг цуглуулах үе шат
 
1.            Тооллогын мэдээллийг цуглуулах хоёр үндсэн арга хэрэглэгдэнэ. Үүнд:
 
1.1.  Асуулгыг хариулагчдад шуудангаар (цахилгаан шууданг хамруулна) илгээж, тодорхой хугацааны дараа буцааж авах;
 
1.2.  Нүүр тулж ярилцлага авах арга;
 
2.            Тоологч тооллогын нэгж дээр биечлэн очиж өгсөн хариултад үндэслэн асуулгыг нөхөн авах аргаар тооллого явуулна. Энэ арга нь асуултад хариулахад хялбар, асуулга нь хамгийн энгийн, тооллогод хамрагдах нэгжийн тоо цөөхөн тохиолдолд илүү зохимжтой байна.
 
3.            Тоологч тооллогын нэгж дээр биечлэн очиж тооллого, судалгааны зорилго, ач холбогдлыг тайлбарлан өгч, хариулагчаар нөхүүлэхээр асуулгыг үлдээж, тодорхой хугацааны дараа буцааж авахаар тохиролцон нөхүүлэх аргыг хэрэглэж болно. Энэ үед гүйцэтгэлийг тоологчийн зүгээс дахин хянах шаардлагатай болдог.
 
4.            Асуулгыг хариулагч руу шуудангаар хүргүүлж, мэдээлэгч тодорхой хугацааны дараа маягтыг нөхөж, судалгаа явуулж буй байгууллагад хүргэж өгөх, эсхүл интернэтээр хариуг хүргүүлэх арга замаар тооллого явуулж болдог. Энэ арга нь өндөр хөгжилтэй орнуудад хамгийн нийтлэг ашиглагдаж буй арга юм.
 
5.            Тоологч нь мэдээлэгчээс ярилцлага авахын өмнө өөрийгөө сайтар бэлтгэсэн байна. Ярилцлага авахаас өмнө асуулгын хуудсыг сайн судалж, асуултын дарааллыг мэдэрч, өөрийн болгоно. Асуулт бүрийн утга санаа, агуулгыг сайтар мэдсэн байх ёстой.
 
6.            Судалгаанд гарахаас өмнө гарын авлага, сонгогдсон нэгжүүдийг тэмдэглэсэн газрын зураг, харандаа, бал, тооны машин, асуулгын хуудас зэрэг шаардлагатай бүх материалыг биедээ авч явна.
 
7.            Мэдээлэл цуглуулах үе шат нь тооллогод хамрагдсан нэгжүүдээс мэдээллийг бүрэн гүйцэд цуглуулж авах үйл ажиллагаа байна.
 
8.            Мэдээллийг цуглуулахад нарийвчлан гаргасан газар зүйн зураглал зайлшгүй чухал. Энэхүү зураглал нь аймаг, дүүрэг, сум, баг, хорооны хил хязгаарыг тодорхой гаргаж өгсөн байна. Мэдээлэл авах хилийг гудамжаар тогтоосон тохиолдолд түүнд байгаа тооллогын бүх нэгжийг зураглалд нэг бүрчлэн тусгаж өгнө.
 
9.            Судалгааны талаар тайлбарласны дараа тоологчийнхоо үндсэн ажилд орж, асуулгаа нөхөж эхэлнэ.
 
10.       Мэдээлэгчээс асууж ярилцах, сануулах замаар судалгааны асуултыг нөхнө. Асуултыг асуух явцад хариулт эргэлзээтэй, эсхүл буруу санагдвал дахин тодруулж, зөв хариултыг заавал авна.
 
11.       Маягтад тусгагдсан нэг үзүүлэлтээс нөгөө үзүүлэлт рүү шилжих тайлбарыг нэг бүрчлэн уншиж, үзүүлэлт хоорондын болон балансын шалгалтыг маягтад заасны дагуу заавал хийнэ.
 
12.       Мэдээлэгч, нэгжээс явахын өмнө асуулгын хуудас бүрийг нягтлан үзэж, бүрэн бөглөгдсөн эсэх, тавигдах код зөв нөхөгдсөн эсэхийг шалгана.
 
