- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 197 дугаар тогтоолын хавсралт
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ
УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДҮРЭМ
1.Удирдлагын академи нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статус бүхий төрийн албаны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх сургалт, судалгаа, шинжилгээний байгууллага бөгөөд үүсгэн байгуулагч нь Засгийн газар мөн.
2.Удирдлагын академийн үйл ажиллагааны зорилго нь төрийн албаны болон удирдахуйн ухааны шинэ мэдлэг, ур чадварыг түгээх, төрийн албыг бэхжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн удирдлага, үндэсний менежментийн гол зангилаа асуудлаар шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэж, үнэлэлт дүгнэлт гаргах замаар Монгол оронд удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, түүний онол, арга зүйн үндсийг бүрдүүлэх явдал мөн.
3.Удирдлагын академийг өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
4.Удирдлагын академи нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн боловсруулсан өөрийн дотоод дүрэм, журмыг баримтална.
5.Удирдлагын академи нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэх бөгөөд өөрийн билгэдэл (эмблем, далбаа, энгэрийн тэмдэг)-тэй байна.
6.Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг олон улсын жишиг, өөрийн орны төр, бизнес, боловсролын удирдлагыг боловсронгуй болгох шаардлагын дагуу боловсруулж, мөрддөг байх.
7.Удирдлагын академи дараахь хэлбэрүүдээр төрийн захиалгат болон төлбөртэй сургалт явуулна:
а/төрийн захиргаа, бизнесийн болон боловсролын удирдлагаар мэргэшүүлэх дипломын дараахь (мэргэшсэн менежер бэлтгэх) сургалт;
б/төрийн албаны дээд зэрэг дэвийн ажилтнуудад зориулсан тусгай сургалт;
в/төрийн захиргаа, бизнесийн болон боловсролын удирдлагын магистрын сургалт;
г/мэргэшил дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх богино хугацааны зорилтот сургалт;
д/удирдахуйн ухаанаар доктор (D.PH)-ын зэрэг олгох сургалт;
е/ Төрийн захиргааны удирдлагын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалт.
/е заалтыг Засгийн газрын 2002 оны 32 дугаар тогтоолоор нэмсэн/
8.Удирдлагын академи нь өдөр, эчнээ, орой ("Пүрэв гариг"), экстернат, ажлын байрны сургалт зэрэг албан сургалтаас гадна зайн сургалт явуулна.
9.Удирдлагын академи дараахь хэлбэрүүдээр судалгаа, шинжилгээний ажил эрхлэж, өөрийн орлогоос санхүүжүүлнэ:
а/Монгол орны нөхцөлд тохирсон менежментийн үндэсний загвар боловсруулах судалгаа шинжилгээ эрхлэх;
б/төрийн бодлогын үндэс, төрийн албадын үйл ажиллагааг судлах, улс орны хөгжлийн зангилаа асуудлууд, орчин нөхцөлийн үзэл баримтлалыг боловсруулахад оролцох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдлыг судлах, прогноз хийх;
в/төрийн захиргаа, бизнесийн болон бусад байгууллагын захиалгаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл боловсруулах, зөвлөлгөө өгөх;
г/эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах;
д/төгсөгчдийн дипломын ажил болон ангийн төслийг байгууллагын захиалгаар бичүүлэх, үр дүнг нь нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх;
е/Академийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чиглэлд нийцсэн сурах бичиг, гарын авлага, ном зохиол туурвиж хэвлүүлэх;
ж/судалгаа, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох;
з/өөрийн орны болон гадаад орны адил төстэй сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны төвүүдтэй хамтрах буюу тэдний захиалгаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх.
10.Удирдлагын академи нь зохион байгуулалтын бүтэц, захиргааны орон тоогоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно.
11.Удирдлагын академийн захирлыг Засгийн газар томилно. Захирал нь академийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын бодлогын дагуу удирдан зохион байгуулах үүргийг Засгийн газрын өмнө хүлээнэ.
12.Академийн дэд захирлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр академийн захирал томилно.
13.Академи нь захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөл, доктор (D.PH)-ын зэрэг хамгаалуулах зөвлөл, сургалт арга зүйн зөвлөлтэй байна.
