- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Үндэсний их баяр наадмыг хууль, уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид "Хороо" гэх) нь үйл ажиллагаандаа Үндэсний их баяр наадмын тухай хууль, энэхүү дүрэм, хууль тогтоомжийн бусад актыг мөрдлөг болгоно.
1.3. Хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
Хоёр. Хорооны удирдлага, зохион байгуулалт
2.1. Хороо нь орон тооны бус байх бөгөөд түүний бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар батална.
2.2. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёр нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолд Хорооны дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд хорооны нарийн бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна.
2.3. Хорооны дарга нь хуралдааны дэгийг тогтоож, хуралдааныг удирдах бөгөөд түүний эзгүйд дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
2.4. Хорооноос хорооны гишүүнээр ахлуулсан салбар хороодыг байгуулан ажиллуулна.
2.5. Салбар хороо нь Хорооноос өгсөн үүрэг, даалгавар, батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
2.6. Хорооны ажлын албаны үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ.
2.7. Салбар хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор нэмсэн).
Гурав. Хорооны бүрэн эрх
3.1.Хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан наадмын нээлт, хаалт, төрийн ёслолын арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу зохион байгуулах;
3.1.2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын өмнө ажлаа хариуцан тайлагнах;
3.1.3. Хорооны бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас батлах шийдвэрийн төсөл боловсруулах;
3.1.4. өөрийн болон салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, салбар хороодын бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж тайланг хэлэлцэх;
3.1.5. Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийн төслийг хуульд заасан хугацаанд боловсруулан батлуулж, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, шаардлагатай бол төсвийн тодорхой хэсгийг салбар хороодод хуваарилж, зарцуулалтад нь хяналт тавих;
3.1.6. салбар хороодоос баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг баяр наадам дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан авч нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.1.7. аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг батлан мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
3.1.8. баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, харваач болон бусад холбогдох этгээдээс гаргасан гомдол, саналыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх;
3.1.9. баяр наадмын билэгдлийн тэмдэг, цол, шагналын үнэмлэх зэргийн загварыг батална.
3.2. Хороо нь дараахь асуудлаар төрийн холбогдох байгууллагад санал гаргах эрхтэй:
3.2.1 Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний журам болон хөтөлбөрийн төсөл;
3.2.2 Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх газрыг тогтоох;
3.2.3 Бөх, харваач, уяач, хурдан морины уралдааны бай шагналын хэмжээг тогтоох.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд идэвхи зүтгэлтэй, сайн ажилласан хүмүүсийг Хорооноос мөнгөн шагналаар шагнах, бусад хэлбэрээр урамшуулах болон шагнуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавина.
4.2. Хороо болон салбар хороо нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон холбогдох дүрмийг зөрчсөн бөх, уяач, харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцлагыг ногдуулна.
4.3. Хороо болон салбар хороодоос өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гишүүн, албан тушаалтанд арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд саналаа тавина.
Текст томруулах
A
A
A