13.       Судалгаа авсны дараа орон нутагт томилогдсон хянагч, эсхүл тусгайлан бэлтгэгдсэн тоологч судалгааг авсан мэдээлэгчдээс тодорхой хэсгийг сонгон авч, мэдээлэл зааврын дагуу цуглуулагдсан эсэхийг хянана. Мэдээллийг сонгосон мэдээлэгчээс дахиж авах тохиолдолд асуулгын бүх үзүүлэлтийг биш, зөвхөн гол цөм асуултыг асуух замаар тодорхойлно.
 
 
В. Мэдээлэл боловсруулах, чанарын үнэлгээ хийх үе шат
 
1.            Тооллогын асуулгын хуудас нөхөгдөж ирсний дараа асуулгын хуудас бүрэн нөхөгдсөн эсэх болон үзүүлэлтүүд үнэн зөв бөглөгдсөн эсэхийг дахин нягталж шалгана.
 
2.            Мэдээллийг нөхөх явцад үзүүлэлтүүд бүрэн бөглөгдсөн хэдий ч мэдээллийн бусад эх үүсвэртэй харьцуулж үзэхэд илэрхий алдаатай байвал тооллого, судалгаанд хамрагдсан тухайн нэгж рүү хандаж, алдааг богино хугацаанд засварлана.
 
3.            Тооллого, судалгааны мэдээллийг дараах байдлаар нягтлан хянана.
 
3.1.     Тооллогын хүрээний хяналт: Тооллогын тогтоосон хүрээнд багтсан нэгжүүд тооллогод бүрэн хамрагдсан эсэх болон хүрээнээс гаднах нэгжүүд тооллогод орж ирсэн эсэхийг сайтар нягтална.
 
3.2.     Мэдээллийн дотоод логик шалгалтууд, мэдээлэл хоорондын уялдааны шалгалт: Асуулгын бүлгүүдэд байгаа ижил үзүүлэлтүүд ижил бөглөгдсөн эсэх, үзүүлэлтүүдээс тооцож болох харьцаанууд бусад мэдээллийн эх үүсвэртэй болон өмнө нь хийгдсэн судалгааны эх үүсвэрүүдтэй харьцуулахад боломжийн түвшинд байгаа эсэхийг шалгана.
 
3.3.     Мэдээллийн гаднах шалгалтууд: Мэдээллийн үзүүлэлтүүд, тооцож болох харьцаануудыг шаардлагатай бол бусад орны ижил төстэй мэдээлэлтэй харьцуулж шалгана.
 
4.            Мэдээллийн боловсруулалтад шаардлагатай кодын системийг нэгдсэн байдлаар мөрдөнө. Үүнд: Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал (4.0), Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал (2.0), Монгол улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код, Ажил мэргэжлийн ангиллаас гадна улс орнуудын код, аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэр, төрлийн код зэрэг болно.
 
5.            Ашиглаж байгаа код нь олон улсын нийтлэг мөрдөж буй ангилалд нийцсэн, улс орны хэмжээний үзүүлэлтүүдийг олон улсын мэдээлэлтэй зэрэгцүүлхүйц түвшинд байна.
 
6.            Хүснэгтээр нэгтгэгдсэн мэдээлэл нь үнэн бодитой, мэдээллийн бусад эх үүсвэрүүд болон өмнөх тооллого, судалгааны үр дүнгүүдтэй зэрэгцүүлэгдхүйц түвшинд байгаа эсэхийг анхлан тодорхойлно. Боломжтой бол хөгжлийн түвшингээрээ ойролцоо түвшинд байгаа бусад орны ижил төстэй мэдээлэлтэй харьцуулагдах түвшинд байгаа эсэхийг мөн шалгана.
 
7.            Хэвлэхийн өмнөх хяналт нь цуглуулсан мэдээллийн үр дүнг баталгаажуулах, алдааг илрүүлэх, өмнөх шатанд хийгдсэн засварлах, кодлох үйл ажиллагааг хянахад чиглэгдэхгүй, харин үзүүлэлтийн бусад мэдээлэлтэй уялдаж байгаа уялдаа, ерөнхий зүй тогтлын талаар нягталж, хэвлэн нийтлэхэд бэлэн болсон эсэхийг тодорхойлох зорилготой. Уг хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн хүрээнд шүүмж /экспертиз/ явуулах зарчмаар гүйцэтгэнэ.
 
8.            Мэдээллийн утга агуулга, үр дүн, ач холбогдлыг тодорхойлох зорилгоор явцад нь хяналт хийнэ.
 
