- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТАЛААР ОЙРЫН ЖИЛҮҮДЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Засгийн Газрын 2002 оны 103 дугаар тогтоолын хавсралт
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТАЛААР ОЙРЫН ЖИЛҮҮДЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ТАЛААР ОЙРЫН ЖИЛҮҮДЭД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг 2004 онд 6 хувьд, 2010 онд 10 хувьд хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд геологи, уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Нэг. Геологийн судалгааны ажилд баримтлах чиглэл
Засгийн газраас геологийн судалгааны ажлын талаар тавих зорилт нь Монгол орны геологийн зүй тогтлыг тогтоох, ашигт малтмалын орд, илэрцийг нээж илрүүлэх замаар уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 2004 он хүртэлх хугацаанд геологийн судалгаанд улсын төвлөрсөн төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тогтвортой нэмэгдүүлэх замаар Монгол орны нутаг дэвсгэрийг 1:200000-ны масштабтай геологийн зураглалд бүрэн, 1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажилд нийт нутаг дэвсгэрийн 1/5-ийг 2004 онд, 30 хувийг 2010 онд хамруулна.
Ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, олон улсын мэдээллийн технологид нийцсэн геомэдээллийн сан байгуулах арга хэмжээ авна.
1.1. Геологийн судалгааны өнөөгийн байдал
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 94.1 хувь нь 1:200000-ны, 16.2 хувь нь 1:50000-ны масштабтай геологийн зураглал, эрлийн ажилд, 70 орчим хувь нь агаарын геофизикийн судалгаанд хамрагдсан байна.
Зураглал, ерөнхий эрлийн ажлыг улсын төсвийн хөрөнгөөр, ашигт малтмалын эрэл хайгуулын ажлыг үндсэндээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөрөнгөөр гүйцэтгэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр жил бүр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд 0.8-1.0 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2001 оноос эхлэн жилд 1.3 тэрбум төгрөг, цаашид үүнийг жил бүр тогтвортой 15-20 хувиар нэмэгдүүлэн 2.0 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж байна.
Эрэл хайгуулын ажилд 1997 онд гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд 8.9 тэрбум төгрөг, 2000 онд 3.9 тэрбум төгрөг, 2001 онд 6.0 тэрбум төгрөг тус тус зарцуулсан бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийт 22.1 сая га талбайд хайгуулын лиценз эзэмшиж байгаагийн 90 орчим хувь нь алтны шороон ордын хайгуулын ажилд чиглэгдэж байна.
Эрэл хайгуулын ажилд зарцуулж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурах хандлагатай болсныг нэгдүгээрт, алт, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ сүүлийн жилүүдэд унаж байгаа, хоёрдугаарт, сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгээр шууд хөрөнгө оруулах объект төдийлэн илрээгүй байгаа, гуравдугаарт, 1998 оноос татварын тогтолцооны тогтворгүй байдал үүссэнтэй холбоотой.
Нөгөө талаар хувийн хөрөнгө оруулалт алтны шороон болон үндсэн орд, зэсийн орд газрын хайгуулын ажилд үндсэндээ төвлөрч бусад төрлийн ашигт малтмалын чиглэлээр болон дэд бүтэц хөгжөөгүй, алслагдсан бүс нутагт дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна.
Геологийн судалгааны ажилд учирч байгаа хүндрэлтэй асуудлаас дурдвал:
-судалгааг эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжийн техник, технологийн чадавхи нь 1970-80-аад оны түвшинд байгаа;
-улирлаас хамааралтай ажлын хувьд геологийн судалгааны ажлын санхүүжилтийн саатлаас болж хээрийн ажлын бэлтгэл хангагдахгүй, ажил эхлэх хугацаа 1-2 сараар оройтож байгаа нь ажлын чанар, үр дүнд нөлөөлж байгаа;
-хилийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутаг, ялангуяа өмнөд хилийн бүс нутагт тусгай хамгаалалттай газрын тухай хууль тогтоомжоос шалтгаалан дорвитой судалгаа хийх бололцоогүй;
-1:50000-ны масштабтай геологийн зураглал, эрлийн ажилд жилд хамруулах талбайн хэмжээг наад зах нь 2-3 дахин нэмэгдүүлж, энэ ажлын явцыг хурдасгах, эцсийн үр дүнг нь дээшлүүлэх зорилгоор зайнаас тандах судалгаа, региональ болоод эрлийн геофизикийн аргуудыг өргөн хэрэглэх, судалгааны материалын боловсруулалтад орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа зэрэг болно.
1.2. Голлох төрлийн ашигт малтмалын нөөцийн байдал
2001 оны байдлаар үйлдвэрийн зэргээр тогтоогдсон алтны нөөцийн хэмжээ 146.78 тн, үүнээс үндсэн ордын нөөц 64.3 тн байна. Нөөцийн дундаж өсөлт одоогийн түвшинд байна гэж үзвэл алтны шороон ордын бэлтгэгдсэн нөөцийг 20 орчим жил ашиглах боломжтой. Өнөөгийн геологи хайгуулын ажлын үр дүн, гарч байгаа таамаглалаар алтны шороон ордын нөөцийн өсөлт цаашид буурах хандлагатай байна.
Алтны үндсэн ордын тойм судалгаа, геологийн зураглал, эрлийн ажлын явцад нийтдээ алтны үндсэн ордын тойм нөөцийг 1300 тн-оор баримжаалсны дотор Өмнөд Монголд 200 гаруй тн, Дорнод Монголд 150 гаруй тн. таамаг нөөцийг тогтоож, хайгуулын шатанд Бороо-Зуунмодны талбайд 43 тн, Тавтын ордод 4.8 тн нөөц бэлтгэгдсэн.
2001 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Эрдэнэтийн овооны орд газрын хүдрийн нөөц 1304.9 сая тн болсон бөгөөд үүнд зэс 0.47 хувийн агуулгаар 6151.0 мянган тн, молибден 0.013 хувийн агуулгаар 176.2 мянган тн байна.
Цагаансуврагын зэсийн ордын нөөц нь 1.2 сая тн-оор батлагдсан ба хагас үйлдвэрийн туршилт хийгдэж, үндсэндээ ашиглалтад бэлтгэгдсэн.
Оюу толгойн зэсийн орд нь тойм нөөцөөрөө дээрх ордуудтай ижил байх магадлалтай бөгөөд хайгуулын ажлыг эрчимтэй гүйцэтгэн 2004 онд ордын геологийн нөөцийн ерөнхий үзүүлэлтүүд тодорхой болно.
Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөцийг авч үзвэл 8 сая тн орчим зэс, 0.24 сая.тн молибден, 3 сая тн орчим хар тугалга, цайрын хүдэр, 10 мян.тн цагаан тугалга, 146.8 тн алт, 10 мян.тн мөнгө, 452.8 сая тн төмөр, 50 мян.тн уран, 70 мян.тн гянтболд, 200 мян.тн бал чулуу, 18 сая тн хайлуур жонш, 2.4 тэрбум тн фосфорит, 4.8 сая тн циолит, 1.3 сая тн эрдсийн будаг, 85.9 сая м3 барилгын чулуу, 0,4 сая тн битум болон бусад ашигт малтмал байна. Эдгээр нөөцийг үндсэндээ 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн бөгөөд 1990 оноос хойш алтны ордуудын нөөцийг шинээр нэмэгдүүлснийг эс тооцвол бусад ашигт малтмалын төрлөөр үйлдвэрлэлийн зэргээр нөөц бэлтгэх ажил хийгдээгүй байна. Бэлтгэгдсэн нөөцөөс алт, зэс, молибден, хайлуур жонш, гянтболд, нүүрснээс бусад нөөц аж ахуйн эргэлтэд ороогүй байна. Энэ нь ашигт малтмалын нөөц нь бэлтгэгдсэн ордууд хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн мэдэлд ашиглалтын болон хайгуулын лиценз хэлбэрээр шилжсэн, ихэнх лиценз эзэмшигчид орд газрыг бие даан аж ахуйн эргэлтэд оруулах хөрөнгө санхүү, техник, мэргэжлийн чадавхигүйтэй холбоотой байна.
1.3. Геологийн судалгаа, эрэл хайгуулын талаар баримтлах чиглэл
а/геологийн региональ судалгааны талаар
1:50000-ны зураглалыг авто зам, төмөр зам, Мянганы замын дагуу болон хүдрийн бүс зангилаа газар, уул уурхайн үйлдвэрүүдийн орчим, улсын хилийн дагуухи бүс нутагт төвлөрүүлэх. 2010 он хүртэл хийх 1:50000-ны зураглалын ажлыг:
Монгол Алтайн металлогенийн бүс дэх Төгрөг-Шархоолойн хүдрийн дүүрэгт 61 мян.кв.км-т (Ховд, Говь-Алтай аймгуудад),
Өмнөд Монголын атриат тогтолцооны Цагаан-Уулын бүсэд 28 мян.кв.км-т (Өмнөговь аймагт),
Өмнөд Монголын атриат тогтолцооны Нүхэт давааны бүсэд 31 мян.кв.км-т (Дорноговь, Өмнөговь аймгуудад),
Хангай-Хэнтийн атриат тогтолцооны Хархорины хөндлөн өргөгдлийн Зүүн Хангайн бүсэд 26 мян.кв.км-т (Архангай, Өвөрхангай, Булган аймгуудад),
Монгол Алтайн нуруудын бүсэд 38 мян.кв.км-т (Увс, Баян-Өлгий аймгуудад)
Эдгээр ажлыг гүйцэтгэснээр 2010 онд нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд 1:50000-ны масштабын геологийн зураглалд хамруулна.
Дэлхийн зах зээл дээр үнэ өндөртэй ашигт малтмал, тухайлбал зэс, алт, ховор металл, керамикийн түүхий эдийн эрлийн ажилд түлхүү чиглүүлэх.
Сансрын зургийн боловсруулалт, агаарын болон эрлийн геофизикийн аргыг геологийн судалгаанд өргөн хэрэглэх, судалгааны материалын боловсруулалтад орчин үеийн техник, технологи нэвтрүүлэх, үүнтэй холбогдуулан геологийн судалгааны байгууллагын техникийн баазыг шинэчлэн бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
б/хайгуулын ажлын талаар
Алтны үндсэн орд, зэс, ховор металл, керамикийн түүхий эдийн нөөц бэлтгэхэд эрэл хайгуулын ажлыг чиглүүлэх.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх зураглал, ерөнхий эрлийн ажлын явцад гарсан ордын илэрцийг баталгаажуулахад хувийн хэвшлийн хөрөнгө хүчийг түлхүү оролцуулах механизм бүрдүүлэх, цаашдын нарийвчилсан судалгааны лицензийг тендерийн шалгаруулалтаар олгодог болох.
Тодорхой ашигт малтмалын хайгуулын төслөөр хувьцаа гаргаж, гадаад, дотоодын биржүүдээр арилжих.
Эрэл хайгуулын ажлын үр дүнд бий болсон мэдээллийн үнэ цэнэ, үнэмшлийг тогтоох экспертийн болон аудитын үйлчилгээний тогтолцоо бий болгох.
Хэтийн төлөв сайтай зарим объектуудын (илрэл) хайгуулын ажлыг төсвийн хөрөнгөөр гүйцэтгүүлэн нөөцийг нь баталгаажуулан ашиглалт явуулах компаниудад тендерийн шалгаруулалтаар олгох.
в/хууль эрхийн зохицуулалтын талаар
Тусгай хамгаалалттай газарт болон улсын хилийн бүсэд геологи хайгуулын ажил гүйцэтгэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах.
Хайгуулын болон ашиглалтын лицензийг худалдах, тодорхой ашигт малтмалын хайгуулын төсөлд хувьцаа гаргаж, биржээр арилжих эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах.
Алт, үнэт металлын үндсэн ордын эрэл хайгуулын ажилд гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн сонирхлыг татах зорилгоор татварын болон ашигт малтмалын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах
Алслагдсан хил орчмын нутагт эрэл хайгуулын ажил эрхлэх аж ахуйн нэгжийг урамшуулах зорилгоор тэдгээрт татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх
Улсын төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн нөөцийг нь бэлдсэн орд газруудыг аж ахуйн эргэлтэд оруулах механизмыг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх.
Хоёр. Уул уурхайн салбарт баримтлах чиглэл
Уул уурхайн салбарын өнөөгийн байдал
Уул уурхайн салбар 2001 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 8.5 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 49.8 хувь, экспортын бүтээгдэхүүний 40.5 хувийг үйлдвэрлэж байна. Мөнгөн дүнгээр авч үзвэл 2000 онд 261.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд экспорт 171.5 сая долларт хүрсэн байна.
Экспортын 83-87 хувийг зэс, молибдены баяжмал, 10-12 хувийг хайлуур жоншны баяжмал, үлдэх хувийг алт, катодын зэс болон бусад ашигт малтмал эзэлж байна.
Уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг зэрэгцүүлж харуулбал:
Хүснэгт 1
Он
Бүтээгдэхүүн
|
1992
|
1995
|
2000
|
2001
|
Алт, кг
|
775.8
|
4504.0
|
11432.9
|
12059
|
Зэсийн баяжмал, мян.тн
|
348
|
346.4
|
457.7
|
487.6
|
Молибдений баяжмал, тн
|
2929.1
|
3906.0
|
2626.6
|
2797
|
Жоншны флотацийн баяжмал, мян.тн
|
97.2
|
120.4
|
111.4
|
127.3
|
Жоншны металлургийн баяжмал, мян.тн
|
42.9
|
13.1
|
87.4
|
76.6
|
Гянтболдын баяжмал,тн
|
3.5
|
-
|
81
|
92
|
Сүүлийн 10 жилд алт олборлолт 14.7 дахин, зэсийн хүдэр олборлолт болон баяжмал гаргалт 30.4 хувь, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэл 14.6 хувь хүртэл өсөж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтаар тэргүүлэх байрыг эзэлж байна.
Зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлт
Хамтарсан Эрдэнэт үйлдвэрт техникийн шинэчлэл хийснээр 2001 онд хүдэр олборлолтыг 24 сая тн-д хүргэж 480 гаруй мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 6.4 хувиар өссөн байна. Гэвч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн уналтаас үүдэн баяжмалын экспорт үнийн дүнгээр 13.9 хувиар буурав.
