A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 200 дугаар тогтоолын 7-р хавсралт


ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖЭЭС ДАЙЧИЛСАН САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ БУЦААН ТӨЛӨХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл
1.Дайчилгааны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх"-д энэ журмыг дагаж мөрдөнө.
2.Дайчилгааны тухай хуульд заасан үндэслэлээр зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг байлдааны цагийн орон тооны дагуу нөхөн хангах, дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс санхүүгийн нөөцийг дайчлаад буцаан төлөх үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
3.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс санхүүгийн нөөцийг энэ журмын 2 дугаар зүйлд заасан үндэслэлээр буцаан төлөх нөхцөлтэйгөөр дайчлах тухай шийдвэрийг төр, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага гаргана.
4.Дайчилж болох санхүүгийн нөөцөд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид бэлэн байгаа болон тэдгээрийн банк дахь мөнгө, банкинд хадгалуулсан алт, мөнгө, бусад эрдэнэсийн зүйл хамаарна.
5.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхөд тухайн байгууллага, аж ахуйн нэгжийг аливаа алдагдал, хохиролд хүргэхгүй байх зарчмыг баримтална.
6.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх үйл ажиллагаа нь Засгийн газрын удирдлага, хяналтын дор явагдана.

Хоёр.Дайчилж болох бэлэн болон банк дахь мөнгөнд хамаарах хөрөнгө
7.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн дайчилж болох бэлэн мөнгөнд дараахь хөрөнгө хамаарна:
а/касст байгаа бэлэн мөнгө;
б/мөнгөний ордер /авиз/;
в/банкнаас гаргасан бэлэн мөнгөний чек;
г/компаниудын чек, вексель зэрэг эрхийн бичгүүд.
8.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилж болох банк дахь мөнгөнд дараахь хөрөнгө хамаарна:
а/харилцах болон чекийн данс дахь мөнгө;
б/хугацаатай хадгаламж;
в/банкны тусгай харилцахад байгаа мөнгө;
г/үнэт цаасны зах зээлд зориулан харилцах дансанд байгаа мөнгө;
д/гадаадад хадгалуулсан мөнгө.

Гурав.Санхүүгийн нөөцийг дайчлах, буцаан төлөх
9.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг энэ журмын 3 дугаар зүйлд зааснаар гаргасан шийдвэрийн дагуу дайчлахдаа нийслэл, аймгийн цэрэг-иргэний хамгаалалтын штаб батламж гарган өгнө.
10.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүүгийн нөөцийг дайчилсан тухай батламжид дайчилсан хөрөнгийн хэмжээ, төрөл, буцаан төлөх хугацааг тодорхой зааж, түүнийг талуудын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулсан байна.
11.Дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх үндэслэл нь санхүүгийн нөөцийг дайчилсан тухай батламж байх бөгөөд батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөх асуудлаар дайчилгаа цуцлагдсанаас хойш 6-12 сарын дотор багтаан санал боловсруулж Засгийн газарт оруулна.
12.Засгийн газар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан санхүүгийн нөөцийг төлөхөд шаардагдах хөрөнгийг гаргуулах тухай асуудлаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
13.Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн касст байсан бэлэн мөнгө, харилцах болон чекийн дансанд байсан мөнгийг эхний ээлжинд төлнө.
14.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан мөнгөний ордер /авиз/, банкнаас гаргасан бэлэн мөнгөний чек, хугацаатай хадгаламж зэргийг цохилтод өртсөн улсын чухал объектуудыг сэргээн босгосны дараа төлнө.
15.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжээс дайчилсан гадаадад хадгалуулсан мөнгө, компаниудын чек, шилжих вексель зэрэг эрхийн бичгүүд, хувьцаа, бонд, алт, мөнгө, эрдэнэсийн бусад зүйлийг улсын хэмжээнд сэргээн босголтын ажил дууссаны дараа биет байдлаар буюу батламжид заасан мөнгөн хэмжээгээр тооцож төлнө.
16.Дайчилсан хувьцаа, бонд, векселийг эргүүлж авах нөхцөлтэйгөөр худалдсан гэрээний дагуу тоо ёсоор худалдан авч, тухайн байгууллага, аж ахуйн нэгжид төлнө.
17.Дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхөд хүү тооцохгүй.
18.Дайчилсан санхүүгийн нөөцийг Засгийн газраас баталсан график-төлөвлөгөөний дагуу зохих байгууллага, аж ахуйн нэгжид төлөх ажлыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлчлүүлдэг банкаар нь дамжуулан гүйцэтгэнэ.

Дөрөв.Бусад зүйл
19.Хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж дайчилсан санхүүгийн нөөцийг буцаан төлөхтэй холбогдсон гомдлоо Засгийн газарт, эсвэл шүүхэд гаргаж болно.
20.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.