9.            Мэдээллийн эцсийн шалгалт нь тооллогын үр дүнд боловсруулагдсан мэдээлэлд гарсан алдаа байгаа эсэхийг олж хайх зорилгыг агуулна. Тухайлбал, тухайн салбарт гол байр эзэлдэг нэгжийн гүйцэтгэл давхардсан болон орхигдсон эсэх, хэмжих нэгжийг буруу ашигласан, багана, мөрийг зөрүүлж тооцоог хийсэн, илэрхий буруу кодолсон зэрэг алдаа гарахаас сэрэмжилж энэхүү давхар шатны хяналтыг нарийвчлан хийнэ.
 
10.       Мэдээллийн эцсийн шатны хяналт нь дараах 3 зорилгыг агуулсан байна. Үүнд: мэдээллийн дотоод уялдааны хяналт; мэдээллийг байгаа эх үүсвэртэй болон өмнөх тооллого, судалгааны үр дүнтэй харьцуулагдах байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; мэдээллийн хязгаарлагдмал байдлыг илрүүлэх, тодорхойлох.
 
11.       Мэдээллийн дотоод уялдааны хяналт: мэдээллийн нэгдсэн хүснэгтэд тусгагдсан үзүүлэлтүүд хоорондоо уялдсан байдлыг нарийвчлан шалгана, тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд нэг ажиллагчид ноогдох орлого, хөрөнгө, цалин, бүтээмжийн үзүүлэлтүүд гэх мэт байж болно.
 
12.       Зэрэгцүүлэлтийг холбогдох яам, агентлагийн мэдээлэлтэй харьцуулалт хийх, тооллого, судалгаа явуулсан тухайн жилийн өмнөх оны үр дүнтэй зэрэгцүүлж үзэх, хөгжлийн ойролцоо улс орны зэрэгцүүлж болох үзүүлэлтүүдтэй харьцуулалт хийх зэрэг арга замаар гүйцэтгэнэ.
 
13.       Мэдээллийн хязгаарлагдмал байдлыг илрүүлэх, тодорхойлох зорилгоор мэдээллийн дутагдалтай талыг сайтар тусгаж харуулна, тухайлбал, өмнөх тооллоготой харьцуулбал тооллогын хамралт, хөрөнгийн боломж, газар нутаг, хил хязгаарын өөрчлөлт, ангиллын системийн өөрчлөлт зэргээс хамаарч зарим үр дүнг гаргаж чадаагүй байж болно. Энэ талаарх мэдээллийг хуудасны дээд, доод хэсэгт тусгайлан тэмдэглэж өгнө.
 
Г. Тооллогын үр дүнг хэвлэн нийтлэх, тархаах үе шат
 
1.            Тооллогын үр дүнг хэвлэж, нийтлэх нь тооллогын, үйл ажиллагааны сүүлчийн шат болох мэдээллийн нууцлалыг хангасан бүх мэдээллийг нийтийн хүртээл болгох ажиллагаа болно.
 
2.            Тооллогын үр дүнгээр хийгдсэн нэгтгэсэн хүснэгт нь хэрэглэгчдэд илүү их мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэнэ. Ерөнхий байдлаар дүрсэлбэл, нийтэд тархааж байгаа хүснэгтэн мэдээлэл нь хүснэгт зохиох наад захын зарчмуудыг баримталсан, хүснэгтийн гарчиг өгөгдсөн, тайлбар, ишлэлийг зааж өгсөн, хөндлөн болон босоо байрлалыг зохистой ашигласан, том үсэг, товчилсон үг, цэг, тэмдгийн дүрмийг хангасан байвал зохино.
 
3.            Хүснэгтэн мэдээлэл нь хэрэглэгчийн зүгээс хамгийн хялбар ойлгомжтой, тайлбарлагдхуйц байна. Хүснэгт нь үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн багтаасан байна.
 
 
 
ДӨРӨВ. ТҮҮВЭР СУДАЛГАА ЯВУУЛАХ ЗАРЧИМ,
 ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
1.      Түүвэр судалгаа нь мэдээлэл цуглуулах статистикийн түгээмэл арга бөгөөд судалгааны үр дүн нь эдийн засаг, нийгмийн аль ч салбарт удирдлагын шийдвэр гаргах суурь мэдээлэл нь болно.
 
