- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙНҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ДАРГА (ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ)-ЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙНҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ДАРГА (ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ)-ЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.Хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан (дарга, захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.
2.Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх удирдах албан тушаалтан гэдэг (цаашид төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч) гэх)-т Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 16.2.1-16.2.13-т зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан болон эрүүл мэнд, биеийн тамир, спорт зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ыг хамааруулна.
3.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5-д заасан болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан болон тухайн албан тушаал (ажлын байр)-ын шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино.
4.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа шударга, ил тод, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
5.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) эрхлэн гүйцэтгэнэ.
6.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна.
7.Албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг, хүлээх хариуцлага болон дор дурдсан шалгуурыг хангасан байдлыг тусгасан байна:
- тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг;
- боловсролын төвшин;
- мэргэжил;
- ажлын туршлага, мэргэшлийн ур чадвар.
8.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалын сул орон тооны захиалгын тоо, ажлын шаардлагыг харгалзансонгон шалгаруулалт явуулах хугацааг салбар зөвлөл тухайн үед нь шийдвэрлэж байна.
9.Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг дэргэдээ салбар зөвлөл бүхий төрийн байгууллага жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
Хоёр. Захиалга ирүүлэх
10.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь уг албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд ирүүлнэ
Гурав. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх
11.Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалт явуулахаас 21 - ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаал (ажлын байр)-ын талаар болон бусад холбогдох мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
12.Мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх болон сонгон шалгаруулалт явуулах байр, хугацаа зэргийг заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулах комисс тухай бүрт нь мэдээлж байна.
Дөрөв. Сонгон шалгаруулах комисс байгуулах
13.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс (цаашид “комисс” гэх)-ыг салбар зөвлөлийн шийдвэрээр дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 3-аас доошгүй хүний бүрэллдэхүүнтэй байгуулна. Комиссыг салбар зөвлөлийн гишүүн ахална. Комиссын бүрэлдэхүүнд тухайн салбарын талаар мэдлэг, туршлагатай албан тушаалтныг оруулна.
14.Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна.
15.Комисс нь сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
16.Комисс дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1)нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хянан нэгтгэх;
2)сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;
3)сонгон шалгаруулалтын дүнг хурлаараа хэлэлцэж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах;
4)сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж байх;
5) сонгон шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах;
6) сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын хамт салбар зөвлөлд ирүүлэх.
17.Комиссын нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1)сонгон шалгаруулалттай холбогдсон бүх асуудлаар комиссын даргад өдөр тутам тусалж, холбогдох мэдээллээр хангах;
2) сонгон шалгаруулалттай холбогдсон санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлж байх;
3)комиссын хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрийг нь зохих журмын дагуу албажуулах;
4)сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлангийн төслийг бэлтгэх;
5)сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж архивт шилжүүлэх.
Тав. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх
18.Комисс сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурдсан материалыг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ:
1)биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
2) боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3) иргэний үнэмлэх;
4) ажил байдлын тодорхойлолт;
5) 4 х 6-ийн зураг 2 хувь.
19.Тухайн ажлын байранд тавигдах шардлагыг хангаагүй болон энэ журмын 18 дугаар зүйлд заасан материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Зургаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
20.Комисс сонгон шалгаруулалтыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
а) Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд ажиллах хүсэлт ирүүлсэн иргэний өргөдөл, биеийн байцаалт, бусад холбогдох материалыг тухайн албан тушаалд тавигдах шаардлагатай харьцуулах замаар эхний шалгаруулалт явуулах;
б) Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй салбар зөвлөлөөс тогтоосон өдөр, цагт багтаан ярилцлага хийх;
в) Сонгон шалгаруулалтын дүнг нэгтгэж тэнцсэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт үйлдэх.
Долоо. Сонгон шалгаруулалтын дүн гаргах
21.Сонгон шалгаруулалтын дүнг комиссын хурлаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана. Уг хурлын шийдвэрийг 2 хувь үйлдэж комиссын дарга, гишүүд гарын үсэг зурна.
22.Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтын хамт салбар зөвлөлд биечлэн хүлээлгэж өгнө.
Найм. Нэр дэвшүүлэх
23.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд нэр дэвшүүлэх талаар салбар зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
1)сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг судалж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тодорхойлолт гаргуулж авах;
2) комиссын тайланг хуралдаанаараа хэлэлцэж, комиссын санал, өөрийн явуулсан судалгаа, холбогдох этгээдийн тодорхойлолт зэргийг үндэслэн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэний нэрсийн жагсаалт гаргах;
3)төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаарддлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчээс эхлэн албан тушаал бүрт 2-оос доошгүй хүний нэрийг дэвшүүлж, тэдний талаархи санал, дүгнэлтийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
4)төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд нэр дэвшигчдийг хэрхэн сонгосон тухай болон тэдний нэрсийн жагсаалтыг нийтэд мэдээлэх.
24.Томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дотроос нэг хүнийг сонгож тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргана.
25.Томилох эрх бүхий этгээд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.6-д заасны дагуу салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчдийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухай шийдвэрээ зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчдийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор салбар зөвлөлд ирүүлнэ. Энэ тохиолдолд салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс нэр дэвшүүлэх, эсвэл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 26.Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилохгүй.
Ес. Бусад зүйл
27.Төсвийн байгууллагын дарга (захирал, эрхлэгч)-ын албан тушаалд томилогдох удирдах ажилтныг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс салбар зөвлөлд нөлөө үзүүлэхийг хориглоно.
28.Төрийн албаны зөвлөл нь энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангана.
29.Төсвийн байгуулагын дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг хууль тогтоомжид заасны дагуу Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөл хянан шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A