- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ЧАНАРТ ТАВИХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 150 дугаар тогтоолын хавсралт
 
ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ЧАНАРТ ТАВИХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл 1.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналт (цаашид "улсын хяналт" гэнэ)-ын зорилго нь иргэн, хуулийн этгээдээс таримал ургамлын үр, сортын талаархи хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам, зааврын биелэлтийг хангуулахад оршино.
2.Улсын хяналтыг таримал ургамлын үр, сортын хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид "байцаагч" гэнэ) хэрэгжүүлнэ.
3.Таримал ургамлын үр, сортын хяналтын улсын ерөнхий байцаагчийг агентлагийн даргын санал болгосноор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар олгоно.
4.Таримал ургамлын үр, сортын хяналтын асуудал эрхэлсэн агентлаг болон аймаг, нийслэлд ажиллах таримал ургамлын үр, сортын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Таримал ургамлын үр, сортын хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
6.Байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын чиглэл
7.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/үр шинжилгээний лабораториудын шинжилгээний ажлын чанар;
б/тариалангийн бүсүүдэд хийгдэж буй сорт сорилтын ажлын арга зүй, технологийн мөрдөлт;
в/иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн торгон болон сортын үрийн чанар;
г/иргэн, хуулийн этгээдийн худалдан борлуулах, бусдад шилжүүлэх болон импортолсон үрийн чанар;
д/эрлийз үр болон хүнсний ногооны үр үржүүлгийн технологийн мөрдөлт, сорьцын хяналт;
е/иргэн, хуулийн этгээдээс улсын үрийн нөөцийн санд бэлтгэн нийлүүлж байгаа үрийн чанар;
ж/улсын үрийн нөөцийн сангийн үр бэлтгэлт, хадгалалтын технологийн мөрдөлт;
з/иргэн, хуулийн этгээдийн тариалах үрийн чанар;
и/үрийг тариалалтад бэлтгэх, үр ариутгах ажлын технологи, зохион байгуулалтын байдал.
Гурав.Байцаагчийн бүрэн эрх
8.Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгосон нийтлэг үүргээс гадна дор дурдсан үүрэгтэй:
а/энэ дүрмийн 2 дугаар зүйлд заасан чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулах;
б/үр, сортын талаархи Монгол Улсын олон улсын гэрээ,конвенци, бусад эрхийн актын хэрэгжилтэд хяналт тавих;
в/хяналт, шалгалтад хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хадгалах;
г/хууль тогтоомжийг чанд сахиж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх, хяналт, шалгалтад хамрагдаж байгаа этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;
д/хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
9.Байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосон улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дор дурдсан бүрэн эрх эдэлнэ:
а/албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа ажлын байр, талбайд саадгүй нэвтрэн орох, шинжилгээний дээж авах;
б/тариалах үрийн чанарын шинжилгээний бичиг баримтыг шаардах, үрийг шинжлүүлэх;
в/үр ариутгалын ажлын технологи, зохион байгуулалтыг хянах, ариутгасан үрийг тариалалтаас өөр зориулалтаар ашиглахыг хориглох;
г/хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүнийг арилгах талаар иргэн, хуулийн этгээдэд хугацаатай албан шаардлага, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
д/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулах;
е/өөрийн гаргасан шийдвэрээ баталгаажуулах зорилгоор үр шинжилгээний лабораториор үр, суулгацын чанарыг шалгуулсны төлбөрийг буруутай этгээдээр төлүүлэх;
ж/хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах.
Дөрөв.Хариуцлага хүлээлгэх
10.Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын дүрэм болон таримал ургамлын үр, сортын талаар гарсан шийдвэрийг зөрчсөн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй этгээдэд түүний учруулсан хохирлын хэмжээг харгалзан холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.Дор дурдсан зөрчил гаргасан этгээдэд байцаагч Таримал ургамлын үр, сортын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/эрлийз үр, хүнсний ногооны үр үржүүлгийн технологи, сорт сорилтын батлагдсан арга зүйг зөрчсөн;
б/үрийн чанарын шинжилгээ, баталгаагүй үр худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн, импортоор оруулсан, шинжилгээний дүгнэлт болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, засварласан;
в/улсын үрийн нөөцийн санд тарих үрийн чанарын шаардлага хангаагүй үр бэлтгэн нийлүүлсэн, хүлээн авсан, үрийн талбайдаа сортын хяналт хийлгээгүй;
г/тарих үрийг үрийн шинжилгээнд хамруулаагүй;
д/мал, тэжээвэр амьтан, техникээр үр, суулгацын материал гэмтээсэн, сортын чанар алдагдуулсан.
Тав.Бусад зүйл
12.Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг иргэн, хуулийн этгээд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
13.Шалгуулсан иргэн, хуулийн этгээдийн зүгээс шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хуульд заасан хугацааны дотор холбогдох газарт гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
14.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A