- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2003 оны 117 дугаар тогтоолын хавсралт
ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДҮРЭМ
ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /цаашид "агентлаг" гэх/ нь газар, геодези, зураг зүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
2. Агентлаг нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд түүний өмнө ажлаа тайлагнана.
3. Агентлаг нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгоно.
4. Агентлаг нь зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал нь тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Агентлаг өөрийн бэлэгдэлтэй байж болно.
5. Агентлаг нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг мөрдлөг болгоно.
6. Хөдөлмөрийн дотоод журмыг агентлагийн дарга батална..
Хоёр. Агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
7. Агентлаг нь газрын харилцаа, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
8. Агентлаг нь газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:
1/ төрөөс газрын талаар явуулах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
2/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдах газар зохион байгуулалтын бүх төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
3/ газрын кадастрын болон төлөв байдал, чанарын хувьсал, өөрчлөлтөд улсын хэмжээнд үнэлгээ өгөх, хяналт-шинжилгээ хийх асуудлыг эрхлэх;
4/ аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал /цаашид "орон нутгийн газрын алба" гэх/-ыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
5/ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх асуудлаар бүх шатны Засаг даргыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
6/ хууль тогтоомжид заасны дагуу газрын харилцааны талаар мэргэжлийн заавар, журам, бусад шаардлагатай баримт бичгийг боловсруулж батлуулах;
7/ улсын хэмжээнд газрын мэдээллийн сангийн нэгдсэн сүлжээ бий болгож, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах;
8/ газрын биржийн үйл ажиллагааг зохих журмын дагуу зохион байгуулах;
9/ улсын тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын асуудлыг эрхлэх;
10/ газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, газрын чанарын улсын хянан баталгаа, хөрсний нөхөн сэргээлт, газрын мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, иргэн хуулийн этгээдэд геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх;
11/ геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох өндөр, тусгаг, масштаб, дүрслэх хавтгайн тогтолцоог боловсруулж хэрэгжүүлэх;
12/ Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;
13/ геодези, зураг зүйн холбогдолтой дүрэм, заавар, стандартыг боловсруулах, мөрдүүлэх;
14/ геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийг шалгах, баталгаажуулах асуудлыг эрхлэх;
15/ нууцын зэрэглэлтэй зургийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдлыг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах.
9. Агентлаг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:
1/ иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгэж, мэдээллийн санд оруулах;
2/ төрөөс хувьчилсан газар, орон сууц болон бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх;
3/ хуульд заасны дагуу шүүх, цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаархи лавлагаа, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх;
4/ шүүхийн шийдвэрийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх;
5/ хуульд заасны дагуу криминалистик шинжилгээний эх материал, хувийн хэргийг бэлтгэж өгөх;
6/ үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх, эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсны үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох, гэрчилгээний зарцуулалтын тайлан гаргах;
7/ өмчлөгчийн гаргасан мэдүүлэг, хүсэлтийн дагуу лавлагаа өгөх, хуулбар хийх, мэдээллээр үйлчлэх;
8/ нотлох баримтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, урьдчилсан тэмдэглэл хийх;
9/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хувийн хэрэг нээх; бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх; архив, мэдээллийн сангийн үйл ажиллагааг стандартын дагуу эрхлэн явуулах, хадгалалт, хамгаалалтын шаардлагыг хангаж ажиллах;
10/ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн эдийн засгийн эргэлтийн талаархи улсын нэгдсэн мэдээг сар, улирал, жилээр гаргах;
11/ Монгол банк, Үндэсний статистикийн газар, Үндэсний татварын ерөнхий газар, холбогдох бусад байгууллагад шаардлагатай мэдээг хууль тогтоомжид заасан журмын дагуу гаргаж өгөх;
12/ улсын бүртгэгч, туслах бүртгэгч болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хувийн хэрэгтэй харьцах эрх бүхий албан тушаалтнаар нууцын баталгаа гаргуулан ажиллуулах.
Гурав. Агентлагийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц
10. Агентлагийн удирдлага нь дарга, дэд даргаас бүрдэнэ.
11. Агентлагийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгон, дэд даргыг агентлагийн даргын санал, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд тус тус томилж, чөлөөлнө.
12. Агентлагийн зохион байгуулалтын бүтцийг Ерөнхий сайд, орон нутгийн газрын албадын бүтэц, ажиллах журам, орон тоог агентлагийн дарга тус тус батална.
13. Даргын дэргэд түүнд зөвлөх үүрэг бүхий зөвлөл ажиллах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг агентлагийн дарга батална.
14. Агентлагийн дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
1/ агентлагийн нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцах, төлөөлөх;
2/ Ерөнхий сайдыг газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаархи мэдээллээр хангах;
3/ газрын харилцаа, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хянан шийдвэрлэх;
4/ батлагдсан төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;
5/ хууль тогтоомжийн дагуу агентлагийн газар, хэлтсийн дарга, бусад ажилтан, аймаг, нийслэлийн газрын албаны дарга нарыг томилох, чөлөөлөх;
6/ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах;
7/ газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний загварыг батлах.
15. Агентлагийн дарга өөрийн тодорхой эрх, үүргийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлж болно.
Текст томруулах
A
A
A