A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1992 оны 47 дугаар тогтоолын хавсралт

Б.РИНЧЕНИЙ НЭРЭМЖИТ ШАГНАЛ ЭРХЛЭХ КОМИССЫН ДҮРЭМ

1.Академич Б.Ринчений нэрэмжит шагналыг Монгол судлалын салбарт шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын сонгодог бүтээлийг орчуулсан, монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой үр дүн гаргасан монголын болон гадаадын иргэдэд 5 жилд нэг удаа 5 хүртэл хүнд олгоно.
2.Б.Ринчений нэрэмжит шагнал олгох ажлыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулсан комисс эрхэлнэ. Комисс 11 гишүүнтэй байна. Комиссын байнгын 7 гишүүнийг Засгийн газраас, бусад 4 гишүүнийг Шинжлэх ухааны академи, Олон улсын Монгол судлалын холбоо, Соёл, урлагийн хөгжлийн хороо, Монголын орчуулагчдын холбооноос дэвшүүлсэн саналыг үндэслэн комиссын байнгын гишүүд 5 жилийн хугацаагаар тус тус батална.
3.Б.Ринчений нэрэмжит шагнал хүртээлгэх тухай саналыг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын орчуулагчдын холбоо болон мэргэжлийн бусад байгууллага, хүмүүс дэвшүүлнэ.
4.Б.Ринчений нэрэмжит шагнал хүртээлгэхээр нэр дэвшүүлсэн бүтээлийг шагнал олгохоос нэг жилийн өмнөөс шагнал эрхлэх комисс хүлээн авна.
5.Б.Ринчений нэрэмжит шагнал хүртээлгэх бүтээл нь заавал нийтийн хүртээл болсон байна.
6.Б.Ринчений нэрэмжит шагнал эрхлэх комиссын гишүүд нь шагнал хүртээлгэхээр ирүүлсэн бүтээлтэй биечлэн танилцаж хянан үзэж судалсан байх үүрэгтэй.
7.Шагнал хүртээлгэхээр ирүүлсэн бүтээлийг комиссын хурлаар хэлэлцэн шалгаруулж, улмаар холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийн саналыг авахын тулд шилж авсан бүтээлүүдийн жагсаалтыг зохиогчийн нэрсийн хамт шагнал олгохоос 2 сарын өмнө сонинд нийтэлнэ.
8.Шагнал эрхлэх комисс холбогдох мэргэжлийн байгууллага, хүмүүсийн санал авсны дараа шалгарсан бүтээлд шагнал олгох шийдвэр гаргаж олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр шагналыг гардуулж байна.
Шагнал олгох тухай шийдвэр комиссын гишүүдээс нууцаар санал хурааж, гуравны хоёроос доошгүй хувь нь зөвшөөрсөн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
9.Б.Ринчений нэрэмжит шагнал хүртэгчдэд уг шагналын тэмдэг, дипломын хамт гардуулан өгнө.
10.Б.Ринчений нэрэмжит шагнал нь 20000 төгрөгийн хэмжээтэй.