- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралт
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ДҮРЭМ
Нэг . Нийтлэг үндэслэл ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ДҮРЭМ
1.1. Үндэсний их баяр наадмын сурын харваа (цаашид "Үндэсний сурын харваа" гэх)-г зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний сурын харвааны хэрэгсэл, харвааны бай болон зай, харваач, шүүгчдийн эрх, үүргийг Халх сурын цуваа харвааны дүрэмд зааснаар зохицуулна.
Хоёр. Сурын харвааны салбар хороо
2.1. Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааг Сурын харвааны салбар хороо (цаашид "салбар хороо" гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид "хороо" гэх) батална.
2.3. Сурын харвааны шүүлтийг Үндэсний сурын холбоотой тохиролцон салбар хорооноос томилсон шүүгчдийн зөвлөл гүйцэтгэнэ.
Гурав. Харваачдыг бүртгэх
3.1. Үндэсний сурын харвааг эрэгтэй, эмэгтэй, хөвгүүд, охид гэсэн ангиллаар зохион байгуулна.
3.2. Харваачид нь салбар хорооноос зарласан хугацаанд иргэний үнэмлэхтэйгээ биеэр ирж бүртгүүлэх бөгөөд цолтой харваачид цолны үнэмлэхтэй байна.
3.3. Бүртгэлээс хоцорсон харваачийг харваанд оруулахгүй.
Дөрөв. Харвааны дүнг гаргах
4.1. Харваачдыг хана болон хасаа суранд оносон онооны нийлбэрээр цуваагаар байр эзлүүлнэ.
4.2. Ижил оноотой харваачдыг товх харвуулж шалгаруулна.
4.3. Түрүүлсэн харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан цол олгоно.
4.4. Түрүүлсэн харваачийн онооны 50 хувиас дээш оноотой харваачдад бай шагнал хүртээнэ.
Тав. Бусад зүйл
5.1.Сурын харвааны үед дараахь зүйлсийг хориглоно:
5.1.1. үндэсний сурынхаас өөр төрлийн харвааны хэрэгслээр харваанд оролцох;
5.1.2. эрхийвчлэхээс өөр арга барилаар харваа үйлдэх.
5.2 Аймаг, сумын баяр наадмын сурын харвааг зохион байгуулахад энэ дүрэм болон Халх сурын цуваа харвааны дүрмийг мөрдөнө.
5.3. Үндэсний их баяр наадмын сурын харваанд эхний 3 байр эзэлсэн харваач сэргээшийн шинжилгээнд заавал орно.
5.4. Сэргээшийн шинжилгээнд сорьц авах, хадгалах, шинжлүүлэх ажлыг Хорооноос баталсан журмын дагуу салбар хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран зохион байгуулна.
5.5. Сурын харваатай холбогдон гарсан маргааныг салбар хороо шийдвэрлэнэ.
5.6. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд, Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно.
Зургаа. Хариуцлага
6.1. Энэхүү дүрмийг зөрчсөн салбар хорооны гишүүд, шүүгч, харваачдад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A