A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАГЧДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЭРГЭЖ ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 96 дүгээр тогтоолын хавсралт

ИХ СУРГУУЛЬ,  КОЛЛЕЖИД СУРАЛЦАГЧДАД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЭРГЭЖ ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг зүйл
1.Боловсролын хуулийн дагуу магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн оюутан, магистрант, докторант, Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр гадаадад суралцагчид (цаашид "суралцагч" гэнэ) сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох, эргэж төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
Энэхүү журам нь Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр гадаад улсад суралцуулагч талын зардлаар 6 сар хүртэл хугацаагаар мэргэшүүлэх сургалтад суралцагчдад нэгэн адил хамаарна.
2.Боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран сургалтын төлбөрийн зээл болон буцалтгүй тусламжаар суралцах суралцагчдын хяналтын тоог  жил бүрийн 5 дугаар сард мэргэжил тус бүрээр нь батлан гаргана.
3.Дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь кредит цаг байна. Нэг кредит цаг нь улирлын туршид нэг долоо хоногт танхимд нэг цагаар орох лекц буюу 2 цагаар орох семинар, дадлага, эсвэл 3 цагаар орох лабораторын ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.
4.Их сургууль, коллеж нь суралцагчдын кредит цагийн өртгийг үндэслэн тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээг сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар батлуулж       6 дугаар сард  нийтэд зарлана.
5.Суралцагчдын улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг ашиглана. Голч дүн нь дээрх хугацаанд үзсэн хичээлд авсан тоон дүнгийн кредит цагаар  жигнэгдсэн дундаж  байна.
6.Сургалтын төлбөрийн хөрөнгийг төвлөрүүлэн бүрдүүлэх, зээлийн гэрээг баталгаажуулах, сургалтын зээл олгох, буцааж төлүүлэх, буцалтгүй тусламж өгөх, шаардлагатай бол шүүхэд нэхэмжлэл гаргах, санхүүгийн тайлан гаргах үүргийг Сургалтын төрийн сан хариуцна.
 
Хоёр.Их сургууль, коллежид сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, шагналаар   суралцуулах нөхцөл
7.Их сургууль, коллежид зохих журмын дагуу шинээр элсэн суралцагч болон амжилттай суралцаж байгаа суралцагчдад дор дурдсан нөхцөлөөр сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, шагнал олгоно:
      а/сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл:
-Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрх, эцэг, эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч;
-Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хагас өнчин суралцагч;
-их сургууль, коллежийг бакалаврын боловсролоор 3,5-аас дээш голч дүнтэй төгссөн, магистрантур, докторантурт  суралцагч;
-Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад оронд суралцагч.
б/сургалтын төлбөр, тэтгэлэгийн буцалтгүй тусламж:
-бүтэн өнчин, асран хамгаалагчгүй, нэн ядуу өрхийн тахир дутуу суралцагч;
в/сургалтын төлбөрийн шагнал:
-олон улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, олон улсын дээд зэрэглэлийн уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн  суралцагч;
-ерөнхий боловсролын сургуулийг төгсөх жилдээ  улсын хэмжээнд зохиогддог олимпиадад эхний 3 байр эзэлсэн суралцагч;
-их сургууль, коллежид дараалсан 4 улиралд голч дүнгээрээ 3,8 буюу түүнээс дээш амжилт үзүүлсэн, суралцах хугацаандаа зохих кредит цагийг бүрэн биелүүлсэн суралцагч.
Гурав.Сургалтын төлбөрийн зээл, тусламжийн  гэрээ байгуулах, талуудын хүлээх үүрэг, хариуцлага
8.Тухайн хичээлийн жилд суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, тусламж олгох асуудлыг хяналтын тоонд багтаан шийдвэрлэж  байх үүрэг бүхий 5-аас доошгүй хүнтэй комиссыг их сургууль, коллежийн захирлын тушаалаар байгуулж ажиллуулна. Уг комисс нь сургалтын алба, нягтлан бодогч, оюутны байгууллага, эцэг, эхийн төлөөллөөс бүрдэнэ. Комиссоос гарсан шийдвэрийг үндэслэн сургалтын алба энэхүү журмын дагуу сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээг Сургалтын төрийн сан, суралцагчтай байгуулж, уг гэрээг сунгах буюу цуцлах ажлыг зохион байгуулна.
9.Гэрээг их сургууль, коллежид сургалтын төлбөрийн  зээл, буцалтгүй тусламжаар  суралцагч (эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч), Сургалтын төрийн сан, сургалтын албаны хооронд гурвалсан хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчилнэ.
10.Төрийн захиргааны ба үйлчилгээний байгууллага (цаашид "захиалагч" гэнэ)-ын захиалгаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад оронд суралцагч болон тус улсын их сургууль, коллежийн магистрантур, докторантурт суралцагч нь тэдгээрийг суралцуулагч байгууллага, Сургалтын төрийн сантай  гурвалсан хэлбэрээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчилнэ.
11.Сургалтын төрийн сан нь хичээлийн жилийн улирал тутамд суралцагчийн сурлагын талаар сургуулиудаас ирүүлсэн тодорхойлолт болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан голч дүнг  харгалзан зээл, тусламжийн гэрээг сунгаж баталгаажуулна.
12.Их сургууль, коллежийн нягтлан бодогч  суралцагчийн авсан зээл, тусламжийг зээлийн гэрээ, картад бичилт хийн тухайн хичээлийн жилийн  улирал бүрийн эцэст Сургалтын төрийн сантай тооцоо нийлж гурвалсан гэрээний сунгалт болон төгсөгчдийн төлбөрийн хаалт хийнэ.
13.Тус улсын их сургууль, коллежид сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээгээр суралцагч Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр гадаадад шилжин суралцах үед  түүний Сургалтын төрийн санд төлөгдөх сургалтын төлбөрийг зээлээр үргэлжлүүлэн олгож болно.
14.Сургалтын төрийн сан, сургууль, суралцагчийн  хооронд байгуулах гэрээнд сургалтын төлбөрийн зээл, тусламж олгох, эргэж төлүүлэх талаар талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана.
15.Сургалтын төрийн сан, захиалагч, суралцагчийн хооронд байгуулах гэрээнд тухайн суралцагчийн суралцах хугацаа,  түүний ажлын байр болон сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх талаар талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгана.
16.Сургалтын төлбөрийн зээл, тусламжийн гэрээний загварыг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
 
