- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛИЙН ҮР АШИГТ УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 46 дугаар тогтоолын хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛИЙН ҮР АШИГТ УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛИЙН ҮР АШИГТ УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
1.Энэхүү журмын зорилго нь улсын эдийн засагт нөлөө бүхий үр ашигтай ажиллаж байгаа үндэсний томоохон аж ахуйн нэгжийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт, зээл авахаар тохирсон нөхцөлд мэргэжлийн шинжээчдийг томилон үр ашгийн урьдчилсан үнэлгээ хийж тухайн хөрөнгө оруулалт, зээл үр ашигтай болох нь нотлогдсон тохиолдолд Засгийн газар, банкнаас төлбөрийн баталгаа гаргах харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт үнэлгээ хийх
2.Үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийх, зээл авахаар гадаад орон, гадаадын хөрөнгө оруулагч болон банктай тохирсон үндэсний томоохон үйлдвэрийн гэрээний урьдчилсан нөхцөл, хүсэлтийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хүлээн авч Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран эдгээр хүсэлтээс сонголт хийж холбогдох саналыг Сангийн яаманд хүргүүлнэ.
3.Авах гэж буй хөрөнгө оруулалт, зээлийнхээ үр ашигт урьдчилсан үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан үйлдвэр нь дор дурдсан баримтыг бүрдүүлсэн байна:
а/тухайн байгууллагын бизнес төлөвлөгөө;
б/санхүүгийн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн тайлан;
в/хөрөнгө оруулалт, зээлийн урьдчилсан гэрээний төсөл;
г/зээлийг ашиглах, хөрөнгө оруулалт хийх гэж буй үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо, зээл төлөлтийн төлөвлөгөө, барьцаа хөрөнгө;
д/бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, борлуулалтын төлөвлөгөө.
4.Уг хүсэлтийг гаргасан үйлдвэрийн хөрөнгө оруулалт, зээлийн үр ашигт урьдчилсан үнэлгээ хийх чадвар бүхий мэргэжлийн шинжээчдийг оролцуулсан комисс (цаашид "комисс" гэнэ)-ыг Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч хамтарсан тушаалаар томилж ажиллуулна.
5.Хүсэлт гаргасан тухайн үйлдвэрийн хөрөнгө оруулалт, зээл авахтай холбогдсон материалыг комисс 2 долоо хоногийн дотор судалж тухайн хөрөнгө оруулалт, зээлийн хүүгийн нөхцөл, үр ашиг, үйлдвэрлэлийн өсөлт, техник, технологийн шинэчлэлт, бүтээгдэхүүний зах зээл, зээлийн эргэж төлөгдөх үндэслэл, төлбөрийн баталгаа гаргах хөрөнгө зэрэгт үнэлгээ хийж, дүгнэлт гаргана. Комисс үнэлгээ хийж, дүгнэлт гаргах явцад тухайн байгууллагын бизнес төлөвлөгөө, маркетингийн стратеги төлөвлөлт болон байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн байдалтай биечлэн танилцсан байна. Комисс нь хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүү, төлөх хугацаа зэрэг асуудлаар гэрээний нөхцөлийг өөрчлөх санал гаргаж болно. Комисс нь Сангийн яамыг түшиглэн ажиллана.
6.Комисс нь хөрөнгө оруулалт, зээл авахтай холбогдсон үнэлгээ, дүгнэлтээ Сангийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Монгол банкны Ерөнхийлөгчид дүгнэлт гаргаснаас хойш 10 хоногийн дотор багтаан танилцуулна.
Гурав.Хөрөнгө оруулалт, зээлд төлбөрийн баталгаа гаргуулахаар шилжүүлэх
7.Аж ахуйн нэгжийн зүгээс авахаар тохирсон гадаадын хөрөнгө оруулалт, зээл үр ашигтай болох нь комиссын үнэлгээ, дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд Сангийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам холбогдох материалыг бүрдүүлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
8.Гадаадын хөрөнгө оруулалт, зээл авахаар тохирсон аж ахуйн нэгжийн санал, комиссын үнэлгээ, дүгнэлтийг Засгийн газар дэмжсэн нөхцөлд тухайн хөрөнгө оруулалт, зээл авахыг хүсэгч үйлдвэр хөрөнгө оруулалт, зээлийн гэрээгээ байгуулахаар зохих хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу холбогдох арилжааны банк, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх гадаадын харилцагчтайгаа эцэслэн тохиролцоно.
9.Тухайн үйлдвэр нь хөрөнгө оруулалт, зээлийн гэрээгээ эцэслэн тохиролцсоны дараа холбогдох материал, комиссын дүгнэлт, Засгийн газраас дэмжсэн шийдвэрийн хамт Монгол банк буюу арилжааны банкинд хүргүүлж төлбөрийн баталгааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргуулна. Шаардлагатай гэж үзвэл Засгийн газар төлбөрийн баталгаа гаргаж болно.
Дөрөв.Баталгаа гаргуулагчийн үүрэг
10.Гадаадын хөрөнгө оруулалт, зээл авсан аж ахуйн нэгж нь өөрийн өмчлөлд байгаа хөрөнгө, хувьцаа, дүрмийн сангийн ногдол хувь зэрэг хөрөнгөөр төлбөрийн баталгаа гаргуулж, тухайн хөрөнгө оруулалт, зээл, түүний хүүг батлагдсан хугацаанд төлөх үүрэгтэй.
11.Хөрөнгө оруулалт, зээл, түүний хүүг батлагдсан хугацаанд төлөөгүй аж ахуйн нэгжийн удирдлага холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
Тав.Тавих хяналт
12.Сангийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам, Монгол банк нь гадаадын хөрөнгө оруулалт, зээл авсан үйлдвэрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, зээлийн үр ашиг, зээл, зээлийн хүүгийн төлөлтийн байдалд хяналт тавина.
13.Хяналт тавих явцад зээлийн гэрээгээ зөрчсөн үйлдвэрийн удирдлагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх санаачилгыг гаргаж хэрэгжүүлнэ.
Текст томруулах
A
A
A