- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Засгийн Газрын 2002 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
УЛСЫН ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
УЛСЫН ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРЫН БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Нэг. Баримтлах зарчим, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэлт
Төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх асуудлыг дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт, төсвийн зардлын удирдлага, төрийн албаны болон нутгийн захиргааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт,нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлтийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг татварын тогтолцоогоор дэмжиж, нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй нягт уялдуулан шийдвэрлэх талаар Засгийн газар дараахь чиглэлийг баримтална:
1. Төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах болон нийгмийн хамгааллын талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ:
дунд хугацааны (2001-2004 он) бодит эдийн засгийн өсөлтийг хангах;
төвлөрсөн болон орон нутгийн төсвийн орлого,зарлага санхүүжилтийн тэнцвэржилтийг бататган, төсвийн менежментийн шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;
улсын санхүүгийн эх үүсвэрийн бодит нөөц, боломжийг нэмэгдүүлэх;
татварын болон нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх;
төрийн албаны болон төсвийн бусад байгууллага, орон нутгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцон хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдэд монголын талын хүлээсэн үүргийг ханган биелүүлж, хандивлагчдын амласан гадаад зээл, тусламжийг тогтоосон хугацаанд нь бүрэн авч, үр ашигтай ашиглах;
ажилгүйдэл, ядуурлыг бууруулах асуудлыг хооронд нь нягт уялдуулсан, цогц бодлогын хүрээнд шийдвэрлэх зарчим баримтална.
2. Дунд хугацаанд төсвийн гол тэнцвэрт харьцаа, түүний дотор төсвийн зардлын хязгаарлалтыг эдийн засгийн бодит өсөлттэй уялдуулан дараахь түвшинд хангахаар тооцож, жил жилийн төсвийн төлөвлөлт, төсвийн хүрээг тодорхойлон мөрдүүлнэ:
УЛСЫН ТӨСВИЙН ХYРЭЭНИЙ ГОЛ YЗYYЛЭЛТҮҮДИЙН ТҮВШИН
(Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь)
Төсвийн хүрээний үзүүлэлтүүд
|
2001 он
|
2002 он
|
2003 он
|
2004 он
|
Нийт орлого, тусламжийн дүн
|
38.9
|
33.1
|
33.0
|
32.9
|
Урсгал орлого
|
38.0
|
32.4
|
32.0
|
32.3
|
Татварын орлого
|
29.0
|
26.7
|
26.5
|
26.0
|
Татварын бус орлого
|
9.0
|
5.7
|
6.9
|
6.3
|
Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн
|
43.3
|
39.9
|
38.2
|
38.1
|
Урсгал зардал
|
32.4
|
29.0
|
28.6
|
28.1
|
үүнээс:
Цалингийн зардал
|
8.1
|
7.1
|
6.9
|
6.7
|
Бараа, үйлчилгээний зардал
|
14.4
|
12.2
|
12.6
|
12.3
|
Зээлийн үйлчилгээний төлбөр
|
1.5
|
1.6
|
1.6
|
1.5
|
Татаас ба урсгал шилжүүлэг
|
8.4
|
8.1
|
7.5
|
7.6
|
Хөрөнгийн зардал
|
5.2
|
4.3
|
4.1
|
5.3
|
Эргэж төлөгдөх цэвэр зээл
|
5.7
|
6.7
|
6.4
|
6.2
|
ТӨСВИЙН УРСГАЛ
|
5.6
|
3.5
|
3.3
|
4.0
|
ТЭНЦЭЛ НИЙТ
|
-4.5
|
-6.9
|
-6.6
|
-6.0
|
|
|
|
|
|
САНХҮҮЖҮҮЛЭХ ЭХ ҮҮСВЭР
|
4.5
|
6.9
|
6.6
|
6.0
|
ГАДААД
|
6.5
|
8.0
|
6.1
|
5.6
|
ДОТООД
|
-2.0
|
-1.1
|
0.5
|
0.4
|
3. Төсвийн зардлын удирдлагыг сайжруулах, төсвийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой шинэчлэл явуулах, төсвийн орлогын суурийг өргөтгөхөд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ:
