- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 141 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ
1.Монгол Улсын Гаалийн ерөнхий газар /цаашид "Ерөнхий газар" гэнэ/ нь төрийн хууль тогтоомж, стандартыг сахиулах замаар улс орны хэмжээнд гаалийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн
2 Ерөнхий газрын үндсэн зорилго нь:
а/гадаад худалдааны үйл ажиллагааны явцад үндэсний эдийн засагт хор хохирол учруулж болзошгүй үйл ажиллагааг таслан зогсоож, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах;
б/Монгол Улсын хуулиар тогтоосон гадаад худалдаатай холбогдох албан татварыг ногдуулан хураах, улсын төсөвт төвлөрүүлэх;
в/гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд туслалцаа, зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэхэд оршино.
3. Ерөнхий газар нь Монгол Улсын Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж, өөрийн хариуцах үүрэгт ажлын талаар Засгийн газар болон Сангийн сайдад шууд харьцаж тайлагнана.
4. Ерөнхий газар нь Гаалийн тухай болон Гаалийн тарифын тухай хууль, гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хамаарах Монгол Улсын бусад хууль тогтоомж, Засгийн газар, сангийн сайдын шийдвэр, энэ дүрмийг мөрдөж ажиллана.
5.Ерөнхий газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Ерөнхий газрыг байгуулах, татан буулгах
6.Монгол Улсын Гаалийн ерөнхий газрыг байгуулах, татан буулгах асуудал нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, гаалийн тухай хуульд үндэслэн Улсын Их Хурлын зохих шийдвэрээр зохицуулагдана
ГУРАВ. Ерөнхий газрын удирдлагын бүтэц, ажлын зохион байгуулалт
7. Ерөнхий газрын удирдлагын бүтэц нь дарга, хоёр дэд даргаас бүрдэнэ.
8.Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газар, дэд дарга нарыг Ерөнхий газрын даргын санал, Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд томилж, чөлөөлнө.
9.Ерөнхий газрын дарга нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар болон Сангийн сайдад ажлаа хариуцан тайлагнана..
10. Ерөнхий газрын дарга Сангийн сайдтай үр дүнгийн тухай ерөнхий гэрээ байгуулж, тус газрын зорилт, чиг үүргийг ханган биелүүлэх ажлыг бүрэн хариуцна..
11. Ерөнхий газрын дарга гаалийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулна..
12. Ерөнхий газрын дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаалийн боловсон хүчний бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хэлэлцэж, түүнд зөвлөх үүрэг бүхий Захиргааны зөвлөлийг байгуулна.
Ерөнхий газрын дарга Захиргааны зөвлөлийг удирдаж, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.
13.Захиргааны зөвлөлөөр дор дурдсан асуудлыг хэлэлцэнэ:
а/гаалийн боловсон хүчний бодлого;
б/гаалийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, урамшуулах;
в/гаалийн улсын байцаагчдын байршил, хөдөлгөөн;
г/гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх;
д/гаалийн боловсон хүчинтэй холбогдсон бусад асуудал
14. Ерөнхий газрын даргын зөвшөөрснөөр Захиргааны зөвлөлөөр хэлэлцэх зарим асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлд хэлэлцэн, дүгнэлт гаргуулна.
15.Ерөнхий газар нь гаалийн байгууллагын зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэн зохион байгуулахтай холбогдсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлын хамрах хүрээ, онцлогоос хамааран зөвлөмж, санал, дүгнэлт, шийдвэр гаргах Мэргэжлийн зөвлөлтэй байна.
Ерөнхий газрын дарга нь Мэргэжлийн зөвлөлийг удирдаж, хуралдааны дэгийг тогтоох бөгөөд түүний бүрэлдэхүүн, нарийн бичгийн даргыг батална
16.Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим нь асуудлыг хэлэлцэхдээ гишүүн бүрийн саналыг тусгаж, ердийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байх явдал юм.
Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь аливаа асуудлыг хэлэлцэхэд хариуцсан ажил, үүргийнхээ дагуу өөрийн байр, сууриа тодорхойлон, санал, дүгнэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
17. Ерөнхий газрын даргын түр эзгүйд түүний ажлыг дэд дарга нарын нэг орлон гүйцэтгэнэ.
Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа дэд дарга нь Гаалийн тухай хуулиар Ерөнхий газрын даргад олгосон бодлогын болон боловсон хүчнийхээс бусад бүрэн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлагыг хүлээнэ..