 
2.      Судалгааны объектын тодорхой хэсгийг судалж түүгээрээ уг объектын ерөнхий шинж чанарыг тодорхойлох аргыг түүвэр судалгаа гэнэ. Судалгааны үндсэн объектыг бүхэлд нь эх олонлог гэж нэрлэнэ. Үүний дотроос ажиглалт, судалгаанд хамрагдаж байгаа хэсгийг түүвэр олонлог гэнэ.
 
3.      Түүвэр судалгаа нь дараах үе шатуудтай байна. Үүнд:            
 
А. Судалгааны бэлтгэл үе шат
 
1. Судалгааг төлөвлөх зохион байгуулах
2. Асуулгын зохиомжийг боловсруулах
 
Б. Түүврийн зохиомжийг боловсруулах үе шат
В. Үндсэн мэдээллийг цуглуулах, үр дүнг нийт олонлогт тархаах үе шат
Г. Судалгааны үр дүнг нэгтгэх, нийтлэх үе шат
 
А. Судалгааны бэлтгэл үе шат
 
1.          Судалгааг төлөвлөх зохион байгуулах
 
1.1.           Судалгааны зорилго товч, тодорхой томъёологдсон байвал зохино.
 
1.2.           Судалгааг явуулахад мэргэшсэн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Судалгааг эхнээс нь зөв дараалалтай томъёолж, гүйцэтгэхэд анхаарах ёстой. Судалгаа явагдаж дууссаны дараа алдааг засаж, залруулах нь бараг боломжгүй байдаг бөгөөд үр дүнг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй болдог.
 
1.3.           Судалгааны хамрах хүрээ буюу судлагдах нийт олонлог бүрэн тодорхойлогдсон байна.
 
1.4.           Судалгааны мэдээлэгчид мэдээллийг бүрэн өгөх боломжтой гэдгийг судалгаа эхлэхээс өмнө тодорхойлсон байна.
 
1.5.           Судалгаа явуулахаас өмнө судалгаанд оролцож ажиллах ажилтан, хөрөнгө, санхүү, цаг хугацааны хувьд бүрэн тодорхойлогдсон байна.
 
2.          Асуулгын зохиомж боловсруулах
 
2.1.           Асуулгын утга нь судалгааны зорилготой шууд нийцсэн байх ёстой. Асуулга нь өөрөө нарийн дэс дараалалтай, утга нь ойлгомжтой, товч, тодорхой байна.
 
2.2.           Хэрэв мэдээлэгч хариулахаас татгалзах, эсхүл хариулах боломжгүй асуулт байвал тэдгээр асуултын хариу нь хүчингүй болох магадлалтай. Иймд асуулгад хариулж болох хэлбэрүүд, тухайлбал, “мэдэхгүй”, “бусад” гэсэн хариултыг асуулгад заавал оруулж өгнө.
 
2.3.           Урт, сунжирсан асуулга оруулахаас аль болох татгалзвал зохино.
 
2.4.           Судалгааны үр дүнг үнэн зөв гаргахын тулд судалгаа явуулахын өмнө асуулгыг заавал туршсан байна.
 
Б. Түүврийн зохиомжийг боловсруулах үе шат
 
1.            Түүвэр судалгааны аргыг ашиглаж нийт олонлогийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргахын тулд магадлалт түүврийн аргыг ашиглана.
 
2.            Магадлалт түүврийн хэд хэдэн аргууд байдаг бөгөөд судалгаа явуулж байгаа судалгааны баг тэдгээр аргуудын онолын болон практик үе шатуудыг сайтар судалсан байвал зохино. Түүврийн нэгжийг сонгох магадлал нь мэдэгдэж байх ёстой. Тэнцүү биш магадлалтай түүврийн үед түүврийн үр дүнд үндэслэн нийт олонлогийг үнэн бодитой тооцох хувийн жингийн аргыг хэрэглэж болно.
 
3.            Түүврийн нэгжийг сонгох маш сайн түүврийн хүрээ бэлтгэгдсэн байвал зохино.
 
4.            Түүврийн хэмжээ нь нийт олонлогийн шинж чанар, түүврийн арга, нийт олонлогийг тооцох түвшин, нарийвчлалаас хамаарна. Мөн төсөв, хүн хүчний боломжоос шууд хамаарна.
 