Дөрөв.Сургалтын төлбөрийн зээл, тусламж авахад  суралцагчийн бүрдүүлэх материал
17.Сургалтын төлбөрийн зээл болон буцалтгүй тусламж авахдаа суралцагч дараахь материалыг  бүрдүүлнэ:
а/их сургууль, коллежид элссэнийг нотлох элсэлтийн төв комиссоос олгосон томилолт; магистрантур, докторантурт суралцуулах тухай сургуулийн шийдвэр; Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр гадаадын их сургуульд суралцуулах тухай боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
б/сургалтын төлбөрийн зээл, тусламж хүссэн болон түүнийг буцааж төлөх тухай нотолсон суралцагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гараар бичсэн өргөдөл;
в/иргэний үнэмлэхийн хуулбар;
г/энэхүү журмын 7-гийн "б"-д заасан суралцагчийн хувьд эцэг, эх, асран хамгаалагч нь нас барсан тухай гэрчилгээний хуулбар;
д/зээлийн төлбөрийн хөрөнгийн баталгааны нотариатын гэрчилгээ;
е/Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрх болох тухай (Улаанбаатар хотоос суралцагчийн хувьд харьяалах хорооны дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын, орон нутгаас суралцагчийн хувьд сумын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын) тодорхойлолт;
ж/энэ журмын 7-гийн "а"-д заасан суралцагчийн өрхийн гишүүдийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр;
з/энэ журмын 7-гийн "б"-д заасан суралцагчийн тахир дутуу болохыг тогтоосон холбогдох байгууллагын шийдвэр;
и/итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай нотариатын гэрчилгээний хуулбар.
 
