A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 147 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

СУМ, СУУРИН ГАЗРЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН ХӨТӨЛБӨР
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Одоогийн байдал
Монгол Улсад дулаан хангамжийн системийг барилга байгууламжийг халаах, агааржуулалтын системийг дулаанаар хангах, хэрэгцээний халуун усыг бэлтгэх, төрөл бүрийн технологийн зориулалтаар тус тус ашиглаж байна.
Дулаан хангамж нь доорхи хүчин зүйлээс шууд шалтгаалж байна:
а/барилга, байгууламжийн дулаан тусгаарлалт: Барилгын дулаан тусгаарлалт нь тухайн барилгын нэгж талбай, эзлэхүүнд ноогдох дулааны тоо, хэмжээнд нөлөөлдөг гол үзүүлэлт юм. Шинээр төлөвлөж байгаа болон шинэчлэн засварлаж буй барилгын дулааны алдагдлыг гадна ханаар 30-60 Вт/м2, хучилтаар 28-58 Вт/м2 байсныг 2-3 дахин багасгаж төлөвлөхөөр шийдвэрлээд байна;
б/дулааны эх үүсвэр: сум, суурин газруудад  БЗУИ100, НР18, Братск, Минск, Энерги маркийн одоо ашиглагдаж байгаа зуухнууд нь дулааны нөөц ихтэй, ашигт үйлийн коэффициент багатайгаас үйлдвэрлэсэн дулааны өөрийн өртөг өндөр байна;
в/дулааны шугам сүлжээ: төвлөрсөн дулаан хангамжнд өнөөдөр зөвхөн ган хоолойг хэрэглэж, тэдгээрийг эрдэс хөвөнгөөр дулаалан угсармал, цутгамал бетонон болон тоосгон ханатай сувагт угсарч байна. Эдгээрийн дулааны алдагдал 15-30 хувьд хүрч байна. Дулаалганд ашиглаж буй эрдэс хөвөн нь чийглэгдэх, норох үедээ дулаан тусгаарлах чадвар нь эрс буурдаг учир өнөөгийн шаардлагыг хангахгүй байна;
г/халаалтын систем: өнөөгийн байдлаар нэг ба хоёр хоолойт халаалтын системд радиатор, конвектор, хавиргат яндан зэрэг халаах хэрэгслийг ашиглаж байна. Энэ систем нь хэрэглэгчид хэрэглээгээ тохируулах боломжгүй байна;
д/дулааны тоолуур: өнөөдрийг хүртэл дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр тооцоог хийхдээ бодит  хэрэглээг  хэмжиж тоолуурын заалтыг үндэслэх бус тухайн барилгын талбай, эзлэхүүн зэргийг үндэслэж байгаа нь хэрэглэгч нь дулаанаа хэмнэх, ариг гамтай зарцуулахад  анхаарал тавих ямар ч сонирхолгүй болгож байна.
2.Хөтөлбөрийн шаардлага
Хүмүүсийн  ажиллаж  амьдрах  тав  тухтай нөхцөлийг  хангах, биеэ даан хөгжих боломжтой хямд халаалтыг бий болгох нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Хөгжингүй орнуудад дулаан хангамжийн системийг автоматаар тохируулан программчилан удирдаж байна. Иймд дулаан хангамжийн найдвартай, ашигт үйлийн коэффициент өндөртэй, электронон удирдлага, тохируулга бүхий технологитой эх үүсвэртэй болох, төлбөр тооцооны систем нь хэрэглэгчид дулаанаа хэмнэх хөшүүрэгтэй байх шаардлагатай  байна.
Зах зээлийн нөхцөлд дулаан хангамжийн системийг хямд хөрөнгө оруулалтаар байгуулж сум, суурин газрын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.Хөтөлбөрийн зорилго:
Энэ хөтөлбөрийн зорилго нь сум, суурин газруудад өртөг зардал багатай, найдвартай, хүмүүс тав тухтай ажиллаж, амьдрах боломж бүхий дулаан хангамжийн системийг бий болгох, дулааны үйлдвэрлэлийг зах зээлийн харилцаанд үр ашигтай ажилладаг, байгаль орчинд сөрөг нөлөө багатай болгох явдал мөн.
4.Хөтөлбөрийн зорилт:
Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар  хэрэгжүүлнэ:
а/хөдөөгийн сум, суурин газрын дулааны хэрэглээний болон дулаан хангамжийн системийн өнөөгийн түвшинг тогтоох;
б/дулааны эх үүсвэрт ашигт үйлийн коэффициент нь  70 хувиас багагүй халаалтын тогоог ашигладаг болгож, дулааны үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;            
в/дулаан хангамж, халаалтын системд тэргүүний техник технологийг хэрэглэх;
г/тухайн сум, суурин газрын дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхдээ тэргүүний техник, технологитой шинэ эх үүсвэр суурилуулах, одоо байгаа барилгыг дулаалах арга замаар шийдвэрлэх;
д/сум, суурин газар бүрийн дулааны бодит үнийг зуухны ашигт үйлийн коэффициент, түлшний орд газрын байрлал, цахилгаан эрчим хүчний үнэ, усны чанар зэргээс хамааруулан тогтоож, дулааны үйлдвэрлэл, хэрэглээний зарцуулалтыг тоолуураар хэмжиж, төлбөрийг бодит хэрэглээтэй уялдуулдаг болгож, дулааны үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх;
е/дулааны үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашигладаг болгох.
 
