- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НОМ, ХЭВЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Засгийн газрын 2003 оны 140 дүгээр тогтоолын хавсралт
НОМ, ХЭВЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Шинээр хэвлэгдэн гарч байгаа ном, хэвлэлийн шилдэг бүтээлээс улсын санд шалгаруулан худалдан авах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Худалдан авсан ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг Улсын төв номын сан болон аймаг, нийслэлийн төв номын санд хадгална.
1.3. Ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг жилд нэг удаа шалгаруулан худалдан авна. .
Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа
2.1. Ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг шинжлэн үзэж, үнэлгээ өгөх, улсын санд худалдан авах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг (цаашид "зөвлөл" гэх) соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилон ажиллуулна.
2.2. Зөвлөл нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийтийн номын сан, хэвлэлийн үйлдвэр болон зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн есөөс доошгүй гишүүнтэй байна.
2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.
2.4. Зөвлөлийн хуралдааныг жилд нэг удаа хуралдуулна.
2.5. Зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар санал, дүгнэлт гаргана.
2.6. Зөвлөлийн гишүүн өөрийн бүтээлээ худалдаж байгаа буюу өмнөх үг, шүүмж бичсэн, редакторласан бол тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй.
2.7. Зөвлөлийн санал, дүгнэлтийг хуралдаанд оролцсон Зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
2.8. Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвлөлөөс гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн шалгарсан ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах шийдвэр гаргана.
2.9. Улсын санд худалдан авах номын нэр төрөл, тоо хэмжээ, байршуулах газрыг Зөвлөл тодорхойлно.
Гурав. Шилдэг ном, хэвлэлийг шалгаруулах, худалдан авах
3.1. Шалгаруулалтад тухайн онд хэвлэгдсэн шинэ бүтээл орох бөгөөд бүтээлийг шалгаруулалт болохоос нэг сарын өмнө Зөвлөлд ирүүлнэ.
3.2. Шалгаруулалтад орох бүтээл дараахь шаардлагыг хангасан байна:
-нийт уншигчдад зориулсан лавлагаа-танин мэдэхүйн зохиол, урлаг, уран зохиол, түүхийн болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан бүтээлийн аль нэг төрөлд хамрагдаж байх;
-хэвлэлийн бүтээгдэхүүнд тавигдах олон улсын стандартыг хангасан байх.
3.3. Ном, хэвлэлийн шилдэг бүтээлд тухайн онд хэвлэгдэн гарсан уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүхийн онцгой ач холбогдолтой ном, хэвлэл хамаарна.
3.4. Улсын сангийн бүртгэл хөтлөх, шилдэг ном, хэвлэлийг хуваарийн дагуу түгээх, худалдан авсан бүтээлийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах ажлыг Улсын төв номын сан хариуцан гүйцэтгэнэ.
Дөрөв. Шалгарсан бүтээлийг санхүүжүүлэх, хөрөнгийг зарцуулах
4.1. Шалгарсан ном, хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авахад шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн сангаас санхүүжүүлнэ.
4.2. Ном, хэвлэлийн шилдэг бүтээл авах зардлыг улсын төсвөөс олгосон хэмжээнд багтаан санхүүжүүлнэ.
Текст томруулах
A
A
A