A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ОРОН СУУЦ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Орон сууцны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал
 Монгол Улсын байнгын оршин суугч хүн ам 2000 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар  2373.5 мянга болж, сүүлийн 10 жилд дунджаар 1.4 хувиар өсчээ. Сүүлийн 30 жилд Монгол Улсад хотжих үйл явц гүнзгийрч  2000 оны байдлаар нийт хүн амын 57 хувь нь буюу 1345.0 мянган хүн хотод,    43 хувь буюу 1028.5 мянган хүн хөдөөд амьдарч байна. Улаанбаатар хот төдийгүй хүн амын суурьшилт сийрэг, цөөн хүн амтай байсан зүүн бүс хотжилт  өндөртэй бүс болж байна.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээр нийт 541.1 мянган өрх тоологдсоноос ам бүлээрээ байгаа өрх 340.6 мянга, ганц бие өрх 35.4 мянга, нийлмэл өрх     150.4 мянга, холимог өрх 14.7 мянга, нэг өрхийн ам бүлийн дундаж  тоо 4.3 байна.
Одоо улсын хэмжээнд 6878 мянган ам дөрвөлжин метр сууцны талбай бүхий 265.5 гаруй мянган байшин сууцанд  нийт хүн амын 49.1 хувь, 275.6 гаруй мянган гэр сууцанд 50.9 хувь нь амьдарч байна. Хотод нийт өрхийн 72 хувь нь, хөдөөд 22 хувь нь байшин сууцанд амьдарч, нэг хүнд ноогдох сууцны талбай хотод 6.7 ам дөрвөлжин метр, хөдөөд 5.6 ам дөрвөлжин метр байгаа нь манай улсын жишиг хэмжээнээс   15-38 хувиар доогуур, олон улсын жишиг хэмжээнээс 2 дахин бага байна. Байшинд амьдарч байгаа өрхийн 81.6 хувь нь хувийн өмчлөлийн байшинд, 16.6 хувь нь улсын мэдлийн сууцанд амьдарч байхад гэрт амьдарч байгаа өрхийн      99.5 хувь нь хувийн гэрт амьдардаг байна. Монгол Улсын нийт өрхийн 67.3 хувь нь, үүний дотор хотод 94.6 хувь, хөдөөд 34.1 хувь нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангагдсан байна. 
Байшинд амьдардаг нийт өрхийн 44.4 хувь нь төвлөрсөн халаалттай байгаагийн дотор хотод 54.8 хувь, хөдөөд     2.5 хувь нь нэгдсэн халаалттай байна. Байшинд амьдардаг нийт өрхийн 39.8 хувь нь халуун, хүйтэн устай байранд амьдарч байгаагийн дотор хотод энэ үзүүлэлт 49.3 хувь, хөдөөд 1.8 хувь байна.
Орон сууцыг улсын төвлөрсөн хөрөнгө оруулалтаар голлон барьж, хүн амд үнэ төлбөргүй хуваарилан олгодог байсан тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх боломжгүй болсон. Орон сууцны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй, барилгын мэргэжлийн байгууллага болон ажиллах хүч нь тарж бутарсан зэрэг шалтгааны зэрэгцээ иргэдийн амьжиргааны түвшин буурсан, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн байдал, хот руу чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн өссөн явдал нь хүн амын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна.
Хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээс үзэхэд хүн амын гуравны нэг орчим нь ядуу амьдарч байгаагийн дээр бодит ажилгүйдлийн түвшин 17.5 хувь болжээ.
"Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний микро түвшний судалгаа"-гаар шилжигчдийн ихэнх хувь нь залуучууд байгаа бөгөөд шилжих хэлбэрийн хувьд гэр бүлийн шилжилт давамгайлж улмаар хот, суурин газрын хүн амын тоог огцом өсгөж байгаагаас орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд мэдэгдэхүйц хүндрэл учирч байгаагийн зэрэгцээ шилжин ирэгчдийн өрхийн ахуйн нөхцөл муу байна. Судалгаагаар шилжих хүсэлтэй байгаа хүн амын олонхи нь нийслэл рүү ирэх сонирхолтой байна.