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
5.Хөтөлбөрийг дараахь хугацаанд хэрэгжүүлнэ:
а/эхний үе шат      1999-2000 онд;
б/хоёр дахь үе шат  2001-2005 онд;
в/гурав дахь үе шат 2006-2010 онд.
 
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
6.1999-2000 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а/хөдөөгийн сум, суурин газрын дулаан хангамжийн системийн өнөөгийн техник технологи, хэрэглээ, дулааны эх үүсвэрээс агаарын бохирдолтод үзүүлж буй нөлөөлөл, эдийн засгийн  байдалд судалгаа тооцоо хийж үнэлэлт, дүгнэлт өгч түвшинг тогтооно. Одоогийн байдлыг үндэслэн тухайн сум, суурин газрын дулаан хангамжийн системийг сэргээх, шинэчлэх зураг төслийг боловсруулна;
б/тухайн орон нутагт тохирсон дулааны эх үүсвэр гаргах техникийг зохион бүтээх, барилгад дулааны алдагдал багатай материал хэрэглэх, шинэ технологийг нэвтрүүлэх, энэ чиглэлээр судалгааны ажилд холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, хамтлагийг зохион байгуулж оролцуулна. Өөрийн орны зохион бүтээгчдийн бий болгосон бага хүчин чадлын зуухыг 18 сум, суурин газарт суурилуулж халаалтын нэг улирал хэмжилт, судалгаа хийж хүчин чадал, техникийн үзүүлэлтийг албан ёсоор тогтоож стандартжуулж, баталгаажуулна (Бага хүчин чадлын зуух суурилуулах сум, суурин газрын жагсаалт, дулаан хангамжийн одоогийн байдал"-ыг  хавсаргав);
в/2000 онд хөдөөгийн сум суурин газрын эмнэлгийн халаалтын системийг шинэчлэх ажлыг эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.
7.2001-2005 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а/хамгийн бага зардал, өртөгтэй дулаан үйлдвэрлэх системийг хөдөөгийн сум, суурин газрын Засаг даргын Тамгын газар, цаг уурын ажиглалтын станц, харуулууд, нэгдүгээр үе шатанд хамрагдсанаас бусад сум, суурин газар болон зарим төсвийн байгууллагын халаалтын системийг шинэчлэх;
б/дулаан хангамжийн системийн дулаан зөөгч усыг цэвэрлэх, халаалтын системд автоматжуулалт нэвтрүүлэх, халаалтын тохируулга хийх бололцоотой хаалт арматур, яндан хоолойн дулаалга зэрэг шинэ технологийг нэвтрүүлэх;
в/хэрэгцээний халуун усны системийг өвөл, зунгүй ажилладаг болгож зуны улиралд нарны эрчим хүчээр халаадаг хосолсон систем бий болгох;
г/төрөл бүрийн дулааны эх үүсвэрүүдэд судалгаа, туршилт хийсний үндсэн дээр тухайн орон нутгийн түлш, усанд тохирсон, агаарыг бага бохирдуулдаг зуухны сонголт хийж нэвтрүүлэх;
д/түлшний эх үүсвэрээс ихээхэн алслагдсан болон дулааны өртөг нь хэт өндөр газарт барилгуудыг дулаалах арга хэмжээг холбогдох тооцоо судалгааг хийсний үндсэн дээр хэрэгжүүлэх;
е/төвийн эрчим хүчний системд холбогдсон төв суурин газруудад шөнийн цагт эрчим хүчийг нөөцлөх замаар дулаанаар хангах судалгаа тооцоо хийж турших.
8.2006-2010 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а/дулааны хэрэглээний төлбөр тооцоог тоолуурын заалтыг үндэслэн бодитоор хийдэг болгох;
б/дулаан хангамжийн системийг иж бүрэн автоматжуулж, хэрэглэгч өөрийн хэрэглээг тохируулдаг, үйлдвэрлэгч үүнтэй уялдуулан үйлдвэрлэлээ зохицуулдаг системийг бий болгосноор дулааны үйлдвэрлэлийг ашигтай ажилладаг болгох.
 