Үнийн уналтын гол шалтгаан нь дэлхийн зэсийн үйлдвэрлэл хэрэглээнээсээ давж бүтээгдэхүүн борлуулах өрсөлдөөн бий болсон, зэсийн голлох үйлдвэрүүд дээр хийгдсэн техникийн шинэчлэлийн үр дүнд хямд өртөг бүхий гидрометаллургийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зах зээл дээр нэмэгдэх болсон явдал юм. Одоогоор дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг гаргаж байгаа гидрометаллургийн технологи бүхий үйлдвэрүүдэд 1 тн зэсийн өөрийн өртөг нь 850-900 орчим ам.доллар байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн өөрийн өртгөөс 30 орчим хувиар хямд байна.
Дэлхийн зах зээлийн үнийг тодорхойлдог Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 2001 оны эхэнд 1790 орчим ам.доллар байсан бол 2001 оны эцэст 1360 ам.доллар болж 24 хувиар буурсан нь Эрдэнэт үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдалд муугаар нөлөөлж, улсын төсвийн орлогыг тасалдуулж, үйлдвэрийн хэвийн ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Зэсийн шинэ ордууд: Цагаансуваргын зэс, молибдены ордын нөөцийг нэгэнт тогтоосон бөгөөд гидрометаллургийн технологи бүхий үйлдвэр байгуулах бэлтгэл ажлыг Монголын алт корпораци хийж байна. Энэ ордыг ашиглалтад оруулахад дэд бүтцийн буюу өндөр хүчдэлийн шугамыг 2002-2003 онд барьж байгуулах шаардлагатай болно. Ордын орчимд гидрогеологийн судалгаа хийж техникийн усны эх үүсвэр олсон нь энэ ордыг ашиглалтад оруулах боломжийг нэмэгдүүлж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн илэрц дээрх хайгуулын ажлын урьдчилсан дүн томоохон орд бий болгох боломжтойг харуулж байна. Оюу толгойн зэс, молибден, алтны ордод ойролцоогоор 3-5 сая тн зэсийн нөөц нээгдэх төлөвтэй байгаа бөгөөд энд байгуулах үйлдвэрийг Цагаансуварга болон зэс хайлуулах үйлдвэрүүдтэй уялдуулан шийдвэрлэх нь дэд бүтэц болон бусад туслах байгууламжийн зардлыг хямдруулах боломжийг бий болгоно. Уг хайгуулын ажлыг дуусган үйлдвэр байгуулах хугацааг 5-7 жил гэж урьдчилан тодорхойлоод байна.
Монголын баруун болон говийн бүс нутагт зэсийн орд шинээр нээгдэх боломжтой ч хайгуулын ажлын хөрөнгө оруулалтад зэсийн зах зээл, үнийн асуудал нөлөөлөх учир олон жилийн хэрэглээний болон бусад прогнозыг гаргасан байх шаардлагатай байна.
2.3 Хайлуур жоншны хүдэр олборлолт болон боловсруулалт
Жоншны флотацийн болон металлургийн /гравитацийн/ баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд харьцангуй тогтвортой, жилийн хүдэр олборлолтын хэмжээ нь 560-640 мян.тн байна. Бор-Өндөрт далд уурхай, баяжуулах фабрик, Айраг, Өргөн, Хамар-Ус, Адагийн 4 ил уурхай ажиллаж байна.
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт нийт олборлосон хүдрийн 75 орчим хувийг боловсруулан 97 хувийн CaF2-ийн агуулгатай флотаци, 75 хувийн металлургийн баяжмал гаргаж байна.
Ашиглаж байгаа ордуудын хүдрийн агуулга буурч, уул техникийн нөхцөл хүндэрсэн болон алслагдсан районд байгаа уурхайчдын тосгоны нийгэм ахуйн зардал их, баяжуулах фабрикаас алслагдсан ордуудаас хүдэр гаргаж байгаагаас тээврийн зардал өндөр ззрэг шалтгаанаас хамаарч баяжмалын өөрийн өртөг өндөр байна.
Харин 1997 оноос Бор-Өндөрийн далд уурхайд ашиглаж эхэлсэн өндөр бүтээлтэй өөрөө явагч төхөөрөмж нь далд ашиглалтын ажлын хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлэх боломж олгож байна.
ОХУ-д голлон нийлүүлдэг хайлуур жоншны баяжмалын зах зээл нь БНХАУ-аас нийлүүлж байгаа хямд бүтээгдэхүүнээр орлогдох магадлал ихтэй байдаг тул баяжмалын чанарыг дээшлүүлэх, хэлбэр, нэр төрлийг нь олшруулах шаардлага гарч байна.
Хайлуур жоншны олон ордыг ашиглахдаа нөхөн сэргээлтийн ажил бараг хийгээгүй тул ажиллаж байгаа үйлдвэрүүд дээр энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2.4. Алт олборлолт
Засгийн газрын "Алт" хөтөлбөрийг 1992 оноос хэрэгжүүлснээр 10 жилийн хугацаанд 65.56 тн алт олборлож 368.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
Олборлолтын хэмжээг харуулбал:
Он
|
1992
|
1993
|
1994
|
1995
|
1996
|
1997
|
1998
|
1999
|
2000
|
2001
|
Дүн
|
Алт, тн
|
0.78
|
1.1
|
1.8
|
4.1
|
5.4
|
8.7
|
10.0
|
10.1
|
11.4
|
12.06
|
65.56
|
2001 онд 116 аж ахуйн нэгж 12 орчим тн алт олборлосон бөгөөд олборлолтын 59.1 хувийг 6 компани гаргаж байна.
Сүүлийн 10 жилд алт олборлолтоос 120 орчим сая ам. доллартай дүйцэхүйц татварыг улсын төсөвт оруулснаас 19.6 хувь нь нөөц ашигласны төлбөрт, 57.8 хувь нь худалдааны болон нэмэгдсэн өртгийн албан татварт, 12.3 хувь нь газар, усны төлбөрт, 29.8 хувь нь орлогын албан татварт ногдох бөгөөд улсын төсвийн татварын орлогын 7-9 хувийг бүрдүүлж байна. Жил бүрийн бүтээгдэхүүний хэмжээ болон улсын төсөвт оруулсан татварын хэмжээг 1992-2001 оноор гарган зураг 1-д үзүүлэв.
Алт олборлолтын өөрийн өртөг сүүлийн 4 жилд 15-21 хувиар өссөн нь ашиглаж байгаа ордуудын уул техникийн нөхцөл хүндэрч, хөрс хуулалтын ажил нэмэгдсэн, алтны агуулга буурсантай холбоотой байна.
Татварын ачаалал борлуулалтын орлогын 30 хүртэл хувийг эзэлж, үйлдвэрлэлийн цэвэр ашиг 6.0-8.4 хувь болж байна. Энэ нь ашгийн чөлөөт үлдэгдлээр алтны үйлдвэрүүд үйлдвэрлэлээ өргөтгөх болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж багатай байгааг харуулж байна. Татварын ачааллаас болж ашигт малтмалын нөөц нэмэгдүүлэх ашиглалтын хайгуулын ажлыг зогсоох хандлага бий болж байгаа бөгөөд энэ нь алтны үйлдвэрлэлийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна.