3.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн болон үүнтэй уялдсан дагалдах хуулиудын төслийг Улсын Их Хурлын 2002 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулж, төсвийн удирдлагыг сайжруулах эрх зүйн шинэ орчин бүрдүүлснээр ажил үүргийн давхардлыг арилгаж нягтралыг сайжруулан, төрийн алба, төсвийн байгууллагыг чадавхижуулан, төрийн гүйцэтгэх зарим үүргийг бүтээгдэхүүн захиалгаар нийлүүлэн санхүүждэг, ажиллагчид нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд зохицсон боломжит хөдөлмөр эрхлэлтийн зарчмаар ажилладаг шинэ зарчимд 2003 оны төсөв зохиолтоос эхлэн үе шаттай шилжүүлэх;
3.2. Нийгмийн салбарын хувьчлалын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, эрх зүйн шинэ орчин бүрдүүлсний үндсэн дээр эрүүл мэнд, боловсрол, соёл, урлагийн зэрэг нийгмийн салбарт менежментийн гэрээ, арилжааны горим нэвтрүүлэн, хувьчлалыг үе шаттайгаар явуулж, санхүүжилтийн хэв шинжийг нь өөрчлөх замаар төсвийн зардлын бүтцийг боловсронгуй болгох;
3.3. Газрын харилцааны шинэчлэлийн тухай болон Газрын төлбөрийн тухай хуулиудыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж,газрын санг эдийн засгийн идэвхтэй эргэлтэд оруулах харилцааг бий болгон төвлөрсөн болон орон нутгийн төсвийн орлогын баазыг өргөтгөх;
3.4. Дотоодын боловсруулах үйлдвэр, түүний дотор экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулагч, татвар төлөгчдийг татварын тогтолцоогоор дамжуулан урамшуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд, хүн амд үзүүлэх татварын ачааллыг бууруулах, түүнчлэн татварын тэгш, шударга зарчмыг алдагдуулдаг үр нөлөө муутай хөнгөлөлт, чөлөөлөлтийг арилгах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулан шийдвэрлүүлэх.
Хоёр. Төсвийн зардлын удирдлагын шинэчлэлийн талаар
1. Төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсвийн байгууллагын тоог цөөрүүлж, төсвийн санхүүжилтийг салбаруудын хөгжлийн нэгдсэн болон дэд сангийн төлөвлөлтийн зарчимд шилжүүлнэ.
2. Төвлөрсөн болон орон нутгийн төсөв хоорондын харилцаанд бүтээгдэхүүн гэрээлэлтээр санхүүжих арга хэрэглэх шилжүүлгийн аргыг улам боловсронгуй болгож ирэх оны эхнээс төсвийн санхүүжилтэд нутгийн захиргааны удирдлагын зардлын норматив, жишиг тогтоон мөрдүүлнэ.
3. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хувийн хэвшлийнхэнтэй зэрэгцэн төрийн болон төсвийн зарим байгууллагад төрийн ижил төстэй нийгмийн үйлчилгээ эрхэлж байгаа ажиллагчдын төрийн албаны ангиллыг шинэчилж, төрийн албаны эрх зүйн шинэ орчин бүрдүүлж мөрдүүлнэ. Эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж хэрэгжүүлэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүнд төрийн албаны зардлын эзлэх хувийн жингийн зохистой түвшинг хангана:
Төрийн албаны болон бололцоотой зарим байгууллагад төсвийн эх үүсвэрээр хийгдэх урсгал санхүүжилтийн хэмжээг бүтцийн шинэчлэлтэд тулгуурласан зардлын түвшинд нь 2003- 2005 он хүртэл тогтвортой байхаар төлөвлөх;
Төсвийн байгууллагын нийт урсгал зардалд ажиллагчдын цалингийн эзлэх хувийн жинг 40-өөс доошгүй хувь байх зарчим баримталж, бүтцийн шинэчлэлтийн үндсэн дээр бий болох санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан төрийн алба, төсвийн байгууллагад ажиллагчдын цалинг 2004 онд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг бүрэн хангах түвшинд нэмэгдүүлэх.