Монгол Улсын нийт хүн амын 38,1 хувь нь 15-34 насны залуучууд, 5,5 хувь нь төрийн албан хаагчид байгаа бөгөөд гэр бүлтэй залуучуудын дийлэнх, төрийн албан хаагчдын     40 хувь өөрийн эзэмшлийн орон сууцгүй байна.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээс үзвэл 18 мянга шахам өрх орон сууцгүй бусад өрхтэй хамт амьдарч байгаагийн зэрэгцээ жил бүр 10 орчим мянган хос шинээр гэр бүл болж байна. Орон гэргүй орц хонгил, дулааны цооногт амьдардаг хүний тоо улсын хэмжээнд 4300 хүрээд байна.
Орон сууцгүй дээрх өрх, иргэдийг орон сууцтай болгоход эхний ээлжинд 800 гаруй мянган ам дөрвөлжин метр сууцны талбай бүхий орон сууц барих шаардлагатай байгаа бөгөөд хамгийн багаар тооцоход 150-220 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа нь 10 жилийн хугацаанд жил бүр 18.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдахаар байна.
Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, Дундын өмчлөлийн орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай болон Орон сууцны тухай хуулийг баталсан явдал эрх зүйн орчин бүрдүүлэхэд томоохон алхам боллоо. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллага өөрсдийн хүч хөрөнгөөр орон сууц барих санаачилга өрнүүлэх, гадаад, дотоодын хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хүн амын зарим хэсгийг улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар орон сууцтай болгох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа боловч нийт хүн амын дийлэнх хэсэг, түүний дотор залуу гэр бүл, төрийн албан хаагчид, хүн амын ядуу болон бага орлоготой өрх өөрсдийн хөрөнгө хүчээр орон сууц барих, худалдан авах, сууцныхаа нөхцөлийг сайжруулах боломж хязгаарлагдмал хэвээр байна.
2. Хөтөлбөр боловсруулсан үндэслэл
Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын дүнг үндэслэн хийсэн тооцоогоор хүн амын тоо 2010 онд /дунд хувилбараар/ 2715.5 мянгад хүрэхээр байна.
Хүн ам ойрын ирээдүйд энэ хурдцаараа өсч, насны бүтэц идэршихийн зэрэгцээ хотжих үйл явц нэлээд эрчимжих хандлага ажиглагдаж байна. Монгол орны байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдалд тохирсон бөгөөд хүн амын орон сууцны өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан, тэдгээрийг хямд төсөр орон сууцтай болоход нь төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тогтвортой бодлого явуулах шаардлагатай байна. 
Иймд Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор "Орон сууц" үндэсний хөтөлбөрийг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсрууллаа.
Хөтөлбөрийг дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан болно.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх  арга хэмжээ, зарчим
3. Зорилго
Хот, суурин газрын хүн амыг орчин үеийн техник, технологийн болон архитектур, хот байгуулалтын зохих түвшинд инженерийн хангамж болон эдийн засгийн бодит тооцоонд тулгуурласан орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцтай, нүүдлийн маягаар амьдардаг хүмүүст тэдний уламжлалт ахуйд зохицсон, орчин үеийн материалаар бүтээсэн гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлэх, орлого багатай болон дундаж орлоготой хүн амын хэсэг, залуу гэр бүл, төрийн албан хаагчдын орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах, энэ чиглэлээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хөхиүлэн дэмжихэд хөтөлбөрийн зорилго оршино.
 Хөтөлбөрийн зорилтууд
4.1. Хүн амын орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах эрх зүйн болон эдийн засгийн орчинг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/орон сууц хөгжүүлэх сан байгуулан, түүний мөнгөн хөрөнгийг бүрдүүлж, зарцуулах журмыг боловсруулан хэрэгжүүлэх;
б/хүн амын орон сууцны хангамжийг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулж хэрэгжүүлэх, олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах;
в/дэд бүтэц, бүс нутгийг хөгжүүлэх, өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бусад хөтөлбөрийн хүрээнд хүн амын тодорхой хэсгийг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах арга хэмжээг уялдуулан зохицуулах;
г/орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, техникийн асуудлыг шийдвэрлэх;
д/гадаадын буцалтгүй тусламжийн тодорхой хувийг хүн амын эмзэг хэсгийн орон сууцны хангамжийг сайжруулахад зориулах;
е/залуучуудын орон сууцны цогцолбор, оюутны байр,сургуулийн дотуур байр барих санаачилга, хөдөлгөөнийг хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих.
