A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

"БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ" ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨР
 
Эрхэм зорилго
1. Хүн амыг чанар сайтай хүнс, өргөн хэрэглээний бараагаар, үйлдвэрлэлийг түүхий эдээр тасралтгүй хангах,   бараа, түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлтийн зохистой  тогтолцоог бий болгох, бараа, түүхий эдийн хадгалалт,  тээвэрлэлтийг оновчтой болгох замаар зах зээлийн бодит үнийн түвшинг бүрдүүлж хот, хөдөөгийн хоорондох үнийн зөрүүг багасгахад оршино.              
Үйл ажиллагааны зарчим
2. Бөөний худалдааны сүлжээ нь бараа, түүхий эдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, арилжаалагч, тээвэрлэгч, хэрэглэгч, банк санхүүгийн болон мэдээлэл, сурталчилгааны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, тэдгээрийн хоорондын үйл ажиллагааны харилцан үйлчлэл бүхий нээлттэй тогтолцоо байна.
Нэг. Бөөний худалдааны сүлжээний зохион  байгуулалтын бүтэц
3. Бөөний худалдааны сүлжээ нь дотоод болон гадаад  бүтцээс бүрдэнэ. Дотоод бүтэц нь бараа, түүхий эдийг бэлтгэх,  нөөцлөх, хадгалах, арилжааг зохион байгуулагч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэгч, зуучлагч байгууллагаас бүрдэнэ. Гадаад бүтэц нь бөөний худалдааны  үйл ажиллагаан дахь бараа, түүхий эдийн үйлдвэрлэл, нийлүүлэлт, нөөцлөлт, борлуулалтыг санхүүгийн нөөцөөр хангах, мөнгөний урсгалыг зохион байгуулах, бараа түүхий эдийг тээвэрлэх, мэдээллийн харилцаа, дамжуулалтыг хангагч байгууллага байна.
4. Бөөний худалдааны сүлжээний зохион байгуулалтын дотоод бүтэц
Бөөний худалдааны сүлжээ нь дараахь дотоод бүтэцтэй байна:
а/бөөний худалдааны мэдээллийн сүлжээ;
б/бараа, түүхий эдийн төрөлжсөн болон холимог бирж;
в/барааны төрөлжсөн, холимог болон түүхий эдийн нэг цэгийн бөөний агуулах;
г/бөөний худалдааны төв, бөөний худалдааны дэлгүүр;
д/бараа, түүхий эдийн нөөцийн агуулах;
е/бараа, түүхий эд бэлтгэгч агент.
Сүлжээний зохион байгуулалтын бүтцийг бий болгохдоо  бүс нутаг, аймаг, хот, сумдын түвшинд хүн амын  суурьшил, нягтрал, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, зам харилцааны дэд бүтцийн байдал, хөгжлийн төлөв, бараа, түүхий эд тээвэрлэх зайг оновчлох боломж зэрэг хүчин зүйлийг харгалзана.
5. Бөөний худалдааны мэдээллийн сүлжээ 
Мэдээллийн сүлжээ нь мэдээллийн сан, түүнийг байгуулах, хөтлөх, дэмжих зохион байгуулалтын бүтэц, мэдээлэл дамжуулах системээс бүрдэнэ. Мэдээллийн сан нь мэдээллийн бүтцийн хувьд ижилтгэсэн шийдэлтэй байна.
6. Мэдээлэл хангамж  
Мэдээлэл хангамж нь "Бөөний худалдааны сүлжээ"-ний үйл ажиллагааг дэмжих дараахь мэдээллийн сантай байна:
а/бараа, түүхий эдийн нөөц, түүнийг борлуулах санал (тоо, хэмжээ, үнийн санал, худалдааны нөхцөл гэх мэт);
б/бараа, түүхий эд худалдан авах санал;
в/арилжааны захиалга хүлээн авах, бүртгэх;
г/дуудлага худалдааны;
д/бараа, түүхий эдийн сурталчилгааны; 
е/технологийн тээвэр эрхлэгчдийн;
ж/телетекст.
7. Мэдээлэл дамжуулах суваг, технологи                                                   
Бөөний худалдааны сүлжээний үйл ажиллагааг дэмжих мэдээлэл дамжуулалт, солилцоонд холбоо харилцааны өнөөгийн суваг, боломжийг ашиглана.
