A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 158 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАН  ХӨДӨӨГ ЦАХИЛГААНААР ХАНГАХ  "100 000 НАРНЫ ГЭР" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
1.Ерөнхий зүйл
XXI зуунд хүн төрөлхтөн байгалийн цэвэр эрчим хүчний шинэ сэргээгдэх эх үүсгүүр болох нар, салхи, ус, биомасс, гүний халуун усны эрчим хүчийг өргөн ашиглах "ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ХУВЬСГАЛ"-ын замд аажмаар орж байна.
Дэлхийн хүн ам өсөхийн хирээр эрчим хүчний хэрэглээ жил бүр эрс нэмэгдэж байна. Уламжлалт  аргаар эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэснээс дэлхийн агаар мандал бохирдон, хүрээлэн байгаа орчин, цаг уурт сөрөг нөлөө үзүүлэхэд хүрээд байгаа төдийгүй хүн төрөлхтөний үлэмж хэсэг эрчим хүчээр хангагдаж чадаагүй хэвээр байна. Улс орон бүр эрчим хүчний хөгжлийн бодлогоо төлөвлөхдөө эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт арга технологийг улам боловсронгуй болгохын хамт шинжлэх  ухааны тэргүүний ололт, амжилт болон боловсронгуй арга, технологийг энэ тэргүүнд ашиглах, ялангуяа нар, салхи, ус, далайн татах түлхэх хүч зэрэг  байгаль орчинд сөрөг  нөлөө багатай  эрчим хүчний цэвэр эх үүсгүүрийг өргөн ашиглахыг зорьж байна.  Үүний үр дүнд орчин үед сэргээгдэх эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүчийг асар их хэмжээгээр гарган авах технологи үйлдвэрлэлд өргөн нэвтэрч уламжлалт арга технологитой  өрсөлдөж эхэллээ.
Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглах судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх талаар авч явуулсан арга хэмжээний үр дүнд нар, салхи, усны эрчим хүчийг  өргөн ашиглах туршилт үйлдвэрлэлийн бааз манай улсад бүрдээд байна.
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Малчид зарим сум, суурин газрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ" гэж заасан бөгөөд Улсын Их Хурлын 1994 оны 198 дугаар тогтоолд "Усан цахилгаан станц байгуулах, нар салхиар ажилладаг жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хөдөөг хангахад зарцуулах хөрөнгийн гадаад, дотоод эх үүсвэрийг  жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх" зорилт тавьсан болно.
Монгол орон сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчийг ашиглах арвин их нөөцтэй бөгөөд ижил өргөрөгт орших бусад орноос нарны цацрагийн хэмжээгээрээ харьцангуй их /жилд дунджаар 1400 кВт.ц/м2/ байдаг бөгөөд жилийн аль ч улиралд  нарны эрчим хүчийг ашиглахад нэн тохиромжтой юм.
Манай орны говь, хээрийн бүс бүхэлдээ салхины эрчим хүчний нөөц ихтэй район бөгөөд түүний нөөц нь 836,8 тэрбум кВт.цаг байхын зэрэгцээ ашиглаж болох хугацаа нь жилдээ  3,5-4,6 мян.цаг байна.
Мөн түүнчлэн манай  улсын  гол,  горхины  олон  жилийн дундаж урсац 34600 тэрбум м3 (1098 м3/с), эрчим хүчний нөөц 6200М Вт бөгөөд боловсруулах эрчим хүчний хэмжээ  56 тэрбум кВт.цаг-аар үнэлэгддэг.
3.Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хөдөөгийн нийт айл өрхийг 2000-2010 онд нарны цахилгаан үүсгүүрээр хангах, малчин айл өрх, сум, багийн төв, сургууль, эмнэлэг, аялал жуулчлалын бааз, соёл, ахуй үйлчилгээний байгууллага, хилийн сумангийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зориулалт бүхий нар-салхи-усан цахилгаан станц хосолсон сэргээгдэх эрчим хүчний системийг дизель станцтай хослуулан ашиглах боломж бүхий цогцолборуудыг байгуулахад оршино.
4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ
 "100 000 нарны гэр" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх талаар Засгийн газар дор дурьдсан  арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
а/шаардагдах хөрөнгийг гадаадын урт хугацааны, хөнгөлөлттэй зээл, тусламжаас  санхүүжүүлэх;
б/сэргээгдэх эрчим хүчийг ашиглах судалгаа, шинжилгээ,  зохион бүтээх ажил, туршилт үйлдвэрлэлийн арга хэмжээнд зориулж жил бүрийн улсын төсөвт зохих хэмжээний хөрөнгийг тусгаж байх;
в/хөдөөгийн айл өрх, малчдаас цахилгаан үүсгүүрийн үнийн 50 хувийг шууд төлүүлж,  үлдсэн 50 хувийг уг үүсгүүрийг хэрэглэгчдэд санхүүгийн түрээсээр өгч,  2-3 жилийн дотор төлүүлэх журам батлан мөрдүүлэх;
г/цахилгаан үүсгүүр худалдан авахад зориулан малчдад хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн төлбөрийн механизмыг бүрдүүлэх зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
5.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийх ажлууд
а/хөдөөгийн айл өрхийн соёл, ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор гэрэлтүүлэг, радио, телевизор, компьютер, холбооны хэрэгсэл  ажиллуулахад шаардагдах цахилгааны хэрэгцээг хангах системийг  үйлдвэрлэж тэдгээрийг өргөн ашиглах нөхцлийг бүрдүүлнэ;
б/сэргээгдэх эх үүсгүүрийг ашиглах судалгаа,  шинжилгээ, зохион бүтээх ажлыг эрчимжүүлэх,   тэдгээрийг  ашиглах тоног төхөөрөмж үйлдвэрлэх, өндөр технологи шилжүүлэн авах ажлыг зохион байгуулна;
в/сум, багийн төв, сургууль, эмнэлэг, хөдөөгийн соёл, ахуй үйлчилгээний байгууллагууд, хилийн сумангийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах туршилтын цогцолборуудыг байгуулна;
г/хүн, малыг усаар хангах, малын үс ноос хяргах, сүү цагаан идээ, арьс шир боловсруулах, хадлан тариалангийн талбайг усжуулах тоног төхөөрөмжийг цахилгаанаар хангахад зориулсан сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг  байгуулна.
6.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Хөдөөг эрчим хүчээр хангахад сэргээгдэх эрчим хүчний   шинэ эх үүсгүүрүүдийг үр дүнтэй өргөн ашиглах Засгийн газрын бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд хөдөөгийн иргэдийн ахуй нөхцөл дээшлэн, жижиг үйлдвэрлэл хөгжин, дэд бүтэц сайжирч,  ажлын байр шинээр бий болно:
а/2000-2010 онд манай улсын нийт малчин айл өрх, бусад хэрэглэгчдийг жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хангана; 
б/хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр радио сонсох, телевизор үзэх, компъютер, холбооны хэрэгсэл ашиглах боломжоор хангагдаж, үүний үр дүнд:
 
