- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ТАТАН ОРОЛЦУУЛСНЫ ХӨЛСИЙГ ТӨЛӨХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 6-р хавсралт
ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ТАТАН ОРОЛЦУУЛСНЫ ХӨЛСИЙГ ТӨЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ДАЙЧИЛГААТАЙ СУРГУУЛЬД ТАТАН ОРОЛЦУУЛСНЫ ХӨЛСИЙГ ТӨЛӨХ ЖУРАМ
1.Дайчилгааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Дайчилгааны нөөцөд хамаарах нисэх онгоц, нисдэг тэрэг, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, автомашин, мотоцикл, өөрөө явагч механизм, бусад техник хэрэгсэл /цаашид "техник хэрэгсэл" гэнэ/-ийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөх үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
3.Зэвсэгт хүчний ерөнхий штабын төлөвлөгөөгөөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дайчилгааны нөөцөд хамаарах техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулж энэ журамд заасны дагуу хөлсийг нь төлнө.
4.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг төлөхдөө аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг аливаа алдагдал, хохиролд хүргэхгүй байх зарчмыг баримтална.
5.Зэвсэгт хүчний ерөнхий штаб нь дайчилгаатай сургууль явуулахаас нэг жилийн өмнө уг сургуульд татан оролцуулах техник хэрэгсэл, тэдгээрт төлөх хөлсний тухай саналаа боловсруулж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулна.
6.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зэвсэгт хүчний ерөнхий штабаас ирүүлсэн дараа жилийн дайчилгаатай сургуульд татан оролцуулах техник хэрэгсэлд төлөх хөлсний хэмжээг хянан үзэж, Засгийн газарт оруулан батлуулсны үндсэн дээр дайчилгааны бэлтгэлийг хангах төсөвт тусгуулна.
7.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг Зэвсэгт хүчний ерөнхий штаб энэ журамд заасны дагуу тооцон олгоно.
Хоёр.Хөлсний хэмжээг тооцох
8.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг хоногоор тооцно.
9.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хоногийн хөлсийг Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл тооцох аргаар бодно.
10.Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөлсийг батлагдсан тарифаар тооцно.
11.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулах үүрэг хүлээсэн аймаг, нийслэлийн цэрэг-иргэний хамгаалалтын штаб энэ журмын 9 дүгээр зүйлд зааснаар тооцож өмчлөгч буюу эзэмшигчтэй гэрээ байгуулна.
12.Гэрээг 4 хувь үйлдэх бөгөөд Зэвсэг хүчний ерөнхий штаб, цэрэг-иргэний хамгаалалтын штаб, өмчлөгч буюу эзэмшигч, дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, ангид хадгална.
Гурав.Дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлсийг төлөх
13.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг тэдгээрийн үүрэг гүйцэтгэсэн байдлыг харгалзан дайчилгаатай сургууль явуулсан нэгтгэл, анги энэ журмын дагуу төлнө.
14.Техник хэрэгслийн хөлсийг дайчилгаатай сургууль дууссан өдрөөс хойш нэг сарын дотор багтаан холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд тэдгээрийн үйлчлүүлдэг буюу харьяалсан банкаар дамжуулан бэлэн бусаар төлж дуусгана.
15.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд оролцуулсны хөлс төлөлт нь Зэвсэгт хүчний ерөнхий штабын удирдлага, хяналтын дор явагдана.
Дөрөв.Бусад зүйл
16.Техник хэрэгслийг дайчилгаатай сургуульд татан оролцуулсны хөлсийг дайчилгааны бэлтгэлийг хангах төсвөөс гаргана.
17.Дайчлан татсан техник хэрэгсэл дайчилгаатай сургуулийн явцад гэмтсэн, эвдэрсэн нь эзэмшигчийн буруутай холбоотой биш бол хохирлыг Дайчилгааны хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний ерөнхий штаб дайчилгааны бэлтгэлийг хангах төсвөөс тухайн техник хэрэгслийн баталгаажсан болон даатгуулсан үнэлгээг үндэслэн төлнө.
18.Дайчилгаатай сургуульд татан оролцуулсан техник хэрэгслийг шатахуун, тосолгооны материалаар хангах асуудлыг дайчилгаатай сургууль явуулах цэргийн нэгтгэл, анги зохих журмын дагуу хариуцна.
19.Техник хэрэгслээ дайчилгаатай сургуульд оролцуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан, иргэн энэ журамд заасан хөлс төлөлттэй холбогдсон гомдлоо батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шүүхэд гаргаж болно.
20.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A