A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 159 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

НИЙТИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨР 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
.1.Салбарын өнөөгийн байдал
Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хүн амын байршил, хот суурин газрын хэтийн төлөвтэй уялдуулан хөгжүүлж, хот суурин газрын ус сувгийн барилга байгууламж, орон сууцны фондын ашиглалт үйлчилгээ, нийтийн халуун усны үйлчилгээ, хот суурингийн хог хаягдлыг зайлуулах, устгах үйлчилгээ, зарим суурингийн дулаан хангамж зэрэг  үйлчилгээг бий болгон өргөтгөн  бэхжүүлсэн боловч эдийн засгийн бэрхшээлээс үүдэн тус салбарын ажил үйлчилгээ хэрэглэгчдийн  нэмэгдэж буй хэрэгцээг  хангаж чадахгүй байгаа төдийгүй байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.
Олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчдаас олгож буй зээл, буцалтгүй тусламжаар 60,3 сая ам.долларын өртөг бүхий 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ сүүлийн 2 жилийн хугацаанд улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 2,0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 12 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүний үр дүнд аймаг, орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын ажил үйлчилгээнд ахиц гарч бүтэц зохион байгуулалт нь харьцангуй сайжран ус сувгийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улмаар шинэ техник технологи нэвтрэх зэрэг ажлын ахиц, үр дүн гарах эхлэл тавигдаад байна.
Орон сууцны тухай багц хуулиүд батлагдаж салбарын эрх зүйн орчин бүрдээд байна.
Засгийн газрын 1997  оны 160 дугаар тогтоолоор батлагдсан  "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах  хөтөлбөр"-т нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын хувьчлал тусгагдаагүй учраас салбарын байгууллагуудыг хувьчлах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж өрсөлдөөнийг бий болгох замаар ажил үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тавигдаж байна.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
2.Нийтийн аж ахуй үйлчилгээний  салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгийн ашиглалт, ажил үйлчилгээний чанар, түвшинг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны бие даасан  тогтолцоог хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлэн хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
3.Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна:
а/хот суурин газрын усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууцны инженерийн барилга байгууламж, хот тохижилт, нийтийн халуун ус, хатуу хог хаягдлын тээвэрлэлтийг эдийн засгийн хувьд бие даан хөгжүүлэх, үйлчилгээний түвшинг сайжруулах боломж бүхий хувьчлалын чиглэл, хэлбэр, зарчмуудыг тогтоон, үе шаттайгаар хэрэгжүүлэх;
б/салбарын өмчийн  ашиглалт, засвар үйлчилгээнд төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үүрэг хариуцлагыг нарийвчлан тогтоох;
в/салбар, нэгжийн  удирдлага,  зохион  байгуулалт  тэдгээрийн  эрх  үүрэг, харилцан уялдаа холбоог тогтоосон эрх зүйн орчинг бүрдүүлэх;
г/салбарт төрийн оролцоог багасгаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж үйлчилгээний чанар, хүрээг сайжруулах.
4.Хөтөлбөрийг 1999-2003 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
 
Гурав.Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хувьчлахад баримтлах  үндсэн зарчим
5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
а/нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын хувьчлалыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод явуулах;
б/салбарын ажил үйлчилгээний онцлог, нийгмийн хэрэгцээг харгалзан хуульд заасан хувьчлах аргуудаас сонгон хэрэгжүүлэх;
в/дуудлага худалдаанаас бусад хувьчлалд хамрагдсан нийтийн аж ахуй үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгжүүд нь үйл ажиллагаагаа үндсэн зориулалтаар нь явуулах;
г/хэрэглэгчдийн эрх ашиг, аюулгүй байдлын баталгааг хангах үүднээс нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний түвшин,  байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд төрийн хяналт зохицуулалтыг чиглүүлэх;
д/нийтийн аж ахуй үйлчилгээ эрхлэх гэрээг сонгон шалгаруулалтад түрүүлсэн этгээдтэй нийтийн аж ахуй үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захмргааны байгууллага байгуулж, биелэлтийг хангуулах.
 