Алтны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зээлээс өөр ямар нэг хөрөнгө оруулалт улсаас хийгээгүй бөгөөд олборлолтын 86.1 хувийг гаргаж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд арилжааны зээл болон гадаадын хамтрагч байгууллагуудын хөрөнгө оруулалтад түшиглэн үйлдвэрлэлээ өсгөсөн нь чухал үр дүн юм.
Сөрөг үр дагавраас дурдвал:
5.7 мян. га газар эвдрэлд орсон бөгөөд зөвхөн 16.3 хувьд нь нөхөн сэргээлтийн ажил хийсэн.
Байгалийн усны механик бохирдлын хэмжээ Заамар, Ерөө зэрэг зарим районд нэмэгдсэн.
Алтны уурхайнуудын ашиглагдсан болон нээлт хийсэн талбайд алтыг хууль бусаар, гар аргаар олборлох явдал ихсэн осол эндэгдэл нэлээд гарах болсон бөгөөд хууль бус алт олборлолттой холбогдон алтны хар зах бий болсон.
2.5. Гянтболд олборлолт
Өнөөгийн байдлаар гянтболдын хүдрийг Баян-Өлгий аймгийн Ховд гол /ил уурхайгаар/, Төв аймгийн Цагаандаваа /далд уурхайгаар/-ны ордуудаас бага хэмжээгээр /100-300 тн орчим/ олборлон ойролцоох Улаан-Уулын болон Цагаандавааны бага оврын баяжуулах фабрикт боловсруулж 60 хувь орчим WO3-ийн агуулгатай баяжмал болгон экспортолж байна. Экспортод гаргасан баяжмалын хэмжээ нь 2000 онд 86 тн, 2001 онд 92 орчим тн байна. Баян-Өлгийн Улаан-Уул, Ховдын Цүнхэг, Сүхбаатарын Егүзэр зэрэг нөөцийг нь тогтоосон /металлаар 70 орчим мян.тн/ гянтболдын орд газруудыг ашиглах замаар гянтболдын экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болно.
2.6. Улсын төсөвт оруулж байгаа хувь нэмэр
Улсын төсвөөр гүйцэтгэсэн геологи хайгуулын зардлыг нөхөн төлүүлэх ажлыг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэрэгжүүлэн 1998 онд 268 сая төг, 1999 онд 507.4 сая төг, 2000 онд 599 сая төг, 2001 онд 626.2 сая төгрөгийг улсын төсөвт оруулсан.
Хайгуулын болон ашиглалтын лицензийн талбайн төлбөрөөр 1997 онд 1170.9 сая төг, 1998 онд 957.2 сая төг, 1999 онд 981.9 сая төг, 2000 онд 1291.3 сая төг, 2001 онд 1145.8 сая төгрөгийг улсын төсөвт оруулав.
2001 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 3.2 тэрбум төг, газрын төлбөрт 3.3 тэрбум төг, ус ашигласны төлбөрт 189.6 сая төг, орлогын албан татварт 38.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж нийтдээ 44.8 тэрбум төг. болсон нь төсвийн орлогын 18.6 хувь юм.
2.7. Хууль эрх зүйн орчны талаар
Уул уурхайн үйлдвэрлэлийг өргөтгөхөд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хамгаалсан эрх зүйн тогтвортой орчинг бий болгох асуудал нэн чухал байна.
Ашигт малтмалын лиценз эзэмшигчдийн тоо сүүлийн 4 жилд 2.2 дахин өсч ашиглалтын лицензийн 20, хайгуулын лицензийн 80 гаруй хувийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хамтарсан үйлдвэрүүд эзэмшиж байна. Ашигт малтмалын тухай хуульд заасан тогтвортой байдлын гэрээний тухай заалтуудыг 2001 онд Татварын ерөнхий хууль болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудад тусгаж өглөө.
Гадаадын хөрөнгө оруулалттай 3 аж ахуйн нэгж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тогтвортой байдлын гэрээ байгуулсан байна. Мөн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлж, тэдгээрийн үндсэн ордын ашигт малтмал ашигласны төлбөрийг 2.5 хувь, шороон ордынхыг 7.5 хувиар тогтоосон.
Одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль нь үндсэндээ ашигт малтмал хайх, ашиглах лицензийн харилцааг зохицуулах хууль болсон тул эрдэс баялгийн үйлдвэрлэлийн олон талт харилцааг зохицуулсан уул уурхайн хуулийг тусад нь боловсруулах шаардлагатай байна.
Гурав. Уул уурхайн салбарт баримтлах чиглэл, цаашдын зорилт
3.1 Ойрын үед баримтлах бодлогын чиглэлүүд
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2001-2004 оны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт:
Уул уурхайн үйлдвэрлэлээс орох экспортын орлогыг нэмэгдүүлэх,
Эрдэнэт үйлдвэрт технологийн шинэчлэлт хийж, баяжмал боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэн, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
Катодын зэсийн үйлдвэрлэлийг 10-15 мян. тн-д хүргэх,
Алт олборлолтыг 1.5 дахин нэмэгдүүлэх,
Төмөртийн-Овооны цайр,Бороогийн алтны үндсэн орд, Тосон, Баянголын ордууд дээр ажиллах уулын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах,
Тавантолгойн коксжих нүүрсний орд, Тавтын алтны үндсэн орд, Цагаансуваргын зэс болон Асгатын мөнгөний ордуудыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийг баримтална:
Шинээр уул уурхайн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, уул уурхайн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх,
Татвар, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх,
Бүсчилсэн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн алслагдсан районуудад геологи хайгуулын болон олборлолтын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг нь тогтоосон орд газруудыг ашиглалтад бүрэн оруулахад дэмжлэг үзүүлэх,
Одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үр ашгийг нь нэмэгдүүлэх.
3.2. Ашиглаж байгаа ашигт малтмалын талаар баримтлах чиглэл
3.2.1. Зэс олборлолт, боловсруулалт
Эрдэнэтийн үйлдвэрт хийх технологийн шинэчлэлийг 2 чиглэлээр явуулна:
Үндсэн дамжлагуудад хийсэн технологийн шинэчлэлийг оновчтой байдлаар дуусгах, хүхрийн хүчлийг байгаль орчинд хоргүйгээр ялган авах технологийн шийдэл бүхий пирометаллургийн зэс хайлуулах үйлдвэрийг 2005-2010 онд говийн районд, Говьсүмбэр эсвэл Дорноговь аймгийн нутагт оновчтой байрлалыг сонгон байгуулах, зэс хайлуулах үйлдвэртэй хамт эцсийн бүтээгдэхүүний цех бий болгох замаар Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг эрс дээшлүүлэх нөхцөл бололцоог бий болгох,
Гидрометаллургийн аргаар ядуу агуулгатай хүдрийг боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулан бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг эцсийн бүтээгдэхүүн /99.9 хувийн агуулгатай катодын зэс/ хэлбэрээр үйлдвэрлэх, катодын Эрдмин үйлдвэрийг өргөтгөн хүчин чадлыг нь 10-12 мян. тн-д хүргэх.