8. Мэдээллийн сүлжээний зохион байгуулалт, үйл ажиллагааны технологийн зарчим
Бөөний худалдааны мэдээллийн сүлжээг төвлөрсөн бус, нээлттэй системийн хэлбэрээр зохион байгуулна. Зохион байгуулалтын дараахь бүтэцтэй байна:
а/Сүлжээг дэмжих төв     
Мэдээллийн сангийн дизайн, мэдээллийн санг дэмжих, удирдах, сүлжээний  зангилаа байж,  программ, технологи, арга зүйн төвийн үүрэг гүйцэтгэж, телетекст горимыг дэмжиж ажиллана.  Төв нь Улаанбаатар хотод байрлана. Сүлжээг дэмжих төвийг тендерийн үндсэн дээр мэдээлэл, харилцааны технологиор ажилладаг компаниудаас шалгаруулна.
б/Биржийн мэдээллийн нэгж
Үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагч бараа, түүхий эдийн захиалга, нийлүүлэлтийн мэдээллийг хүлээн авч  бүрдүүлэн мэдээллийн сан байгуулан хөтлөх, сүлжээнд гаргах үүрэгтэй байна.
в/Сумдын мэдээллийн агент                    
Бараа, түүхий эдийн агент мэдээллийн агентын үүрэг гүйцэтгэнэ. Малчид, иргэдийн бараа материал худалдан авах хэрэгцээ, түүхий эд нийлүүлэх тоо, хэмжээ, үнийн саналын тухай мэдээллийг бүрдүүлж, утсаар аймгийн биржийн  мэдээллийн нэгжүүдэд хүргүүлэх, биржийн мэдээллийн нэгжээс авсан мэдээллийг малчид, иргэдэд хүргэх үүрэгтэй байна.  
9. Бараа, түүхий эдийн арилжааны төрөлжсөн болон холимог бирж
Бирж нь үйл ажиллагааны зарчмын хувьд:
Бирж зуучлагч
Бирж+нэг цэгийн үйлчилгээний агуулах хэлбэртэй   байж болно.
а/Бирж зуучлагч
Бараа, түүхий  эдийг арилжих, арилжааг зохион байгуулах (дуудлага худалдаа) үйлдвэрлэгч, нийлүүлэгч, худалдан авагчийг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй ажиллана.
б/Бирж+нэг цэгийн үйлчилгээний агуулах
Бараа, түүхий  эд нийлүүлэх, хадгалах, нөөцлөх, савлах,  борлуулах, арилжааг зохион байгуулах, гадаад худалдаа хийх, санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, бараа, түүхий эдийн тээвэрлэлтийг зохион байгуулах, зуучлах, мэдээлэл, сурталчилгаа хийх зэрэг үйл ажиллагаа эрхэлнэ.
10. Барааны төрөлжсөн, холимог болон түүхий эдийн нэг цэгийн үйлчилгээний бөөний агуулах
Бирж хэрэглэгчийн захиалгаар болон эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, прогноз хийх замаар бараа, түүхий эдийг худалдан авах, импортлох, хадгалах, нөөцийн менежмент хийх, бөөний үнээр хэрэглэгчдэд худалдах, тээвэрлэн хүргэж өгөх зэрэг  үйл ажиллагаа эрхлэх бөөний худалдааны төвийн үүрэгтэй ажиллана.
Агуулах нь биржтэй нэгдсэн бүтэцтэй буюу дангаараа байж болно.
11. Барааны төрөлжсөн агуулах нь:
а/хүнсний барааны;   
б/өргөн хэрэгцээний үйлдвэрийн барааны;
в/барилгын материалын;
г/электрон техникийн барааны;
д/тоног төхөөрөмжийн;
е/сэлбэг хэрэгслийн  гэх мэт байж болно.
12. Түүхий эдийн төрөлжсөн агуулах нь:
а/ноос, ноолуурын;
б/арьс ширний  гэх мэт  байж болно.
Түүхий эдийн төрөлжсөн агуулахыг төмөр зам, олон улсад гарцтай авто замын дагуу байршуулах  бодлого баримтална.  
13. Бөөний худалдааны төв, бөөний худалдааны дэлгүүр
Бараа, материалыг бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхлэнэ. Одоо ажиллаж байгаа болон бөөний худалдааны сүлжээнд нэгдэж ажиллах сонирхол бүхий аж ахуйн нэгж энд хамаарна.
14. Бараа, түүхий эдийн агент
Агент биржтэй гэрээтэй ажиллана. Агент нь иргэн, малчдын хоршоо, аж ахуйн нэгжийн хэлбэртэй байж болно.