төр засгийн бодлого, хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлах боломж буй болж, цаг үеийн асуудалтай холбогдсон мэдээллийн хангамж үйлчилгээ сайжирна;
танин мэдэхүй, соёл боловсрол, зах зээл, бизнесийн мэдээлэл хүлээн авах, дамжуулах, цуглуулах, боловсруулах боломж бүрдэж эдгээрийг дагалдан орон нутагт нийгмийн харилцаа улам боловсронгуй болох таатай нөхцөл бий болж хот, хөдөөгийн холбоо сайжран, хөдөөд хүн ам тогтвор суурьшилтай амьдарч ажиллах, жижиг үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэн, ажлын байр шинээр бий болж, улмаар экспортын бүтээгдхүүний хэмжээ нэмэгдэх болно;
бүх нийтийг хамарсан алсын сургалт ("Нээлттэй их сургууль" , сургууль завсардсан болон эчнээ сурах, хүүхэд залуучуудад зориулсан  төрөл бүрийн сургалт зэрэг) явуулах нөхцөл бүрдэнэ.
7.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үе шат
Хэрэгжих
үе шат
I - ҮЕ
2000 он
П - ҮЕ
2001 – 2005 он
Ш - ҮЕ
2005 - 2010 он
 
Зорилт
 
"100000 нарны гэр" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5000  айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах
 
-Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүү-рийн үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлж, 2000–2005 онд    нийт 50000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангах
 
-Эрчим хүчний төв-лөрсөн системээс алслагдсан  хэрэг-лэгчийг хангах нар-салхи-ус-дизель хосолсон  цогцолборыг байгуулах
 
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүү-рээр манай орны нийт хөдөөгийн айл өрхийг хангаж сум, багийн төв, аялал жуулчлалын бааз, суурин газ-рыг цахилгаан-жуулах ажлыг өр-гөжүүлэх
 
Цахилгаан  үүсгүүрийн тоо, чадал
 
5000 ширхэг,
0.25 Мегаватт
 
 
45 000 ширхэг,
2.25 Мегаватт
 
 
50 000 ширхэг,
2.5 Мегаватт