Шинээр ашиглалтад орох боломжтой ордуудад:
Цагаансуваргын зэс, молибдений ордыг ашиглах талаар холбогдох арга хэмжээ авч, уг үйлдвэрийн хөрөнгө оруулалтад 25-26 сая ам. долларын санхүүжилт хийх, энэ үйлдвэрийн дэд бүтцэд зориулж Чойр-Цагаансуварга, эсхүл Мандалговь-Цагаансуваргын чиглэлийн 220 квт-ын шугам татаж эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр 2004 онд жилд 5 мян. тн катодын зэс гаргах гидрометаллургийн үйлдвэрийг байгуулах;
Оюу толгойн ордын хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ордын нөөцийг үйлдвэрийн зэргээр тогтоох (2002-2004 он), цаашид 30 мян. тн катодын зэс гаргах үйлдвэрийг 2004-2008 онд байгуулах.
3.2.2. Хайлуур жонш олборлолт, боловсруулалт
Хайлуур жоншны үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийг оновчтой хэлбэрээр үргэлжлүүлэн, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин /баяжмал дахь СаF2-ийг 97 хувиас дээш болгох/, нэр төрлийг нэмэгдүүлэх /брикетлэх, супер баяжмал гаргах зэрэг/ замаар бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
Далд аргаар олборлох хүдрийн хэмжээг нэмэгдүүлэх /нийт олборлолтын 70 хувьд хүргэх/, өртөг бууруулах арга хэмжээг өөрөө явагч төхөөрөмж бүхий технологийг илүү өргөн хүрээтэй нэвтрүүлэх замаар хангах. Адаг, Зүүн цагаандэл зэрэг ил аргаар ашиглан тодорхой хэмжээний нөөцийг орхигдуулсан ордуудыг далд аргаар нээлт хийж ашиглах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Хайлуур жоншны ашиглалт явуулсан ордууд дээр хийх нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх.
3.2.3. Алт
Алт олборлолтын хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд:
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Бороогийн алтны үндсэн ордыг ашиглах уул уурхайн үйлдвэрийн эхний ээлжийг 2003 оноос ашиглалтад оруулан ордыг 8-10 жил ашиглана;
Төв аймгийн Заамар сумын нутагт оршдог Тосонгийн алтны шороон ордоос олборлох алтны хэмжээг нэмэгдүүлэх /Уг орд дээр өндөр металл авалт бүхий драгаар жилд 500-800 кг алт олборлох хүчин чадалтайгаар 15 орчим жил ашиглана/;
Төв аймгийн Заамар сумын нутагт оршдог Баянголын алтны шороон ордыг жилд 500 кг алт олборлох хүчин чадлаар ашиглах;
Булган аймгийн Тэшиг сумын нутагт Тавтын алтны үндсэн ордыг ашиглах үйлдвэр байгуулах.
Ашиглагдаж дууссан алтны шороон ордуудын олборлолтын болон баяжуулалтын хаягдал 15-25 хувьд хүрч байгаа бөгөөд хаягдалд байгаа нарийн ширхэгтэй алтыг ялгах технологи нэвтрүүлэх замаар үүсмэл ордуудаас олборлолт явуулах, ашиглагдаж байгаа ордууд дээрх технологийг боловсронгуй болгон хаягдлын хэмжээг 50 хүртэл хувиар багасгах.
Алт олборлолтын талаар ойрын жилүүдэд шийдвэрлэх асуудлууд:
Алтны шороон ордууд дээр ажиллаж байгаа үйлдвэрүүдээс авч буй татварын хэмжээг одоогийн түвшинд байлгах, олборлож буй алтны хэмжээг бууруулахгүй байх;
Хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах замаар алтны үйлдвэрлэлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх;
Олборлолтын үеийн алтны хаягдлыг багасгах, хэрэглэгдэж байгаа техник, технологийг боловсронгуй болгох замаар алтны уурхайн үр ашгийг дээшлүүлэх, их хаягдалтай олборлолт явуулдаг үйлдвэрийг түр зогсоох, ашиглагдаж байгаа нийт технологийг аттестатчилах;
Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэй явуулах норм, стандартыг бий болгох, энэ талаар гадаад, дотоодын тэргүүний технологи, туршлагыг судлан сурталчлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
Олборлолтын хаягдлыг бүртгэлжүүлэх, хаягдал нөөцийг үнэлэх, хаягдал ашиглах журам бий болгох.
3.2.4. Гянтболд
Гянтболдын баяжмалын экспортын хэмжээг 2004 онд 200-300 тн-д хүргэх. Энэ зорилгоор гянтболдын Цүнхэг зэрэг нөөцийг нь тогтоосон орд газруудыг ашиглалтад шинээр оруулахын зэрэгцээ одоо ашиглаж байгаа Ховд голын ордоос олборлож байгаа хүдрийн хэмжээг нэмэгдүүлэх.
3.2.5 Цайр
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Төмөртийн овооны цайрын ордыг 2002-2004 онд ашиглалтад оруулах.
3.2.6. Коксжих нүүрс
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Таван толгойн коксжих нүүрсний ордыг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх. Говийн бүсэд байгуулагдах зэсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах зорилгоор орд дээр 1-2 сая тн нүүрсийг эрчим хүчний зориулалтаар олборлох ил уурхайг 2008 он гэхэд ашиглалтад оруулах.
3.2.7. Мөнгө
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлэх ажлыг 2003 он хүртэл гүйцэтгэж 2003-2006 онд жилд 350 тн хүдэр олборлон боловсруулах үйлдвэрийг байгуулах.
Дөрөв. Шинэ төрлийн ашигт малтмалыг олборлох, боловсруулах
Монгол орны эрдэс баялгийн салбарт нэлээд их хэмжээний фосфор, төмөр, полиметалл болон бусад ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц бий. Энэ нь тухайн төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах боломжийг бий болгож байна.
Ойрын ирээдүйд уул уурхайн үйлдвэр байгуулан шинээр бүтээгдэхүүн гаргах боломж бүхий ашигт малтмалын ордуудын нөөцийг үзүүлбэл:
Хүснэгт 2
¹
|
Ашигт малтмалын
төрөл
|
Үйлдвэрлэлийн зэргээр нөөц, сая тн
|
Ашиглах боломжтой ордууд ба тэдгээрийн нөөц
|
1
|
Хар тугалга, цайр
|
3.05
|
Улаан-цайр 0.8 мян.тн, хар тугалга 424.5 тн,
цав-цайр 226 тн,
хар тугалга 123 тн
|
2
|
Цагаан тугалга
|
2.2 мян.тн
|
Жанчивлангийн бүлэг шороон ордууд
|
3
|
Ховор металл
|
0.4 /хүдэр/
|
Мушгиа худгийн ордод энэ нөөц хамаарна
|
4
|
Мөнгө
|
0.01
|
Асгатын ордод тогтоогдсон нөөцийн 90 хувь хамаарна
|
5
|
Төмөр
|
452.8
|
Төмөртолгой – 25.1 сая тн, Баянгол – 132 сая тн, Төмөртэй –220 сая тн
|
6
|
Уран
|
0.06
|
Мардай-1104 тн, Гурванбулаг– 16.1 мян.тн, Дорнод- 28.9 мян.тн
|
7
|
Фосфорит
|
2400
|
Урандөш– 44.2 сая тн,
Өлийн даваа–15.3 сая тн, Өнгөлөг нуур-100 сая тн, Бүрэнхаан-26 сая тн
|
4.1 Фосфорит
Хөвсгөл нуураас урагш 80 орчим км зайд орших Бүрэнхааны ордыг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар ашиглах асуудлыг хөрөнгө оруулагч нарт тавих. Энэ ордыг ашиглахдаа фосфоритыг Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүнийг боловсруулах зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн хүчилтэй хамтад нь боловсруулж фосфорын бордоо үйлдвэрлэх технологитой химийн үйлдвэртэйгээр зохион байгуулах. Үйлдвэрийг жилд 60 мян.тн фосфорын бордоо үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 2005-2008 онд байгуулах.