4.2. Хүн амын суурьшмал хэсгийн орон сууцны фондыг нэмэгдүүлэх, нүүдлийн маягаар аж төрдөг хүн амыг гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/нийтийн зориулалттай болон цөөн ам бүлтэй өрхөд зориулсан нийтийн орон сууц барьж байгуулах;
б/аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц барих үйл ажиллагааг газар олгох, техникийн нөхцөл олгоход  дэмжлэг үзүүлэх;
в/орон сууц барих иргэдэд хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээний бэлтгэл ажил хийгдсэн газрыг сонгох нөхцөл бүрдүүлэх;
г/иргэдийн хөдөлмөр, хөрөнгө, хоршин орон сууц барих хөдөлгөөнийг өрнүүлэх;
д/орон сууц, гэр, барилгын материал үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүсгэл, санаачилгыг урамшуулах;
е/хүн амын эмзэг хэсгийн идэвх санаачилга, оролцоонд тулгуурлан хямд төсөр орон сууц барих төслийг орон сууц хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх;
ж/иргэд өөрийн хөрөнгө, хүчээр хувийн орон сууц барих, сууцныхаа нөхцөлийг сайжруулах, гэр сууцтай болох санаачилгыг дэмжиж эхний  ээлжинд газар олгох;
з/дуусаагүй орон сууцны барилгыг ашиглалтад оруулахад зээл олгох;
и/хүн амд орон сууцны зориулалтаар зээл, тусламж авахад нь туслах, зөвлөлгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх;
к/аж ахуйн нэгж, байгууллагын санхүүжилтээр тухайн байгууллагын ажилтнууд болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцтай  болгох үүсгэл  санаачилгыг дэмжин газар олгох асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх.
4.3. Залуу гэр бүл, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тогтолцоог бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/орон сууц хөгжүүлэх сангаас залуу гэр бүл, төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох;
б/төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас залуу гэр бүл, төрийн албан хаагчдын орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэхэд нь газар олгох, техникийн нөхцөл авахад дэмжлэг үзүүлэх;
в/зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, шүүх зэрэг төрийн тусгай албаны албан хаагчдыг албаны орон сууцаар хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
г/алслагдсан болон говь нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагч, залуучууд, мэргэжилтэй боловсон хүчний амьдралын нөхцөлийг нь сайжруулах зорилгоор орон сууцны зээлийг түлхүү олгох.
 
4.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, хүн амын тоо зэргийг харгалзан нийслэл, хот, тосгоны хөгжлийн стратеги, ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүч чармайлтыг нэгтгэн зохион байгуулна.
Хэрэгжүүлэх арга хэмжээ:
а/хүн амын худалдан авах чадвар, орон сууцны эрэлт хэрэгцээнд тулгуурлан орон сууц барих шинэ талбайг бэлтгэх, одоо байгаа гэр хорооллын нягтрал, нөхцөлийг сайжруулахад зориулан гэр, орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг бодит хэрэгцээ, нөөцөд үндэслэн хийх;
б/гудамжны гэрэлтүүлэг бүхий зам болон худаг, ус түгээх цэг рүү явган хүний зам, гүүр тавих, үерийн усны хоолойг сайжруулах зорилгоор гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах;
в/хот суурин газрын барилгажсан хэсгийн нягтрал, дэд бүтцийн ашиглалтыг сайжруулах замаар шинээр орон сууц барих;
г/гэр хороололд агаар,ус,хөрсийг бага бохирдуулах халаалтын зуухыг эхний ээлжинд бүрэн нэвтрүүлэх, цаашид дулааны өөрийн эх үүсвэртэй, цахилгаан, ус, ариутгах татуургын нэгдсэн системтэй болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
д/шинээр барих орон сууцанд дулаан тусгаарлах өндөр чадвартай материал, хөнгөн бүтээц, эдлэхүүн хэрэглэх, шинэ техник, технологи ашиглах, уян хатан технологиор үйлдвэрлэх бүтээцийн шинэ системийг боловсруулах;
е/орчин үеийн дизайн бүхий амины орон сууцны загвар зураг, төсөл боловсруулах;
ж/хөдөлмөр эрхлэлтийн болон сургалтын байгууллагатай хамтран барилгын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
з/хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгаль орчин, экологийн тэнцвэрийг хангах, байгалийн нөөц, баялгийг зохистой ашиглах асуудлыг иж бүрнээр авч үзэх;
и/орон сууц барьж байгаа иргэд, байгууллагын захиалгаар цахилгаан, дулаан, ус суваг, барилга зэрэг мэргэжлийн явуулын байгууллагыг ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх.
