A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААДЫН ИРГЭНИЙГ БҮРТГЭХ, ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУХ, БАЙНГА ОРШИН СУУХ, ЦАГААЧЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолын хавсралт

ГАДААДЫН ИРГЭНИЙГ БҮРТГЭХ, ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУХ,  БАЙНГА ОРШИН СУУХ, ЦАГААЧЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах гадаадын иргэнд зөвшөөрөл олгох, бүртгэх, зөвшөөрлийн хугацааг сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Гадаадын иргэн, харьяатын асууудал эрхлэх алба (цаашид "Алба" гэх)-ны дүрэм болон энэхүү журмаар зохицуулна.
 
Хоёр. Түр оршин суух гадаадын иргэнийг  бүртгэх, бүртгэлээс хасах
2.1. Монгол Улсад түр оршин суух гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж,  иргэн тус тус түүнийг ирснээс хойш долоо хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд  бүртгүүлэн  буцахаас нь  өмнө бүртгэлээс хасуулна.
2.2. Алба түр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэхдээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэний албан бичиг, урилгын хуулбарыг тухайн гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг (цаашид "паспорт" гэх), 3х4 см-ийн хэмжээний гэрэл зургийн хамт хүлээн авч бүртгэлийн хураамж төлүүлэн "Гадаадын иргэний бүртгэл" гэсэн мэдүүлгийн хуудас бөглүүлнэ.
2.3. Алба түр оршин суух гадаадын иргэнийг бүртгэлийн дэвтэрт овог, нэр, иргэний харьяалал, паспортын сери, дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйсийн ялгаа, оршин суух болон ажиллах байгууллага, аж ахуйн нэгжийн хаяг, утасны дугаар, ирсэн, бүртгэсэн, буцах хугацааг бүртгэж, паспортад нь бүртгэлийн дугаар, бүртгүүлсэн он, сар, өдөр бүхий "бүртгэв" гэсэн дардас дарж,  мэдээллийн санд оруулна.
2.4. Алба түр оршин суугчийг буцахад  түүний паспортад нь тус улсаас гарах он, сар, өдөр бүхий "хасав" гэсэн дардас дарж, энэ тухай бүртгэлийн дэвтэр, мэдүүлгийн хуудсанд зохих тэмдэглэл хийнэ.
 
Гурав. Албан  хэргээр  удаан   хугацаагаар  оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх
3.1. Албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авах, бүртгүүлэхэд тухайн гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж энэ журмын 2.2-т заасан бичиг баримт бүрдүүлэхээс гадна гадаадын иргэнийг тус улсад тодорхой хугацаагаар ажиллуулах талаар төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөл, оршин суугаа засаг захиргааны нэгжийн Засаг даргаас гаргасан хаягийн тодорхойлолт, гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана. 
3.2. Алба оршин суух зөвшөөрөл олгож бүртгэхдээ тухайн гадаадын иргэний паспортад "зөвшөөрөл" гэсэн дардас дарж, оршин суух хугацааг тэмдэглэн бүртгэлийн дэвтэрт энэ журмын 2.3-т зааснаас гадна суралцах сургуулийн хаяг, төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийн дугаар, Албаны бүртгэлийн дугаар, оршин суух зөвшөөрлийн хугацааг нэмж бүртгэн, мэдээлийн санд оруулна. 
3.3. Албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчийг буцахад нь бүртгэлээс хасч, паспортад нь "хасав" гэсэн дардас дарж, зохих тэмдэглэл хийнэ.
3.4.  Албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон түүний гэр бүлийн гишүүд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан бол  мэдүүлгийн хуудсанд энэ тухай тэмдэглэл хийж, мэдээллийн санд оруулна.
 