4. Төрийн шууд чиг үүрэгтэй бус байгууллага, нэгжийн дотоод үйл ажиллагаанд улс, орон нутгийн төсвөөр дамжуулан төрөөс оролцох оролцоог оновчтой хязгаарлаж, нийгмийн салбарт арилжааны горим нэвтрүүлэх, тухайн байгууллага хуулийн хүрээнд орлого олж өөрийгөө санхүүжүүлэх, ажиллагсдынхаа нийгмийн хамгааллыг бие даан шийдвэрлэх, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг ашгийн бус байгууллагын хэлбэрээр ажиллуулж, төсвөөс аль болох хараат бус байдалд шилжүүлнэ.
Боловсрол, соёл, урлаг, амралт, рашаан сувилал, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг нийгмийн үйлчилгээний чиглэлтэй, өөрийн үйл ажиллагааны орлогоо бие дааж захиран зарцуулах эрх бүхий ашгийн бус байгууллага, нэгжийг 2002 онд багтаан бүтцийн өөрчлөлтөд хамруулж, төрийн албаны болон төсвийн бүтцээс чөлөөлөх.
5. Төрийн албанд ажиллагчдын цалинг нэмэгдүүлэхдээ дараахь зарчим баримтлах:
Төрийн албаны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтийг тухайн жилд төрийн албан хаагчийн цалин нэмэхээс өмнө урьдчилан хийх арга хэмжээ авах, үүнтэй уялдуулан бүтцийн шинэчлэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх ажилтнуудыг цалингийн нэмэгдэлд хамруулахгүйгээр хууль тогтоомжийн дагуу олгох нөхөн олговор, хөнгөлөлтийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэх;
Төрийн албаны ажилтны 2002 оны цалингийн нэмэгдлийг одоо мөрдөж байгаа цалингийн түвшин, албан тушаалын зэрэглэл, ажлын чиг үүрэг, онцлог, санхүүгийн эх үүсвэртэй нягт уялдуулан тогтоох чиглэл баримтлах.
6. 2003-2004 онуудад нийгмийн хамгааллын, түүний дотор цалин, тэтгэврийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг дараахь арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх зарчим баримтална:
6.1. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс бий болох төсвийн орлогын нэмэгдэл эх үүсвэрээр;
6.2. Улсыг батлан хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах болон төсвийн төвлөрүүлэн эрх захирагч бусад байгууллага, яам, агентлаг, нутгийн захиргааны болон төрийн үйлчилгээ, нийгмийн салбарт зардал хямдруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, төрийн албаны ангиллыг шинэчлэн тогтоох замаар хийх бүтцийн шинэчлэлийн үр дүнд төсвөөс чөлөөлөгдөх хөрөнгийн эх үүсвэрээр;
6.3. Нийгмийн салбарын зарим байгууллагыг хувьчлах, тус салбарт арилжааны горим нэвтрүүлэх, төсвийн зарим байгууллагыг төрийн өмчит болон ашгийн бус аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжүүлж, санхүүжилтийн хэв шинжийг өөрчлөн төсвөөс чөлөөлөгдөх эх үүсвэрээр;
6.4. Тэтгэврийн шинэчлэл явуулах, түүний дотор нийгмийн даатгалын сангуудыг бие даасан бүтцэд үе шаттай шилжүүлэх, нийгмийн даатгалын хүрээг өргөтгөх багц асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх замаар бий болох эх үүсвэрээр;
6.5. Ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх санг (Олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагчдаас дэмжлэг авах) бий болгож, тухайн сангаас тэтгэврийн шинэ тогтолцоог тогтворжуулахад үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр.
7. Бүтэц,зохион байгуулалтын шинэчлэлийн улмаас богино хугацаанд үүсч болзошгүй зарим сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, түүнтэй холбогдуулж авах нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэрийг нарийвчлан тогтоох, энэ талаар хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын тусламж дэмжлэгийг авч ашиглах асуудлыг боловсруулан шийдвэрлүүлнэ.