Тав.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
9.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Дэд бүтцийн хөгжлийн яам гүйцэтгэх ба хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.
Дэд бүтцийн хөгжлийн яам нь хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд Засгийн газарт тайлагнана.
10.Хөтөлбөрийн санхүүжилт
Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
а/хөдөөгийн сум, суурин газрын (21 аймагт) дулаан хангамжийн системийн өнөөгийн  техник, технологи, хэрэглээ, агаарын бохирдолтод үзүүлж буй нөлөөлөл, эдийн засгийн  байдалд судалгаа тооцоо хийж, өнөөгийн түвшинг тогтоох, зуухны хүчин чадал, техникийн үзүүлэлтийг баталгаажуулж стандартжуулан сум, суурин газарт суурилуулах, барилга байгууламж, орон сууцыг дулаалахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр;
б/дулаан хангамжийн системийн үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх байгаль орчинд халгүй техник, технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг олон улсын байгууллага, гадаад орны зээл, тусламжаар;
в/үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн халаалтын техник, технологийг шинэчлэх, засвар үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг тухайн хэрэглэгчийн хөрөнгөөр тус тус санхүүжүүлнэ.
 
Зургаа.Хөтөлбөрийн үр дүн
11.Хөтөлбөрийг тодорхой дэс дараалалтай, үе шатаар хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/нэгдүгээр үе шатны ажлын дараа хөтөлбөрийн хавсралтад байгаа сум, суурин газрын дулаан хангамж сайжирч, цаашид гүйцэтгэх ажлын  чиглэл, шаардагдах хөрөнгө, зардлын нарийвчилсан тооцоо боловсрогдоно;
б/хоёрдугаар үе шатны ажлын дараа тухайн орон нутгийн байгаль цаг уур, түлш, дулааны хэрэглээнд тохирсон хамгийн хямд, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дулаан хангамжийн системтэй болсноор  төсөвт байгууллагуудын дулаанд зарцуулж буй зардал багасч, хүмүүсийн ажиллаж амьдрах нөхцөл сайжирна;
в/гуравдугаар үе шатны ажил хэрэгжсэний дараа хөдөөгийн хүн амын ажиллаж амьдрах нөхцөл сайжирч, соёлын түвшин дээшлэх ба улмаар тэдний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасч, нийгмийн хамгаалал дээшилнэ. Сумдын дулаан хангамж нь алдагдалтай үйлдвэрлэлийн салбар байхаа больж зах зээлийн нөхцөлд ашигтай ажилладаг болно. Түлш олборлох, тээвэрлэх болон ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасна.
 
----оОо----