Дөрөв. Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин  суух,  байнга  оршин суух, цагаачлах зөвшөөрөл олгох
 4.1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суух, цагаачлах зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа өргөдөл, хоёр үеийн намтар, боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэх талаар холбогдох улсын засаг захиргааны болон цагдаагийн байгууллага (хэрэв хүсэлт гаргагч нь тус улсад оршин сууж байгаа бол тухайн баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага)-ын тодорхойлолт, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчингүй болохыг нотолсон эмнэлгийн тодорхойлолт, шинжилгээний бичиг, хөрөнгийн эх үүсвэрийн талаархи тодорхойлолт, 4х6 см-ийн хэмжээний гэрэл зураг 5 ширхэг, гэр бүл, хүүхэдтэй бол гэрлэлтийн  болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус бүрдүүлж, зохих мэдүүлгийн хуудас бөглөнө.
4.2. Тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтийг Алба тагнуулын болон цагдаагийн төв байгууллагын албан ёсны саналыг  харгалзан  шийдвэрлэнэ.
4.3. Зөвшөөрөл олгосон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэлд авч, хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугчийн паспортад зөвшөөрлийн дугаар, оршин суух газар (аймаг, нийслэл), хугацааг заасан тэмдэглэл бүхий "зөвшөөрөл" гэсэн дардас дарж, байнга оршин суух, цагаачлах гадаадын иргэн, харьяалалгүй хүнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжийн оршин суугч болохыг нотолсон "Монгол Улсад оршин суух үнэмлэх" олгоно.
4.4. Оршин суух үнэмлэхэд тухайн байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэлийн болон регистрийн дугаар, овог, нэр, яс үндэс, иргэний харьяалал, (харьяалалгүй хүний хувьд урьд нь харьяалагдаж байсан улсын нэр), төрсөн он, сар, өдөр, хүйсийн ялгаа, оршин суух үнэмлэх олгосон он, сар, өдөр, оршин суух зөвшөөрлийн хугацаа, оршин суух хаяг, ам бүлийн байдлыг тусгана. 
Тав. Хувийн хэргээр  удаан  хугацаагаар  болон байнга оршин суух, цагаачлах зөвшөөрлийн хугацааг сунгах, үнэмлэх  үрэгдүүлсэн хүнд дахин олгох, цагаач иргэний 16 нас хүрсэн хүүхдэд оршин суух үнэмлэх олгох
5.1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суух, цагаачлах зөвшөөрлийн хугацаа сунгуулах бол урьд нь олгосон зөвшөөрлийн хугацаа дуусахаас, хүүхдэдээ оршин суух үнэмлэх авах бол тухайн хүүхдийг 16 нас хүрэхээс тус тус нэг сарын өмнө, оршин суух үнэмлэхээ үрэгдүүлсэн буюу гэмтээсний улмаас дахин үнэмлэх авах бол хүсэлтээ 14 хоногийн дотор Албанд гаргана.           
5.2. Хүсэлт гаргагч нь өргөдөл бичиж, түүнд өөрийн паспорт (харьяалалгүй хүний хувьд гадаадад зорчих үнэмлэх), оршин суух үнэмлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт, хаяг, ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг тус тус хавсаргах бөгөөд 16 нас хүрч байгаа хүүхдэдээ шинээр оршин суух үнэмлэх авах бол мэдүүлгийн хуудас бөглөн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 4х6см-ийн хэмжээний 3 ширхэг гэрэл зургийн хамт бүрдүүлнэ.
5.3. Алба нь оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах,    16 нас хүрсэн хүүхдэд оршин суух үнэмлэх шинээр олгох, оршин суух үнэмлэхийг нь хүчингүйд тооцсон тохиолдолд нөхөн олгох, оршин суух үнэмлэх сольж олгох, буцаан олгох асуудлыг шинээр зөвшөөрөл олгохтой нэгэн адил шийдвэрлэнэ.
5.4. Зөвшөөрлийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн бол тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд зөвшөөрлийн дуусах хугацааг тэмдэглэх бөгөөд хувийн хэрэгт нь энэ тухай тэмдэглэл үйлдэж, мэдээллийн санд оруулна.
5.5. 55 болон түүнээс дээш насны байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг хугацааны хязгааргүй сунгаж болно.
  
Зургаа. Байнга оршин суух, цагаачлах зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацааг           сунгахаас татгалзах
6.1. Алба нь Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу тагнуул, цагдаагийн төв байгууллагын саналын дагуу, зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргагчийн хувьд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр буюу тагнуул, цагдаагийн байгууллагын саналын дагуу татгалзсан хариу өгнө.
6.2. Тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг тодорхой үндэслэлээр сунгахаас татгалзсан тохиолдолд Алба тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд "гарах" виз олгон, тус улсаас гарч явахыг өөрт нь мэдэгдэж, түүний паспортад нь "хасав" гэсэн дардас дарж зохих тэмдэглэл хийнэ.
 