Энэ асуудлын хүрээнд бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбогдон төрийн алба, төсвийн байгууллагаас чөлөөлөгдөх хүмүүст хууль тогтоомжийн дагуу тэтгэмж, төрийн албаны хуулиар эдэлж байгаа зарим нөхөн олговор, хөнгөлөлт, тухайлбал, төрийн албанд ажиллагчдын нэг хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн төрөөс хариуцаж байгаа хэсэг, тэдгээр хүмүүсийг давтан сургах, дахин мэргэшүүлэх сургалтад шаардагдах зардлыг төр тодорхой хугацаанд хариуцна.
8. Яам, аймаг, нийслэлийн болон төсвийн бүх шатны төсвийн эрх захирагчид 2003 оны төсвийн төсөл зохиох, 2003-2005 оны төсвийн хүрээг тодорхойлохдоо дараахь зарчмыг баримтална:
8.1. Өөрийн орлого бүхий төсвийн зарим байгууллагын санхүүжилтийн хэлбэрийг өөрчилж, төрийн өмчит аж ахуйн тооцоот нэгжийн хэлбэрт шилжүүлэх, төсвийн санхүүжилт, татаасыг үе шаттай бууруулж, өөрийгөө санхүүжүүлэх, төсвөөс аль болох хараат бус зарчмаар ажиллуулах;
8.2. Төрийн захиргааны байгууллагуудаас салбарын чиглэлээр эрхэлдэг зарим ажил үүргийг төсвийн болон Засгийн газрын бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хамтлагаар аж ахуйн тооцоо, гэрээ захиалгын аргаар гүйцэтгүүлэх асуудлыг яам, агентлагууд салбарынхаа хэмжээнд судлан 2003-2005 оны төсвийн хүрээний тооцоонд тусгах;
8.3. Цалин, тэтгэврийн талаар 2002-2004 онд Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулахын тулд төсвөөс санхүүждэг улсын секторын зардлыг бүх түвшинд дунджаар 30 хувиар хямдруулах бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх, энэ арга хэмжээний үр дүнг төсвийн бүх шатны эрх захирагч нар 2003 оны төсөв зохиох, 2003-2005 оны төсвийн хүрээгээ тодорхойлоход тусгах, төсвийн төслийн үнэлгээний шалгуур болгон хэрэгжүүлэх.
9. Улсын төсвийн орлого бүрдүүлэлт, хуваарилалт, санхүүжилтийг төрийн сангийн нэгдсэн дансны аргаар төсвийн санхүүжилт, бэлэн мөнгөний урсгалыг хянах шинэ тогтолцоонд шилжинэ. Төвлөрсөн төсвийн байгууллагуудыг 2002 оны сүүлийн хагасаас төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжүүлнэ.
10. Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн шударга, тогтвортой тогтолцоонд шилжих шилжилтийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлэхийн хамт нийгмийн даатгал, халамжийн тогтолцооны шинэчлэлийн ойрын болон урт хугацаа (2003-2010)–ны хөтөлбөрийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн боловсруулж үе шаттайгаар шийдвэрлүүлнэ:
10.1. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүст нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг улсаас хариуцах зарчим баримтлах бөгөөд энэ төрлийн тэтгэвэрт шаардагдах санхүүжилт болон төсвөөс олгох татаасын зөрүүг төвлөрсөн төсвийн урт хугацааны зээлийн хэлбэрт шилжүүлэн, түүний төлбөрийн асуудлыг 2007 оноос эхлэн нийгмийн даатгалын санд нөхөн санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
10.2. Нийгмийн даатгалын санд улсын төвлөрсөн төсвөөс олгодог татаасыг 2002 оны төсөвт тусгагдсан хэмжээнд байлгах, цаашид үе шаттай бууруулах зарчмыг дунд хугацаанд баримтлах;
10.3. Улс, орон нутгийн төсвийн бүтцээс нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагыг 2003 оноос эхлэн тусгаарлаж, уг санг бие даасан байдалд шилжүүлэх дэс дараатай алхам хийж, төсвийн үзүүлэлтийн бүтэц, ангиллыг шинэчлэх;
10.4. Малчид, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа боловч нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдаагүй байгаа хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын сайн дурын даатгалын хүрээг өргөжүүлэх;
10.5. Төсвийн байгууллагад ажиллагчдын болон төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэн тогтоож, 2003 оны эхнээс мөрдүүлэх;
10.6. Улсын нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх эдлэх насыг нийт хүмүүст адил тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлүүлэх;
10.7. Улсын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх эдэлж эхлэх наснаас өмнө тусгай, хөнгөлөлттэй буюу бусад нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон хүмүүс улсын нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авах нас хүртэлх завсрын хугацаанд ажил олгогчоос тэтгэврийн санхүүжилт авдаг (компанийн тэтгэврийн тогтолцооны) журамд шилжүүлэх;
10.8. Цалингийн бус орлогыг цалингийн хэлбэр, бүтцэд оруулж, түүнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг хуулийн шинэ орчин бүрдүүлэх;
10.9. Нийгмийн халамжийн тогтолцоог хүн амын нөхөн үржихүйн чанарыг дэмжих, халамж, асрамжийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, халамжийн сангийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр боловсронгуй болгох;
10.10. Нийгмийн даатгал,халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны доод түвшинтэй шууд хамааралгүй болгон журамлах.
