A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 58 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт

ОРОН СУУЦ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Шинээр орон сууц барих, орон сууцны нөхцөлөө сайжруулах, худалдан авах, түүний дэд бүтцийг сайжруулах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах зориулалтаар  иргэн, хуулийн этгээдэд орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
(Энэ заалтад 2010-09-01-ний 220-р  тогтоолоор өөрчлөлт орсон).
2. Орон сууц хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгоно.
3. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх арилжааны банк дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
      а/Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг нэг жилийн турш хангасан тухай хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;
      б/зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг сангийн өмнө бүрэн хариуцахаа илэрхийлсэн баталгаа гаргаж, нотариатаар баталгаажуулсан байх;
      в/зээлийн үйл ажиллагааг орон нутагт явуулах боломжтой байх.
4. Орон сууц хөгжүүлэх сангаас зээл олгох үйл ажиллагааг гүйцэтгэх арилжааны банкийг сонгох тендерийг орон сууцны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зарлан явуулж, энэ журмын 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан арилжааны банкийг сонгон шалгаруулна.
5. Тендерт шалгарсан арилжааны банктай байгуулах гэрээний загварыг  орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6. Тухайн үеийн мөнгөний ханш, инфляцын түвшин, зээлийн эргэн төлөлтийн болон хөрөнгө оруулалтын өөрчлөлттэй уялдуулан зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх саналыг орон сууцны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
7. Орон сууц хөгжүүлэх сангийн ажлын алба нь тендерт шалгарсан арилжааны банктай зээлийн үйл ажиллагааг эрхлүүлэх талаар гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээнд дараахь асуудлыг тусгасан байна:
      а/талуудын эрх, үүрэг, хариуцах албан тушаалтан;
      б/тухайн арилжааны банкинд байршуулсан зээлийн санд уг банкнаас олгох хүүгийн хэмжээ;
      в/эцсийн зээлдэгчид олгох зээлийн хэмжээ, хүү, хугацаа;
      г/сангийн хөрөнгөд тавих хяналт;
      д/хөрөнгийг эргүүлэн татах нөхцөл;
      е/хамтран ажиллах нөхцөл;
      ж/гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа;
      з/гэрээг цуцлах нөхцөл.
8. Гэрээг нотариатаар баталгаажуулна.
 
Хоёр. Зээл олголт ба түүний үндсэн нөхцөл
9. Зээлдэгч арилжааны банкнаас орон сууцны зээл олгоход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн зээл авах хүсэлтээ тухайн арилжааны банкинд гаргана.
10. Зээлийн хэмжээ нь шинээр барих, худалдан авах орон сууцны өртгийн 70 хувиас илүүгүй байна.
11. Арилжааны банк зээл хүссэн баримт бичгийг судлан үзээд шаардлага хангасан зээлдэгчдийн хэрэгцээт зээлийн хэмжээг багцлан сангийн ажлын албанд ирүүлнэ. Зээлийн багц 100-500 сая төгрөгийн хооронд байна.
12. Сангийн ажлын алба банкуудаас ирүүлсэн зээлийн багцыг судлан үзэж ажлын 10 хоногийн дотор олгох зээлийн хэмжээг тодорхойлон шийдвэр гаргана.
13. Арилжааны банк ажлын 20 хүртэл хоногийн дотор зээлдэгчийн хүсэлтийг хүлээн авч барагдуулна.
14. Сангаас олгох зээлийн хугацаа залуу гэр бүл, төрийн албан хаагчид, хүн амын эмзэг хэсэгт 15 хүртэл жил, иргэд, хуулийн этгээдэд 7 хүртэл жил,нутгийн захиргааны байгууллагад 20 хүртэл жил байна.
15. Зээлийн чөлөөт хугацаа нь 6 хүртэл сар байж болно.
16. Зээлийн санхүүжилтийг баригдаж байгаа орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлээр үе шаттайгаар олгоно.
17. Зээлийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах, өөр хүний нэр дээр олгох, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, өрхөд давхардуулж олгохыг хориглоно.
 
Гурав. Зээл олгох үйл ажиллагаанд тавих хяналт
18. Арилжааны банк, зээлдэгчдийн хооронд байгуулсан гэрээний биелэлтэд сангийн ажлын алба хяналт тавина.
19. Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
 
----оОо----