A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 144 дүгээр тогтоолын хавсралт

СОЁЛ, УРЛАГИЙН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Дүрмийн зорилго нь соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, уран бүтээлчдэд бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд оршино.
2. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, тодорхой арга хэмжээг соёл, урлагийн сан /цаашид "сан" гэх/-гаас санхүүжүүлэх, сангийн хөрөнгийг хуваарилах, бүрдүүлэхэд энэхүү дүрмийг мөрдөнө.
3. Сан нь ашгийн төлөө бус төрийн өмчийн байгууллага бөгөөд тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Сан нь харилцах данстай байна.
4. Сангийн дэргэд зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөл нь соёл, урлагийн сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн талаар санал дүгнэлт гаргана.
5. Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу хуваарилах, бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, ашиглалтад хяналт тавих, зохих журмын дагуу тайлан гаргах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг сангийн захиргаа эрхэлнэ.
7. Сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэг бүхий сангийн захирал /цаашид "ерөнхий менежер" гэх/-ыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн /цаашид "төсвийн ерөнхийлөн захирагч" гэх/ томилно.

Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт
8. Сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1. улсын төсөв;
8.2. сангийн хөрөнгөөр зохион байгуулсан урлагийн тоглолт, уран бүтээлийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийн үзэсгэлэнгээс орсон орлого;
8.3. шинэ уран бүтээл туурвих, улсын болон бүс нутгийн чанартай урлаг, уран сайхны томоохон арга хэмжээ зохион байгуулах, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлахад зориулан аж ахуйн нэгж, байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;
8.4.гадаад оронд зохион байгуулсан соёлын арга хэмжээнээс орох орлого;
8.5. бусад эх үүсвэр.
9. Сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд зарцуулна:
9.1. соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах;
9.2. урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
9.3. улсын захиалгаар бүтээх уран сайхны болон баримтат кино, үндэсний уламжлалт бөгөөд сонгодог урлагийн бүтээл туурвих;
9.4. соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх;
9.5. соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах;
9.6. хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах;
9.7. соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал худалдан авах;
9.8. соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэшил дээшлүүлэх сургалт-семинар, тэдгээрийг гадаад, дотоодод зохиогдох соёл, урлагийн арга хэмжээ, тэмцээнд оролцуулах;
9.9. хөгжмийн том хэлбэрийн болон дүрслэх урлаг, кино, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах, "Түүхийн хүрд" баримтат кино мэдээ бүтээх;
9.10. олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах;
9.11. үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах.
10. Сангийн хөрөнгийн зарцуулаагүй үлдэгдлийг дараа онд шилжүүлэн зарцуулж болно. Энэ нь тухайн байгууллагын дараа оны төсвийг батлахад бууруулж тооцох үндэслэл болохгүй.
11. Сангийн хөрөнгийг энэ дүрмийн 9-д зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

Гурав. Ерөнхий менежерийн эрх, үүрэг
12. Ерөнхий менежер нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1. сангаас санхүүжүүлж байгаа уран бүтээл, соёл, урлагийн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавьж, үр дүнг тооцох, эдгээртэй холбогдсон мэдээ, тайланг гаргуулж авах, шаардлагатай гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн санхүүжилтийг зогсоох;
12.2. төсвийн ерөнхийлөн захирагчаас олгосон эрх хэмжээний хүрээнд сангийн хөрөнгийг энэ дүрэмд заасны дагуу захиран зарцуулах;
12.3. сангийн ажилтнуудыг томилж чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн хуульд заасны дагуу гэрээ байгуулан ажиллах;
12.4. сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, үрэгдүүлж шамшигдуулсан аж ахуйн нэгж, байгууллага, ажилтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
12.5. сангийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал, заавар, журам гаргах, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурах;
12.6. сангийн хөрөнгийг энэ дүрмийн 8-д заасны дагуу бүрдүүлэх ажлыг эрхлэх, сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг сурталчлах;
12.7. сангийн төсвийн төслийг тогтоосон хугацаанд үндэслэлтэй боловсруулж соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
12.8. сангийн хөрөнгийн зарцуулалтын явц, санхүүжүүлсэн шинэ уран бүтээл, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн үр дүнгийн талаар төсвийн ерөнхийлөн захирагчид улирал тутам танилцуулж байх;
12.9. сангийн хөрөнгийн орлого, зарлагын тайланг зохих хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад хугацаанд нь гаргаж өгөх.