Гурав. Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах, татварын тогтолцоог боловсронгуй болгох талаар
Төсвийн орлого, зарлагын харилцан уялдааг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн эдийн засгийн зохицуулалтад татварын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх арга хэмжээг боловсруулж шийдвэрлүүлнэ.
1. Аж ахуйн нэгж, хүн амын татварын ачааллыг бууруулж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлтийг татварын бодлогоор дэмжин, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах нөхцөл бүрдүүлнэ:
а/аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалын дээд хязгаарыг 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 10 пунктээр бууруулж, цаашид татварын нэгдсэн нэг шатлалд шилжүүлэх чиглэл баримтлах;
б/татвар тогтвортой төлөгч зарим том аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн цэвэр ашгаас үндсэн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг өргөтгөж ажлын байр шинээр нэмэгдүүлсэн, техник, технологийн шинэчлэлт хийж шинээр хөрөнгө оруулсан хэмжээгээр татвар ногдуулах орлогыг нь бууруулж байх зарчмыг баримтлах;
в/уул уурхайн салбарт хөрөнгө оруулан шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаатай холбогдож анхны жилд гарсан алдагдлыг дараагийн 3 жилийн татвар ногдох орлогоос нь тооцож, татварын хөнгөлөлт үзүүлэх;
г/экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлтэй орчин үеийн өндөр технологи бүхий үйлдвэр байгуулах чиглэлээр шинэ технологи бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх зориулалттай судалгаа, шинжилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжид элэгдэл, хорогдлын шимтгэлийг эхний жилүүдэд байгуулж, уг элэгдэл, хорогдлын хэмжээгээр татвар ногдох орлогыг нь бууруулж шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах зарчмыг баримтлах;
д/модон хагас бэлдцийн экспортын татварыг тэглэх;
е/гадаадын захиалагчийн материалаар оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох зорилгоор импортолсон технологийн хэрэгцээт материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх;
ж/татвар төлөгч том аж ахуйн нэгжүүд төвлөрсөн болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд оролцох оролцоог тогтвортой, ил тод байлгаж, улсын санхүүд тэдгээрийн оруулсан хувь нэмрийг хөхиүлэн дэмжих, урамшуулах эдийн засаг, эрх зүйн шинэ орчинг 2002 онд багтаан бүрдүүлж хэрэгжүүлэх;
з/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаадад хадгалуулсан буюу гар дээрээ хадгалж байгаа, түүнчлэн тайлан балансдаа тусгагдаагүй мөнгөн хөрөнгөө харьяалах татварын албанд бүртгүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр зохион байгуулах, өргөтгөх чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн, Засгийн газрын үнэт цаас худалдаж авсан, дотоодын банкинд урт хугацаатай хадгалуулсан зэрэг тохиолдолд орлогынх нь эх үүсвэрийг үл харгалзан татварыг нөхөн ногдуулахгүй, хүү, торгууль тооцохгүй байх нэг удаагийн уучлал үзүүлэх;
и/хүн амын орлогын албан татварын дээд хувь хэмжээг 2003 оноос 25 хувиар бууруулж, хүн амд татвар ногдуулах шатлалыг цаашид нэг хувь хэмжээнд шилжүүлэх чиглэл баримтлах;
к/бага орлоготой иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүн амын орлогын албан татварын жилийн хөнгөлөлт 2002 онд 48000 төгрөг байгааг 2003 онд 54000 төгрөг, 2004 онд 60000 төгрөг болгон тус тус нэмэгдүүлэх;
л/Монгол Улсад байнга оршин суугчийн хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого, тэдгээртэй адилтгах бусад орлогыг татвараас чөлөөлөх арга хэмжээ авах;
м/боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 2003 оноос эхлэн хөдөө аж ахуйн анхдагч түүхий эд ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг боловсруулах үйлдвэрүүдийн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас нь хөдөө аж ахуйн анхдагч түүхий эд худалдан авсан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээгээр хасалт хийж татварын хөнгөлөлт үзүүлж байх.