5.            Түүврийн нэгжүүд сонгогдсоны дараа тэдгээрийг өөрчилж болохгүй.
 
 
В. Үндсэн мэдээллийг цуглуулах, үр дүнг нийт олонлог   
     тархаах үе шат
 
1.            Мэдээлэл цуглуулахдаа мэдээлэгчээс биеэр очиж асуулгыг бөглөх, утсаар ярилцаж авах, эсхүл шуудангаар асуулгын хуудсыг хүргүүлж бөглүүлэх аргуудыг хэрэглэнэ. Хамгийн гол нь мэдээлэгчээс хариултыг үнэн зөв авахад аль арга нь тухайн судалгаанд илүү тохиромжтойг сайтар судалж сонгоно.
 
2.            Судалгаа явуулахтай холбогдсон зохицуулалтууд, (ярилцлага авагчийн ачааллыг зөв хуваарилах, тээврийн хэрэгсэл, унааны асуудлыг зохистой шийдвэрлэх зэрэг) асуудлыг хянамгай бодолцож, судалгааны ажил жигд, үр дүнтэй явагдахад ажлаа чиглүүлж төлөвлөсөн байна.
 
3.            Судалгаа эхлэхээс өмнө ярилцлага авагч, хянагч нарт, судалгааны талаар сургалт зохион байгуулж, судалгааны зорилго, ойлголт, тодорхойлолтуудыг сайтар ойлгуулсан байна.
 
4.            Ярилцлага авагч нарт асуултын утга агуулгыг мэдээлэгчээс хариулт авахаас өмнө сайтар ойлгуулсан байх ёстой. Хэрэв асуултыг хариулах явцад ямар нэг асуудал гарвал дахин тайлбарлаж ойлгуулах чадвартай байвал зохих бөгөөд тайлбарыг мэдээлэгчийн хариултад шууд нөлөөлөхүйцээр хийж болохгүй.
 
5.            Ярилцлага авагчаас гаргаж байгаа хүч чармайлт бүхэн үр дүнд хүрч, мэдээлэгчийн хамралтын түвшинг дээшлүүлэх ёстой, хамралтын түвшин доогуур байвал түүврийн үр дүнд муугаар нөлөөлж, улмаар судалгааны үр дүн хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргэнэ. Мэдээлэл авч чадаагүй мэдээлэгчидтэй дахин уулзах зохицуулалтыг заавал хийж, мэдээлэгчийг мэдээлэл өгөх боломжоор хангасан байна. Мэдээлэгчийн хамралтын түвшин доогуур байгаа тохиолдолд мэдээлэл цуглуулах аргыг судалгааны үр дүнг зөв тайлбарлахад туслах зорилгоор дахин эргэж авч үзнэ.
 
6.            Мэдээлэгчийн нууцыг чандлан хадгална. Мэдээлэгчийг үнэн зөв мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлэх үүднээс судалгааны үр дүнг нэгтгэсэн түвшинд боловсруулна.
 
7.            Судалгаагаар цуглуулагдсан мэдээллийг нэг бүрчлэн шалгаж эцэслэсний дараа судалгааны дүнг нийт олонлогт тархааж, тооцоог хийнэ. Ингэхдээ түүвэр судалгаанд сонгогдсон нэг нэгж нийт олонлогийн хэдэн нэгжийг төлөөлж чадаж байгааг харгалзан, түүврийн жинг ашиглан судалгааны тархаалтыг хийнэ. Түүвэр судалгаагаар цуглуулсан үндсэн үзүүлэлтүүд нь сонгогдсон нэгжүүдийн хувьд дундаж үзүүлэлт байх бөгөөд нэг нэгжийн дунджийг нийт олонлогийн нэгжийн тоонд тархааж, тооцоог хийнэ.
 
Г. Судалгааны үр дүнг нэгтгэх, нийтлэх үе шат
 
1.            Судалгааны үр дүнгийн шинжилгээг ямар түвшинд хийх талаар бүдүүвч гаргаж, урьдчилан тооцоолсон байна.
 
2.            Мэдээллийг нэгтгэх, анализ дүгнэлт хийх статистикийн судалгааны аргуудыг ашигласан байна.
 
