A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2005 оны 167 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
                1.1. Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо (цаашид "Хороо" гэх) нь "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр" /цаашид "Үндэсний хөтөлбөр" гэх/-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн удирдлагын байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,  дэмжлэг үзүүлэх зорилго бүхий орон тооны бус байгууллага  мөн.
1.2. Хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, бусад хууль тогтоомж, холбогдох Монгол Улсын олон улсын гэрээ болон Засгийн газрын шийдвэр, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
                1.3. Хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд өөрийн данстай байна.
 
Хоёр. Хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт
                2.1. Хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
                2.2. Хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд байна.
                2.3. Хорооны бусад гишүүд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдэнэ.
                2.4. Хорооны бүрэлдэхүүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
                2.5. Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хорооны хуралдаан байна.
                2.6. Хорооны хуралдааныг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Хорооны ээлжит бус хуралдааныг хорооны дарга зарлан хуралдуулж болно.
                2.7. Хорооны гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдааныг хорооны дарга даргална.
                2.8. Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
                2.9. Хорооны хуралдааны шийдвэрийн үндсэн хэлбэр нь тогтоол байх бөгөөд тогтоолд Хорооны дарга гарын үсэг зурна. Хороо нь шаардлагатай гэж үзсэн асуудлаар зөвлөмж, албан даалгавар гаргаж болох бөгөөд түүнд Хорооны дарга гарын үсэг зурна.
2.10. Хорооны тогтоол, зөвлөмж, албан даалгаврыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан биелүүлж явц, үр дүнгийн талаар тогтоосон хугацаанд нь эргэж хариу мэдэгдэх үүрэгтэй.
                2.11. Хорооны хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд Хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
                2.12. Хороо нь яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэгт орон тооны бус салбар хороотой байна. Яамны салбар хороо нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа агентлагийн, аймаг, нийслэлийн салбар хороо нь сум, дүүргийн салбар хорооны ажлыг уялдуулан зохицуулж, хамтарч ажиллана
                2.13. Салбар хорооны дарга нь яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагт агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүрэгт тэдгээрийн Засаг дарга байна. Салбар хорооны бүрэлдэхүүнийг тухайн хорооны дарга батална.
                2.14. Салбар хороо нь өөрийн байгууллагын хэмжээнд болон харьяа нутаг дэвсгэртээ Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн жилийн төсөвтөө тусган тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулна.
                2.15. Салбар хороо нь Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын тайлан, мэдээг хагас, бүтэн жилээр буюу 6 дугаар сарын 20, 12 дугаар сарын 20-ны дотор Хорооны ажлын албанд ирүүлж байна. Яамны салбар хороо нь агентлагийн, аймаг, нийслэлийн салбар хороо нь сум, дүүргийн салбар хорооны тайлан, мэдээг нэгтгэж ирүүлнэ
                2.16. Салбар хорооны үйл ажиллагаанд шаардагдах бичиг хэргийн зардал, бусад үйлчилгээг тухайн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцах бөгөөд зардлыг нь төсөвтөө тусгаж санхүүжүүлнэ.
                2.17. Салбар хороо нь тухайн байгууллагын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ
Гурав. Хорооны бүрэн эрх
3.1. Хороо нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                3.1.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн удирдлагын байгууллагаас зохиож байгаа ажлыг уялдуулан зохицуулах;
                3.1.2. Үндэсний хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж удирдамж, чиглэл өгөх;
                3.1.3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээг тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт  тусгуулах арга хэмжээ авах;
                3.1.4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний дөрвөн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж Засгийн газарт оруулах;
                3.1.5. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хүний хөгжлийн талаархи бусад хөтөлбөртэй уялдуулах;
                3.1.6. Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд болон аймаг, нийслэлийн хэмжээнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тухайн жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг нэгтгэн гаргаж, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын энэ талаархи ажилд өгсөн үнэлэлт, дүгнэлтийн хамт Засгийн газарт оруулах;
                 3.1.7. Засгийн газраас үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хоёр жил тутам гаргаж хуралдаанаараа хэлэлцэж Засгийн газарт оруулах;
                3.1.8. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд сайн дурынхан, эрдэмтэн, мэргэжилтэн, судлаачдыг тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;
                3.1.9. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт- шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
                3.1.10. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, гадаадын оронтой хамтран ажиллах;
                3.1.11. Үндэсний хөтөлбөр, хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах;
                3.1.12. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн удирдлагын байгууллагаас зохиож байгаа ажилтай танилцаж зөвлөмж өгөх, тэдгээрийн удирдах ажилтны илтгэл, сонсголыг хорооны хуралдаанаар хэлэлцэж үүрэг, чиглэл өгөх;
                3.1.13. Судалгааны байгууллага, судлаачдаар хүний эрхийн асуудлаар судалгаа, боловсруулалтын ажил гүйцэтгүүлж, хяналт-шинжилгээ хийлгэх ажил зохион байгуулах;
                3.1.14. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар хурал, зөвлөлгөөн, семинар, сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
3.1.15. Шаардлагатай гэж үзвэл Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой асуудлаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтэн, мэргэжилтэн, иргэдийн төлөөлөгчийг оролцуулсан байнгын буюу түр ажлын хэсэг байгуулан ажиллуулах;
                3.1.16. Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий бусад байгууллагатай хамтран ажиллах.
 
