- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ /Уг хавсралтыг ЗГ-ын 2005-131 тогтоолоор хүчингүй/
Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ /Уг хавсралтыг ЗГ-ын 2005-131 тогтоолоор хүчингүй/
Нэг. Нийтлэг үндэслэл ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ /Уг хавсралтыг ЗГ-ын 2005-131 тогтоолоор хүчингүй/
1.1. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан (цаашид "хурдан морины уралдаан" гэх)-ыг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Энэхүү дүрмээр зохицуулаагүй асуудлыг Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Уяачдын их хурлаас баталсан "Хурдан морины уралдааны дүрэм"-ийг баримтлан шийдвэрлэнэ.
Хоёр. Хурдан морины уралдааны салбар хороо
2.1. Хурдан морины уралдааныг Хурдан морины уралдааны салбар хороо (цаашид "салбар хороо" гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид "Хороо" гэх)-ноос батална.
2.3. Нас бүрийн хурдан морины уралдааныг хариуцсан даамал, цуваа бүртгэлийн ахлагч, цуваа бүртгэгчид, шүдлэгч, манлайлагч, морь бариач, цоллогч, хүний болон малын эмч нар (цаашид "шүүгчид" гэх), хянах группийг салбар хорооны хурлаас томилох бөгөөд тухайн насны морьдыг бүртгэх, дугаар олгох, уралдаанд гаргахыг салбар хороо тэдгээртэй хамтран зохион байгуулна. Бариа зохион байгуулах, цоллуулах, бай шагнал олгох, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, тайлан тооцоо гаргах ажлыг тухайн насны даамал хариуцна.
2.4. Салбар хорооны автомашин өөрийн таних тэмдэг, дарцагтай байна.
2.5. Салбар хороо нь дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.5.1. Баяр наадам эхлэхээс 10 хоногийн өмнө морины бэлчээр, ус, морь шүдлэх цэг, уралдах зам, гуу жалга зэргийг шалган үзэж засаж сайжруулах, тэгшлэх, цэвэрлэх арга хэмжээ авч, морь барианы газар болон хорооны гишүүд, шүүгчдийн ажиллах байрыг засварлан тохижуулж, цахилгааны эх үүсвэр, холбооны асуудлыг шийдвэрлэх;
2.5.2. хурдан морины гарааны зурхайг нас бүрийн ангиллаар тухайн насны даамлыг оролцуулан тогтоох;
2.5.3. уяач, морь унах хүүхдийн эрүүл мэнд, уралдах морьдын аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх;
2.5.4. уяач, морь унасан хүүхдэд үндэсний спортын холбоодын саналыг үндэслэн цол олгохоор Хороонд мэдүүлэх.
Гурав. Хурдан морь уралдуулах зай
3.1. Хурдан морийг насны ангиллаар нь дор дурдсан зайд уралдуулна:
1.Азарга 22-24 км
2.Их нас 24-26 км
3.Соёолон 22-24 км
4.Хязаалан 17-19 км
5.Шүдлэн 12-14 км
6.Даага 10-12 км
Дөрөв. Бүртгэж, дугаар олгох
4.1. Хурдан морины уралдааны дүрмийг судалж түүнийг хүлээн зөвшөөрсөн уяач, хурдан морь унахыг эцэг, эх, асран хамгаалагч нь зөвшөөрсөн, ослын даатгалд даатгуулсан хүүхдүүд уралдаанд оролцоно.
4.2. Уяачид нь салбар хорооноос зарласан цаг, байранд өөрийн иргэний үнэмлэх, морины нас, угшлын тодорхойлолт, уралдах хүүхэд, түүний төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгалд даатгуулсан баталгааг авч ирж бүртгүүлэн, дугаар авна.
4.3. Салбар хорооноос олгосон дугаарыг саадгүй харагдахаар морь унах хүүхдийн биед бэхлэхийг уяач хариуцна.
4.4. Бүртгэхээр зарласан цагаас хоцорсон морь, унах хүүхдийг бүртгэхгүй бөгөөд уралдаанд оролцуулахгүй.
Тав. Гарааны зохион байгуулалт
5.1. Уяачид уралдах морьдоо морь уралдах газар авчирч цуглармагц манлайлагч төрийн далбаа барьж, бүх морьдыг дагуулан индрийг нар зөв гурав тойроод гарна.
5.2. Азарга, их наснаас бусад бүх морьдыг бэлтгэсэн талбайд шүдлэх бөгөөд тухайн насны уралдаанд шүдээр тохирохгүйг нь тогтоосон бол морийг тусгай хашаанд оруулан уяж, хүүхдэд нь олгосон дугаарыг хураан авч, уралдаанд оролцуулахгүй.
5.3. Салбар хорооны тогтоосон цагаас хоцорсон морьдыг уралдаанд оролцуулахгүй.