4.2 Төмөр
Сэлэнгэ, Дарханы районд байгаа төмрийн хүдрийн ордууд дээр хүдэр олборлон ангижруулах үйлдвэрийг 2003-2006 онд байгуулан 1.5 сая тн хагас боловсруулсан төмрийн хүдрийг экспортод гаргах, ангижруулсан төмрийн хүдрийн зарим хэсгийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт боловсруулах, өөрийн орны төмрийн хүдрээс төмөр эдлэл дотооддоо үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, импортыг орлуулахад чиглүүлэх.
4.3 Уран
Эхний ээлжинд концессоор ашиглаж байсан Мардайн орд дээр байгаа үйлдвэрийн үйл ажиллагааг Америк, Оросын хамтрагч талуудтай тохиролцон сэргээхэд дэмжлэг үзүүлэх. Нэгэнт байгуулагдсан дэд бүтэц, бусад туслах объектыг хамгаалах, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг авч хэрэгжүүлэх.Энэ үйлдвэрийг гидрометаллургийн технологиор 100-200 тн ураны исэл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 2006 оноос ажиллуулах.
Хараат, Хайрханы ураны ордуудын хайгуул, газрын дор уусган баяжуулах олборлолтын технологийн туршилтын ажлыг сэргээх талаар оролцогч талууд болон сонирхогч бусад хөрөнгө оруулагчдад санал тавих /Эдгээр ордыг санал болгож байгаа технологиор ашиглахад 80-120 мян.тн хүхрийн хүчил шаардагдах бөгөөд жилд 250-500 тн уран гаргах боломжтой юм. Гэвч хүхрийн хүчлийн тээврийн зардлаас хамааран бүтээгдэхүүний өртөг өндөр байхаар байна. Хэрэв Мандалговь-Цагаансуваргын өндөр хүчдэлийн шугам тавигдвал Хайрханы ордыг ашиглах боломж нэмэгдэнэ/.
4.4 Бусад ашигт малтмалын талаар
Цагаан тугалганы шороон ордуудыг ашиглалтад оруулахад лиценз эзэмшигч компаниудын ажлыг идэвхижүүлэх, ОХУ, БНХАУ-ын энэ чиглэлийн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, хамтран эзэмших талаар тохиролцох зэрэг арга хэмжээ авах.
Полиметаллын Цав,Улааны ордуудыг ашиглах уурхайнуудыг баяжуулах фабриктайгаар 2004-2008 онд байгуулан нийт 35 мян.тн цайр, хар тугалганы баяжмал экспортод гаргах.
Полиметаллын Өндөрцагаан, Мөнгөн-Өндөр зэрэг ордуудын талаар хөрөнгө оруулагч нарт санал бэлдэх, гадаадын зээл, тусламжийг ашиглах боломжийг судлах, ТЭЗҮ боловсруулан ашигтай ажиллах нөхцөлүүдийг нь тогтоох.
Газрын ховор элемент, ховор металл, хөнгөн цагаан, өнгөт чулуу, зарим төрлийн эрдэс материал /циолит зэрэг/-ын нөөц нь тогтоогдсон ордуудыг ашиглах боломжийг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлэн тусгайлан судалж үр дүнг нь хөрөнгө оруулагчдад сурталчлах, санал болгох ажлыг зохион байгуулах.
Тав. Уул уурхайн хамтарсан болон концессийн үйлдвэрүүдийн талаар
2002 он болон 2005 онд Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээр дуусгавар болж байгаатай уялдуулан:
ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж эдгээр үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох болон Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох,
Газар, ус, бусад байгалийн баялгийн болон экологийн эвдрэлийг шинэчилсэн үнэлгээгээр тооцон үйлдвэрийн дүрмийн санд тусгах,
Үйлдвэрийн үйл ажиллагааг зах зээлийн нөхцөл болон дэлхийн ижил төстэй тэргүүний уурхайнуудын жишгээр удирдлага зохион байгуулалт, менежментийн шинэ загварт оруулах,
Үйлдвэрлэлийн үр ашгийг хүрсэн түвшингээс эрс нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгох.
Монголросцветмет нэгдлийн хувьд:
Нэгэнт бий болсон үйлдвэрлэлийн бааз, хүчин чадлаа ашиглан хайлуур жонш, алтнаас гадна өөр ашигт малтмалын төрлийг олборлож, боловсруулах шинэ үйлдвэрлэлд шилжих /Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглүүлэн төмрийн хүдэр олборлож боловсруулах, Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах зэрэг/,
Хайлуур жоншны олборлолтын хүрсэн түвшинг ил уурхайгаар ашигласан ордуудад төвлөрүүлэн гүний нөөцийг далд аргаар, өөрөө явагч техник, технологи хэрэглэн олборлох замаар хангах,
Жонш, алтны ашиглагдсан ордуудын экологийг нөхөн сэргээх үйл ажиллагааг өргөжүүлэх.
Концессоор Унгарын талд эзэмшүүлж буй Цагаандавааны гянтболдын орд дээрх өмчийн маргааныг Унгарын тал шийдвэрлэсний дараа газрын болон экологийн хохирлыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нөхөн төлүүлэх хэлбэрээр концессийн хэлэлцээрийг хүчингүй болгох арга хэмжээг Унгарын талтай харилцан тохиролцох. Цаашид уул уурхайн салбарт байгуулагдах хамтарсан үйлдвэрүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хэлбэрээр хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах чиглэлийг дагнах нь зүйтэй.
Зургаа. Уул уурхайн үйлдвэрлэлийг бүс нутгуудад хөгжүүлэх талаар
2010 он хүртэл бүсүүдэд байгуулагдах уул уурхайн үйлдвэрүүд, тэдгээрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөөллийг хүснэгт 3 болон зураг 2-т харуулав.