5.Хөтөлбөрийн зарчим
Хөтөлбөрийг дор дурдсан үндсэн зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ:
а/Засгийн газар хүн амыг орон сууцтай болоход дэмжлэг, туслалцаа үзүүлэх;    
б/төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, энэ чиглэлээр гарсан хууль тогтоомжтой нийцүүлэх;
в/хүн амыг орон сууцаар хангах ажилд иргэд, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн ажлын уялдаа холбоог сайжруулах;
г/санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах;
д/улс, орон нутгийн хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн ерөнхий шаардлагатай уялдуулах;
е/орон сууцны  архитектурын үндэсний хэв маягийг хөгжүүлэх, барилга барих орчин үеийн техник, технологийг ашиглах;
ж/хүн ам, байгаль орчны зохицол, экологийн тэнцвэртэй байдлыг хангах;
з/ орон сууцны талаар хэрэгжүүлж байгаа төсөл, дэд хөтөлбөрүүдийг энэ хөтөлбөртэй уялдуулах.
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6. Удирдлага
 Орон сууцны хангамжийг сайжруулах хөтөлбөрийг эдийн засаг, нийгмийн бусад хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавих  асуудлыг Дэд бүтцийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг хариуцна. Ажлын хэсэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг орон сууцны болон хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж эрхлэн явуулна.
7. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх
Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн орон нутгийн хөгжил, иргэдийн аж амьдралын байдалд зохицсон дэд хөтөлбөрийг Орон сууц үндэсний хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хариуцна. Аймаг, нийслэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлийг тухайн Засаг даргаар ахлуулан холбогдох байгууллагын төлөөлөлтэйгээр байгуулна.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
8. Хугацаа
Хөтөлбөрийг 2002-2006 онд хэрэгжүүлнэ.
9. Санхүүжилт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь санхүүгийн эх үүсвэрийг  ашиглана:
-төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс орон сууц хөгжүүлэх санд  жил бүр олгох хөрөнгө;
-аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хөрөнгө;
-гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
-төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилгаар бүрдүүлэх хандивын хөрөнгө;
-зээлийн хүү, санхүүгийн үйл ажиллагаанаас олох орлого;
-бусад эх үүсвэр.
Тав. Хөтөлбөрийн үр дүн,  үнэлэлт дүгнэлт, хэрэгжилтэд тавих хяналт
10. Хөтөлбөрийн үр дүн
Төрийн захиргааны бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагын идэвхи санаачилга, гадаад орон, олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаа, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, хамтын хүчин чармайлтын үр дүнд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
а/хүн амын орон сууцны хүртээмж, нөхцөл, дэд бүтцийн үзүүлэлтүүд сайжирсан байх;
б/шинээр орон сууцтай болсон залуу гэр бүлийн тоо 4500-д хүрсэн байх;
в/шинээр  орон сууцтай болсон төрийн албан хаагч өрхийн тоо 2500-д, орон сууцны нөхцөлөө сайжруулсан төрийн албан хаагч өрхийн тоо 5000-д хүрсэн байх;
г/орон гэргүй хүн амын эмзэг хэсгийн 1500 иргэн орон сууцтай болсон байх;
д/Орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс жил бүр зохих хэмжээний хөрөнгө төлөвлөсөн байх;
е/бүсийн хөгжлийн төв, аймгийн төвүүд бие даан хөгжих нөхцөл бүрдэж, ирээдүйн хот, суурины хөгжлийн үндсэн төрх бүрэлдэнэ.
11. Үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтүүд:
Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглан 2002 оны байдлыг 2006 онтой харьцуулж үнэлж, дүгнэнэ:
а/нийт хүн амд орон сууцтай хүн амын эзлэх хувь;
б/нэг хүнд ногдох сууцны талбайн хэмжээ;
в/орон сууцны үнэ, орлогын харьцаа;
г/нэг хүнд ногдох дэд бүтцийн зардал;
д/орон сууцтай болсон залуу гэр бүлийн тоо;
е/орон сууцтай болсон, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулсан төрийн албан хаагчдын тоо;
ж/орон сууцтай болсон хүн амын эмзэг хэсгийн иргэдийн тоо;
з/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсвөөс олгосон хөрөнгийн улсын төвлөрсөн төсвийн орлогод эзлэх хувь.
12. Хөтөлбөрийн явцад хяналт тавих
Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, үр дүнд хяналт, шинжилгээ хийж,  үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг орон сууцны болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж хийнэ.
 
---оОо---