Хоёр. Бөөний худалдааны сүлжээний дотоод   бүтцийг бий болгох үндсэн чиглэл           

15. Бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийг дараахь байдлаар байгуулан ажиллуулна:
а/Улаанбаатар хотод
Улаанбаатар хотод бараа, түүхий эдийн төрөлжсөн бирж,  нэг цэгийн үйлчилгээний бөөний төрөлжсөн агуулахын тогтолцоо бий болгох чиглэлийг баримтална.
Маркетингийн судалгааны баг ажиллуулж Улаанбаатар хотод бий болгох бирж, агуулахын төрөл, хэлбэр, төрөлжилт, байршил зэргийг тогтоож төсөл боловсруулна. Төслийн даалгаврыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Үйлдвэр, худалдааны яам батална.
в/бүсийн төв, аймагт
Маркетингийн судалгааны  үндсэн дээр бүсийн төв, аймагт бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн хэлбэр, төрөл, төрөлжилтийг орон нутаг шийдвэрлэнэ.

Гурав. Бөөний худалдааны сүлжээний  гадаад бүтэц

16. Гадаад бүтэц нь бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн нэгж, оролцогчтой үйл ажиллагааныхаа чиглэлээр ажил хэргийн харилцаанд орж хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж байна.
а/төр, засгийн байгууллага нь бөөний худалдааны сүлжээний  үйл ажиллагааны  хууль зүйн орчинг бүрдүүлж, хяналт, татвар, санхүүжилт, зээл, төсөл, стандартчилал, мэдээлэл зэрэг механизмаар дамжуулан сүлжээг дэмжих, зохицуулах үйлчилгээ үзүүлнэ;
б/банк, банкны бус санхүүгийн байгууллага, санхүү-зээлийн хоршоод нь бирж, бараа, түүхий эд бэлтгэгч, нийлүүлэгчдэд  мөнгөн гүйлгээний бэлэн, бэлэн бус тооцооны үйлчилгээ үзүүлж, агуулахад байгаа бараа, түүхий эдийн үлдэгдэл, ирээдүйд бэлтгэх  бараа, түүхий эдийг барьцаалан зээл олгох замаар бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн нэгжтэй харилцан ашигтай хамтран ажиллана. Бирж нь банк, банкны бус санхүүгийн байгууллагатай тохиролцон агуулахад байгаа бараа, түүхий эдийн үлдэгдэлдээ "вексель", өрийн бичиг  гаргах зэргээр мөнгөний урсгалыг шуурхай зохицуулах арга, хэрэгслийг ашиглаж болно;      
в/бараа, түүхий эдийн технологийн тээврийн үйлчилгээг бөөний худалдааны сүлжээний хүрээнд бий болгоно;
г/холбоо,харилцааны байгуулагууд бөөний худалдааны сүлжээний хүрээнд үүссэн мэдээллийг сүлжээний дотоод бүтцийн нэгж болон хэрэглэгчдийн өөр хооронд дамжуулах суваг, технологиор хангаж үйлчилнэ. Олон нийтийн мэдээллийн  байгууллага (телевиз, радио, сонин) бөөний худалдааны сүлжээний дотоод бүтцийн нэгжтэй гэрээтэй  ажиллан бараа, түүхий эдийн нөөц, эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээний тухай мэдээлэл болон барааны зар сурталчилгааг өөр өөрийн сувгаар  дамжуулж иргэд, аж ахуйн нэгжид үйлчилнэ;
д/төрийн бус байгууллага бөөний худалдааны сүлжээний хүрээнд худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчилах, тэргүүний арга хэлбэрийг нэвтрүүлэхэд нь тусламж үзүүлэх, сургалт, семинар зохиох, зарим аймаг, сумдад туршилтын "загвар" төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа хөгжүүлэхэд зуучлах зэрэг үйл ажиллагаа явуулна.    