Тав.Сургалтын төлбөрийн зээл, тусламжийг санхүүжүүлэх, түүнийг зогсоох
18.Сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдад  шаардагдах хөрөнгийг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусгана. Төсвийг төлөвлөхдөө өмнө нь олгосон зээл, түүний хүүгийн төлбөрийн орлогыг оруулж тооцно.                                                                                                                          
19.Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сургалтын төлбөрийн зээл, тусламжийн хөрөнгийг тухайн жилийн улирал тутам Сургалтын төрийн санд шилжүүлнэ.
20.Сургалтын төлбөрийн зээл, тусламжаар суралцагчдын төлбөрийг төрийн өмчийн их сургууль, коллежийн нийтэд зарласан сургалтын төлбөрийн жишиг, кредит цагийн биелэлтээр Сургалтын төрийн сангаас батлагдсан хуваарийн дагуу санхүүжүүлнэ.
21.Үндэсний статистикийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хагас өнчин оюутанд хичээлийн жил тутмын сургалтын төлбөрийн 150000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр, үлдэх төлбөрийг нь зээлийн гэрээгээр олгоно.
22.Бүтэн өнчин, асран хамгаалагчгүй, тахир дутуу бөгөөд  дипломын болон бакалаврын боловсрол эзэмшихээр суралцагчдад сургалтын төлбөр болон тэтгэлгийг буцалтгүй тусламж хэлбэрээр гэрээгээр олгоно. Тэтгэлгийн хэмжээг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
23. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагын шийдвэрээр доорхи болзлыг хангасан суралцагчдын сургалтын төлбөрийг шагналын хэлбэрээр Сургалтын төрийн сангаас санхүүжүүлнэ:
      а/олон улсын хэмжээнд зохиогдсон олимпиад болон олон улсын зэрэглэлтэй уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн их сургууль, коллежид бакалаврын боловсрол эзэмшихээр суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг эзэмших хугацаанд;
      б/ерөнхий боловсролын сургуулийг төгсөх жилдээ улсын хэмжээнд  зохиогдсон олимпиадад эхний З байр эзэлж уг чиглэлээрээ их сургууль, коллежид элсэн суралцагчдад эхний   2 жилд;
      в/суралцсан хугацаандаа авбал зохих кредит цагийг бүрэн биелүүлж, дараалсан 4 улирлын голч дүн нь 3,8-аас дээш амжилт үзүүлсэн оюутанд энэхүү хугацаанд;
      г/суралцсан хугацаандаа авбал зохих кредит цагийг бүрэн биелүүлж, эхний жилийн  голч дүнгээрээ  3,8-аас дээш амжилт үзүүлсэн болон тухайн сургууль, их сургууль, коллежийн хэмжээнд зохиогдсон  эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, шилдэг бүтээлээр шалгарсан магистрант, эрдэм шинжилгээний тодорхой хэсэг нь үйлдвэрлэлд нэвтэрч үр дүн нь гарч байгаа докторантад хамгаалах хүртэлх хугацаанд.
24.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр суралцагчдад  тэтгэлэг олгохгүй тохиолдолд боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тэтгэлгийн хэмжээг тогтоож түүнийг  зээлээр олгоно. Сургалтын төрийн сан зээлийн тэтгэлгээр суралцаж буй суралцагчдын санхүүжилтийг улирал тутам тухайн оронд суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан олгож, түүний тайланг улирал тутам гаргуулна.
25.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр гадаад орноос тус улсын их сургууль, коллежид  суралцагчдад сургалтын төлбөр болон тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас хуваарийн дагуу санхүүжүүлнэ. Боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран сургалтын төлбөр, тэтгэлгийн хэмжээг тогтооно.
26.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр  суралцагчийн сурлагын байдлын талаархи сургуулийн тодорхойлолтыг үндэслэн Сургалтын төрийн сангаас дараа жилийн сургалтын болон тэтгэлгийн  гэрээг сунгаж зээлийг санхүүжүүлнэ.
27.Энэхүү журмын 7-гийн "а", "б"-д заасны дагуу сургалтын төлбөрийн зээл, тусламжаар сурч байгаад Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр гадаад оронд бакалаврын боловсролоор шилжин суралцагчдад сургуульдаа анх очих, төгсөөд бүрмөсөн ирэх  замын зардлын зээл  олгож болно.
28.Суралцагч хүүхэд төрүүлсэн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар зохих журмын дагуу чөлөө авсан бол зээлийн гэрээг түдгэлзүүлэн сургалтын төлбөр, тэтгэлгийн санхүүжилтийг түр зогсооно.
 