3.            Судалгааны үр дүнгийн тайлан нь судалгааны үе шатуудад хийгдсэн ажлуудыг бүх талаас нь нарийвчлан харуулсан байна. Ялангуяа судалгааны хамрах хүрээ, түүврийн зохиомж, түүврийн хэмжээ, түүврийн алдаа, түүврийн бус алдаа, хамралтын түвшин ямар байсан талаар тодорхой дурьдсан байвал зохино. Судалгааны асуулга мөн хавсрагдсан байна.
 
4.            Судалгааны үр дүнг нийтэд тархаах үед судалгааны арга зүй, дүгнэлтийг аль алиныг нийтэд тархааж мэдээлнэ.
 
 
ТАВ. ҮЗЛЭГ ЯВУУЛАХ ЗАРЧИМ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
 
1.           Тооллого, түүвэр судалгаанаас гадна салбарын дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн, бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийхэд шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулах зорилгоор үзлэгийг явуулдаг. Үзлэгийн үр дүн нь эдийн засаг, нийгмийн аль ч салбарт удирдлагын шийдвэр гаргахад нэмэлт мэдээллийн эх үүсвэр болдог.
 
2.           Үзлэг нь тодорхой шинж чанарыг агуулсан олонлогт багтсан бүх нэгжийг хамруулан судалж, бүрэн гүйцэд мэдээллийг өгнө. Мэдээллийг нарийвчилсан түвшинд дэлгэрэнгүй байдлаар гаргахын зэрэгцээ бусад судалгаа, шинжилгээний ажил, салбарын бодлого тодорхойлоход шаардлагатай суурь мэдээлэл нь болно.
 
3.           Үзлэг нь олонлогийг тоон талаас нь судлахаас гадна чанарын талаас нь илүү судлах боломжтой бөгөөд олонлогийн шинж чанар, стандарт хэм хэмжээ, зүй тогтлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгч чаддагаараа тооллого, түүвэр судалгаанаас ялгагдах онцлог шинжтэй.
 
4.           Үзлэгийн үр дүн бодитой байхын тулд зохион байгуулалтын нарийн дэс дараалалтайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн, ажлын ерөнхий үе шат мөн зайлшгүй шаардлагатай.
 
5.           Үзлэгийг дараах үе шатаар явуулна. Үүнд:
 
А. Үзлэгийн бэлтгэл үе шат
 
          1. Үзлэгийг төлөвлөх, зохион байгуулах
                     2. Асуулгын зохиомж боловсруулах
 
        Б. Мэдээлэл цуглуулах үе шат
В. Үр дүнг нэгтгэж, нийтлэх үе шат
 
А. Үзлэгийн бэлтгэл үе шат
 
1.          Үзлэгийг төлөвлөх, зохион байгуулах
 
1.1.           Үзлэг явуулах эрхийн акт нь тооллогын үйл ажиллагааг тогтоосон хугацаанд явуулж, үр дүнд хүргэх эрх зүйн үндэс болж өгдөг. Үзлэг явуулах тухай яамны сайд, түүнтэй адилтгах албан тушаалтны албан ёсны шийдвэр нь үзлэг явуулах эрх зүйн үндэс болно.
 
1.2.           Үзлэгийг төлөвлөж зохион байгуулж явуулахын тулд юуны өмнө үзлэгийн зорилго товч, тодорхой томъёологдсон байвал зохино.
 
1.3.           Үзлэгийг чанар сайтай зохион байгуулж, үр дүнг бодитойгоор гаргахын тулд энэ чиглэлээр мэргэшсэн өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулбал зохино. Мэдээллийн хэрэгцээ болон үзлэг явуулах талаар туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр ажлын хэсгийн гишүүдийг бүрдүүлж ажиллуулах нь үзлэгийн төлөвлөлтөд төдийгүй үзлэгийн зорилгод нийцсэн асуулгын ерөнхий загварыг гаргах, үзлэгээс гаргаж авах шаардлагатай мэдээллийг тодорхойлох, мэдээллүүд нь өөр хоорондоо хэрхэн уялдах, үр дүнг хэрхэн бодитойгоор нэгтгэх зэргийг шийдвэрлэхэд сайн нөлөө үзүүлнэ.
 
1.4.           Үзлэг явуулах төлөвлөгөөг боловсруулж, батлуулах нь үзлэг явуулах ажлын эхлэл болох бөгөөд үзлэг явуулахтай холбогдсон асуудлуудыг иж бүрнээр нь багтаасан байвал зохино. Уг төлөвлөгөөнд үзлэг явагдах хугацаа, зардал болон үзлэгт оролцох хүн хүчний тоо зэргийг бодитойгоор тооцож тусгасан байвал зохино.
 