Хүснэгт 3
¹
|
Бүсийн нэр,
цогцолбор ба үйлдвэрийн нэр
|
Шинээр ашиглах орд газар, аймаг, сум
|
Ашиглалтад оруулах хугацаа
|
Бүтээгдэхүүний нэр, жилийн хүчин чадал
|
Бүтээгдэхүүн мөнгөн дүнгээр,
сая доллар
|
|
|||||||
1
|
Төвийн бүс
|
|
|
|
|||||||||
1.1
|
Цагаансуварга-Оюу толгой-Тавантолгойн үйлдвэрийн район
Цагаансуваргын катодын зэсийн үйлдвэр
|
Цагаан суваргын орд*,
Дундговь, Мандах
|
2004 он
|
5000 тн катодын зэс
|
7.5
|
|
|||||||
1.2
|
Оюу толгойн зэс, молебдины үйлдвэр
|
Оюу толгойн орд, Өмнөговь, Ханбогд
|
2008 он
|
30 000 тн катодын зэс
|
45.0
|
|
|||||||
1.3
|
Тавантолгойн коксжих нүүрсний уурхай
|
Тавантолгойн орд*, Өмнөговь, Цогтцэций
|
2008 он
|
1000000 тн коксжих нүүрс
|
35.0
|
|
|||||||
1.4
|
Зэс хайлуулах үйлдвэр
|
Дорноговь, Мандах
|
2010 он
|
100000 тн цэвэр зэс
|
150.0
|
|
|||||||
1.5
|
Бие даасан үйлдвэрүүд
Төмөртэйн төмрийн хүдэр олборлож боловсруулах үйлдвэр
|
Төмөртэйн орд,
Сэлэнгэ, Ерөө
|
2007 он
|
1 500 000 тн төмрийн баяжуулсан хүдэр
|
50.6
|
|
|||||||
1.6
|
Бороогийн алтны үйлдвэр
|
Бороогийн орд*,
Сэлэнгэ, Баянгол
|
2005 он
|
1500 кг алт
|
15.0
|
|
|||||||
1.7
|
Тосонгийн алтны үйлдвэр
|
Тосонгийн орд*,
Төв, Заамар
|
2003 он
|
800 кг алт
|
8.0
|
|
|||||||
1.8
|
Тавтын алтны үйлдвэр
|
Тавтын орд*,
Булган, Тэшиг
|
2005 он
|
200-400 кг алт
|
3.0
|
|
|||||||
2
|
Зүүн бүс
|
|
|
|
|||||||||
2.1
|
Мардай–Цав-Улааны үйлдвэрийн ройон
Мардайн ураны хүдэр олборлон баяжуулах үйлдвэр
|
Мардайн орд
Дорнод, Гурванзагал
|
2006 он
|
100-200 тн ураны исэл
|
1.5
|
|
|||||||
2.2
|
Цавын холимог металлын хүдэр олборлох уурхай
|
Цавын орд,
Дорнод, Чойбалсан
|
2007 он
|
100000 тн хүдэр (15 мян.тн цайр баяжмал)
|
3.5
|
|
|||||||
2.3
|
Улааны холимог металлын хүдэр олборлон баяжуулах үйлдвэр
|
Улааны орд,
Дорнод, Гурванзагал
|
2008 он
|
25000 мян.тн цайр, хар тугалганы баяжмал
|
4.0
|
|
|||||||
2.4
|
Бие даасан үйлдвэрүүд
Төмөртэйн овооны цайрын хүдэр олборлон баяжуулах үйлдвэр
|
Төмөртэйн орд*,
Сүхбаатар, Баруун-Урт
|
2004 он
|
58000 тн цайрын (50%) баяжмал
|
17.8
|
|
|||||||
3
|
Хангайн бүс
|
|
|
|
|||||||||
3.1
|
Бүрэнхааны фосфорын үйлдвэр
|
Бүрэнхаан,
Хөвсгөл, Бүрэнтогтох
|
2008 он
|
60000 тн
фосфорын бордоо
|
6.6
|
|
|
|
|||||
4
|
Баруун бүс
|
|
|
|
|||||||||
4.1
|
Асгатын мөнгөний хүдэр олборлон баяжуулах үйлдвэр
|
Асгатын орд*,
Баян-Өлгий, Ногооннуур
|
2006 он
|
350 тн хүдэр олборлон 102 тн мөнгө, 3051 тн зэс
|
25.2
|
|
|
||||||
|
Бүтээгдэхүүний нийт дүн
|
|
|
|
373.2
|
|
|
||||||
Тайлбар :
* -Засгийн газрын үйл ажиллагааны 2001-2004 оны хөтөлбөрт тусгагдсан объектууд
Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмэгдэх хэмжээг бүсүүдээр хүснэгт 4-т харуулав.
Хүснэгт 4
Бүсүүд ба бүсэд орж буй аймгууд
|
Онуудаар, сая доллар
|
Бүсийн дүн
|
|
2005
|
2010
|
||
Баруун бүс:
Баян-Өлгий*, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд
|
-
|
25.2
|
25.2
|
Хангайн бүс:
Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл
|
-
|
6.6
|
6.6
|
Төвийн бүс:
Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь*, Өмнөговь*, Сэлэнгэ*, Төв
|
33.5
|
280.6
|
314.1
|
Зүүн бүс:
Дорнод*, Сүхбаатар*, Хэнтий
|
17.8
|
9.5
|
27.3
|
* -үйлдвэр байгуулагдах аймгууд
Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх 2 хувилбарыг авч үзэв. Энд нэгдүгээр хувилбарт шинээр байгуулагдах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хүснэгт 3-ын дагуу нийт төсөөлөлд байгаа үйлдвэрүүд тухайн төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орох, хоёрдугаар хувилбарт Төвийн бүсэд Төмөртэйн төмрийн хүдрийн үйлдвэр, Зүүн бүсэд Мардайн ураны үйлдвэр, Баруун бүсэд Асгатын мөнгөний үйлдвэрүүд 2010 он гэхэд ашиглалтад орох боломжгүй байхаар тооцоолов. Хувилбаруудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмэгдэх хэмжээг хүснэгт 5-д харуулав.
Хүснэгт 5
Хувилбарууд
|
Бүтээгдэхүүн, сая ам.доллар
|
|
2005 он
|
2010 он
|
|
1 дүгээр хувилбар
|
51.3
|
321.9
|
2 дугаар хувилбар
|
51.3
|
244.6
|
Бүсүүдийн уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг авч үзвэл төвийн бүсэд зэс, алт, төмрийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж 2010 онд одоогийн улсын нийт уул уурхайн бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно.
"Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын дагуу Цагаансуварга-Тавантолгой-Оюу толгойн үйлдвэрийн районыг 2004-2010 онд зэс хайлуулах үйлдвэртэйгээр төвийн бүсэд, Мардай-Цав-Улааны үйлдвэрийн районыг зүүн бүсэд 2006-2008 онд байгуулахаар тусгав. Мөн Асгатын үйлдвэрийг Баян-Өлгий аймагт 2006 онд, Төмөртэйн үйлдвэрийг Сэлэнгэ аймагт 2007 онд ашиглалтад оруулахаас гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Тавт, Бороо, Тосон баянголын үйлдвэрүүдийг 2004 онд багтаан ашиглалтад оруулна.
Газар зүйн хувьд ойр орших, шинээр байгуулагдах уул уурхайн үйлдвэрүүдийг цогцолбор хэлбэрээр авч үзэн нэгдсэн байдлаар дэд бүтцийн хангамж, нийгэм ахуйн байгууламжуудыг төсвийн болон зээл, тусламжийн хөрөнгөөр бий болгох нь цогцолборт орох үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалтыг багасгах, удаан хугацаанд дэд бүтцээс шалтгаалан ашиглалтад орж чадахгүй байсан орд газруудыг үйлдвэрлэлийн аргаар эзэмшихэд чухал дэмжлэг болно.
Иймд Цагаансуварга-Тавантолгой-Оюу толгойн чиглэлд Чойр, Мандалговийн эх үүсвэрүүдийн аль нэгээс, Асгатын чиглэлд Баян-Өлгийгөөс цахилгаан хангамжийн шугамыг төсвийн хөрөнгөөр татах арга хэмжээг 2003-2004 онд хэрэгжүүлэх.