Зургаа.Сургалтын төлбөрийн зээлийг төлүүлэх,  барагдуулах тухай
29.Сургалтын төлбөрийн зээл, тусламжаар суралцагч сургуулиа төгссөн, эсхүл гэрээлэгч талуудын аль нэг нь гэрээг цуцалсан буюу түдгэлзүүлсэн бол тухайн суралцуулагчийг сургаж буй сургуулиас энэ тухай  Сургалтын төрийн санд ажлын 10 өдрийн дотор албан ёсоор мэдэгдэнэ.
30.Сургалтын төлбөрийн зээлээр суралцагч сургуулиас хасагдсан, сургуулиа орхисон тохиолдолд тухайн сургууль нь  Сургалтын төрийн санд ажлын 5 өдрийн дотор энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ. Хэрэв энэ тухай мэдэгдээгүй бол тухайн сургуулийн зээл, тусламжаар суралцагчийн дараа улирлын санхүүжилтээс суутгал хийнэ.
31.Энэхүү журмын 28-д зааснаас бусад шалтгаанаар суралцагч цаашид суралцахгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийн зээл, тусламж, тэтгэлгийг зогсоож суралцахгүй болсон  тухайн сараас эхлэн жилийн 3 хувийн хүүтэйгээр      2 жилийн дотор буцааж төлүүлнэ. Хүүгээс хүү тооцохгүй.
32.Сургалтын төрийн сан хичээлийн жилийн улирал тутам энэхүү журмын 11-д заасны дагуу сурлагын байдлын талаархи сургуулийн тодорхойлолтыг үндэслэн зээл, тусламжаар суралцагчийн гэрээг түдгэлзүүлж, дахин сэргээж болно.
33.Зээлээр суралцагч нь сургалтын хөтөлбөрийг бүрэн дуусмагц түүнийг төгсгөсөн сургууль зээлийн картанд зээлийн бичилтийг бүрэн хийж, уг суралцагчаар гарын үсэг зуруулан  дипломын  хамт Сургалтын төрийн санд албан ёсоор хүлээлгэн өгнө.
34.Суралцагч сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш 10 жилийн дотор бүрэн төлж барагдуулна. Ингэхдээ эхний 6 жилийн дотор хүүгүй, долоо дахь жилээс эхлэн арилжааны банкны жилийн дундаж хүүгээс 0,5-аар илүү хүүтэйгээр 4 жилийн дотор зээл, хүүгийн хамт төлнө.
35. Суралцагч сургууль төгсөөд холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ нийслэл хотод 8 жил, аймгийн төвд 5 жил, суманд 2 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хөнгөлөлттэй зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлж болно. Уг асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. /Засгийн газрын 2003 оны 61 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
36.Суралцагч нас барсан болон хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70-аас дээш хувиар алдсан нөхцөлд түүнийг зээл болон хүүгийн төлбөрөөс чөлөөлнө.
37.Засгийн газар хоорондын  тэнцүү солилцоогоор гадаадад суралцагч нь гэрээ байгуулах болон сунгуулахдаа тус улсын төрийн өмчийн адилтгах их сургуулийн тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн жишгээр Сургалтын төрийн санд сургалтын төлбөр төлнө.
38.Засгийн газар хоорондын тэнцүү солилцоогоор суралцагч нь хичээлийн эхний жилийн дүнгээрээ тухайн орны сурлагын үнэлгээний 75 хувиас дээш амжилт үзүүлснийг нотолсон суралцах сургуулийн тодорхойлолтыг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр сургалтын төлбөрөөс чөлөөлж болно.
39.Засгийн газар хоорондын тэнцүү солилцоогоор суралцагч  хугацаандаа сургуулиа төгсөж чадаагүй, төгсөөд эх орондоо ирээгүй, захиалагч газартаа 5-аас доошгүй жил ажиллаагүй нөхцөлд сургалтын болон тэтгэлгийн зээлийг авсан өдрөөс эхлэн тооцож банкны өр барагдуулах зээлийн хүүгийн жишгээр суралцагч (итгэмжлэгдсэн төлөөлөгч)-аас төлүүлэх бөгөөд энэ талаар гурвалсан гэрээнд заавал тусгасан байна. Энэхүү  төлбөрийг барагдуулах асуудлыг гэрээний дагуу Сургалтын төрийн сан хариуцан гүйцэтгэнэ.
40.Засгийн газрын тэнцүү солилцоогоор гадаадад мэргэжил дээшлүүлэгчид Сургалтын төрийн санд сургалтын төлбөр төлнө. Уг төлбөрийн хэмжээг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
41.Сургалтын төлбөрийн зээл нь их сургууль, коллежид суралцах  хугацаанд хүүгүй байна.
 
Долоо.Хариуцлага
42.Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээ, тэдгээрийн  санхүүжилттэй холбогдон гарсан маргааныг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.
43.Суралцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмнөөс холбогдох гэрээнд гарын үсэг зурж байгуулах бөгөөд сунгана. Суралцагч нь сургалтын төлбөр, тэтгэлэг болон замын зардлын зээлийг барагдуулаагүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч тэдгээрийг барагдуулах хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу хүлээнэ.
44.Сургалтын төлбөрийн зээл авах хүсэлт гаргасан суралцагчийн талаар тодорхойлолт өгсөн тухайн шатны Засаг дарга тодорхойлолтынхоо үнэн зөвийг хариуцах бөгөөд тухайн суралцагчийг төгсөөд орон нутагтаа ажиллуулах, сургалтын төлбөрийг  барагдуулахад хяналт тавина.
45.Суралцах хугацаандаа авсан зээлээ хүүгийн хамт тогтоосон хугацаанд төлөөгүй суралцагчдын төлбөрийг барагдуулах талаар Сургалтын төрийн сан зохих журмын дагуу шүүхэд хандана.
 
 
/Засгийн газрын 2003 оны 61 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
 (Энэ хавсралтыг 2008-05-14-ний 177-р  тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
---оОо---