- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2005 оны 159 дүгээр тогтоолын хавсралт
ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Гамшигтай тэмцэх комисс /цаашид "комисс" гэх/-оос хэрэгжүүлж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Комисс нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
3. Комиссын үйл ажиллагаа нь онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын шийдвэрээр эхэлж гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулан, шуурхай зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулснаар дуусгавар болно.
4. Комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд даргална.
5. Комисс нь гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж, олонхийн санал дээр үндэслэн шийдвэр гаргана.
Хоёр. Комиссын бүрэн эрх
6. Комисс дараахь эрхтэй байна:
6.1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, иргэдийг хууль тогтоомжийн дагуу татан оролцуулах;
6.2. Холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах;
6.3. Гамшгийн голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах.
7. Комисс дараахь үүрэгтэй байна:
7.1. Гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
7.2. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой нэмэлт зардал, бараа материал, ажиллах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаргах асуудлаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;
7.3. Гамшгийн цагийн байдлын талаар төр, засгийн удирдлагад шуурхай мэдээлэх, тэдний өгсөн үүрэг даалгаврын дагуу ажиллах.
Гурав. Комиссын чиг үүрэг
8. Комисс нь гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах, шуурхай зохион байгуулах үйл ажиллагааг явуулахдаа дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.1. Гамшгийн цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;
8.2. Хорио цээрийн дэглэм сахиулах, харуул, хамгаалалтын ажил зохион байгуулах;
8.3. Гамшгийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг тогтоож, дэд бүтцийн асуудлыг зохих байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэх, зохицуулах;
8.4. Гамшгийн голомт, түүний орчинд гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
8.5. Нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
8.6. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохих журмын дагуу дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, байршуулах;
8.7. Шаардлагатай гэж үзвэл гамшгийн голомттой харилцах дундын цэгийг байгуулах, гамшгийн голомт болон түүний орчны бүсэд ажиллаж байгаа хүн, машин техникийн хангалт үйлчилгээний асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах, уялдуулан зохицуулах.
Дөрөв. Санхүүжилт
9. Комиссын тухайн үеийн үйл ажиллагааны зардлыг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан тооцоог үндэслэн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A