- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн Газрын 2003 оны 52 дугаар тогтоолын хавсралт
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байнгын зөвлөл (цаашид "байнгын зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Байнгын зөвлөл нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг зохион байгуулна.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Байнгын зөвлөлийг Эрүүл мэндийн сайд тэргүүлэх бөгөөд орлогч дарга нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байна. Байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга байна.
2.2. Байнгын зөвлөл нь 15-аас доошгүй гишүүдээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагийн төлөөлөл байна.
2.3. Байнгын зөвлөлийн ажлын албаны үүргийг Эрүүл мэндийн яам гүйцэтгэнэ.
2.4. Байнгын зөвлөл нь аймаг, нийслэлд салбар зөвлөлтэй байх бөгөөд салбар зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Орон нутгийн салбар зөвлөлийн ажиллах журмын үлгэрчилсэн загварыг байнгын зөвлөл батална.
2.5. Байнгын зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед ээлжит бус хурлыг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно.
2.6. Байнгын зөвлөлийн хурал гишүүдийн ердийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөрт тооцогдох бөгөөд асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хурал даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
2.7. Байнгын зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
2.8. Байнгын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн яам төсвийн багцдаа багтаан санхүүжүүлнэ.
Гурав. Байнгын зөвлөлийн бүрэн эрх
3.1. Байнгын зөвлөл нь дараахь эрх эдэлнэ:
3.1.1. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний талаар тайлан, судалгаа, мэдээ, дүгнэлт гаргуулах, эдгээрт тусгасан зүйлийг тайлбарлах болон шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах;
3.1.2. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийн асуудлаар хяналтын хэсэг байгуулж ажиллах;
3.1.3. хуулийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, мэргэжилтэнг татан оролцуулах;
3.1.4. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй гэж үзвэл хүчингүй болгох саналаа зохих байгууллагад тавих;
3.1.5. холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, чиглэл, зөвлөлгөө өгөх;
3.1.6. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих хяналтын талаар Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын конвенцын хүрээнд холбогдох олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, олон улс, орон нутгийн чанартай хурал, зөвлөлгөөн, семинар, ярилцлага зохион байгуулах.
3.2. Байнгын зөвлөл нь дараахь үүрэг хүлээнэ:
3.2.1. салбар зөвлөлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;
3.2.2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэж, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
3.2.3. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлох, түүнд өөрчлөлт оруулах саналаа холбогдох байгууллагад тавих;
3.2.4. мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, тариалах, бэлтгэх, ашиглах, худалдаалах явдлаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
3.2.5. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний талаар зөвлөмж гаргах;
3.2.6. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн улсын бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны талаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
3.2.7. зөвлөлийн жилийн ажлын тайланг Засгийн газарт дараа жилийн I улиралд багтаан танилцуулах;
3.2.8. хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж үнэлгээ өгөх;
3.2.9. хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бус байгууллага, хамт олон, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.
Дөрөв. Байнгын зөвлөлийн дарга, орлогч даргын үйл ажиллагааны чиглэл
4.1. Байнгын зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон хурлаас гарсан зөвлөмжийг баталж, шаардлагатай гэж үзсэн асуудлыг хуульд заасан журмын дагуу Засгийн газарт оруулж хэлэлцүүлнэ.
4.2. Байнгын зөвлөлийн дарга зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, хурлыг удирдана.
4.3. Байнгын зөвлөлийн дарга гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавина.
4.4. Байнгын зөвлөлийн даргын эзгүйд орлогч дарга түүнийг орлон ажиллана.
Тав. Нарийн бичгийн даргын үйл ажиллагааны чиглэл
5.1. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан зөвлөлийн даргаар батлуулж, хурлын бэлтгэлийг хангана.
5.2. Хурлын тэмдэглэл хөтөлж гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
5.3. Салбар зөвлөлийн тайланг нэгтгэн байнгын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.
5.4. Байнгын зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A