Долоо. Хяналт тавих
7.1. Алба Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг зөрчсөн хуулийн этгээд, иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу торгох шийтгэл ногдуулах бөгөөд шаардлагатай бол асуудлыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлнэ.
7.1.1. Энэ журмыг зөрчсөн түр оршин суугч, албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчийг Монгол Улсаас албадан гаргахааргүй байвал Алба тухайн гадаадын иргэнд "гарах" виз олгож, визийн хугацаанд тус улсаас гарахыг өөрт нь болон түүнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд мэдэгдэж, буруутай хуулийн этгээд, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Тухайн гадаадын иргэн визийн хугацаанд тус улсаас гарч яваагүй бол түүнийг хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсаас захиргааны журмаар буюу албадан гаргах арга хэмжээ авч энэ тухай мэдээллийг мэдээллийн санд оруулна.
 7.2. Алба нь байгалийн гамшиг, олон улсын хөл хориот өвчний улмаас болон мал, амьтан, ургамлын хорио цээр тогтоосон, өөрөө болон гэр бүлийн гишүүд нь удаан хугацаагаар өвчилсөн  зэрэг  хүндэтгэх шалтгаангүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд 120 хоногоос дээш хугацаагаар байгаагүй цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад цагаачлан суух зөвшөөрлийг хүчингүй болгож,  тухайн цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд энэ тухай  бичгээр мэдэгдэх бөгөөд тухайн цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг шийдвэрийг эс зөвшөөрвөл мэдэгдэл хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж  болно.
7.3. Алба нь оршин суух үнэмлэхийг санаатайгаар үрэгдүүлж, гэмтээсэн,  болгоомжгүйгээр жилд гурав болон түүнээс дээш удаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн цагаач гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух үнэмлэх дахин олгохгүй.
 
Найм. Бусад зүйл
8.1. Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлсэн, захиргааны шийтгэлээр шийтгүүлсэн, ял эдэлж дууссан буюу ялаас чөлөөлөгдсөн, түүнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэн өгсөн бол Алба энэ тухай мэдүүлгийн хуудсанд тэмдэглэж, мэдээллийн санд оруулна.
8.2. Албан хэргээр удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэний  шууд асрамжид байдаг эцэг, эх, 18 нас хүрсэн боловч эхнэр, нөхөрт гараагүй хүүхдийг  түүний нэгэн  адил  бүртгэнэ.
8.3. Байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн нь өөрийн улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд Алба түүний гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхээр, харьяалалгүй хүн  иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон буюу өөр улсын харьяат болсон тохиолдолд түүний харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхийг гадаадын иргэний оршин суух үнэмлэхээр сольж олгох буюу Монгол Улсын харьяат болсон бол оршин суух үнэмлэхийг хураан авч  мэдээллийн санд тус тус оруулан хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.
8.4. Түр болон албан хэргээр удаан хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг бүртгэх үйлчилгээг бичиг баримтыг бүрдүүлснээс хойш ажлын хоёр өдөрт, яаралтай үйлчлүүлэх, хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэний паспорт, харьяалалгүй хүний үнэмлэхэд хийх тэмдэглэлийг хураамж төлснөөс хойш ажлын дөрвөн цагт, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд оршин суух үнэмлэх бичиж олгох ажиллагааг ажлын хоёр өдөрт багтаан тус тус гүйцэтгэнэ.
8.5. Алба нь  тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суух, цагаачлах гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтийг түүний бичиг баримтыг хүлээн авснаас хойш хоёр сар, оршин суух хугацаа сунгуулах, оршин суух үнэмлэх шинээр авах, нөхөн авах тухай хүсэлтийг нэг сарын хугацаанд тус тус шийдвэрлэнэ.
8.6. Хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгож, жил бүр сунгана. 
8.7. Алба нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан ирүүлсэн хүсэлтийн хариуг  албан бичгээр хүргүүлнэ.
8.8. Тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суух, цагаачлах хүсэлт гаргагч нь холбогдох бичиг баримтыг монгол хэл дээр бүрдүүлэх бөгөөд гадаад хэлээр үйлдсэн бичиг баримтын орчуулгыг нотариатчаар гэрчлүүлсэн байна.
8.9.  Алба нь тус улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суух, цагаачлахыг хүссэн гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтэд татгалзсан хариу өгөх тохиолдолд  шалтгааныг тайлбарлах үүрэг хүлээхгүй.
 
 
 
 
 
 
----оОо----