A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
1. Авто замын тухай хуулийн 5.1.3–т заасны дагуу авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс өмчийн хэлбэр, тэдгээрийн харьяаллыг үл харгалзан зам ашигласны төлбөр /цаашид "төлбөр" гэнэ/ авахад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
2. Олон улсын болон улсын чанартай авто замын сүлжээн дэх төлбөртэй авто зам /замын чиглэл, урт/, замын байгууламжийн жагсаалтыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Хоёр. Төлбөр хураах зарчим
3. Төлбөртэй авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийг замын санд төвлөрүүлэх үйл ажиллагааг авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага замын засвар арчлалт хариуцсан байгууллагатай хамтран зохион байгуулна.
 
4. Төлбөр хураах цэгийг төлбөртэй авто зам, замын байгууламжийн орох болон гарах хэсгүүдэд байрлуулна.
 
5. Төлбөртэй авто замын орох хэсгийн төлбөр хураах цэгт тээврийн хэрэгслээс төлбөрийг хураан авч тасалбар олгож, гарах хэсгийн цэгт тасалбарыг шалгана. Хэрэв тасалбарыг үрэгдүүлсэн эсхүл орох хэсгийн төлбөр хураах цэгээр дайраагүй тохиолдолд төлбөрийг гарах хэсгийн төлбөр хураах цэгт хураана.
 
6. Төлбөрийн хэмжээг тээврийн хэрэгслийн ангилал, даацыг харгалзан инфляцийн түвшинтэй уялдуулан Засгийн газраас  тогтоож байна.
 
7. Төлбөр хураах ажиллагаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулагдсан байна.
Гурав. Бусад
8. Төлбөр хураах цэг нь шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
 
9. Төлбөртэй авто зам, замын байгууламжийг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлсэн байна.
 
10. Нэг чиглэлийн замд яваа тээврийн хэрэгслээс төлбөрийг давхардуулан авахыг хориглоно.
 
11. Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж яваа эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал унтраах байгууллагын тээврийн хэрэгсэл болон бүх төрлийн цуваанаас төлбөр авахгүй.
 
12. Тогтоосон чиглэлд байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай аж ахуйн гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд тэдгээрт 20 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлж болно.
 
 
 
 
----оОо----