A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 37 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа
1.Үндэслэл
Тээврийн хэрэгслийн өсөлт нь замын хөдөлгөөний ачаалал, нягтралыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын тоо өссөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгөд хохирол учирч, байгаль орчин  бохирдон гэмтэж, иргэдийн хэвийн амьдрах нөхцөл хүндрэхэд хүрч байна. Иймээс хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог сайжруулах, гэмт хэрэг, осолд нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг багасгах зайлшгүй шаардлага тавигдаж байна.
2.Хөтөлбөрийн хамрах хүрээ
Хөтөлбөрийг аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд  төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлана.
3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
Хөтөлбөрийг 2000-2004 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2000-2001 онд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаархи мэдээлэл, судалгааны үндсэн дээр дүгнэлт гарган тэдгээрээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээг аймаг, нийслэлд зохион байгуулах.
Хоёрдугаар үе шат: 2002-2004 онд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөлийг багасгахад чиглэгдсэн хүчин зүйлийн нөлөөллийг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг чанаржуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага, соёлыг дээшлүүлэх, аюулгүй орчинд хөдөлгөөнд оролцох үндсэн дээр хэрэг, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд болон  төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд учрах хохирлын хэмжээг  бууруулах.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
1.Хөтөлбөрийн зорилго
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх, Монгол Улсын  Үндсэн хуульд  иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасныг хэрэгжүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослыг урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд оршино.
2. Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх зорилт
1. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол гарч байгаа хүчин зүйл, шалтгаануудад судалгаа, дүгнэлт хийж, урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах явдлыг багасгах.
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, стандарт болон гарч байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын шалтгаан нөхцөл, тэдгээрээс үүссэн хохирлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх талаархи ажлын агуулга, хэлбэр, чанар, үр нөлөөг дээшлүүлэх.
3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хөдөлгөөнд оролцогчдоос чанд сахиж хэвшил болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог сайжруулах.
4. Аймаг, нийслэл, дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлж, түүнийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан тооцох.
5.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гарах үндсэн шалтгааны нэг согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл
жолоодож хөдөлгөөнд оролцох явдалтай бүх нийтээр тэмцэх, зөрчил гаргасан этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлагын тухай хуулиар ногдуулсан хариуцлагыг хүлээлгэх.
6.Тээврийн хэрэгслээс ялгаруулах хорт хий, утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг автомашины төрөл бүр дээр тогтоох, зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс илүү хэмжээний хорт хий, утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
7. Замын эвдрэл, гэмтлийг засах, авто замын сүлжээг оновчтой зохион байгуулах, зарим гудамж, зам, талбайг өргөтгөх ажлыг аймаг, нийслэлийн төсөв, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр дэс дараатай шийдвэрлэх.
8. Замын хөдөлгөөн зохицуулах  /гэрэл дохио/ техник хэрэгслийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, гарч буй эвдрэл гэмтлийг цаг тухайд нь засаж арилгах, хөдөлгөөний нягтрал  нэмэгдсэнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн гол гудамж, замуудад шинээр гэрэл дохио тавьж орчин үеийн шаардлагад нийцсэн техник хэрэгслээр нөхөн хангах, сэргээн засварлах.
9.Аймаг, нийслэлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэрэлтүүлэггүй болон шинээр байгуулах зам, хорооллын замыг гэрэлтүүлэгтэй болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх.
10. Хөдөлгөөн зохицуулах замын тэмдэг, заалтыг Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц, улсын стандартын шаардлагад нийцүүлэн сольж шинэчлэх, замын бичлэг, тэмдэглэлийг стандартын чанар, тогтоц сайтай материалаар хийх, бичлэг тэмдэглэл хийх техник, төхөөрөмжийг шинэчлэх.
11. Олон улсын чанартай болон хот, аймаг хоорондын улсын чанартай авто замыг иж бүрэн тэмдэгжүүлэх.
Авто замыг байнгын арчилгаа, хамгаалалтай болгох зорилгоор:
а)авто замын засвар арчлалтын албыг тогтмол ажиллуулж тэдгээрийн үйл ажиллагааг хариуцсан замынх нь ашиглалтын үзүүлэлт, үйлчилгээний түвшингээр үнэлэх;
б)замын засвар, арчлалт үйлчилгээний зардлыг авто замын сангаас санхүүжүүлэх.
13. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, аймаг, нийслэлийн ачаалал ихтэй замуудын хөдөлгөөний чиглэл зохион байгуулалтад  өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнд зориулсан нүхэн болон гүүрэн зам, гарц байгуулах, хөдөлгөөн хязгаарласан өнгө үзэмжтэй  хашлага хийж ашиглах.
14. Тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллогыг техникийн оношилгоо, лабораторийн болон тусгай багаж хэрэгслийн тусламжтайгаар мэргэжил, чанарын өндөр түвшинд  явуулж байх.
15.Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон горимын дагуу хийж байх, техникийн бүрэн бүтэн байдлын талаар тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс  хүлээх хариуцлагыг өндөржүүлж  хяналт тавин ажиллах.
16. Тээврийн хэрэгслийн жолоочийн сургалтын чанарыг дээшлүүлэх, жолооч бэлтгэж байгаа системийг боловсронгуй болгож, олон улсын түвшинд хүргэх.
17. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон зам тээврийн ослоос учирсан хор хохирлыг харуулсан санамжийг зам дагуу байрлуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх  ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах.
18. Замын цагдаагийн газрын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлж, автомашин, мотоцикл, холбооны болон бусад техник хэрэгслээр хангах, автомашин, мотоциклтэй явуулын хяналтын эргүүлийг нэмэгдүүлэн тэдгээрийн үйл ажиллагааг тогтмол болгох.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах албаны боловсон хүчнийг шилж сонгох, ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх  замаар цагдааг офицер болгох.
19. Замын хөдөлгөөнд оролцогчид харилцан бие биенээ, түүний дотор бага насны хүүхэд, хараа, сонсголгүй зорчигчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлэхэд чиглэгдсэн ажил зохион байгуулах.
20. Төв болон орон нутгийн төсөв, гадаад орон болон олон улсын байгууллагын хандив, тусламжид тулгуурлан цэцэрлэгийн ахлах бүлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэмтэй танилцах, анхан шатны мэдэгдэхүүн олгох зорилго бүхий иж бүрэн "сургалтын цогцолбор" полигоныг аймаг, нийслэлд байгуулж ажиллуулах.
21. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орнуудын туршлага судлах.
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
1.Хөтөлбөрийн зохион байгуулалт
Хөтөлбөрийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж хяналт тавих  Үндэсний зөвлөл болон  аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга нь Дэд бүтцийн хөгжлийн сайд, аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн дарга нь тухайн шатны Засаг дарга байна.
 Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газраас, аймаг, нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга  батална.    Үндэсний болон салбар зөвлөлийн ажиллах журмыг  Дэд бүтцийн хөгжлийн сайд батална.
 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг холбогдох яам, агентлаг болон бусад байгууллага өөр өөрийн шугамаар хариуцан зохион байгуулна.
2.Хөтөлбөрийн санхүүжилт
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн 20 хүртэл хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрт тусгагдсан урьдчилан сэргийлэх  болон сурталчилгааны үйл ажиллагаанд зарцуулна.
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвтөө тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлнэ.
Замын хөдөлгөөн зохицуулах албаны материаллаг баазыг бэхжүүлэх, замын эвдрэл, гэмтлийг засах, зам, талбайг өргөтгөх, хөдөлгөөн зохицуулах замын тэмдэг, тэмдэглэл, гэрэлтүүлгийг сайжруулах, шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг төв, орон нутгийн төсөв, Замын сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ.
Замын хөдөлгөөн зохицуулах (гэрэл дохио) техник хэрэгслийг шинэчлэх, тэдгээрийн байнгын хэвийн ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг аймаг, нийслэлийн төсөв, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагын хандив, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
3. Олон улсын хамтын ажиллагаа
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэхэд хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаад орон, олон улсын байгууллагаас үзүүлж буй зээл, тусламжийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулна.
Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийн үр дүнг дараахь үзүүлэлтийг харгалзан дүгнэнэ:
1.Гарч байгаа хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослын түвшин тогтворжиж, цаашид өсөлт нь буурах;
2.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эд хөрөнгөд учирч байгаа хохирлыг бууруулах;
3.Аймаг, нийслэлийн автозамын сүлжээ, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгох, авто замын тэмдэгжүүлэлт, гудамж замын гэрэлтүүлгийг сайжруулан тэдгээрийг хариуцсан эзэнтэй болгох;
4.Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осолд хүүхэд өртөх явдлыг  бууруулах.
 
 
------оОо------