Дөрөв. Бөөний худалдааны сүлжээний хэрэглэгчид

17. Сүлжээний үндсэн хэрэглэгчид нь үйлдвэрлэгч, импорт, экспортын худалдаа эрхлэгч, жижиглэнгийн худалдааны төв, их дэлгүүр, супермаркет, компани, аж ахуйн нэгж,  жижиг худалдаа эрхлэгчид байна. Сүлжээ нээлттэй тогтолцоогоор байгуулагдах учраас гадаадын байгууллага, иргэд  сүлжээний хэрэглэгч байж болно.      

Тав. Сүлжээний эрх зүйн хангамж

18. Бөөний худалдааны сүлжээний  эрх зүйн хангамж нь сүлжээний үйл ажиллагааг үр дүнтэй зохицуулахад чиглэгдсэн хууль тогтоомж, журам, стандарт, техникийн нөхцөл зэргээс бүрдэнэ:
-Худалдааны багц хууль;
-Стандарт, техникийн нөхцөл (Худалдааны стандартууд, агуулахын техникийн нөхцөл, шаардлага, технологийн тээвэрлэгчид тавих шаардлага, техникийн нөхцөл, түүхий эд бэлтгэх үйл ажиллагаанд тавих шаардлага, бараа, түүхий эдийн чанар, хадгалалт, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт, шаардлагууд зэрэг).

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат

19. 1 дүгээр үе шат: 2001-2002 он
а/бөөний худалдааны сүлжээний эрх зүйн орчинг бүрдүүлэх хууль тогтоомж, журам, стандарт, техникийн нөхцөл зэрэг баримт бичгийг боловсруулах, шинэчлэн батлуулах арга хэмжээ авна:
Худалдааны тухай  багц хууль;
Агуулахын  техникийн нөхцөл, стандарт;  
Худалдааны  стандартууд;
Технологийн тээвэр гүйцэтгэх стандарт, шаардлагууд;
Түүхий эд бэлтгэх ажлын стандарт, шаардлагууд;
Бараа, түүхий эдийн хадгалалт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага;
Биржийн үлгэрчилсэн дүрэм.
б/бөөний худалдааны мэдээллийн сан, сүлжээ байгуулах төсөл шалгаруулан дүгнэх. Бөөний худалдааны мэдээллийн сүлжээг дэмжих төвийн үүрэг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажлыг нь эхлүүлэх;
в/Улаанбаатар хотод бараа, түүхий эдийн бирж, барааны төрөлжсөн агуулах байгуулах талаар судалгаа явуулах, төсөл шалгаруулах ажлыг зохион байгуулах;
г/бүсийн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн төвүүдэд бирж, бөөний худалдааны төрөлжсөн төв, агуулах байгуулах асуудлыг судлах, байгуулах ажлыг зохион байгуулах:
2001 онд  Баянхонгор, Хэнтий, Орхон аймгуудад;
2002 онд Ховд, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай (Хархорин), Дорнод.  
д/аймгуудад бараа, түүхий эдийн бирж байгуулах ажлыг нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргатай  хамтран зохион байгуулах.
20. 2 дугаар үе шат - 2003  он
а/бараа, түүхий эдийн бирж, бөөний худалдааны төвийг бусад аймгуудад байгуулна;
б/бөөний худалдааны мэдээллийн сүлжээний үйл ажиллагааны программ, технологийг зүгшрүүлж дуусгах;
г/бараа, түүхий эдийн экспортын мэдээлэл, сурталчилгааг олон улсын мэдээллийн сүлжээнд гаргах;
д/электрон худалдааны технологийг аймаг, бүсийн төвүүд, Улаанбаатар хотын хооронд болон Улаанбаатар хотод нэвтрүүлэх.
21. 3 дугаар үе шат - 2004 он    
Энэ үед бөөний худалдааны сүлжээний тогтолцоо бүрэн хэмжээгээр ажиллаж эхлэнэ. Сүлжээг цаашид хөгжүүлж, боловсронгуй болгох бодлого, арга хэмжээний төсөл боловсрогдсон байна.
211. 4 дүгээр үе шат 2005-2008 он
 