5.4. Салбар хорооны гишүүд болон уг хорооноос томилогдсон хүмүүс хурдан морьдыг тууж гарааны зурхайд хүргэнэ.
5.5. Морьдыг гарааны зурхайд хүргэж эргүүлэхийг салбар хорооны дарга, гишүүд, тухайн насны морины даамал, тусгайлан бэлтгэсэн хүмүүс, эмнэлгийн түргэн тусламжийн ажилтнууд хамтран гүйцэтгэнэ.
5.6. Морьдыг гарааны зурхайгаас даамлын дохиогоор эргүүлнэ.
5.7. Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх болон ийм оролдлого хийхийг хориглоно.
Зургаа. Уралдааны үеийн зохион байгуулалт
6.1. Тухайн насны уралдааныг хариуцсан даамал төрийн далбаа байрлуулсан машинаар уралдааны үед эхний мориноос 100 метрээс багагүй зайд замчлан явна.
6.2. Хүн эмнэлгийн тусламжийн хэсэг морьдын ард явж унасан хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ.
6.3. Мал эмнэлгийн тусламжийн хэсгүүд уралдааны замын дагуу тогтоосон цэгт байрлаж, шаардлагатай үед тусламж үзүүлнэ.
6.4. Уралдааны замаас морь гарах, гаднаас морь орж ирэх зэрэг болзошгүй үйлдлүүдийг хянах хэсгийг нас бүрт томилно.
6.5. Хурдан морины салбар хорооноос зөвшөөрөл авсан сурвалжлагч, сэтгүүлчид уралдаанд саад болохгүйгээр морьдыг дагаж нэвтрүүлэг, бичлэг хийж болно.
6.6. Уралдааны замаас морь оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөх, морь тавих зорилгоор хүн явуулахыг хориглоно.
6.7. Салбар хорооноос зөвшөөрөл авсан автомашинаас бусад автомашин морины уралдааныг дагахыг хориглоно.
Долоо. Барианы зохион байгуулалт
7.1. Барианы зурхайг цагаан шугамаар тэмдэглэсэн байна.
7.2. Айргийн таван морийг морь бариачид барьж бусад морьдыг барианы зурхайд ирсэн дарааллаар нь хүүхдийн дугаар, дүрс, дуу бичлэгийн техник хэрэгсэл ашиглан байр эзлүүлнэ.
7.3. Барианд орсон морьдыг дөрвөөс доошгүй дуудагчийн цуваа болон зурхайн баруун, зүүн талаас бичсэн дүрс бичлэгийн дүнг харьцуулан байр эзлүүлэн бүртгэнэ. Маргаантай асуудлыг тухайн насны даамал нь салбар хороо болон шүүгчдийн хамтарсан хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
7.4. Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг нэг байр ухрааж барина.
7.5. Жолоогий нь дэл сойлго, эмээлд нь уяж бэхэлсэн зэрэг зориуд зохион байгуулж, хүүхэдгүй ирсэн морийг уралдаанаас хасна.
7.6. Азарга, их наснаас бусад насанд айрагдсан морьдыг уралдааны дараа дахин шүдлэх бөгөөд шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасч дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ.
7.7. Морьд барианд зэрэгцэн орсон бол барианы зурхайг түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу зэрэгцсэн тохиолдолд зөв талын морийг түрүүлж барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгслийг ашиглан тогтооно.
Найм. Цол, бай шагнал
8.1. Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдын уяачдад Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан цол олгоно.
8.2. Нас тус бүрийн уралдаанд уралдсан морьдын 30 хүртэл хувийг барьж, бай шагнал олгоно.
8.3. Барианд орсон морьдын бай шагналыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр салбар хорооны байранд олгоно.
8.4. Хурдан морины уралдааныг ивээн тэтгэсэн гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хөрөнгөөр уяач болон морь унасан хүүхдийг шагнаж урамшуулж болох бөгөөд шагналыг зөвхөн уяачдын баярын үеэр олгоно.
Ес. Хурдан морины уралдааны тайлан
9.1. Тухайн насны морины уралдааныг хариуцсан даамал нь оролцсон морины тоо, түрүүлсэн, айрагдсан болон барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай болон дараа жилийн уралдаанд анхаарах асуудлын талаар тодорхой санал бүхий тайланг салбар хороонд өгнө.
9.2. Салбар хороо тайланг нэгтгэж баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулсан тухай нэгдсэн тайлан гаргаж, зардлын тооцоог хавсарган Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлнэ.
Арав. Бусад зүйл
10.1. Улсын их баяр наадамд айрагдсан бүх морийг сэргээшийн шинжилгээнд оруулна.
10.2. Сэргээшийн шинжилгээнд дээж авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран зохион байгуулна.
10.3. Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ.
10.4. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно.
Арван нэг. Хариуцлага
11.1. Энэхүү дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A