A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны
252 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ,
СУРТАЛЧИЛГААНЫ ХӨТӨЛБӨР


Нэг. Үндэслэл
 

Хууль, эрх зүйн талаархи мэдлэг, мэдээлэл дутмагаас болж иргэд гэмт хэргийн золиос болох нь түгээмэл бөгөөд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг хангахад гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, энэ талаар сургалт зохион байгуулах, аливаа гэмт халдлага, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг тэдэнд эзэмшүүлэх явдал чухал ач холбогдолтой юм.

Мөн түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагаас гадна төрийн бус байгууллага, гэр бүл, иргэний оролцоо чухал үүрэгтэй тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тэдгээрийн оролцоонд түшиглэн тогтмол явуулах нь зүйтэй юм.
 

Хоёр. Хөтөлбөрийн  зорилго
 

  2.1. Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарч байгаа хууль тогтоомжийг  сурталчлах, тайлбарлан таниулах, аливаа гэмт халдлага, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг иргэдэд эзэмшүүлэх замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. 

Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг хангах ажлын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

3.1.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг үр өгөөжтэй, ойлгомжтой хэлбэрээр иргэдийн нас, хүйс, сонирхол, онцлогт тохируулан явуулах;

3.1.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд мэдээллийн дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашиглаж,  шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;

3.1.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах;

3.1.4. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй, үр ашигтай зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл

4.1. Хөтөлбөрийг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

4.1.1. архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.2. хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.3. замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх; 

4.1.4. хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.5. гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.6. хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.7. байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх; 

4.1.8. мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх;

4.1.9. нийгмийн ажилтан, сургагч багш нарыг бэлтгэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  5.1.1. архины хор хөнөөл, архидан согтуурахын хор уршгийн талаар  иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах;

  5.1.2. архины хамааралтай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх;  

  5.1.3. хамт олон, гэр бүлийн хандлагыг өөрчлөх замаар архидалттай тэмцэх, эрүүл аж төрөх ёс, амьдралын зөв хэвшлийг бүрдүүлэхийг бүх талаар дэмжих;

  5.1.4. архинд донтох өвчтэй хүмүүсийг сэтгэл заслын аргаар эмчлэх, тэдгээрт зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх төвүүдийг нээн ажиллуулах. 

5.2. Хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  5.2.1. өсвөр үеийнхний дунд хар тамхи, мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэснээс үүсэх хор уршгийн талаар албан ба албан бус сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах; 

  5.2.2. хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн талаархи насанд хүрэгчдийн мэдлэгийн түвшинг тодорхойлох судалгааны ажлыг бүсчлэн хийх;

  5.2.3. хэвлэл мэдээллийн хэрэгслийг хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаархи мэдээлэл, сурталчилгааны ажилд өргөнөөр ашиглах, энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах.

5.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  5.3.1. замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх;  

  5.3.2. жолооч нарт зориулсан албан ба албан бус сургалтыг тогтмол зохион байгуулах;

  5.3.3. cогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан жолооч нарыг албан сургалтад хамруулах арга хэмжээг тогтмол зохион байгуулах.

5.4. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  5.4.1. эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг хүүхдэд олгох мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх;

  5.4.2. хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлыг хүүхдийн сэтгэхүйд тохирсон шинэлэг хэлбэрээр зохион байгуулах;

  5.4.3. хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургагч багш нарыг бэлтгэх.

5.5. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.5.1. гэр бүлийн хүчирхийллийн талаархи иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг тогтмол  явуулах;

5.5.2. гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлдэг эрх зүйн туслалцааны төвүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах;  

5.5.3. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын ажилтныг сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах зорилгоор тогтмол сургалтад хамруулах. 

5.6. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.6.1. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг иргэдэд сурталчлан таниулах;

5.6.2. хүн худалдаалахтай тэмцэх, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгөд өртөхөөс хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тодорхой зорилтот бүлгүүдэд зориулан тогтмол зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх; 

5.6.3. хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтныг сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах арга хэмжээг тогтмол авах. 

          5.7. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.7.1. өсвөр үе, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах талаар өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн үндэсний зан заншлыг сэргээн өвлүүлж, таниулан сурталчлах арга хэмжээ авах;

5.7.2. байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, тэдгээрийн санал, санаачлагыг дэмжин ажиллах;

5.7.3. байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах.

5.8. Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  5.8.1. мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдлын талаар иргэдэд тодорхой мэдлэг, ойлголт өгөх зорилгоор мэдээлэл, сурталчилгааны ажлыг холбогдох байгууллагуудын оролцоотой зохион байгуулах;

  5.8.2. төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд мэдээллийн аюулгүй байдлын талаар цахим сургалтыг зохион байгуулах;

5.8.3. интернэтийн зүй зохистой хэрэглээ болон болзошгүй эрсдэл, аюулын талаар хүүхэд, эцэг, эх болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан сургалт сурталчилгаа явуулах;

  5.8.4. мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлан түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.


5.9. Нийгмийн ажилтан, сургагч багш нарыг бэлтгэх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.9.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар зорилтот бүлгүүдэд зориулсан сургалт явуулах сургагч багш, нийгмийн ажилтан бэлтгэх;

5.9.2.  сургагч багш, нийгмийн ажилтныг орон нутагт бүсчлэн бэлтгэх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;

5.9.3. ерөнхий боловсролын сургуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, бүлгэм байгуулах идэвх санаачлагыг дэмжих.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

           6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан эрхэлнэ.

           6.2. Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хариуцан эрхэлнэ.   

           6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хяналт тавьж, хөтөлбөрийн үр дүнг хагас жил тутам хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана. 

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

  7.1. Хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлнэ.

  7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

7.2.1. улсын болон  орон нутгийн төсөв; 

7.2.2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал;

7.2.3. иргэн, хуулийн этгээдийн хандив;

7.2.4. гадаад улс, олон улсын байгууллагын тусламж, хандив;

7.2.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр хийж, дүнг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.   
     
8.2. Хөтөлбөрийг дараахь үндсэн шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

8.2.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны хүртээмж, чанар сайжирч, иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн байна; 

8.2.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, гэр бүлийн оролцоо нэмэгдсэн байна;

8.2.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, олон нийтэд хүргэх тогтолцоо бүрдсэн байна;

8.2.4. гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар шинээр батлагдсан хууль, эрх зүйн акт, тэдгээрийн хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг шуурхай хүргэдэг тогтолцоо бүрдсэн байна;

8.2.5. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн насны онцлог, сонирхолыг харгалзсан, зорилтот бүлгүүдэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулснаар түүний чанар, хүртээмж, үр нөлөө нь дээшилсэн байна.

 

--------оОо-------