Академийн захирал нь эдгээр зөвлөлийг удирдаж, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж мөрдүүлнэ.
14.Удирдлагын академи нь төрийн захиалгаар төрийн албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны албаны зөвлөлөөр батлуулж мөрдөнө.
15.Удирдлагын академи нь судалгаа, шинжилгээний ажил, докторантурын ажлын сэдвийг Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгыг үндэслэн зохих журмын дагуу зарлаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
16.Төрийн дээд байгууллагуудын захиалгат судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэхдээ холбогдох төрийн байгууллагуудаас мэдээллийг зохих журмын дагуу авах буюу ажиглалт судалгаа явуулна.
17.Удирдлагын академи нь үйл ажиллагааныхаа үр дүнг Засгийн газарт тогтоосон журмын дагуу тайлагнана.
18.Сонсогч, оюутан, магистрант, докторант (цаашид суралцагч гэх) элсүүлэх асуудлыг Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын хүрээнд академийн элсэлтийн дүрмээр зохицуулна.
19.Суралцагчийг академиас хасах, улируулах, шилжүүлэх, чөлөө олгох асуудлыг тэнхим, сургалтын албаны саналыг үндэслэн тогтоосон журмын дагуу захирлын тушаалаар шийдвэрлэж байна.
20.Сургалтын төлөвлөгөөг бүрэн биелүүлсэн суралцагч нарт диплом (сертификат, үнэмлэх) олгоно.
21.Удирдлагын академи нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас тогтоосон дүрэм, журамд нийцүүлэн дараахь чиглэлээр гадаад харилцааны үйл ажиллагаа явуулна:
а/хамтарсан судалгаа, шинжилгээ хийх;
б/багш, суралцагчдыг солилцох;
в/Академийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх ;
г/хамтарсан сургалт, судалгааны төв, лаборатори байгуулах;
д/мэдээлэл солилцох;
е/багш бэлтгэх;
ж/эрдэм шинжилгээ, онол арга зүйн семинар, бага хурал зохион байгуулах;
з/өндөр мэргэжлийн багш, эрдэмтдийг гэрээгээр ажиллуулах.
22.Удирдлагын академи нь төрийн өмчийн, ашгийн бус байгууллага байна.
23.Тус академи нь сургалт, эрдэм шинжилгээний баазыг бэхжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, хамт олныхоо нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль, тогтоомжид нийцүүлэн төлбөртэй сургалт, судалгаа явуулах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зэргээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.
24.Хуулиар хориглоогүй бол үйл ажиллагааны үр дүнд олсон орлогоо академийн захиргаа дүрмийнхээ зорилгын дагуу эзэмшиж, захиран зарцуулна.
Удирдлагын академийн санхүүжилтийн эх үүсвэр нь:
а/төвлөрсөн төсвийн санхүүжилт;
б/суралцагчдын төлбөр;
в/өөрийн аж ахуйн үйл ажиллагааны орлого;
г/гадаад, дотоодын дэмжигч, ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүсийн хандив, зээл, тусламж;
д/бусад эх үүсвэр зэрэг байна.
25.Засгийн газрын захиалгаар суралцагчдын сургалтын төлбөрийг зардлын суурь нормативыг үндэслэн жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцөн тогтооно.
26.Удирдлагын академийн захирал тушаал гаргана. Эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөлөөс хэлэлцсэн асуудлаараа хурлын шийдвэр, тэмдэглэл гаргана.
27.Удирдлагын академи өөрийн эрдэм шинжилгээний бичиг, хэвлэлтэй байна.
28.Удирдлагын академийн хэмжээнд сурлагын дэвтэр, диплом, сертификат, үнэмлэх, энгэрийн тэмдгийг нэгдсэн загвараар хэвлүүлж хэрэглэнэ.
29.Удирдлагын академийн дүрэм, журам зөрчигчдөд холбогдох хууль тогтоомж болон академийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо-----
/Засгийн газрын 2002 оны 32 дугаар тогтоолоор 7 дахь заалтад нэмэлт оруулсан/
Текст томруулах
A
A
A