Дөрөв. Хорооны дарга, гишүүний бүрэн эрх
                4.1. Хорооны дарга нь хорооны ажлыг удирдлагаар хангаж, хорооны шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргана.
                4.2. Хорооны даргын эзгүйд түүний бүрэн эрхийг хорооны орлогч дарга хэрэгжүүлнэ.
                4.3. Хорооны гишүүн дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
                4.3.1. Хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;
                4.3.2. Үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийн хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн удирдлагын байгууллагад тэдгээрийн өмчийн төрөл, хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр шалгах;
4.3.3. Асуудал боловсруулж Хорооны хуралдаанд оруулан хэлэлцүүлэх;
                4.3.4. Бусад байгууллагатай харилцахдаа Хорооны шийдвэрийг баримтлах;
                4.3.5. Хорооноос даалгасан асуудлыг хариуцан ажиллаж түүний явц, үр дүнгийн талаар хорооны хуралдаанд мэдээлж байх.
 
Тав. Хорооны ажлын алба
                5.1. Хорооны ажлын албаны үүргийг Хууль зүй, дотоод хэргийн яам гүйцэтгэнэ. Хорооноос баталсан хуваарийн дагуу хорооны төсвийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиран зарцуулна.
                5.2. Хорооны ажлын алба /цаашид "Ажлын алба" гэх/ нь Хорооноос үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан, зохицуулах, хяналт тавих, хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад туслах, мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
                5.3. Ажлын алба нь дараахь эрх, үүрэгтэй байна:
                5.3.1. Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Хорооны дарга, орлогч дарга, гишүүдээс шаардлагатай дэмжлэг, туслалцаа авах;
                5.3.2. Хорооны хуралдааны бэлтгэл, шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
                5.3.3. Хорооны дарга, орлогч дарга, гишүүдийг тухай бүр шаардлагатай мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
                5.3.4. Үндэсний хөтөлбөр, Хорооны ажлын төлөвлөгөөний биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлж, салбар хороодын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах;
                5.3.5. Үндэсний хөтөлбөр, Хорооноос зохион байгуулж байгаа ажил, түүний явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
                5.3.6. Хорооны ажилд шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээлэл, судалгаа, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулан авах;
                5.3.7. Хорооны удирдлагаас баталсан удирдамжийн дагуу үндэсний хөтөлбөр, хорооны тогтоол, зөвлөмж, албан даалгаврын биелэлтийг хорооноос даалгасны дагуу холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид өмчийн төрөл, хэлбэр, тэдгээрийн харьяалал харгалзахгүйгээр шалгаж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
                5.3.8. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлын тайланг холбогдох байгууллага, салбар хороодоос гаргуулж нэгтгэн Хороонд танилцуулах;
 
                5.3.9. Хорооны тогтоол, албан даалгавар, зөвлөмжийг биелүүлээгүй албан тушаалтны тухай асуудлыг Хорооны удирдлагад танилцуулж удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд албан ёсоор тавьж хариу авах.
 
Зургаа. Бусад зүйл
6.1. Хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
                6.2. Зайлшгүй шаардлагаар Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бол гишүүний төлөөллийн тэнцвэрийг хадгалах зарчмыг баримтлан шийдвэрлэнэ.
 
 /2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 279 тоот тогтоолоор орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/
 
 
 
 
-----о0о-----