2. Татварын орлогын баазыг өргөтгөж, татвар хураах үйл ажиллагааг сайжруулна:
а/эх орны үйлдвэрийн болон импортын бараанд ногдуулж буй онцгой албан татварын ногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг хүчтэй болгож, хураалтыг сайжруулах зорилгоор онцгой албан татварын тэмдэг хэрэглэх хүрээг өргөжүүлэн эх орны үйлдвэрийн тамхи, импортын архи, тамхийг онцгой албан татварын тэмдэгтэйгээр борлуулах ажлыг зохион байгуулах;
б/онцгой албан татварын тэмдгийн нууцлалыг сайжруулж, түүний загварыг боловсронгуй болгон хуурамч үйлдлээр татвар завших оролдлогоос сэргийлж байх;
в/нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хүчтэй болгож, урьдчилсан бэлтгэлийг хангасны үндсэн дээр Нэмэгдсэн өртгийн албан татварын мэдээллийн автоматжуулсан системд шилжих, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, буцаан олголтыг уг мэдээллийн баазад тулгуурлан шийдвэрлэдэг журамд 2003 оноос шилжих;
г/татвар төлөгчдийн бүртгэлийн мэдээллийн баазыг боловсронгуй болгосноор татвар төлөгчдийн хүрээг өргөжүүлэх, татварт бүрэн хамруулах замаар далд эдийн засгийн нөлөөллийг бууруулах дэс дараатай арга хэмжээ авах;
д/хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг орлого, татвар тодорхойлох хуудсаар татварын тооцоогоо хийх журамд өргөн хамруулах, энэ арга хэмжээнд 2002 онд аймаг, орон нутгийн хөдөлмөрийн насны иргэдийн 5 хувийг, нийслэлийн 10 хувийг, 2004 онд аймаг, орон нутгийнх 7 хувийг, нийслэлийн 13-аас доошгүй хувийг хамруулан, цаашид жил бүр 20-30 хувиар нэмэгдүүлэх;
е/жижиг, дунд аж ахуйн нэгжүүд, хувиараа аж ахуй, худалдаа,үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн хөтлөх санхүүгийн бүртгэлийн хялбаршуулсан маягт, зааврыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх;
ж/бүртгэлийн ажлыг сайжруулах хүрээнд орон нутагт салбартай, удирдлагын босоо тогтолцоотой төвлөрсөн журмаар татварын тооцоо хийдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үл хөдлөх хөрөнгийн албан татвар, байгалийн нөөц /газар, ус, ой, ан агнуур, ашигт малтмал гэх мэт/ ашигласны төлбөр, хураамжийг тухайн орон нутгийн төсөвт оруулах эрх зүйн үндсийг бий болгож, 2003 оноос хэрэгжүүлэн татварын оногдуулалт, төлөлтөд тавих хяналтыг чангатгах;
з/бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлогыг бүрэн тодорхойлох, татварыг нь үнэн зөв ногдуулах зорилгоор 2003 онд дээрх төрлийн татвар төлөгчийн 50 хувьд, 2004 онд 75 хувьд кассын машин, чек тасалбар нэвтрүүлэх;
и/үйл ажиллагаа явуулаагүй, эсхүл алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгжид татварын нотлох хяналт, шалгалт хийж, тэдний үйл ажиллагааны талаар хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн бодит байдлыг нь тогтоох, татвараас зайлсхийх, хууль зөрчих байдал гаргахгүй байх арга хэмжээ авах;
к/аж ахуй эрхлэгчдээс үл хамаарах шалтгаанаар үүссэн бодит хүндрэлийн улмаас 2000 оноос өмнөх жилүүдэд бий болж хуримтлагдсан татварын өр, түүний хүү, торгуулийг улсын төсөв, татвар төлөгчдөд дарамтгүй байх нөхцөлөөр зохицуулан барагдуулах арга хэмжээ авах;
л/шүүхийн шийдвэр гарсан татварын өрийг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газартай хамтран барагдуулах ажлыг эрчимжүүлж, 2002 оны 1 дүгээр сарын 1-нд байсан татварын нийт өрийн 40 хувийг 2002 онд, үлдэх хэсгийг 2003-2004 онд бүрэн барагдуулах оновчтой арга механизм бий болгон ашиглах.
3. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг арилгаж, тэгш, шударга зарчим хэрэгжүүлнэ:
а/аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн татвараас чөлөөлөх 7 дугаар зүйлийн дараахь хэсэг, заалтууд татварын тэгш, шударга зарчимд хэрхэн нийцэж байгааг хянана:
7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн хандив;
7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: Донорын цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэнийг эмчилгээнд хэрэглэснээс олох орлого;
Хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын ижил орчин бүрдүүлэх үүднээс хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулахдаа хурдавчилсан элэгдэл байгуулах, гарсан алдагдлыг дараагийн жилүүдийн татвар ногдуулах орлогоос хасах зэрэг урамшууллын механизмуудыг хэрэглэхтэй уялдуулан хуулийн 7 дугаар зүйлийн 5-аас 12 дахь хэсэг;
Өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр татвар ногдуулах орлогыг нь бууруулан тооцохтой уялдуулан 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар арчлалт хийсэн аж ахуйн нэгжийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвараас хасч тооцно" гэсэн хэсэг;
б/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөх 9 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтуудыг хянана:
9.1-ийн "з" –санхүүгийн лизинг;
9.2.13. Гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын шугамаар болон олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашины татварын асуудал.
в/Онцгой албан татварын хуулийн татвараас чөлөөлөх 7 дугаар зүйлээс дараахь хэсгүүдийг хянана:
7 дугаар зүйлийн 7 дахь хэсэг: "Гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын шугамаар болон олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин;"
7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "Хамрын тамхи";
7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: "Эх орны үйлдвэрийн пиво, гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи." гэснээс "Эх орны үйлдвэрийн пиво" гэсэн заалт.
г/Хүн амын орлогын албан татварын татвараас чөлөөлөх 9 дүгээр зүйлийн дараахь хэсгүүдийг хянана:
9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дугаар заалт: Монгол Улсад олон улсын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаас бусад олон улсын бусад байгууллагад ажиллаж байгаа иргэний орлогын албан татвар;
9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 14 дүгээр заалт: "Иргэдээс боловсролын сан, нийгэмд үйлчилдэг, улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагад өргөсөн хандив";
д/гадаадтай хамтарсан үйлдвэрүүдийг зарим төрлийн татвараас чөлөөлж байгаа Засгийн газар хоорондын гэрээний зарим нөхцөлийг өөрчлөх үндсэн дээр хамтарсан үйлдвэрүүдийг Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу нийтлэг жишгээр татварт хамруулах асуудлыг судлан шийдвэрлэнэ.
* * *
Засгийн газрын энэхүү чиглэлийн дагуу төсвийн зардлын удирдлагыг сайжруулах, бүтцийн өөрчлөлтийн болон энэхүү баримт бичигт дурдагдсан бусад арга хэмжээг салбаруудаар боловсруулж, хэрэгжүүлэх арга, шинэ бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон тогтоож, хөрөнгийн тооцоог нарийвчлан гаргаж, 2003-2005 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгуулах ажлыг яам, аймаг, нийслэлийн болон төсвийн бүх шатны эрх захирагчид зохион байгуулна.
----оОо----
Текст томруулах
A
A
A