Энэ үе шатанд 1, 2, 3 дугаар үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлэн түүний үр дүнг дээшлүүлж, Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ, Булган, Дундговь, Төв, Дархан-Уул аймгуудад "Бөөний худалдааны сүлжээ" байгуулж, түүхий эд бэлтгэлийг биржийн тогтолцоонд шилжүүлж, энэ ажилд бөөний худалдааны сүлжээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг хэрэгжүүлж дууссан байна.(Энэ заалтыг 2005-12-21-ний 249-р тогтоолоор нэмсэн)
"212. 5 дугаар үе шат 2008-2011 он
 
Энэ үе шатанд 1, 2, 3, 4 дүгээр үе шатанд хэрэгжүүлсэн арга хэмжээг үргэлжлүүлэн түүний үр дүнг дээшлүүлж, Төв, Дундговь, Дархан-Уул аймгуудад "Бөөний худалдааны сүлжээ" байгуулж, түүхий эд бэлтгэлийг биржийн тогтолцоонд шилжүүлэх, энэ ажилд бөөний худалдааны сүлжээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг оролцуулах арга хэмжээг хэрэгжүүлж дууссан байна."
(Энэ заалтыг 2008-05-07-ны 169-р тогтоолоор нэмсэн)

Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион  байгуулалт, санхүүжилт

  22. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллана.
Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Орон нутагт салбар зөвлөл ажиллана.
Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дүрмээр зохицуулна. Дүрмийг зөвлөл өөрөө батална.   

Найм. Хөтөлбөрийн санхүүжилт

23. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дараахь эх үүсвэрийг ашиглана:
а/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өөрийн хөрөнгө; 
б/хөгжлийн сангуудын  санхүүжилт, зээл;
в/банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээл;
г/олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж;
д/улсын төвлөрсөн төсвөөс орон нутагт бараа, түүхий эдийн сан байгуулахад олгох зээл.

Ес. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн         

24. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүн гарна:
а/худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бий болж  худалдаа, үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт сайжран, иргэдийг эрэлт хэрэгцээнийх нь дагуу чанартай  бараагаар тогтвортой, цаг тухайд нь ханган үйлчлэх нөхцөл бүрдэнэ;
б/бараа, материалыг олноор нь импортлох боломж бүрдэн, импорт бүхэлдээ эдийн засгийн хувьд үр ашигтай болж,  хадгалалт, савлалт, тээвэрлэлтийн соёлжсон технологи нэвтэрсний үндсэн дээр нэгж бараанд ногдох зардал буурч эрэлт, нийлүүлэлтэд тулгуурласан зах зээлийн бодит үнэ бүрэлдэн тогтоно;
в/зах зээлийн зарчимд тулгуурласан түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдэж,үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эдээр хангах, түүхий эдийн экспортыг оновчтой, үр ашигтай зохион байгуулах нөхцөл бүрдэнэ;        
г/бүсийн төвүүд болон аймаг, сумдын хүрээнд  барааны хангалт, түүхий эд бэлтгэл, тээвэрлэлтийн оновчтой, үр ашигтай тогтолцоо бүрэлдэж, хөдөөгийн иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бараа, материалаар хангах байнгын тогтолцоо бий болно;
д/аймаг, хот, сум, дүүргийг хамарсан худалдааны мэдээллийн сүлжээ байгуулагдаж бараа, түүхий эдийн талаархи мэдээллийн хангамж эрс дээшилнэ. Худалдааг электрон сүлжээгээр дамжуулан хийх орчин үеийн арга технологи бүрэлдэн хэрэгжиж улмаар гадаад орнуудтай электрон сүлжээгээр худалдаа хийх нөхцөл бий болно;
е/хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.
 
----оОо----