A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 4-р хавсралт


ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬ ЯВУУЛАХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл
1.Дайчилгааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Дайчилгаатай сургууль явуулах"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, оногдуулан дансалсан дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийг энэ ажилд зориулан татаж нийлүүлэх, тэднийг гүйцэтгэх үүрэгт нь сургаж дадлагажуулах, түүнчлэн дайчилгааны бэлэн байдлыг шалгах ажлыг зохицуулахад журмын зорилго оршино.
3.Зэвсэгт хүчний ерөнхий штаб дайчилгаатай сургуулийг хариуцан зохион байгуулах бөгөөд уг сургуулийг явуулахаас нэг жилийн өмнө шаардагдах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгсэл болон хөрөнгийн тооцоог гаргаж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлсний үндсэн дээр сургуулийн тухайн жилийн сургалт, бэлтгэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлнэ.
4.Дараа жилийн дайчилгаатай сургууль явуулах хугацаа, түүнд оролцуулах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар зургаагаас доошгүй сарын өмнө тогтооно. /2000 оны 143 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

Хоёр.Дайчилгаатай сургууль явуулах бэлтгэл хангах
5.Дайчилгаатай сургууль явуулах бэлтгэл хангахад батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/дайчилгаатай сургууль явуулах хугацаа, түүнд татан оролцуулах оногдуулан дансалсан дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгсэл, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж саналаа Засгийн газарт оруулан энэ журмын 3 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан шийдвэрлүүлэх;
б/дайчилгаатай сургуулийн зардлыг батлан хамгаалах арга хэмжээний тухайн жилийн төсөвт тусгуулах;
в/Зэвсэгт хүчний ерөнхий штабт дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг хангах асуудлаар чиглэл өгөх.
6.Дайчилгаатай сургууль явуулах бэлтгэл хангахад аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/Зэвсэгт хүчний ерөнхий штабаас хүргүүлсэн цэрэгт бүртгэгдсэн мэргэжлийн код, захиалгын дагуу дайчилгаатай сургуульд оролцуулах бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлан татах бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;
б/дайчилгаатай сургуульд оролцуулах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлан татахад шаардагдах төсвийн төслийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан шийдвэрлүүлэх;
в/дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлан татах асуудлаар цэрэг-иргэний хамгаалалтын штабын албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөх;
г/дайчилгаатай сургуульд татан оролцуулахаар товлосон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар эмнэлгийн үзлэгт хамруулан өвчтөнийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах;
д/дайчилгаатай сургуульд татан оролцуулахаар товлосон техник хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэж, бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах;
е/дайчилгаатай сургуульд татан оролцуулах техник хэрэгслийг өмчлөгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах гэрээний маягтыг бэлэн болгох.
7.Дайчилгаатай сургууль явуулах бэлтгэлийг хангахад Зэвсэгт хүчний ерөнхий штаб дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/дайчилгаатай сургууль явуулах төлөвлөгөө боловсруулан гаргах;
б/дайчилгаатай сургууль явуулах сургуулийн дохио, захирамжийг бэлтгэх;
в/дайчилгаатай сургуульд татан оролцуулах дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний захиалгыг бүртгэгдсэн цэргийн мэргэжлийн кодоор нь, техник хэрэгслийг марк, зориулалтаар нь гаргаж аймаг, нийслэлийн цэрэг-иргэний хамгаалалтын штабт хүргүүлэх;
г/дайчилгаатай сургууль явуулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;
д/дайчилгаатай сургууль явуулах нэгтгэл, ангийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах.
8.Дээр дурдсан байгууллага, албан тушаалтан дайчилгаатай сургуулийн бэлтгэлийг сургууль эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө хангаж дуусгасан байна.

Гурав.Дайчилгаатай сургууль явуулах
9.Дайчилгаатай сургуулийг Засгийн газраас тогтоосон хугацаанд, урьдчилан товлосон нутаг дэвсгэрт батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын дор Зэвсэгт хүчний ерөнхий штаб удирдан зохион байгуулж явуулна.
10.Зэвсэгт хүчний ерөнхий штабаас сургуулийн дохио, захирамжийг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга, нэгтгэл, ангийн захирагчид хүргүүлэн мэдээлснээр дайчилгаатай сургууль эхэлнэ.
11.Дайчилгаатай сургууль явуулах үед аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/цугларах, шилжүүлэх байрын бүрэлдэхүүнд үүрэг өгч ажилд нь оруулах;
б/оногдуулан дансалсан дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчилгаатай сургууль явуулах нэгтгэл, ангиудын байлдааны цагийн орон тооны дагуу удирдамжаар тогтоосон хугацаанд дайчлан татаж, эрүүл мэндийн үзлэгт оруулах;
в/эрүүл мэндээр тэнцэгсдийг тогтоосон хугацаанд холбогдох бичиг баримттай нь үүрэг гүйцэтгэх нэгтгэл, ангиудад хүргүүлэх;
г/дайчилгаатай сургуульд татан оролцуулах техник хэрэгслийн өмчлөгчтэй нь гэрээ байгуулан үүрэг гүйцэтгэх нэгтгэл, ангиудад хүргүүлэх;
д/батлагдсан төсвийг захиран зарцуулах.
12.Дайчилгаатай сургууль явуулах үед Зэвсэгт хүчний ерөнхий штаб, түүний харЬяа нэгтгэл, ангийн захирагч нар дараахь үүрэг гүйцэтгэнэ:
а/хүн, техник хүлээн авах байрын бие бүрэлдэхүүнд үүрэг өгч, ажилд нь оруулах;
б/дайчилгаагаар татагдан ирсэн дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг холбогдох бичиг баримттайгаар хүлээн авч, оногдуулан дансалсан албан тушаалд нь хуваарилах, сургалт явуулж үүрэг гүйцэтгүүлэх;
в/дайчилгаагаар татагдан ирсэн техник хэрэгсэлд үзлэг хийн гэрээнийх нь хамт хүлээн авч, үүрэг гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах;
г/батлагдсан төсвийг захиран зарцуулах.
13.Сургуулийн удирдамж, төлөвлөгөөнд заасан үйл ажиллагаа бүрэн хэрэгжсэнээр дайчилгаатай сургууль дуусна.

Дөрөв.Дайчилгаатай сургуулийн дүн гаргах
14.Дайчилгаатай сургууль дууссан тухай нотломж, төсвийн гүйцэтгэлийн тайланг сургууль дууссанаас хойш нэг сарын дотор багтаан Зэвсэгт хүчний ерөнхий штаб гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
15.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаатай сургуулийн дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газарт илтгэх хуудсаар танилцуулна.
16.Дайчилгаатай сургуулийн дохио, удирдамж, мэдээ, судалгаа, дүнгийн тухай нотломж, илтгэх хуудас, төсвийн гүйцэтгэлийн тайлан нууц байна.
17.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.