Дөрөв. Ерөнхий газрын үүрэг
18. Ерөнхий газар дор дурдсан үүргийг гүйцэтгэнэ:
а/Гаалийн тухай болон гаалийн тарифын тухай хуулиар тодорхойлогдсон үндсэн үүрэг;
б/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар болон сангийн сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
в/гаалийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцийн хэрэгжилтийг зохион байгуулах;
г/гаалийн үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах;
д/гаалийн байгууллагын хөгжлийн хэтийн төлөв /стратегийн төлөвлөгөө/-ийг тодорхойлж, хэрэгжүүлэх;
е/гаалийн хяналт, удирдлага, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгож, гаалийн бүрдүүлэлтийг боловсронгуй болгох;
ж/гаалийн байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, тэдгээрийн мэргэшил, мэдлэг, чадварыг байнга дээшлүүлэн, гаалийн улсын байцаагчдад ёс зүйн өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх;
з/гаалийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлж, материаллаг баазыг бэхжүүлэх;
и/гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гаалийн зуучлагч, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч, гаалийн тусгай болон баталгаат бүс, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд давхар хяналт тавих;
к/гадаадын зээл, тусламжийн барааны борлуулалтын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд давхар хяналт тавих;
л/гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт, татварын ногдуулалт, барагдуулалт,тайлан гаргах, гаалийн зөрчилтэй холбогдон гаалийн байгууллагад хэрэглэгдэх маягт, тооцоот хуудас болон бусад баримт бичгийг боловсруулан баталж,мөрдөх;
м/"Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн эталоныг хөтөлж, Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан нэмэлт, өөрчлөлтийг нэвтрүүлэх, холбогдох яам, газрын дүгнэлтийг үндэслэн барааны ангилал, үндэсний кодыг боловсронгуй болгох;
н/гаалийн байгууллагын болон гаалийн улсын байцаагчийн шийдвэр, гаалийн ажилтны ёс зүй, үйл ажиллагааны талаар гарсан өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэх;
о/шинжлэх ухаан, боловсрол, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагуудтай хамтран гаалийн хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах, сургах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг энэ талаар зохих мэдлэгтэй болгох;
п/гаалийн байгууллагын өмч, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах.
Тав. Ерөнхий газрын эрх
19. Ерөнхий газар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/Гаалийн тухай болон гаалийн тарифын тухай хуулиар тогтоосон бүрэн эрх;
б/гаалийн асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах, тэдгээрийг боловсронгуй болгох болон хэрэгжилтийн талаар санал, дүгнэлт гаргах;
в/тарифын болон тарифын бус хязгаарлалт, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох барааны талаар санал боловсруулах;
г/гаалийн асуудлаар олон улсын болон хоёр талын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, тэдгээрт болон олон улсын конвенцид нэгдэн орох асуудлыг судалж, эрх бүхий байгууллагад санал оруулах;
д/ Ерөнхий газар болон дэргэдэх байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах;
е/гаалийн улсын байцаагчийн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэн, тэдгээрт мэргэшлийн зэрэг олгох журмыг тогтоох;
ж/гаалийн бүрдүүлэлт, гаалийн бүрдүүлэлтийн дараахь хяналт, шалгалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллах, гэрээ байгуулах;
з/төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн барилга байгууламж барих, мөн ашиглагдаж байгаа барилга, обьектыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх;
и/гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт хийх, мэдээллийн сүлжээ байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг худалдан авах, шинэчлэх,тэргүүний технологийг сонгож нэвтрүүлэх;
к/гаалийн системийн байгууллагууд дээр гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, өмч хөрөнгийн ашиглалт, санхүү, бүртгэлийн байдалд дотоодын хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авах;
л/гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаар мэдээлэл өсгөн, мөн гаалийн хяналт, шалгалтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд бодитой дэмжлэг, туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шагнаж урамшуулах;
м/гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, түүнийг нэмэгдүүлэх, татварын өр, авлагыг барагдуулах болон эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, ажлын амжилт гаргасан гаалийн ажилтныг шагнаж урамшуулах;
н/гаалийн ажилтны Гаалийн тухай хуульд заагдсан нийгмийн баталгааг хангаж ажиллах;
о/гаалийн асуудал, түүний дотор гадаад худалдааны тарифын болон тарифын бус зохицуулалт, гаалийн бүрдүүлэлтийн горимын асуудлыг нийтэд ойлгуулах, мөн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гаалийн зуучлагч бэлтгэх зорилгоор төлбөртэй үйлчилгээ /сургалт явуулах, мэдээлэл, зөвлөлгөө өгөх гэх мэт/ явуулах;
п/гаалийн асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт тусгагдсан бусад эрхийг хэрэгжүүлэх
Зургаа. Ерөнхий газрын санхүүжилт
20.Гаалийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг хангах санхүүжилтийн эх үүсвэр нь Төсвийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлаар баталсан улсын төсвийн хөрөнгө байна.
21.Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн ажилтан нарыг урамшуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гаалийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор төсвийн бус эх үүсвэрээс бүрдэх гаалийн хөгжлийн санг Засгийн газрын шийдвэрээр байгуулан ашиглана.
Долоо. Ерөнхий газрын үр дүнгийн гэрээ, тайлан
22. Ерөнхий газар нь "Үр дүнгийн гэрээ"-г жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Сангийн яамны Төсвийн бодлогын газартай хамтран боловсруулж, Сангийн сайдаар батлуулна.
23.Үр дүнгийн гэрээнд дараахь зүйлийг тусгасан байна:
а/тухайн жилийн зорилт;
б/тухайн жилийн зорилтыг ханган биелүүлэхийн тулд Сангийн яамны болон гаалийн байгууллагын түвшинд шийдвэрлэвэл зохих асуудлууд;
в/тухайн жилийн зорилтыг ханган биелүүлэхэд шаардагдах хөрөнгө, хүч хэрэгслийн тооцоо;
г/тухайн жилийн зорилтын үр дүнг тайлагнах хугацаа.
24. Ерөнхий газар нь тухайн жил дууссанаас хойш 45 хоногийн дотор үр дүнгийн гэрээг дүгнэж, тайланг Сангийн сайдад ирүүлнэ. Харин тухайн жилийн үйл ажиллагааны товч тайланг дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны дотор Сангийн сайдад ирүүлнэ.
Текст томруулах
A
A
A