Томоохон орд, илрэлүүдийг нээж тогтоох өндөр магадлалтай тул бага судлагдсан хилийн районуудад геологи хайгуулын ажил явуулж уул уурхайн үйлдвэр байгуулах эрх зүйн орчинг 2002-2003 онд бий болгох. Алслагдсан бүсэд байгуулж байгаа үйлдвэрүүдэд тусгай хөнгөлөлт, дэмжлэгийг үзүүлэх нь стратегийн ач холбогдолтой.
Долоо. Уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчны сөрөг нөлөөг багасгах
а/хөрс хуулалт багатай давхрага хэлбэрийн ордууд дээр ажиллаж байгаа ил уурхайнуудад жилийн газрын эвдрэлийн 70 хувьд тэнцэхүйц хэмжээний талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх;
б/усны зарцуулалтын судалгаа нормативыг бий болгон усны бохирдол, зарцуулалт багатай ажилладаг үйлдвэрүүдийг урамшуулах тогтолцоонд орох;
в/хаягдал нөөцийг бүртгэлжүүлэх,ашиглалтын металл авалтын доод түвшинг ордуудын онцлогт тохируулан бий болгох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хяналтын актаар хаягдал ихтэй олборлогч үйлдвэрүүдийг зогсоох, хаягдал багатай технологи нэвтрүүлэлтэд татварын хөнгөлөлт болон бусад урамшуулал олгох журамд шилжих;
г/уул уурхайн үйлдвэрүүдийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор илүү бодитой боловсруулах үнэлгээний ажилд тавигдах техник, технологийн шаардлагыг дээшлүүлэх замаар газрын эвдрэл, орчны бохирдлыг эрс багасгах;
д/ашиглагдаж дууссан ордуудын орчим үүссэн газрын эвдрэл, байгаль орчны бохирдлыг хаягдал нөөц болон тухайн районд байгаа бусад ашигт малтмалын нөөцийн үнэлгээнд тулгуурлан нөхөн сэргээх боломжийг тодотгох, боломжгүй тохиолдолд гадаад орнуудын зээл, тусламжаар санхүүжүүлэх арга хэмжээ авах /Ийм районд Бэрхийн уурхайн орчим болон Хайлааст, Толгойтын алтны үйлдвэрүүдийн ашиглаж дууссан ордуудын байгаль орчны асуудал хамаарна/;
е/олборлолтын ажлын үед нөхөн сэргээх боломжгүй ордуудын тодорхойлолтыг гарган нөхөн сэргээлтийн ажлын төлбөрийг ашиглалтын үед авч хуримтлал үүсгэн ордуудын нөөц дууссан үед нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Үүнтэй уялдаатайгаар нөхөн сэргээлтийн ажлын норм, үнэлгээг иж бүрдэл хэлбэрээр боловсруулах шаардлагатай;
ж/Монгол Улсад хэрэглэгдэж байгаа болон шинээр оруулж байгаа орчин үеийн олборлолтын аргуудын /газрын дээр ба дор уусгах арга г.м./ байгаль орчныг хамгаалах стандарт, норм, тэдгээртэй холбогдсон технологийн журам, заавар бий болгох. Энэ асуудалтай уялдан олон талт үйл ажиллагаа бүхий уул уурхайн олборлолт, боловсруулалтын ажлыг цаашид хуульчлах.
Найм. Татвар, хууль эрх зүйн орчны талаархи зорилт, авах арга хэмжээ
Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газрын лиценз эзэмшигчидтэй гэрээ байгуулах, хайгуулын ажилд хөрөнгө оруулагчдыг татварын тогтвортой байдлын гэрээнд хамруулах, үндсэн ордыг ашиглахад нөөц ашигласны төлбөрийг бууруулах, лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтүүдийг зохих хуулиудад тусгах. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Татварын багц хуульд хөрөнгө оруулалт, зарим төрлийн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, дэд бүтцийн барилга байгууламжийг барих болон төвөөс алслагдсан бүс нутагт үйлдвэр байгуулахад татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг заалтууд оруулах.
Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, тусгай хамгаалалттай газар нутагт геологи хайгуулын ажил явуулах болон ашигт малтмал ашиглах нөхцөл бүрдүүлэх, улсын хилийн дагуухи районд хайгуулын ажлыг төвлөрүүлэх, газрын төлбөрийг ашигт малтмалын төрөл, геологи хайгуулын ажлын онцлогийг харгалзан тогтоодог механизмыг бүрдүүлэх.
Гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүн болох алт, зэс, хайлуур жоншны үйлдвэрлэл нь эдгээр бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс ихээхэн хамаардаг тул үнийн эрсдэлээс хамгаалах тогтолцоо бий болгох. Иймд дотоодын металлын бирж байгуулах эрх зүйн актыг 2002-2003 онд боловсруулан бирж байгуулах үйл ажиллагааг зохион байгуулж эхний ээлжинд Монголын экспортын бүтээгдэхүүн гаргадаг томоохон уул уурхайн компаниудыг татан оруулах асуудлыг судалж шийдвэрлэх.
Уул уурхайн үйлдвэрлэлийн харилцааг зохицуулах Уул уурхайн тухай хуулийн төсөл болон ашигт малтмалыг үйлдвэрлэлийн бус аргаар олборлох үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн актыг боловсруулах.
Ес. Баримтлах чиглэлийн хэрэгжилтийн үр дүн
Нэг ба хоёрдугаар хувилбаруудаар уул уурхайн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ ба аж үйлдвэрийн болон дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх төсөөллийг хүснэгт 6-д харуулав.
Хүснэгт 6
Хувилбарууд
|
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сая ам. доллар
|
Тайлбар
|
|||||
2005 он
|
2010 он
|
||||||
Уул уурхайн бүтээгдэхүүн
|
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн
|
Уул уурхайн бүтээгдэхүүн
|
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн
|
Дотоодын нийт бүтээгдэхүүн
|
||
1 дүгээр хувилбар
(Уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хувь)
|
348.2
|
642.9
(54,1%)
|
1651.1
(21,1%)
|
669.8
|
1010.6
(66,3%)
|
2157.3
(31,0%)
|
1995 оны зэрэгцүүлэх үнээр
|
2 дугаар хувилбар
(Уул уурхайн бүтээгдэхүүний эзлэх хувь)
|
348.2
|
642.9
|
1651.1
|
592.5
|
933.3
(63,5%)
|
2080.0
(28,5%)
|
|
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 1 дүгээр хувилбараар 2005 онд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 54 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 21.1 хувийг эзлэх бөгөөд 2010 онд 66.3 ба 31.0 хувьд хүргэх боломжтой юм.
2000 онтой харьцуулахад 2005, 2010 онуудад аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн 7.9 хувь ба 36.9 хувь (П хувилбарт 31.7 хувь)-ийг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 3.1 хувь ба 17.3 хувь (14.2)-ийг уул уурхайн шинээр байгуулагдах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах болно.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2005 онд бага байгаа нь 2001-2004 онд барьж байгуулж буй уул уурхайн үйлдвэрийн ихэнх нь 2005 оноос хойш бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орохоос хамаарч байна.
* * *
Геологи, уул уурхайн салбарт баримтлах энэхүү бодлогын баримт бичгийг 2010 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан болно.
----оОо----
Текст томруулах
A
A
A