- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 2-р хавсралт
ДАЙЧИЛГААНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэлДАЙЧИЛГААНЫ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
1.Дайчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан "Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчлөлд байгаа зэвсэгт хүчний дайчилгааны нөөцөд хамаарах зэвсэг, техник, нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, автомашин, мотоцикл, өөрөө явагч механизм, тэдгээрийн сэлбэг, зэвсэгт хүчний хэрэгцээнд шилжүүлэхээр дайчилгааны төлөвлөгөөнд тусгагдсан эд хөрөнгө, хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, ороох боох материал зэрэг эд хөрөнгө /цаашид "зэвсэг, техник, эд хөрөнгө" гэнэ/-ийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүртгэж, дайчилгааны нөөцийг бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино.
3.Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх табель хэрэгслийн цувраажилт нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дайчилгааны төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг байна.
4.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дайчилгааны нөөцийг бүрдүүлэх жил бүрийн хуваарийг улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг болгон боловсруулж Засгийн газарт оруулан батлуулсны үндсэн дээр түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.Дайчилгааны нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн нөөцийг төлөвлөгөөний дагуу бүрдүүлэх, хадгалах, арчлан хамгаалах ажлыг Засгийн газрын хяналтын дор зохион байгуулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
6.Тухайн жилийн дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтэд хамаарах зэвсэг, техник, бусад эд хөрөнгийн хяналтын тоо, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хадгалах байршлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн IV улиралд багтаан тогтооно.
Хоёр.Зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийг бүрдүүлэх
7.Харьяалах аж ахуйн нэгж, байгууллагаа даалгаваржуулах замаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага дайчилгааны нөөцийг бүрдүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулна.
8.Дайчилгааны нөөц бүрдүүлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь хуваарьт нөөцийг Засгийн газраас тогтоосон хугацаанд заавал бүрдүүлж, зохих захиргааны байгууллагадаа илтгэх үүрэгтэй.
9.Аж ахуйн нэгж, байгууллага дайчилгааны нөөц бүрдүүлэхэд зориулсан зэвсэг, техник, эд хөрөнгийг бөөнөөр үйлдвэрлэн Засгийн газраас тогтоосон хуваарийн дагуу дайчилгааны нөөцөд гэрээгээр нийлүүлж болно.
10.Засгийн газраас хуваарилсан хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд нөөц бүрдүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага дайчилгааны даалгавраар хүлээсэн үүргийн дагуу өөрийн хөрөнгөөр тухайн нөөцийг бүрдүүлж, гаргасан хөрөнгөө Засгийн газраас нэхэмжлэн авч болно.
11.Тогтоосон хэмжээ, хугацаа, хуваарийн дагуу дайчилгааны нөөцийг бүрдүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагаар уг нөөцийг нөхөн бүрдүүлүүлэх арга хэмжээг Засгийн газраас авна.
12.Дайчилгааны нөөц бүрдүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь нийлүүлэх зэвсэг, техник, эд хөрөнгийг тогтоосон хуваарь, хугацааны дагуу нөөцийн агуулахад хүргэж өгнө.
13.Дайчилгааны нөөцийн бүрдүүлэлтэд орох хүнсний бүтээгдэхүүн, эм, ороох боох материал нь дараахь шаардлагыг хангасан байна:
а/шинэ байх;
б/нэр төрөл, хэмжих нэгж, тоо хэмжээ, нэгжийн үнэ тодорхой байх;
в/үйлдвэрлэсэн буюу бэлтгэсэн байгууллагын нэр, он, сар, өдөр, хадгалах хугацааг сав, баглаа боодлын гадна талд тодорхой заасан байх;
г/улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байх;
д/чанарын шинжилгээний дүн, он, сар, өдөр тодорхой байх;
е/сав, баглаа боодол нь бүрэн бүтэн байх.
14.Дайчилгааны нөөцөд зэвсэг, техник, эд хөрөнгийг шилжүүлэхэд хүлээн авсан, хүлээлгэн өгсөн байгууллага, ажилтны нэр, албан тушаалыг тодорхой заасан нотломж бичгийг нууцын зэрэгтэйгээр 5 хувь үйлдэж, гарын үсэг зуралцсан байх бөгөөд түүнийг дор дурдсанаар тус бүр нэг хувийг хадгалуулна:
а/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны холбогдох байгууллагад;
б/батлан хамгаалах болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;
в/хүлээлгэн өгсөн, хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагад.
15.Дайчилгааны нөөцөд хүлээн авсан эд хөрөнгөд чанарын шинжилгээ хийснийг нотолсон бичиг баримтыг хүлээн авагчийн нотломж бичигт хавсаргасан байна.
16.Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь тухайн нөөцийг шилжүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор багтаан батлан хамгаалах болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нотломжийг шилжүүлэн хадгалуулна.
17.Засгийн газрын шийдвэрээр дайчилгааны нөөцийн зэвсэг, техник, эд хөрөнгөөс шаардлагатай үед тодорхой хэмжээгээр зарцуулж болох бөгөөд нөөц бүрдүүлэгч уг зарцуулсан зэвсэг, техник, эд хөрөнгийг 3 сарын дотор багтаан дайчилгааны нөөцөд нэр төрөл, хэмжээгээр нь нөхөн бүрдүүлэх үүрэгтэй.
Гурав.Дайчилгааны нөөцийн зэвсэг,техник, эд хөрөнгийн үнэлгээ
18.Дайчилгааны нөөцөд хүлээн авах,түүнчлэн нөөцөөс зарцуулах зэвсэг, техник, эд хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн үнээр үнэлнэ.
19.Дайчилгааны нөөцийн зэвсэг, техник, эд хөрөнгийн талаархи тайлан, мэдээ нууц байна.
Дөрөв.Бусад зүйл
20.Дайчилгааны нөөц хадгалахад зориулсан агуулах, барилга байгууламжийг улсын төсөвт тусгуулан бариулах, засварлах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
21.Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журмыг зөрчих, дайчилгааны нөөцөөс дутагдуулах, тэдгээрийн чанарыг алдагдуулах, тогтоосон хугацаанд нь бүрдүүлэхгүй байх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр дайчилгааны нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг өөрчлөх, улсын нууц задруулах зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
Текст томруулах
A
A
A