- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ТАТАН ОРОЛЦУУЛСАН БЭЛТГЭЛ ОФИЦЕР, ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭНД ЦАЛИН ОЛГОХ ХЭМЖЭЭ, ЖУРАМ (Засгийн газрын 2019 оны 246 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТЭНД ЦАЛИН ОЛГОХ ХЭМЖЭЭ, ЖУРАМ
(Засгийн газрын 2019 оны 246 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Дайчилгааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цалин олгох"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Дайчилгаатай сургуульд татан оролцуулсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэн /цаашид "дайчлагдсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэн" гэнэ/-д цалин олгох асуудлыг түүний ажилладаг үндсэн байгууллага, аж ахуйн нэгж болон дайчилгаатай сургууль явуулсан цэргийн нэгтгэл, анги хариуцна.
3.Дайчилгаатай сургуулийн үед гүйцэтгэсэн үүргийн байдлыг үнэлэх зарчмаар бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цалин олгох зарчмыг баримтална.
4.Зэвсэгт хүчний ерөнхий штаб дайчилгаатай сургууль явуулахаас нэг жилийн өмнө уг сургуульд татан оролцуулах бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтний тоо болон тэдэнд олгох цалингийн тооцоог гаргаж, саналаа боловсруулан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна.
5.Дараа жилийн дайчилгаатай сургууль явуулахад татан оролцуулах бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд олгох цалинд зарцуулах хөрөнгийн хэмжээг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар нэг жилийн өмнө тогтооно.
6.Засгийн газраас тогтоосон хөрөнгийн хэмжээг үндэс болгон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайчилгаатай сургуульд татан оролцуулсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд олгох цалинд зарцуулах хөрөнгийг төсөвтөө тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Хоёр.Дайчлагдсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд олгох цалин
7.Дайчилгаатай сургуульд оролцуулахаар дайчлагдсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд дараахь хэлбэрийн цалинг олгоно:
а/үндсэн байгууллагаас олгох цалин;
б/цэргийн цолны цалин;
в/мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалин.
8.Бэлтгэл офицер, цэргийн нэмэгдэл үүрэгтний дайчилгаатай сургуульд оролцсон хугацааны цалинг уг сургууль явуулсан цэргийн нэгтгэл, ангийн тодорхойлолтыг үндэслэн түүний ажилладаг байгууллага Дайчилгааны тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар олгоно.
9.Дайчлагдсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд оногдуулан дансалсан албан тушаалын цолны болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалинг дайчилгаатай сургууль явуулсан цэргийн нэгтгэл, анги олгоно.
10.Дайчлагдсан бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтний мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалинг түүний мэргэжлийн зэргийн үнэмлэхийг үндэслэн олгоно.
11.Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгаатай сургуульд оролцож байх үедээ өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол эмнэлгийн магадлагааг үндэслэн түүний ажилладаг байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгоно.
12.Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн цолны болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалинг сургуулийн төгсгөлд олгоно.
13.Бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгаатай сургуульд оролцож байх үедээ сахилга, хариуцлага алдсан буюу үүргээ хангалтгүй биелүүлсэн нь цэргийн нэгтгэл, ангийн тодорхойлолтоор нотлогдсон бол цалинг бууруулан олгох эрхийг байгууллагын эрх баригч эдэлж болно.
14.Дайчилгаатай сургуульд оролцсон бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэнд удаан жилийн нэмэгдэл цалин олгохгүй.
15.Дайчилгаатай сургуульд оролцсон бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтний өвчтэй байсан хугацаа нь сургуулийн нийт хугацааны гуравны хоёроос хэтэрсэн бол түүнд цэргийн цолны болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалинг олгохгүй.
Дөрөв.Бусад зүйл
16.Дайчилгаатай сургуульд оролцсон бэлтгэл офицер, цэргийн бэлтгэл үүрэгтэн цалинтай холбогдсон гомдлоо батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шүүхэд гаргаж болно.
17.Энэ журмыг зөрчсөн байгууллага, цэргийн нэгтгэл, ангийн захирагч болон бусад албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A