1.5.           Үзлэгийн бүх үйл ажиллагааг нарийн хянаж үзэхийн тулд үзлэгийн эцсийн үр дүнг гаргах хугацааг тодорхой болговол зохино. Ингэснээр цаг тухайд нь хуваарьт ажлаа хийж гүйцэтгэхийн тулд юу хийх ёстой вэ? гэдгийг хянах боломжтой болно.
 
1.6.           Үзлэгт шаардлагатай хүн хүч, хөрөнгө, санхүү, тоног төхөөрөмжийн тооцоог нарийн сайн тооцож бэлтгэсэн байна.
 
1.7.           Үзлэгийн хамрах хүрээ буюу сонгож авсан нийт олонлог маш сайн тодорхойлогдсон байна.
 
1.8.           Үзлэг явуулахын өмнө үзлэгт хамрагдах нэгжүүдэд хандсан сурталчилгааны ажлыг зохион байгуулна. Энэ нь үзлэгт бэлтгэх, үзлэг явагдах хугацаанд бүрэн хамрагдах боломжийг бүрдүүлэх бөгөөд үзлэгийг амжилттай, тогтоосон хугацаанд нь багтаан явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх боломжийг олгоно.
 
2.          Асуулгын зохиомж боловсруулах
 
2.1.           Үзлэг явуулах асуулгын утга нь зорилготойгоо шууд нийцсэн байх ёстой. Асуулга нь нарийн дэс дараалалтай, утга нь ойлгомжтой, товч, тодорхой байна.
 
2.2.           Асуулгын хэмжээ нь асуултын тоо, маягт бөглөх заавар, үсгийн фондын хэмжээ, хариулагчийн үсэг, тоо бичих зай зэргээс хамаарна. Асуулгын маягтад бичигдсэн бичилт нь уншиж болохоор байх, асуултууд нь ижилхэн хэв загвартай байвал зохино.
 
2.3.           Үзлэгийн үр дүнг үнэн зөв гаргахын тулд үзлэг явуулахын өмнө асуулгыг заавал туршсан байна.
 
 
Б. Үндсэн мэдээллийг цуглуулах үе шат
 
1.            Үзлэгийн мэдээлэл цуглуулахдаа мэдээлэгчээс биеэр очиж асуулгыг нөхөх, эсхүл үзлэгт хамрагдах нэгжүүдийг тусгай хуваарийн дагуу тогтоосон газарт ирүүлж, асуулгыг нөхөх аргууд нь үзлэгийн хувьд      тохиромжтой бөгөөд энэ талаар холбогдох шийдвэрт тусгасан байна.
 
2.            Үзлэг эхлэхээс өмнө ярилцлага авагч нарт уг үзлэгийн талаар сургалт зохион байгуулж, үзлэгийн зорилго, ойлголт, тодорхойлолтуудыг сайтар ойлгуулсан байна.
 
3.            Үзлэгийг чанартай явуулахын тулд үзлэг явагдаж байх хугацаанд хяналтын ажлыг зохион байгуулж, гарч байгаа дутагдлыг дор бүр нь залруулж байна.
 
 
В. Үзлэгийн үр дүнг нэгтгэж, хэвлэн нийтлэх үе шат
 
1.            Үзлэгээр цуглуулсан мэдээллийг нэгтгэх, үр дүнг боловсруулах, нийтлэх нь үйл ажиллагааны сүүлчийн шат байна.
 
2.            Yзлэгийн үр дүнг нэгтгэх хүснэгт нь хэрэглэгчдэд мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэнэ. Хүснэгтэн мэдээлэл нь хүснэгт зохион нийтлэг зарчмуудыг баримталсан, хүснэгтийн гарчиг өгөгдсөн, тайлбар, ишлэлийг зааж өгсөн, хөндлөн болон босоо байрлалыг зохистой ашигласан, том үсэг, товчилсон үг, цэг, тэмдгийн дүрмийг хангасан байна.
 

Хүснэгтэн мэдээлэл нь хамгийн хялбар ойлгомжтой боловсрогдсон байх ёстой. Хүснэгт нь үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн багтаасан байна.