- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА,АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ДАЙЧИЛСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ ОЛГОВОР ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 3-р хавсралт
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА,АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ДАЙЧИЛСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ ОЛГОВОР ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА,АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ДАЙЧИЛСАН ТОХИОЛДОЛД НӨХӨХ ОЛГОВОР ТӨЛӨХ ЖУРАМ
1.Дайчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Дайчилгааны хуульд заасан үндэслэлээр зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах шаардлага гарсан үед хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд /цаашид "байгууллага, аж ахуйн нэгж, иргэн" гэнэ/-ийн өмчийг дайчлан аваад нөхөх олговор төлөх үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
3.Нөхөх олговортойгоор дайчлах өмчид байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчийн нисэх онгоц, нисдэг тэрэг, автомашин, мотоцикл, өөрөө явагч механизм зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгсэл /цаашид "тээврийн хэрэгсэл" гэнэ/, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө хамаарна.
4.Нөхөх олговор төлөхөд өмчөө дайчлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг аливаа алдагдал, хохиролд хүргэхгүй байх зарчмыг баримтална.
5.Өмчөө дайчлуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд нөхөх олговор төлөх тухай батламжийг тухайн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага олгоно. Батламжид дайчлагдсан өмчийн нэр төрөл, тоо хэмжээ, нөхөн төлөх олговрын хэмжээг тодорхой зааж, түүнийг талуудын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
6.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчийн дайчлагдсан тээврийн хэрэгсэл, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд нөхөн төлөх олговрын хэмжээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
Хоёр.Нөхөн төлөх олговрын хэмжээг тооцох
7.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчлагдсан өмчийн нөхөн төлөх олговрын хэмжээг дор дурдсанаар тооцно:
а/эд хөрөнгө /хүнс, хувцас, шатахуун, тосолгооны материал, эм, ороох боох материал, техникийн сэлбэг, бусад эд хөрөнгө зэрэг/-ийг зах зээлийн тухайн үеийн үнээр;
б/тээврийн хэрэгсэл, аэродром, техник хангалтын төхөөрөмжийг даатгалынх нь үнэлгээгээр;
в/үл хөдлөх хөрөнгө /газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж/-ийг үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан үнэлгээгээр;
г/хувийн өмчийн морь, ажлын бусад мал, ердийн хөсгийн тоног хэрэгслийг зах зээлийн тухайн үеийн үнээр.
8.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний өмчөөс зэвсэгт хүчний зайлшгүй хэрэгцээнд зориулан бүрмөсөн шилжүүлсэн газар, барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нөхөн төлөх олговрын хэмжээ нь тэдгээрийн баталгаажсан үнэлгээтэй тэнцүү байна.
Гурав.Нөхөх олговрыг мөнгөн болон биет хэлбэрээр төлөхөд хамаарах өмч
9.Нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр төлөх өмчид дараахь тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө хамаарна:
а/устаж үгүй болсон буюу цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгсэл;
б/эдэлж, ашигласан эд хөрөнгө;
в/агт морь, ажлын бусад мал, ердийн хөсгийн тоног хэрэгсэл.
10.Нөхөх олговрыг биет хэлбэрээр төлөх өмчид дараахь тээврийн хэрэгсэл, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
а/ашиглагдаагүй үлдсэн нэгдүгээр зэргийн хувцас, эмнэлгийн багаж хэрэгсэл, ороох боох материал, техникийн сэлбэг, бусад эд хөрөнгө;
б/хэрэглээгүй үлдсэн хүнс, шатахуун, тосолгооны материал, эм, бусад зүйл;
в/үүрэг гүйцэтгэх боломжтой тээврийн хэрэгсэл;
г/газар, барилга байгууламж;
д/үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж.
Дөрөв.Нөхөх олговрыг төлөх
11.Засгийн газраас тогтоосон жишиг үнэ, дайчлагдсан өмчид олгосон батламжийг үндэслэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нөхөх олговрыг өмчийг нь дайчилсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага төлнө.
12.Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөлөөс шалтгаалан дайчилгаа цуцлагдсанаас хойш 1-3 жилд багтаан нөхөх олговрыг төлнө.
13.Энэ журмын 10 дугаар зүйлд дурдсан тээврийн хэрэгсэл, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг биет хэлбэрээр буцааж өгснөөр тэдгээрийн нөхөн олговрыг төлсөнд тооцно.
14.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний дайчлагдсан барилга байгууламж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж цохилтод өртсөний улмаас ашиглах боломжгүй болсон бол түүнийг төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж өгөх буюу баталгаажсан үнэлгээтэй нь тэнцэх хэмжээтэй нөхөх олговрыг өмчлөгчид төлнө.
15.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нөхөх олговорт төлөх мөнгийг тухайн өмчийг дайчилсан төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын нэр дээр гаргасан батламж, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн байгууллагын захиалгыг үндэслэн шилжүүлнэ.
16.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэний дайчлагдсан өмчид нөхөх олговор төлөх асуудлыг хариуцан зохион байгуулна.
17.Дайчлагдсан агт морь, ажлын бусад мал, ердийн хөсгийн тоног хэрэгслийг өмчлөгч нь зөвшөөрвөл зэвсэгт хүчний хэрэгцээнд бүрмөсөн шилжүүлэн авч, энэ журамд заасны дагуу нөхөх олговрыг төлж болно.
18.Дайчлагдсан өмчид нөхөх олговор төлөх ажилд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
Тав.Бусад зүйл
19.Өмч нь дайчлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд төлөх нөхөх олговрын эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ.
20.Өмчөө дайчлуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нөхөх олговор төлөхтэй холбогдсон гомдлоо батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шүүхэд гаргаж болно.
21.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A