Дөрөв.Хувьчлалын үйл ажиллагааны чиглэл
6.Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтлан энэхүү хөтөлбөрийн хавсралтад заасан нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудыг хувьчлах жагсаалтын дагуу явуулна:
а/орон сууц
-төрийн өмчийн орон сууцыг бүрэн хувьчилж, дундын эзэмшлийн эд аж ахуйг шилжүүлэн ашиглалт, үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбоонд бүрэн хариуцуулна;
-орон сууцны ус, дулаан, цахилгаан, бохир усны инженерийн хангамжийн барилга байгууламжийг төрийн мэдэлд үлдээж, ашиглалт үйлчилгээг орон нутгийн онцлогийг харгалзан үе шаттайгаар  сонгон шалгаруулах аргаар хувьчилна.
б/усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж
-хот суурин газрын ус сувгийн төвлөрсөн системийн барилга  байгууламжийг  төрийн   өмчид үлдээж, үйл ажиллагааг нь хувьчилна;
-гэр хороололын ус түгээх байр, цэвэр, бохир ус зөөврийн тээврийн хэрэгсэл, төвлөрсөн системд холбогдоогүй гүний худгийг зориулалтаар нь ашиглалт үйлчилгээний түвшинг бууруулахгүй ажиллах нөхцөлтэйгээр төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчилна.
 в/нийтийн халуун ус
-нийтийн халуун усны газруудыг төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчлах, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ;
-нийтийн халуун усны үйлчилгээний  түвшинд төрөөс хяналт тавьж зохицуулна.
г/хог хаягдал, хот тохижилт, иргэдийн үйлчилгээ
-хот суурин газрын хот тохижилт, хог хаягдлын     үйлчилгээг уралдаант шалгаруулалтын аргаар  хувьчилна;
 -иргэдийн үйлчилгээг хүн амын заншил, орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан нутгийн захиргааны байгууллагаас тодорхой нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
 
Тав.Нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудыг хувьчлах ажлын удирдлага, зохион байгуулалт
7.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хөтөлбөрийг Төрийн өмчийн хороо холбогдох газруудтай хамтран хэрэгжүүлнэ.
8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын оролцоо:
а/орон нутгийн нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудыг хувьчлах ажлын талаар мэдээлэл авах, сурталчлах, хэрэгжилтэнд хяналт тавих;
б/нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудыг хувьчлахтай холбоотой асуудлаар холбогдох төрийн захиргааны байгууллагуудад санал оруулж шийдвэрлүүлэх;
в/нийтийн аж ахуй үйлчилгээний салбар нэгжийн хувьчлалын явц, тэдгээрийн ашиглалт үйлчилгээний зориулалт түвшинг бууруулахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
г/нийтийн аж ахуй үйлчилгээг эрхлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, түүний биелэлтийг хангуулж ажиллах.
9.Нийтийн аж ахуй үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллагын оролцоо:
а/нийтийн аж ахуй үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын хувьчлалын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
б/хувьчлалын явцад нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулж хэрэгжүүлэх, тэдгээрийн ажлын уялдааг зохицуулах, нийтийн аж ахуй үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгох;
в/орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагыг түрээсийн гэрээгээр ажиллуулах журам, Компанийн үлгэрчилсэн дүрэм, Менежментийн гэрээгээр ажиллуулах журам зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулж холбогдох газраар батлуулан мөрдүүлэх;
г/нийтийн аж ахуйн инженерийн барилга байгууламж, технологийн горим, ашиглалтын байдалд хяналт тавьж, ашиглалт үйлчилгээг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх.
 
Зургаа. Хөтөлбөрийн үр дүн
10.Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр дараахь үр дүнд хүрнэ:
а/хүн амын амьдралын аятай нөхцөл бүрдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна;
б/нийтийн аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр нийтийн аж ахуй үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын санхүү эдийн засгийн чадавхи сайжирч, үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ;
в/салбарын бүтэц зохион байгуулалт боловсронгуй болж, хөрөнгийн ашиглалт сайжран дэвшилтэт техник технологи нэвтэрнэ.
 
---оОо---