A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ОРОН СУУЦ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАН МЭДЭЭ ГАРГАХ ЖУРАМ
 

    Нэг. Нийтлэг үндэслэл

1.  Улсын болон орон нутгийн орон сууц хөгжүүлэх  сан /цаашид "сан" гэх/-гийн зорилго нь орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, нөхцөлийг сайжруулах, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, шинэчлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино.
2. Улсын болон орон нутгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлан мэдээ гаргах, хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
3. Сан нь  мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд улсын болон орон нутгийн сангаас бүрдэнэ. Улсын сан нь орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, орон нутгийн сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.
4. Гадаад орон, олон улсын байгууллагаас  тодорхой нөхцөл, болзолтой олгосон зээл, тусламжийн хөрөнгийг сангийн тусгай дансанд байрлуулна.
 

Хоёр. Сангийн удирдлага

5. Улсын сангийн төвлөрүүлэн захирагч нь орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн сангийн төвлөрүүлэн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
6. Сан нь орон тооны бус удирдах зөвлөлтэй байна. Сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална. Удирдах зөвлөлийн даргыг гишүүдээс тэдний олонхийн саналаар сонгоно.
7. Сан өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий ажлын албатай байна. Сангийн ажлын албаны дүрэм, зардлыг сангийн төвлөрүүлэн захирагч батална./Энэ заалтыг ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
8. Улсын сангийн ажлын алба нь орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, орон нутгийн сангийн ажлын алба нь тухайн орон нутгийн аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллана. /Энэ заалтыг ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 

Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, төлөвлөлт, санхүүжилт

9. Улсын болон орон нутгийн сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
а/улсын төвлөрсөн болон аймаг, нийслэлийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
б/олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, зээл, тусламжийн хөрөнгө;
в/гадаад, дотоодын иргэд, хуулийн этгээдээс санд тодорхой хугацаанд ашиглуулахаар байршуулсан хөрөнгө;
г/зээлийн үйл ажиллагааны орлого;
д/үнэт цаас худалдсанаас олсон орлого;
е/бусад эх үүсвэр.
10. Улсын болон орон нутгийн санд төвлөрсөн  төсвөөс тухайн жилд авах хөрөнгийн саналыг улсын сангийн ажлын алба болон аймаг, нийслэлийн Засаг дарга жил бүрийн  7 дугаар сарын 10-ны дотор орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
11. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага төвлөрсөн төсвөөс тухайн жилд санд олгох хөрөнгийн төсвийн төслийг улсын хэмжээнд нэгтгэж, саналаа жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ.
12. Төвлөрсөн төсвөөс санд олгох хөрөнгийн төсвийн төслийг Санхүү, эдийн засгийн яам хянаж, жил бүрийн  төвлөрсөн төсвийн төлөвлөгөөнд тусгана.
13. Улсын сангийн тухайн жилийн  төсвийн төсөл, сангийн хагас жилийн болон жилийн тайланг сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн сангийн төвлөрүүлэн захирагч батална.
14. Сангийн хөрөнгийн 35 хүртэл хувийг залуу гэр бүлд, 20 хүртэл хувийг төрийн албан хаагчдад, 10 хүртэл хувийг бага, дунд орлоготой өрх, ахмад настан, хүн амын эмзэг хэсгийн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд, 1 хүртэл хувийг сангийн  үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд тус тус зарцуулахаар төлөвлөнө.
 

Дөрөв.Сангийн хөрөнгийн зарцуулалт

15. Улсын сангийн хөрөнгийг дор дурдсан зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:
       а/иргэд, улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага орон сууц худалдан авах, шинээр барих, засах,  сайжруулахад; 
          б/нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгөд томоохон засвар хийх;
          в/орон сууцны шинэ хороолол барих, ашиглагдаж байгаа орон сууцны болон гэр хорооллын орчны нөхцөлийг сайжруулах хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд;
          г/залуу гэр бүл, төрийн албан хаагч, хүн амын эмзэг хэсгийг хямд, чанартай барилгын материал, зураг төслөөр хангахад;
          д/залуу гэр бүл, төрийн албан хаагч, хүн амын эмзэг хэсэгт зориулсан төрийн өмчийн түрээсийн орон сууц барихад.
16. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын төсөл шалгаруулах, орон сууц барих гүйцэтгэгчийг сонгох, худалдан авахтай холбогдсон харилцааг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулиар зохицуулна.
17. Сан нь зохих шалгуурыг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно.
18. Зээлдэгч зээлийн баталгааг дараахь байдлаар гаргана:
      а/зээлдэгч хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгө, баригдах орон сууцны барилгаар баталгаа гаргах бөгөөд шаардагдах хөрөнгийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байна;
      б/сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаа болгож зээл авч болох бөгөөд гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн засвар үйлчилгээний орлогоос тодорхой хувиар тооцож зээлийг сар бүр төлнө;
      в/өрхөд олгох зээлийн баталгаа нь өрхийн жилийн орлогын мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байхаас гадна шинээр барих буюу худалдан авах орон сууцны үнийн 30-аас доошгүй хувьтай тэнцэх төлбөрийг тухайн өрх, иргэн төлөх чадвартай нь тогтоогдсон байна;
      г/залуу гэр бүл, төрийн албан хаагч, хүн амын эмзэг хэсэгт олгох зээлийн барьцаа нь худалдан авах буюу барих орон сууц байна. Төрийн албан хаагч нь төрийн албанд 3-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан талаар тухайн байгууллагын тодорхойлолт, цаашид тогтвортой ажиллахаар уг байгууллагатай гэрээ байгуулсан байна.
19. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол баталгаа болгосон орон сууц, орон сууцны барилга, бусад хөрөнгө нь арилжааны банкны мэдэлд шилжинэ.
20. Сангийн хөрөнгийг энэ журмын 16-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
 

Тав. Сангийн тайлан мэдээ гаргах, тавих хяналт

21. Орон нутгийн сангийн ажлын албаны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улирал, жилээр гарган улирлын тайланг дараа улирлын эхний сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор Улсын сангийн ажлын албанд ирүүлнэ.
22. Улсын сангийн ажлын алба санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг улсын хэмжээнд нэгтгэж улирал, жилээр гарган улирлын тайланг 7 дугаар сарын 15-ны дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 5-ны дотор орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
23. Орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тайланг улирал, жилээр гарган улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
24. Сангийн хөрөнгийн зарцуулалтад санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт  тавина.
25. Сангийн бүртгэл, тайлан, мэдээний маягтын загварыг санхүү, эдийн засгийн болон дэд бүтцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд батална.
 

Зургаа. Бусад зүйл

26. Зээлийн төлбөрөө хугацаанд нь ямар нэг зөрчилгүйгээр төлж байгаа зээлдэгчийг орон сууцнаас нь албадан гаргахыг хориглоно.
27. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
---оОо---